Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч А.М

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон Х овогт А.М, Т овогт Э. Ц нарт холбогдох 1711013530299 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 6-13 насны хоёр хүүхдийн хамт Төв аймаг, Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суудаг,

-2006 оны 01 дүгээр сарын 04-нийн өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 124 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 99 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг тэнссэн,

-2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 770 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 375 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 13 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдэх 1 жил 10 сар 13 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар уг ялаас 2 жил 3 сар 12 хоногийн хорих ял эдлээгүй байгаа, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А.М РД,

 

2.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суудаг,

-2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

-2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жил хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 94 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 18 хоногийн хорих ялыг хугацанаас нь өмнө тэнсэн сулласан,

-2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 401 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 хоног хорих ял оногдуулж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосон, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Э. Ц, (РД:РФ91070815),

нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны төв зам дагуу явж байсан хохирогч Б.Мөнхтулгад хүч хэрэглэн "Самсунг Эс-5" маркийн гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Норовдалай" хүнсний дэлгүүрийн хажуу хашаанаас хохирогч Э.Амаржаргалын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Даюун-150" маркийн мотоцикл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг "Дэртийн аяганы бууц" гэх газарт байрлах хохирогч Ц.Чулууны эзэмшлийн өвөлжөөний байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, дунд гарын шинэ мөнгөн аяга 8 ширхэг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн товч 21 ширхэг, эмэгтэй хүний хуучны мөнгөн ээмэг, мөнгөн хяртай эмээлийн мод, битүү чанагч, АКМ маркийн бууны 5 ширхэг сум, 2 шил вино, 2 шил оргилуун дарс хулгайлан авч 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн шөнөдөө Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг, Зүүн булаг гэх газарт байрлах хохирогч С.Батдэлгэрийн эзэмшлийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн бугуйвч, 5 кг мөнгөний цуглуулга, монетон ээмэг, 2 нүдний дуран, БНСУ-ын газан плитка, цахилгаан өдөөгч зэргийг хулгайлан авч 8.140.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мс мэдүүлэхдээ:-Бид 2 алтанд явж байгаад замдаа 2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрүүдэд Өлзийт сумын Чулуун гэдэг хүний өвөлжөөнөөс 2.020.000 төгрөгний эд хөрөнгө хулгайлсан, мөн тухайн шөнө Өлзийт сумын 4 дүгээр багын Батдэлгэрийн өвөлжөөнөөс 8.140.000 төгрөгний эд хөрөнгө хулгайлсан. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын дэлгүүрийн гадаа байсан хятад мотоцикл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан. 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд явж байсан Мөнхтулгыг хүч хэрэглэн самсунг маркийн гар утасыг дээрэмдсэн үйлдэлийг тус тус хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            А.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Цн хамт ...Тасганы овоо уруудаад замын урд явж байтал ...цаанаас хоёр залуу гараад ирсэн. Тэр үед Цэнгэлдаваа хөөе зогс гэж хэлсэн. Тэр хоёр залуугаас нэг шил архины мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгээд Цэнгэлдаваа нэг залуугийн халаасыг ухаад 2 ширхэг гар утас, нэг ширхэг түрийвч гаргаж ирсэн. Нэг гар утас нь Нокиа гар утас байсан. Энэ гар утас хэрэггүй гэж хэлээд буцаагаад өгсөн. Би түрийвчийг нь авч үзсэн мөнгө байхгүй хоосон байсан. Би түрийвчийг буцаагаад өгсөн. Тэгээд Цэнгэлдаваа явах гэтэл ахаа ядаж симээ авья гэж хэлсэн. Гар утаснаас Цэнгэлдаваа бид хоёр симийг гаргаж өгөөд хойшоо зам гараад гүйсэн. Тэгээд далан дээр гараад цаана зогсож байхдаа нөгөө гар утсыг гаргаж үзээд би авч энгэрийн халаасанд хийсэн. Бид хоёр цаашаа явж байтал ард хүмүүс дуугарах шиг болсон. Эргээд харахад цагдаа нар ирсэн. Нөгөө залууг дагуулсан явж байсан. Би цагдаагаас зугтаасан боловч баригдсан. Цэнгэлдаваа тэр үед зугтаагаад явсан.

