Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт И овогт Д.Нт холбогдох эрүүгийн 1811011080369 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хүдрийн уурхайд “Монлаа” ХХК-ийн эксковаторын засварчин, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 3 байшин 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, И овогт Д.Н (РД:),

нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд Салхитын 5-91 тоот хашаанд байсан иргэн Д.Цогийн эзэмшлийн 17-59 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:-Найз охиныхоо араас найзынхаа машиныг авч явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нөгөө мөргөсөн машины эвдрэлийн хохиролд 430.000 төгрөг өгсөн. Цогоогийн машиныг би өөрөө засч өгсөн. Шүүхээс торгуулийн ял оногдуулбал 15 хоногийн дотор төлөх болно гэв.

            Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Цогийн 17-59 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн машины түлхүүр ширээн дээр байхаар нь түлхүүрийг авч машиныг асааж хашаанаас гарсан. Тэгээд нэг сэргэхэд Улаанбаатар паласын үүдэнд хүний машин шүргэчихсэн байсан. Тэр үед л ухаан орсон яах гэж машин унаж явсан гэдгээ ч сайн ойлгоогүй. Золоогийн араас л гарсан байх. Тэгээд нөгөө машины жолооч бууж ирээд та яаж байгаа юм бэ гэхэд нь эхнэртэйгээ муудалцаад жаахан архи уусан юмаа цагдаад битгий хэлээч, манай аавынх Чингэлтэйд байдаг тийшээ яваад мөнгө аваад өгье гэж хэлээд Салхитад Саруулын гэрт ирсэн, тэр чигээрээ унтаад өгсөн эргэж гараагүй. 2018.04.08-ны өглөө 09.00 цагийн үед Цог миний машин алга болсон байна гээд цагдаад дуудлага өгсөн би тухайн үед Цогоос айгаад машиныг нь авч явсан талаар хэлж чадаагүй гэжээ.

            Хохирогч Д.Цог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-...Ширээн дээрээс миний 17-59 УНХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хэзээ авсныг нь би огт санахгүй байгаа, согтоод унтаад өгчихсөн хойгуур Д.Ням-Очир авсан байх, надаас бол зөвшөөрөл аваагүй. ...2018 оны 4 дүгээр сарын 07-ны орой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхит 5-91 тоотод байдаг найз Саруулын гэрт... найз нар дээрээ 23 цагийн үед очсон. Тэр үед манай найз нар пиво уугаад сууж байхаар нь дэлгүүр орж 2 шил архи, дээрээс нь хоол ундны зүйл аваад 23:40 цагийн үед Саруулын гэрт буцаж ирээд өөрийн 17-59 УНХ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ тэдний хашаанд оруулан тавьж, машинаа түгжиж хашааны хаалгыг хааж гэрт орсон юм. ...Тэгээд 2018 оны 4 сарын 08-ны өглөө 09 цагийн үед байх босч гарч ирсэн чинь Саруулын хашааны хаалга нээлттэй миний машин байхгүй байсан. ...Уг машин 1 ширхэг түлхүүртэй уг түлхүүрийг би машинаа түгжээд хүрэмний баруун талын халаасанд хийгээд унтаж амарсан. Өглөө босч ирсэн чинь машины түлхүүр байхгүй, машин байхгүй байсан. ...Би машинаа олчихсон, манай найз Ням-Очир надад хэлэлгүй аваад явсан байна лээ. Одоо надад санал гомдол байхгүй гэжээ.

Гэрч Э.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... 2018 оны 4 дүгээр сарын 07-ны орой манай найз Эрдэнэбулган миний 68-60 ДАР гэсэн дугаартай цэнхэр өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгслийг таксинд явах гэж гуйж аваад явсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байсан чинь манай найз Эрдэнэбулган утсаар ярьж нэг согтуу нөхөр машинтай ирээд намайг зогсож байсан чинь машин мөргөсөн чи хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд би шөнө 03 цагийн үед Улаанбаатар палас дээр очсон чинь 25-30 орчим насны согтуу эрэгтэй хүн 17-59УНХ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машинаар миний машиныг мөргөсөн байсан. Тэгээд би цагдаа дуудах гэсэн чинь нөгөө хүн янз бүрээр зовлон тоочоод байсан. Тэгээд яах юм гэсэн чинь манай аав ээж хоёр Салхитад байдаг юм хамт очоод ээжээс мөнгө аваад өгнө гэж хэлсэн... нөгөө залуу надад гэрээ зааж өгч Чингэлтэй дүүргийн 7 буудлаас хойш Салхит чиглэлд нэг байшинтай айлд очиж ороод аав ээжтэй уулзаад гараад ирнэ гэж хэлээд орсон. Тэгээд би найзын хамт гадаа нь хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь орсон чинь тэр байшинд 4-5 залуу 1-2 эмэгтэй согтуу унтаж байсан. Тэд нарыг дуудсан чинь сэрэхгүй байхаар нь би найзын хамт машиныг нь унаад ...гэрийн гадаа аваачиж хонуулаад маргааш нь машин дээр нь байсан гар утасны дугаараар нь ярьж хэлсэн чинь удаагүй цагдаагаас дуудаад цагдаагийн газарт ирсэн юм. ...25-30 орчим насны шаргал өнгийн пальто, хар цамц, цагаан кет, женсэн өмдтэй хүн ганцаараа унаж явсан... тэр нэлээд согтуу байсан бөгөөд миний машин байгаа юм эхнэртэйгээ муудалцаад сэтгэл санаа тийм явж байна гэж ярьж байсан гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө архи ууж, согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд Салхитын 5-91 тоот хашаанд байсан иргэн Д.Цогийн эзэмшлийн 17-59 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...Ширээн дээрээс миний 17-59 УНХ улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хэзээ авсныг нь би огт санахгүй байгаа, согтоод унтаад өгчихсөн хойгуур Д.Ням-Очир авсан байх, надаас бол зөвшөөрөл аваагүй. Өглөө босч ирсэн чинь машины түлхүүр байхгүй, машин байхгүй байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Э.Золжаргалын “... 2018 оны 4 дүгээр сарын 07-ны орой манай найз Эрдэнэбулган миний 68-60 ДАР гэсэн дугаартай цэнхэр өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгслийг таксинд явах гэж гуйж аваад явсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байсан чинь манай найз Эрдэнэбулган утсаар ярьж нэг согтуу нөхөр машинтай ирээд намайг зогсож байсан чинь машин мөргөсөн чи хүрээд ирээч гэж хэлсэн юм. Тэгээд би шөнө 03 цагийн үед Улаанбаатар палас дээр очсон чинь 25-30 орчим насны согтуу эрэгтэй хүн 17-59 УНХ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркын машинаар миний машиныг мөргөсөн байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Д.Нг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч нь шүүхийн шатанд 10 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч И овогт Д.Нг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нн цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд оруулан тооцож (10 хоног х 15.000 төгрөг) 150.000 төгрөгийг торгох ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 300.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