Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/405

 

2026            04           08                                                                        2026/ДШМ/405

 

П.Д-, Ц.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч, хохирогч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ц.Монгол,

шүүгдэгч П. Д-, түүний өмгөөлөгч Г. Золжаргал, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Д-, Ц.Б- нарт холбогдох 2510000990361 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

            Б- овгийн П-ийн Д-, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 45 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ........ оршин суух, ял шийтгэлгүй /РД: МП-/;

            М- овгийн Ц-ы Б-, 1974 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ОЦ-/.

            Шүүгдэгч Ц.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам Центрийн урд талын авто машины зогсоол дээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хохирогч Д.А- болон түүний эхнэр П.Д-тай машины зогсоолтой холбоотойгоор марган үүсгэж, хохирогч Д.А-ын эзэмшлийн А- УБУ улсын дугаартай Toyota Lexus NX300h загварын тээврийн хэрэгслийн толийг хугалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,     

            шүүгдэгч П.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам Центрийн урд талийн автомашины зогсоол дээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хохирогч Ц.Б-тай машины зогсоолтой холбоотойгоор маргаан үүсгэж түүний толгой, нүүр, хэвлий хэсэг рүү үсдэх, цохих, өшиглөх үйлдлээр биед нь халдан тархи доргилт, зүүн нүдний гадна булан, баруун сарвууны ард чигчий хурууны харалдаа, зүүн бугуйн гадна тал, сарвууны ард ядам, чигчий хурууны голд, баруун гуяны дотор дунд, доод хэсэг, өвдөгний дотор хажуу, шилбэний гадна, дотор хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, өвдөгний доод хэсэгт цус хуралт, эрүүний зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Баянжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Ц.Б-ыг бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч П.Д-, Ц.Б- нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-гаас гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохиролд 520,000 /таван зуун хорин мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 6,600,000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэргийн хохиролд 1,400,000 төгрөгийг хохирогч Д.А-д төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Б-ын нэхэмжилсэн 4,214,478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П. Д-гийн өмгөөлөгч Г. Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэрэгт авагдан баримтаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 825 дугаар дүгнэлт гарч хохирогчид тархины доргилт гэмтэл тогтогдсон гэж дүгнэсэн, гэтэл Ц.Б- нь урьд өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэмтлийн эмчид үзүүлж, тус эмчийн онош болон Компьютер томограф дүрс оношилгооны хариунд, тархинд эзлэхүүнд өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, дунд бүрдэл хазайлтгүй, хажуугийн болон 3,4-р ховдлууд, субарахнойдол зай хэвийн, гавал ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хойд талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн хоёр нүдний алим хэвийн гэсэн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт гарсан байна. Шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ КТГ маань “Миний оношийг батлах, туслах шинжилгээний төрөл болохоос миний мэдрэлийн үзлэгийг орлох том зүйл биш” гэж мэдүүлсэн гэтэл шүүх шинжилгээний газрын шинжээч О.Оюунбаясгалангийн дүрс оношилгооны хариу /КТГ/, тархи доргих /SO6.0/, хамрын ясны хугарал гэсэн ямар ч дүгнэлт байхгүй буюу 825 дугаар дүгнэлтийг баталж, тусалсан дүгнэлт огт биш байсан бөгөөд харин эсрэгээрээ ямар ч гэмтэл байхгүй байсныг бүрэн тогтоосон байтал анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь гэм буруу болон дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх шалтгаан нөхцөл, нотлох баримтыг орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож П.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж магадлан шийдвэрлэж өгнө үү …” гэв.

Шүүгдэгч П. Д-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримтуудтай холбоотой ноцтой зөрчил үүссэн гэж үзэж байна. Тухайлбал, Оюунбаясгалан эмчийн дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлт хэрэгт байхгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлийн 12 дугаар хуудсанд тодорхой дурдагдсан байна. Анхан шатны шүүх хуралдааны үед уг дүгнэлт хэрэгт байсан нь тэмдэглэлээр тогтоогдож байхад одоогийн байдлаар хэрэгт байхгүй, хайгаад олдохгүй байна. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн онош болох хамрын ясны хугарал (S02.2), тархи доргилт (S06.0) гэж дурдсан байдаг. Гэвч уг эмчийн онош, дүгнэлт хэрэгт огт байхгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч байгаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлгийн шинжээч өөрөө хэрэгт байхгүй баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нөхцөл байдал үүссэн байна. Үүний улмаас өмгөөлөгчийн зүгээс цагаатгах ач холбогдол бүхий нотлох баримтыг үндэслэн гаргасан хүсэлт, тайлбаруудыг үгүйсгэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон боловч тухайн нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэл шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Мөн одоогийн байдлаар давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг харьцуулан үнэлэх боломжгүй нөхцөл үүссэн байна. Учир нь харьцуулах ёстой баримтууд хэрэгт байхгүй болсон байна. Иймд нотлох баримт алдагдсан, устсан, эсхүл хэрэгт хавсаргагдаагүй шалтгаан нөхцөлийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн, уг нөхцөл байдал нь санамсаргүй, хайхрамжгүй, эсхүл санаатай үйлдлийн үр дүн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Дээрх үндэслэлүүдийн хүрээнд давж заалдах гомдлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буцаан шийдвэрлүүлэх эсхүл шүүх хуралдааныг хойшлуулж, алга болсон нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд уг асуудлыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж өгнө үү …” гэв.