            ...Би 2017 оны 9 дүгээр сарын эхээр Өмнөговь аймаг руу алт ухахаар найз Цэнгэлдаваагийн хамт миний мотоциклоор явсан. Тэгээд замдаа архи уусан. Тэгээд явж байхдаа бид хоёр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум орсон. Тэндээс мотоцикл хулгай хийе гэж ярилцаад сумын төв рүү шөнө орсон. Шинэвтэр барьсан хаалгагүй хашаа байсан, гэтэл Цэнгэлдаваа буугаад тэр хашаа руу орж хашаанд байсан ногоон өнгийн мотоцикль түрж гарч ирсэн би замын урд зогсож байсан. ...Тэгээд ачаагаа аваад буцаад гэр рүүгээ явахаар болсон. Тэгээд бид хоёр архи уусан. Нэг сэрсэн чинь би ганцаараа хээр унтаж байсан.

            ...Бид хоёр ...Дундговь аймгийн урд талын нисэх буудлын баруун талаар ороод 60 км гаран явж байтал харанхуй болохын үед хадтай толгод дунд хажуудаа эзэнгүй жижиг гэр бариатай бууцны цагаан байшингийн баруун талын цонхыг түлхээд бид хоёр хоёулаа ороод, тэндээс цагаан шүүгээн дотроос мөнгөн аяганууд, жоохон будаа, борц, тогоо, үүдний авдраас нь 2 ширхэг мөнгөн тоноглолтой бүс, дээлний товчнууд, мөнгөн ээмэг, мөнгөн хяртай эмээлийн мод /уг бууцнаас урагш 3 км орчим яваад мөнгөн хярыг нь аваад модыг нь хаясан/, 2 шил дарс, хэдэн ширхэг том сум авсан. Тэндээсээ урагшаа хөдлөөд 2-3 км орчим яваад хадтай овооны энгэрт байх бууцны цэнхэр дээвэртэй цагаан байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод хүрэн өнгийн сервантнаас мөнгөн цөгц, мөнгөний цуглуулга, хар өнгийн газан плитка, жижиг цахилгаан өдөөгч авсан. Тэгээд тэрийгээ аваад баруун тийшээ төв зам ороод давхисан. Тэгээд замдаа Хулд сумаар орж бензин хийгээд засмалаар урагшаа давхиад Цогт-Овоо сум орж суман дээрээс айлын хашаанаас Цэнгэлдаваа ногоон өнгийн Даюун мотоцикль хулгайлсан. ...Улаанбаатарт мөнгөн аяга, мөнгөн эмээлээ танихгүй хүнд бэлэн 1.900.000 төгрөгөөр зарсан. Цахилгаан хөлдөөгчөө танихгүй хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Бусад эд зүйлүүдийг Цэнгэлдаваа хар өнгийн үүргэвчиндээ хийгээд явсан” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц:- Мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй гэв.

Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Шөнө 01 цагийн үед Мягмар бид хоёр Тасганы овоо уруудаад алхаад явж байхад хойноос хоёр залуу ирж байсан. Би явж байсан залууг ахын дүү юу байна ганц уучих юм байна уу гэхэд Мягмар ирээд тэр залуугийн халаасыг нэгжээд түрийвч болон 2 ширхэг гар утсыг авсан. Тэр үед нөгөө залуу яасан хөгшөөн гэж хэлэхэд би тэр залуугийн цээж рүү нэг удаа бага зэрэг хүчтэй түлхсэн. ...Тэгээд түрийвч, "Нокиа" гар утсыг буцааж өгсөн. ...Бид хоёр хойшоо далан руу гүйгээд явсан. ...Нийтийн байр руугаа явж байтал ард нэг юм дуугарах шиг болохоор нь эргээд харсан чинь цагдаа ирж байхаар нь би зугтаагаад явсан. Мягмар бас зугтаасан. Цагдаад баригдсан эсэхийг мэдээгүй. ...Үүрээр нийтийн байранд цагдаа Мягмарыг дагуулаад орж ирээд намайг босгоод цагдаагийн хэлтэс дээр авчирсан.

