Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 288

 

“Н к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   М.Батсуурь,    

Шүүгчид:                                Г.Банзрагч,

                                               Б.Мөнхтуяа,

                                               Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                      Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн “Н к” ХХК-ийн XV-016983 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулж, XV-016983 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах тухай”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 280 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн “Нью голден кроун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-016983 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлоор 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 280 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, XV-016983 тоот тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...манай талаас хариуцагч мэдэгдлийг буруу хаягаар явуулсан гэж огт маргаагүй бөгөөд уг мэдэгдлүүд нь компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, бланк дээр дурдсан хаягт маань огт ирээгүй гэж л маргасан. Давж заалдах шатны шүүх хариуцагчаас мэдэгдэл хүргүүлсэн гэж гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримт болох 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 7/3633 дугаартай шуудангийн дугтуй дээрх “Магадлагаа”, “шуудангийн илгээмжийг хүргүүлээгүй шалтгаан” гэх хэсэгт шууданчийн “18-р хороонд 25-р байр гэж байхгүй” шуудан хүргэгч С.Ану, 37-р салбар, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэсэн нотлох баримтыг огт үнэлээгүй, энэ баримт нь уг мэдэгдэл манай компанид ирээгүй болохыг нотлох баримтын нэг юм. Харин нөгөө баримт нь мөн л хэргийн материалд авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын “баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн 6087 дугаарт “хаана хэнд” гэх хэсэгт “Н к” ХХК, “явуулсан бичгийн сар өдөр” хэсэгт “IX/4”, “дугаар” хэсэгт “7/6022”, “явуулсан сар өдөр” хэсэгт “хоосон”, “цаг” хэсэгт “хоосон”, “хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг” хэсэгт “хоосон”, “хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг” хэсэгт “хоосон” байх энэхүү мэдэгдэл хүргүүлээгүй тухай нотлох баримтыг мөн л үнэлэлгүйгээр огт буруу дүгнэлт хийсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

4. ...манай компани төлбөр төлөөгүй шалтгаанаа зөвхөн мэдэгдэл хүлээн аваагүй учраас төлөөгүй гэж тайлбарлаж маргаагүй бөгөөд бодит байдал дээр манай “Н к” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч “Бугант майнинг" ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Даваажав нь гэнэт нас барсан, нөгөө хувьцаа эзэмшигч Н.Түмэнбаяр нь хувьцаагаа Д.Даваажавыг нас барахаас өмнө түүнд шилжүүлж өгөхөөр тохирч, компанийн дүрмийн өөрчлөлт болон бусад бичиг баримт дээр гарын үсгээ зураад, өөрийн хариуцдаг 2 өөр компанийн асуудлаа хариуцахаар явж, өөрийгөө “Н к” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаас тус тус чөлөөлөгдсөн буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс хасагдсан гэж ойлгож байсан боловч Д.Даваажав нь Н.Түмэнбаярыг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тухай, хувьцааг нь шилжүүлэн авах тухай зохих ажиллагааг хийлгэж, улсын бүртгэлд бүртгэл хийлгэж амжаагүй нас барсан байсан. Үүнийг хэн ч мэдээгүй байсан бөгөөд үүнийг хэрэгт өгсөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/00724 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж”-аас ...“Н к” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр... тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргаж байснаас харж болно. Тиймээс “мэдээгүй байсан” гэдэг нотлох баримт нь хэргийн материалд байсаар байхад энэхүү нотлох баримтыг үнэлээгүй, бодит байдлыг зөв дүгнээгүй.

5. Мөн давж заалдах шатны шүүхээс “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш” гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагчаас бидэнд мэдэгдэл өгөлгүй, төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг олгоогүй байна гэдэг нотлох баримтад тулгуурласан бодит үнэнд ийнхүү дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаантай байх энэхүү хугацаанд тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан байна. Хэрэв мэдэгдэл авсан бол ямар тусгай зөвшөөрөлтэйгээ мэдэж, давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжтой болох байсан, уг мэдэгдлийг хүргүүлэх үүрэг нь захиргааны байгууллага буюу хариуцагчид байсан гэж маргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.8-т ...заасныг хэрэглэлгүйгээр давж заалдах шатны шүүхээс энэ тухай “мэдэгдлүүдийг хариуцагчид бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь ийнхүү үндэслэлгүй байна.

6. ...дурын нотариатч дангаараа аль нэг компанийн мэдээллийг хариуцагчаас хүсэх эрхгүй ба шаардлагагүй. Харин Иргэний хуульд заасны дагуу түүний өв залгамжлагч өв залгамжлах хүсэлтийг Хан-Уул дүүргийн нотариатч н.Азжаргалд гаргаснаар, нотариатчаар уламжлуулж “Н к” ХХК тусгай зөвшөөрөлтэй эсэх, уг компанийн мэдээлэлтэй танилцахаар хүсэлт гаргасан. Өв залгамжлагчийн нотариатчаар дамжуулж хүсэлт гаргасан, ...Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/4231 тоот албан бичгээр ““Н к” ХХК-ийн хувьцааг өвлөж авснаар уг аж ахуйн нэгжийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайлан болон бусад мэдээ, тайлан, баримттай танилцах эрхтэй болохыг уламжилъя” гэсэн хариуг аваад “Н к” ХХК-ийн хувьцааг өвлөж авснаар тус компанийн мэдээлэлтэй танилцах боломжтой болох юм байна гэж ойлгосны үндсэн дээр тус компанийн мэдээлэлтэй танилцаагүй... учир “Н к” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэг бол ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх, тэдгээр тусгай зөвшөөрөлдөө ямар хэмжээний төлбөрийг хэзээ төлөх зэрэг ямар ч мэдээлэлгүй байсан. Ийм нөхцөл байдалд XV-016983 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр гэж мэдэж төлөх ямар ч боломжгүй байсан...

7. Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 598 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н к” ХХК-ийн XV-016983 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан, нэхэмжлэгчээс “компанийн эрх эзэмшигч болон хувьцааны асуудлаар маргаантай байснаас компанийн үйл ажиллагааг хэн эрхлэх явуулах, мөн төлбөр тооцооны асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй болсон байсан хугацаанд цуцалсан, цуцлах мэдэгдлийг хүргүүлээгүй, төлбөрөө алдангитай төлөх боломж олгоогүй” гэж маргажээ.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”  гэж заасны дагуу нэхэмжлэгч  “Н к” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-016983 дугаар тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг төлбөл зохих 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлөөгүй, хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 7/3633 дугаар мэдэгдэлд “...ээлжит жилийн төлбөр төлсөн тухай нотлох баримтаа  ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл  цуцлагдах үндэслэл бүрдэх, Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34.7-д заасны дагуу төлөх боломжтой”-г тус тус  дурдаж, нэхэмжлэгчийн бүртгэлтэй хаягаар явуулсан, “хаягт заасан байр байдаггүй” гэх шалтгаанаар уг мэдэгдлийг  “Н к” ХХК-д шуудангийн байгууллага  хүргээгүй, мөн хариуцагчид буцааж хүргүүлээгүй зэрэг нь тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан, Ашигт малтмалын тухай  хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх...”-өөр заасныг тайлбарлаж хэрэглэхдээ, энэ тохиолдлын хувьд, “мэдэгдэх” үүргээ биелүүлж, шуудангийн байгууллагаар дамжуулан хүргүүлэхээр мэдэгдлээ явуулсан хариуцагчийн үйл ажиллагааг үгүйсгэх баримтгүй, түүнчлэн хариуцагчаас үл шалтгаалж мэдэгдэл хүргэгдээгүй нөхцөл байдлыг дүгнэлгүйгээр “зайлшгүй мэдэгдэх ажиллагааг хийгээгүй” гэх үндэслэлгүй дүгнэлтээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

12. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “мэдэгдэл”-ийг нэхэмжлэгч хүлээж аваагүй гэдгийг  мэдээгүй, түүнчлэн “мэдэгдэл”-тэй маргах боломж, хугацааг харгалзан үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэнд нийцүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанаас хойш төлбөрийг алдангитай төлөх боломжит 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа маргаан бүхий актыг гаргасан байх тул мэдэгдлийг аваагүйгээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгохоор, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” тус тус зааснаас үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор, тогтоогдсон хэмжээгээр бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдал хадгалагдах бөгөөд аливаа шаардлага, урьдчилан сануулгагүйгээр төлөх үүрэгтэй гэж үзнэ.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Н к” ХХК-ийн 51%-ийн хувьцааг эзэмшдэг “Бугант майнинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Даваажав нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барж, нас барагчийн  өв хөрөнгө, эзэмшиж байсан компаниудын эзэмших эрх, хувьцааны асуудлаар хууль ёсны өв залгамжлагч нарын хооронд маргаан үүсч, иргэний шүүхээр шийдвэрлүүлж байсан нь “Н к” ХХК-д хамааралгүй, 2 хувьцаа эзэмшигчтэй тус компанийн бүтцэд өөрчлөлт ороогүй, 49%-ийг эзэмшигч Н.Түмэнбаяр нь компанийн захирлаар ажиллаж байсан, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн буюу үүний өмнөх жилийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр /нас барагчийн дараа/ төлсөн зэрэг нь тогтоогджээ.

15. Иймд, нэхэмжлэгчийн маргаж буй “...компанийн үйл ажиллагааг хэн эрхлэх явуулах, төлбөр тооцооны асуудлыг мөн хэн хариуцах нь тодорхойгүй байсан үед тусгай зөвшөөрөл  цуцлагдсан” гэх үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан “...тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан, төлбөр төлөх ёстой байсан  зэргийг мэдэх боломжгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

16. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...мэдэгдэл манай компанид ирээгүй болох нотлох баримтыг үнэлээгүй, ...Д.Даваажав нь Н.Түмэнбаярыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, хувьцааг нь шилжүүлэн авахаар тохирсон байсан боловч зохих ажиллагааг хийлгэж амжаагүй  нас барсан /байхад/ бодит байдлыг зөв дүгнээгүй, ...мэдэгдэл авсан бол ямар тусгай зөвшөөрөлтэйгээ мэдэж, төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх  шалтгаанаа нотлох боломжтой болох байсан, ...мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.