Шүүгдэгч П.Д- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан баримтаар бичлэгийн нотлох баримт байгаа бөгөөд тухайн үед шүүгдэгч нь өөр нэг этгээдийн хамт хохирогчид халдан, зодож байгаа нөхцөл байдал тодорхой харагддаг. Энэ үед Ц.Б- айж сандарсан байдалтайгаар зугтах оролдлого хийж, автомашины ар талаар гарч явж байгаа бичлэг мөн байна. Түүнчлэн, тээврийн хэрэгслийн толь хугалсан асуудлыг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон хамт байсан этгээд нь хохирогчид хүч хэрэглэсэн бөгөөд дараа нь хэргийн газраас явсан нөхцөл байдал тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотойгоор тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй байж, харин сүүлд өмгөөлөгч оролцсоноос хойш мөрдөн шалгах шатанд яригдаагүй асуудлуудыг шинээр гарган тавьж байгаа нь процессын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед асуудлаа шийдвэрлүүлэх боломж байсан боловч шийдвэрлүүлээгүй, харин одоо шинээр маргаан үүсгэж байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял авах нөхцөл бүрдүүлсэн атлаа шүүх хуралдаан тарсны дараа гэм буруугүй гэж маргаж, хохирлыг төлөхөөс зайлсхийж байгаа нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Мөн нотлох баримт алдагдсан гэх асуудлыг нотлоогүй байж, зөвхөн хуулбар баримт гаргаж ирэн шүүхийг төөрөгдүүлэх оролдлого хийж байна гэж үзэж байна. Хэрэв нотлох баримт алдагдсан гэх асуудал байгаа бол холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцуулах асуудлыг тусад нь шалгуулах боломжтой. Иймд энэхүү хэрэгт нотлох баримт алдагдсан гэх үндэслэлээр хэргийг буцаах шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр П.Д- болон түүний нөхөрт зодуулсан. Би ганцаараа байсан учраас дийлээгүй. Миний биед халдаж, сорви үлдээн, зарим эрхтнүүдэд гэмтэл учруулсан. Хавтаст хэргээс нотлох баримт алга болсон гэх гомдол гарч байгаа боловч уг асуудалд миний зүгээс оролцсон зүйл байхгүй, ямар нэгэн баримт аваагүй. Хэрэв хэрэгт холбогдох баримт алдагдсан бол холбогдох байгууллагад хандах нь зүйтэй. Миний хувьд тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн. Улмаар хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулж өгсөн. Мөн өөрийгөө хамгаалах, цагаатгуулах эрх байсан хэдий ч шүүхийг хүндэтгэн, хэргийг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрсөн. Одоогийн байдлаар өмгөөлөгчийнхөө гаргасан санал, тайлбарыг дэмжиж байна ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг сонслоо. Яллагдагч Д-, Б- нарт холбогдох хэрэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Тухайлбал, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б-ын биед учирсан тархи доргилт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг гаргахдаа шинжээчид эрх, үүргийг тайлбарлаж, холбогдох журмын дагуу дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмчээс мэдүүлэг авч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад дэлгэрэнгүй тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч эмч нь тухайн хүний биеийн онцлог, учирсан гэмтлийн шинж, илрэх хугацаа, зовуурь, нөхцөл байдлыг харгалзан эмнэл зүйн үндэслэлээр тархи доргилт гэж дүгнэдэг талаар тодорхой тайлбарласан. Иймд шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй гэж үзэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу тархи доргилт нь холбогдох шалгуур үзүүлэлтээр тогтоогддог бөгөөд шинжээч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Мөрдөн шалгах байгууллага болон прокурорын байгууллагаас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхдээ нотлох баримтуудыг хавтаст хэргийн хуудасны дугаарын дагуу бүрдүүлсэн. Харин өмгөөлөгчийн зүгээс дурдсан нотлох баримт алдагдсан гэх асуудал нь тодорхой бус бөгөөд хэрэв үнэхээр нотлох баримт алдагдсан гэж үзэж байгаа бол холбогдох хяналтын байгууллагад хандаж шалгуулах шаардлагатай. Иймд гаргасан гомдол, хүсэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Шүүгдэгч Ц.Б- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам Центрийн урд талын авто машины зогсоол дээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хохирогч Д.А- болон түүний эхнэр П.Д-тай машины зогсоолтой холбоотойгоор марган үүсгэж, хохирогч Д.А-ын эзэмшлийн А- УБУ улсын дугаартай Toyota Lexus NX300h загварын тээврийн хэрэгслийн толийг хугалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч П.Д- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам Центрийн урд талийн автомашины зогсоол дээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хохирогч Ц.Б-тай машины зогсоолтой холбоотойгоор маргаан үүсгэж түүний толгой, нүүр, хэвлий хэсэг рүү үсдэх, цохих, өшиглөх үйлдлээр биед нь халдан тархи доргилт, зүүн нүдний гадна булан, баруун сарвууны ард чигчий хурууны харалдаа, зүүн бугуйн гадна тал, сарвууны ард ядам, чигчий хурууны голд, баруун гуяны дотор дунд, доод хэсэг, өвдөгний дотор хажуу, шилбэний гадна, дотор хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, өвдөгний доод хэсэгт цус хуралт, эрүүний зүүн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.А-ын “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны дэвсгэрт Наадам центрийн урд талын авто машины зам дээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай эхнэр Д- нь хүүхдээ цэцэрлэгээс авах гээд миний эзэмшлийн Toyota Lexus NX300h загварын А- УБУ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд манай эхнэр гэрээсээ гараад 10 минут орчим болсон байхаа, над руу эхнэр маань залгасан юм, тэр үед эхнэр Д- надад "хурдан гараад ирээ, энэ зам дээр намайг хоёр хүүхэн зодоод байна" гэж хэлсэн. Тэрний дагуу би гэрээсээ гүйгээд гараад очтол манай эхнэртэй хоёр хүүхэн нэг нь урдаас нь энгэр болон үснээс нь зулгаачихсан, нөгөө нь гараас нь барьчихсан байж байсан юм. Тэгээд би гүйж очоод боль гээд салгах гэсэн чинь салахгүй байсан, гэхдээ зодоон хийгээд байсан эмэгтэйн хамт явж байсан эмэгтэй нь больсон, харин манай эхнэр тэр зодоон хийгээд байсан эмэгтэйтэй энгэр амнаасаа барилцчихсан салахгүй, 5-10 минут болсон. Тэгээд би манай эхнэрийн үснээс зулгаасан эмэгтэй болон эхнэр хоёрыг хооронд нь салгах гэж 5 минут орчим үзсэн, тэгээд арай хийж байгаад тэр хоёрыг салгасан чинь тэр манай эхнэртэй зодоон хийгээд байсан эмэгтэй над руу гүйж ирээд нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд тэр зодоон хийгээд байсан эмэгтэй нь дахиж хэрүүл хийж байгаад, дахин гүйж ирээд манай эхнэр Д-г дахин үсдэж газар унагаагаад бараг 10 минут дарж зогссон, тэр үед би эхнэрээсээ тэр эмэгтэйг салгах гэж гарыг нь их оролдсон. Тэр эмэгтэй тэр үед манай эхнэрийн үснээс огт тавихгүй байсан. Тэгээд би цагдаа дууд гэж хэлэхэд зодолдоод байсан эмэгтэй сүүлд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа бараг ирж байх үед тэр зодоон хийгээд байсан эмэгтэй "муу сайн новшнууд" гэж хэлээд миний эзэмшлийн Toyota Lexus NX300h загварын А- УБУ улсын дугаартай сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг нь гараараа нэг удаа цохиж хагалж, эвдэлсэн юм. Тэгээд л цагдаа нар хүрээд ирсэн юм. Өөр зүйл болоогүй. Яг намайг гадагшаа гүйж гарч ирэх үед ямар нэгэн зодоон болоогүй, тэр эмэгтэйтэй урд урдаасаа харчихсан бие биеийнхээ энгэр үснээс зулгаагаад, барьцалдаад зогсож байсан. Дараа нь намайг салгасны дараа тэр зодоон хийгээд байсан эмэгтэй дахиж эхнэр рүү маань дайраад үснээс нь зулгаагаад доош нь дарсан, тэгээд үснээс нь тавихгүй 10 гаруй минут болсон. Би хэн нэгний биед халдаагүй, эхнэрээ тухайн эмэгтэйгээс салгаж авах гэж тухайн зодоон хийгээд байсан эмэгтэйн гараас нь барьсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Бас тэр эмэгтэй миний нүүр лүү хоёр удаа цохисон, тэрэнд би гомдолтой байна. Гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад учирсан гэмтэл байхгүй...” /хх 81-83/,