            ...2017 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө ...Мягаа Мандал-Овоо сум руу мотоциклоор яваад ирье гээд мотоцикл жолоодоод хүрээд ирсэн. Би араар нь суугаад бид хоёр шууд хотоос гараад Төв аймгаас Дундговь аймаг явдаг засмал замаар явсан. ...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө босоод цаашаа явсаар байгаад ...Хулд сумын төвөөр дайраад засмал замаар 40 орчим километр яваад зогсоод жаахан унтаж амарсан. Тэгээд сэрээд Мягаа бид хоёр сумын төвөөс мотоцикл хулгай хийе гэж ярилцаад Цогт-Овоо суманд очсон. Тэгээд сумын урд хэсэгт хойшоо харсан хаалгатай, хашаандаа нэг гэртэй айлын гэрийн баруун талд нь ногоон өнгийн мотоцикл байхаар нь хулгайлж авсан. ...100 орчим км явж байхад бензин дуусах гээд байхаар нь Дэлгэрхангай сум руу орж бензин аваад Мягаа бид хоёр нэг нэг мотоциклоо жолоодоод Эрдэнэдалай сум явсан, замдаа архи уугаад Мягаа мотоциклоосоо оочоод Мягааг хурдлаач гэж хэлсэн чинь уурлаад бид хоёр муудалцаад, би Мягааг хөдөө орхиод Эрдэнэдалай сумын төвөөр мотоциклтой явж байтал цагдаа таараад зогс гэхээр нь зугтаж байгаад онхолдоод баригдсан.

            ...Бид хоёр Дундговь аймгийн төв ороод ...явж байгаад нэг өвөлжөө байхаар нь хонох зорилготой тэнд очсон чинь жижиг цагаан өнгийн байшин байхаар нь бид хоёр байшингийн цонхыг түлхэж дотогш орсон. Тэгээд тэндээс мөнгөн товч, мөнгөн аяганууд, 2 ширхэг сум, эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, ээмэг, мөнгөн хяртай эмээлийн мод, вино, дарс гэх мэт зүйлс байсныг аваад байшингаас гарч мотоциклтой баруун урагшаа явсан. ...60 гаран км яваад нэг айлын хаваржаан дээр очоод хоносон. ...Өглөө босоод Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд бид хоёр архи уусан, мотоциклтой хол зам туулаад ядарсан. Тэгээд би мотоцикл олж уная гэж Мягмарт хэлсэн. Тэгээд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум орж нэг хашаанаас ногоон өнгийн мотоцикл хулгайлсан.” гэжээ.

            Мөрдөн байцаалтад хохирогч нараас мэдүүлэхдээ:

            1.Б.Мөнхтулгаас:-2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Наранцовоо бид хоёр гэртээ харих гээд Баянбүрд рүү алхсан. Тэгээд явж байтал үл таних хоёр залуу ирээд хамт явсан Наранцовоог элэгдсэн. Тэр үед танихгүй хоёр залуугийн нэг нь буюу Мягмар нь миний араас өөрийнхөө хүзүүний ороолтоор боогоод миний өмдний халаасанд байсан түрийвч, шар өнгөтэй "Самсунг эс-5" маркийн гар утас зэргийг авсан. Би тэр үед тэр хоёр залууд наад түрийвчинд мөнгө байхгүй та буцаагаад өгчихөөч гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу миний түрийвч гар утсыг буцаагаад өгсөн. Нөгөө залуу буюу Цэнгэлдаваа нь манай найзыг тонгойлгоод барьсан байсан. Гэтэл Мягмар нь цагдаа магдаа гээд янз бүрийн юм болвол эвгүй юм болно шүү гээд бид хоёрыг түлхэж унагаад зугтаасан. Тэгээд би Наранцовоог цагдаа дууд гэж хэлээд тэр хоёр залуугийн хойноос хөөсөн. Гэтэл тэр хавьд цагдаагийн алаг машин явж байсан хэргийн талаар хэлээд ...цагдаа шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдийг барьсан. ...Биед үзлэг хийхэд Мягмар гэж хүнээс миний утас гарч ирсэн. Миний гар утсыг буцааж өгсөн. Миний биед бэртэл гэмтэл учраагүй гэжээ.

            2.Э.Амаржаргалаас:- Би 2017 оны 9 дүгээр сарын 06-ны орой 22 цаг 30 минут гэртээ ирээд 23 цагийн үед унтаад маргааш өглөө нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 40 минутын үед босоод бие засах гээд гэрээсээ гарахад мотоцикл байхгүй байхаар нь машинаа тойрч үзээд хашаандаа хайгаад олоогүй. Тэгээд хажуу хашааны найз Мөнх-Эрдэнээс манай мотоцикл алга байна чи үзсэн үү гэхэд хараагүй гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...2016 оны хавар 4 сард Өмнөговь аймгаас хувь хүнээс 1.650.000 төгрөгөөр шинээр авсан байсан. ...Манай нөхөр Хадбаатарын эзэмшлийн мотоцикл байсан. ...Гомдол санал байгаа. Мотоциклийн эвдрэл болон хайж явахад зарцуулсан шатахууны зардал нийт 650.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            3.Ц.Чулуунаас:- 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр намаржаан дээрээ байж байгаад Зүүн булгийн бууцан дээрээ очтол байшингийн хаалга цоожгүй байсан. Тэгээд ороод хартал хамаг эд зүйл тараасан байдалтай байсан. Тэгээд байшингийн доторх юмаа янзлаад орхисон. Дараа нь юмнуудаа үзэхэд дээлнүүдийн 21 ширхэг мөнгөн товч, мөнгөн ээмэг, эрэгтэй мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, эмэгтэй мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, мөнгөн хяртай эмээлийн мод, битүү чанагч, АКМ маркийн бууны гуулин сум 5 ширхэг, 2 шил оргилуун дарс, 2 шил вино байхгүй байсан. Манай байшинд вакум цонхыг түлхэж онгойлгоод орсон юм шиг байсан. Тэгээд мотоциклийн мөр байсан. Мөн арзгар ултай гутлын мөр байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч амарч байсан болохоор цагдаад мэдэгдээгүй. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө манай нохой хуцаад мотоцикл дуугараад байсан, тэр үед л авсан байх. Төв, Өмнөговь аймагт эд зүйл хулгайлаад хүн баригдсан сураг байсан тэдгээр хүмүүсийг шалгуулмаар байна гэжээ.

            4.С.Батдэлгэрээс:- 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Зүүн булгийн арын бууцан дээрээ очтол тоосгон байшингийн хаалга цоожгүй байсан. Тэгээд ороод хартал эд зүйл тараасан замбраагүй байдалтай байсан. Юмаа бүртгэхэд 3 ширхэг мөнгөн цөгц, 5 кг орчим мөнгөний цуглуулга, ягаан шигтгээтэй хос монетон ээмэг, мөнгөн бугуйвч, БНСУ-д үйлдвэрлэгдсэн газан плитка, марк мэдэгдэхгүй цахилгаан өдөөгч, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр нүдний дуран байхгүй байсан. Тэгээд саахалт айл Чулууных руу утсаар ярихад бас байшинд нь хулгай орсон байна гэж байсан. Ул мөр нь яг таарч байсан гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрч нараас мэдүүлэхдээ:

            1.Б.Наранцовоогоос:- 2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим найз Мөнхтулгын хамтаар Тасганы овоо уруудаад алхаж байх үед хойноос гэнэтхэн хоёр танихгүй залуу гарч ирээд эхнийх нь миний гэдэс рүү цохиод намайг доош тонгойлгосон. Хоёр дахь нь манай найз Мөнхтулгыг хүзүүний ороолтоор хүзүүгээр нь ороож байгаад ямар эд зүйлс байна гээд халаасыг ухаж байгаад "Самсунг галакси эс-5" гар утас 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, "Нокиа" гар утас 1 ширхэг зэргийг аваад "Нокиа" гар утас болон түрийвч зэргийг буцаагаад өгсөн. "Самсунг галакси Эс-5" гар утсыг буцааж өгөөгүй бөгөөд манай найзыг түлхчихээд намайг барьж байсан нөхөр хоёр нийлээд зугтаачихсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдолгүй гэжээ.

            2.С.Ууганбаяраас:-2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд Дэлгэрхангай сумын төвд үйл ажиллагаа эрхэлж байгаа "Толийн ундраа" ХХК-д очиж мотоциклдоо шатахуун авах гэтэл ногоон өнгийн эко даюун маркийн тээврийн хэрэгсэл унасан, ар дээрээ дугуй майхан, хар савтай газан плитк, ногоон өнгийн об цув даруулсан 25 орчим насны эрэгтэй хүн ирээд өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэлдээ шатахуун авч байгаа харагдсан. Тухайн залуу нь борлосон, бөөрөнхий хэлбэртэй пальдгар царайтай бараан өнгийн малгай өмссөн хар нүдний шил зүүсэн хүн байсан гэжээ.

            3.Н.Буджаваас:- 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Толийн ундаа ХХК-ны түгээгчийн ажлаа хийж байхад ...ногоон өнгийн эко даюун маркийн тээврийн хэрэгсэл унасан ар дээрээ дугуй майхан, хар савтай газан плитка, нэг цүнх даруулсан хар өнгийн нүдний шилтэй саарал саравчтай малгайтай 25 орчим насны эрэгтэй хүн ирээд унаж явсан тээврийн хэрэгсэлдээ 10000 төгрөгөнд шатахуун аваад явсан  гэжээ.