хохирогч Ц.Б-ын “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Сүхбаатарын талбай дээр найз М-ийг тосож аваад найзын хамт Наадам Центр дээр ирээд хоол идэх гээд машинаа тавих гээд зогсоол хараад зогсоод машин явдаг зам дээр би машинаа шахаж тавиад арын машинуудад зам тавьж өгтөл хажуугаар гарах гэж байсан жижиг саарал өнгийн тээврийн хэрэгсэл миний хажууд машин багтах том зай байхад жолооч нь гэх 40 орчим насны эмэгтэй нь багтахгүй байна гээд миний хажуугаар машинаасаа бууж ирээд тэр эмэгтэй машинаа холдуул, Увсын дөрвөд хазгай хэлтэй авгай минь зайл чи гэх мэтчилэн хэлэхээр нь би наашаа яв, би хараад өгье зай зөндөө байна гэж хэлтэл тэр эмэгтэй нөхөртэйгөө хоёулаа машинаасаа бууж ирээд эхнэр нь намайг машинаасаа буучихсан зогсож байхад намайг үсдээд миний элэг рүү 3,4 удаа өшиглөөд, миний нүүрэн дээр 5-6 удаа цохисон, тэр эмэгтэй миний нүүрийг маажсан, нөхөр нь гэх эрэгтэй миний урд зогсчхоод миний энгэр хэсгээс заамдаж барьж аваад намайг хөдөлгөхгүй байх хооронд эхнэр нь гэх эмэгтэй миний толгой, нүүр хэсэг рүү маш олон удаа цохисон. Тэр үед нөхөр нь гэх эрэгтэй намайг элэг рүү 2-3 удаа өшиглөөд, намайг нэг удаа нүүр хэсэгт алгадсан. Эмэгтэй нь намайг газарт унагаад үсдээд газраар чирээд миний хоёр гар хөхөрсөн...” /хх 19-20/,