            4.Л.Баттөрөөс:- 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Эрдэнэдалай сумын хэсгийн дарга Б.Шинэбаяр надад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл хулгайлсан Э.Цэнгэлдаваа гэх хүн Дэлгэрхангай сумаар дайраад гарсан сурагтай байна, манай сумаар орж ирж магадгүй сэрэмжтэй байгаарай гэсэн. Тэр өдөр суман дээр эргүүл хийгээд явж байтал ногоон мотоциклтой ард дээрээ юм багалчихсан танихгүй залуу давхиж байхаар нь шалгах гээд дохитол зугтаасан. Тэгээд цагдаа Батболор бид хоёр араас нь машинтай сумаас зүүн тийш 3 км орчим хөөгөөд зогсоож саатуулаад цагдаагийн хэсэг дээр аваачиж, хэсгийн дарга Шинэбаяр, хэсгийн төлөөлөгч Цогт-Очир нарт хүлээлгэж өгсөн гэжээ.

            5.Ц.Түвшинбаяраас:- 2017 оны 9 дүгээр сарын 08-наас 09-ний үеэр Мандал-Овоо сум орчихоод Улаанбаатар буцаж яваа гээд халамцуу хоёр хүн ирээд хоол унд идээд өөрсдөө авч явж байсан архиа гаргаж уугаад явсан. Нэг нь өөрийгөө Даваа гэж танилцуулж байсан санагдаж байна. Нөгөөх нь нэр хэлж байсан санахгүй байна. Бид хоёр гэр рүүгээ буцаж байгаа болохоор энийг танайд өгчихье гээд хар өнгийн газан плитк орхиод явсан. Мотоцикл дээрээ цүнхтэй юм даруулчихсан байсан гэжээ.

   Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч А.Мягмар, Э.Цэнгэлдаваа нар бүлэглэн

-2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг "Дэртийн аяганы бууц" гэх газарт байрлах Ц.Чулууны эзэмшлийн өвөлжөөний байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, дунд гарын шинэ мөнгөн аяга 8 ширхэг, шинэ цагийн жижиг мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн товч 21 ширхэг, эмэгтэй хүний хуучны мөнгөн ээмэг, мөнгөн хяртай эмээлийн мод, битүү чанагч, АКМ маркийн бууны 5 ширхэг сум, 2 шил вино, 2 шил оргилуун дарс хулгайлан авч, 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг, Зүүн булаг гэх газарт байрлах С.Батдэлгэрийн эзэмшлийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдэн орж, мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн бугуйвч, 5 кг мөнгөний цуглуулга, монетон ээмэг, 2 нүдний дуран, БНСУ-д үйлдвэрлэсэн газан плитк, цахилгаан өдөөгч зэрэг эд зүйл хулгайлан авч 8.140.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

-2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Норовдалай" хүнсний дэлгүүрийн хажуу хашаанаас Э.Амаржаргалын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн "Даюун-150" маркийн мотоцикл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овооны төв зам дагуу явж байсан Б.Мөнхтулгад хүч хэрэглэн, хүзүүний ороолтоор хоойлойг нь боож, халаасан дахь  "Самсунг Эс-5" маркийн гар утсыг дээрэмдэн авч 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Мягмар, Э.Цэнгэлдаваа нараас үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,

            хохирогч Б.Мөнхтулгын “2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Наранцовоо бид хоёр гэртээ харих гээд Баянбүрд рүү алхсан. Тэгээд явж байтал үл таних хоёр залуу ирээд хамт явсан Наранцовоог элэгдсэн. Тэр үед танихгүй хоёр залуугийн нэг нь буюу Мягмар нь миний араас өөрийнхөө хүзүүний ороолтоор боогоод миний өмдний халаасанд байсан түрийвч шар өнгөтэй "Самсунг эс-5" маркийн гар утас зэргийг авсан” гэх мэдүүлэг,

            хохирогч Э.Амаржаргалын “би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө 06 цаг 40 минутын үед босоод бие засах гээд гэрээсээ гарахад мотоцикл байхгүй байхаар нь машинаа тойрч үзээд хашаандаа хайгаад олоогүй” гэх мэдүүлэг,

            хохирогч Ц.Чулууны “2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Зүүн булгийн бууцан дээрээ очтол байшингийн хаалга цоожгүй байсан. Тэгээд ороод хартал хамаг эд зүйл тараасан байдалтай байсан. ... юмнуудаа үзэхэд дээлнүүдийн 21 ширхэг мөнгөн товч, мөнгөн ээмэг, эрэгтэй мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, эмэгтэн мөнгөн тоногтой бүс нэг ширхэг, мөнгөн хяртай эмээлийн мод, битүү чанагч, АКМ маркийн бууны гуулин сум 5 ширхэг, 2 шил оргилуун дарс, 2 шил вино байхгүй байсан” гэх мэдүүлэг,