гэрч Ц. М-ийн “ . 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед манай найз Б- намайг Сүхбаатарын талбайн хажуугаас машинтайгаа ирж аваад Наадам центрийн Ворлд вайн ресторанд хоол идэхээр ирсэн. Наадам центрийн гадаа ирсэн чинь зогсоол олдоогүй. Машинаа зогсоол олдоогүй болохоор машин хааж тавьчхаад наадам центр орж торт, цэцэг авчхаад гарч ирсэн. Машинаа өөр газар байрлуулъя гээд Б- машинаа хөдөлгөөд тойрч явж байгаад жигнүүр бууз хоолны газрын урд нэг машин гарах гэж байна гэхээр нь тэр машиныг гартал машин хаагаад урд нь шахаад зогссон. Тэгсэн чинь хажуугаар нь машин багтахгүй байна гээд цагаан машинтай эмэгтэй сигналдаад холдооч ээ, наанаа тавихгүй балай авгай гээд орилоод эхэлсэн. Б- буугаад замыг нь харж зааж өгөх гээд буусан чинь тэр цагаан машины ард зогсож байсан 2 машины залуу бууж ирээд манай найз руу дайраад байсан. Тэгснээ арын машины залуу Б-ын машины толийг гараараа цохичиход яваад өгсөн. Тэгсэн чинь цагаан машинтай эмэгтэй Б-ын машины толийг нь гараараа цохисон. Б- миний машины толийг яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр эмэгтэй чи өөрөө яагаад зам хааж тавьж байгаа юм бэ гээд тэр эмэгтэй Б- дээр ирээд хувцаснаас зулгааж татаад нүүр рүү нь 4-5 удаа гараараа цохиод байхаар нь би найзыгаа татаж авах гэсэн чинь Б-ыг гараараа татаж унагаагаад хөлөөрөө цээж, хөл хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөөд, бас гараараа нүүр лүү нь цохиод байсан. Тэгэхээр нь би очоод салгаад босгосон. Босож ирээд Б- тэр цагаан машины толийг нь гараараа цохиод хугалсан чинь цагаан машинтай эмэгтэй дахиж Б- дээр хувцаснаас нь барьж заамдаж аваад нөгөө гараараа нүүр рүү 4-5 удаа цохиод, доогуураа хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд байсан. Би дахиж очоод салгах гэсэн чинь тэр эмэгтэйн нөхөр нь хүрээд ирсэн. Би эхнэрээ аваач ээ, би найзыгаа авъя салгая гэсэн чинь тэр нөхөр нь намайг хаагаад ойртуулахгүй байсан. Нөгөө эмэгтэй хэл ам гар хөл нь зэрэг ажиллаад зодоод байсан. Бие биеийнхээ үснээс нь зулгаагаад таталцаад бор өнгөтэй машины урд ирсэн. Тэгсэн чинь нөхөр нь чи юу юм гээд над руу дайраад байсан. Хүн аллаа, авгайгаа салгаж ав, хоёулаа салгая гэсэн чинь салгахгүй байгаад байсан. Би утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн чинь тэр нөхөр нь бичлэг хийж яах гээд байгаа юм гээд миний утсыг гараараа цохисон. Тэрний дараа тэр эмэгтэйн нөхөр нь манай найзын үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Доош нь дарж байхдаа Б-ын нүүр, гэдэс рүү нь өвдөглөөд байсан. Би болиулах гээд хүүе болиоч ээ, наад хөлөөрөө өшиглөөд байна гэсэн чинь танай найз эхнэрийн үснээс тавих юм бол би гараа тавина гээд байсан. Би тэр эрэгтэйд та 2 хоёулаа үсдээд байна, нэг нь ядаж тавьчих тэгвэл би найзынхаа гарыг салгая гээд эрэгтэй хүнийх нь гарыг нь тавиулаад, тэгээд Б-ын гарыг тавиулсан. Б-ыг цагаан машинтай эхнэр нөхөр хоёулаа зодсон.” /хх 28-29/,

Шинжээч Ч.Эрдэмболор /хх 185-188/ нарын мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №825 дугаар “Ц.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан, баруун сарвууны ард чигчий хурууны харалдаа, зүүн бугуйн гадна тал, сарвууны ард ядам, чигчий хурууны голд, баруун гуяны дотор дунд, доод хэсэг, өвдөгний дотор хажуу, шилбэний гадна, дотор хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, өвдөгний доод хэсэгт цус хуралт, эрүүний зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэлд тус тусдаа 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь унах, цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүснэ... ’’ гэх дүгнэлт /хх 52-53/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 179-181/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2526 дугаар “...1,400,000 төгрөг гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 71-74/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-48/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 173-174/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 40-48, 173-174/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос П.Д-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Б-ын бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буруутайд, Ц.Б-ыг “бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д 1000 /нэг мянга/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн.

Шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Г.Золжаргалаас “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд, шүүгдэгч Ц.Б-, П.Д- нар нь машины зогсоолоос болж маргаж, Ц.Б- нь хохирогч Д.А-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн толийг хугалж гэмтээсэн, шүүгдэгч П.Д- нь Ц.Б-ын толгой, нүүр, хэвлий хэсэг рүү үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 825 дугаар “Ц.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний гадна булан, баруун сарвууны ард чигчий хурууны харалдаа, зүүн бугуйн гадна тал, сарвууны ард ядам, чигчий хурууны голд, баруун гуяны дотор дунд, доод хэсэг, өвдөгний дотор хажуу, шилбэний гадна, дотор хэсэг, зүүн гуяны дотор дээд хэсэг, өвдөгний доод хэсэгт цус хуралт, эрүүний зүүн хэсэгт зулгаралт бүхий хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь унах, цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүснэ... ’’ гэх дүгнэлт,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...КТГ-аар тархи доргилтын ямар нэгэн шинж гардаггүй, зөвхөн шинжээч эмчийн үзлэгээр илэрдэг. Иргэн Ц.Б-ын биед хийсэн үзлэгээр нүдний алимын чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө илэрсэн. Мөн манта /+/ гэсэн тэмдэг илэрсэн тул тархи доргилт гэж дүгнэсэн.” гэсэн мэдүүлэг зэргээр Ц.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр П.Д- нь Ц.Б-ыг цохиж, зодсон болох нь давхар нотлогдсон, улмаар П.Д-гийн үйлдэл Ц.Б-ын биед учирсан гэмтэл шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч П.Д-гийн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба өмгөөлөгч нарын гомдол, тайлбартаа дурдаж буй хавтаст хэргийн материалаас нэг хуудас нотлох баримт алдагдсан гэх асуудал нь тодорхой бус байх бөгөөд энэ талаар жич гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтойн дээр тухайн хэргийг байгаа баримтын хүрээнд анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн тогтоол үндэслэлтэй, хэрэгт авагдсан шаардлагатай нотлох баримтуудад тулгуурласан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлгүй болно.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Г.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ЗОРИГ