            хохирогч С.Батдэлгэрийн “2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Зүүн булгийн арын бууцан дээрээ очтол тоосгон байшингийн хаалга цоожгүй байсан. Тэгээд ороод хартал эд зүйл тараасан замбраагүй байдалтай байсан. Юмаа бүртгэхэд 3 ширхэг мөнгөн цөгц, 5 кг орчим мөнгөний цуглуулга, ягаан шигтгээтэй хос монетон ээмэг, мөнгөн бугуйвч, БНСУ-д үйлдвэрлэгдсэн газан плитк, марк мэдэгдэхгүй цахилгаан өдөөгч, АНУ-д үйлдвэрлэсэн хоёр нүдний дуран байхгүй байсан” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Наранцовоогийн “2017 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим найз Мөнхтулгын хамтаар Тасганы овоо уруудаад алхаж байх үед хойноос гэнэтхэн хоёр танихгүй залуу гарч ирээд эхнийх нь миний гэдэс рүү цохиод намайг доош тонгойлгосон. Хоёр дахь нь манай найз Мөнхтулгыг хүзүүний ороолтоор хүзүүгээр нь ороож байгаад ямар эд зүйлс байна гээд халаасыг ухаж байгаад "Самсунг галакси эс-5" гар утас 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, "Нокиа" гар утас 1 ширхэг зэргийг аваад "Нокиа" гар утас болон түрийвч зэргийг буцаагаад өгсөн. "Самсунг галакси Эс-5" гар утсыг буцааж өгөөгүй бөгөөд манай найзыг түлхчихээд намайг барьж байсан нөхөр хоёр нийлээд зугтаачихсан” гэх мэдүүлэг,

            гэрч С.Ууганбаяр, Н.Буджав нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээнүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Х овогт А.Мягмар, Т овогт Э.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор заасан тул прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 Шүүгдэгч нар Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.

Харин шүүгдэгч А.Мр нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар уг ялаас 2 жил 3 сар 12 хоногийн хорих ял эдлээгүй тул уг ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ц 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 184 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. Мөн шүүгдэгч А.Мг энэ хэрэгт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15 хүртэл 49 хоног, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 62 хоног, нийт 111 хоног цагдан хоригдсон хугацааг энэ тогтоолоор эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.Мөнхтулгын 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, Э.Амаржаргалын 1.200.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл зэргийг тус тус зохих эздэд нь буцаан өгсөн байна. Хохирогч Э.Амаржаргал нь өөрийн мотоциклийг эвдсэн эвдрэлийн зардал 650.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилжээ.

Шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-т зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хамтран хариуцах тул шүүгдэгч Э.Цэнгэлдаваагаас 5.405.000 төгрөг, шүүгдэгч А.Мягмараас 5.405.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Э.Амаржаргалд 650.000 төгрөг, хохирогч Ц.Чулуунд 2.020.000 төгрөг, хохирогч С.Батдэлгэрт 8.140.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв. Шүүх хохирлыг тооцохдоо эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг харгалзсан ба уг дүгнэлтэд хэргийн оролцогчдоос ямар нэг гомдол санал гаргаагүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт А.М, Т овогт Э. Ц нарыг

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, А.М тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ц, А.М тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан

шүүгдэгч Э.Цд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар,   

мөн шүүгдэгч А.Мт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 12 хоногийн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жил 3 (гурав) сар 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цн цагдан хоригдсон нийт 184 (нэг зуун наян дөрөв) хоногийг түүний эдлэх ялд,

шүүгдэгч А.Мн цагдан хоригдсон нийт 111 (нэг зуун арван нэг) хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Мт оногдуулсан 6 жил 3 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Цс 5.405.000 (таван сая дөрвөн зуун таван мянга), А.Мс 5.405.000 (таван сая дөрвөн зуун таван мянга) төгрөг гаргуулж, хохирогч Амцоо овогт Эрдэнэбаярын Амаржаргал (РД:КМ92100729)-д 650.000 төгрөг, хохирогч Батайж овогт Цогтбаатарын Чулуу (РД:ЗИ60062011)-нд 2.020.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Сүхбаатарын Батдэлгэр (РД:ЗЮ63042379)-т 8.140.000 төгрөг тус тус олгосугай.

            8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц, А.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