| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2512001360203 |
| Дугаар | 2026/ДШМ/13 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/13
2026/ДШМ/13
Ч.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Б.Тулга
Яллагдагчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Яллагдагч Ч.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/108 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ч.Бид холбогдох 2512001360203 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, малчин, ам бүл 0 аав, ээжийн хамт, А аймгийн Т сум, Д хорооллын 00 тоотод оршин суух хаягтай, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ХМШЗ/156 дугаартай захирамжаар 8 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаасаа өмнө суллагдаж, мөн сугацаанд хяналт тогтоох арга хэмжээ авч шийдвэрлэгдсэн. /2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 5 сар 15 хоногийн үлдэгдэлтэй байсан. Г ургийн овогтой Чийн Б /РД:0000000000/
Яллагдагч Ч.Б нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд А аймгийн Т сумын М багийн Дэлгэрбулаг гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Ж.Рын олон тооны буюу 10 тооны үхрийг мориор тууварлан хулгайлж, хохирогчид нийт 14,900,000 төгрөгийн хохирол учруулсан олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Ч.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/108 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Чийн Бид /ИБД:0000000000000/ холбогдох эрүүгийн 2512001360203 дугаартай хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч Ч.Бийн мэдүүлгийн дагуу М.Стай гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас үгсэн тохиролцсон талаар тогтоохоор нэмэлт ажиллагааг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч урьдаас ярьж тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд яллагдагч Ч.Бийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд хохирогч Ж.Рын олон тооны буюу 10 тооны үхрийг хулгайлж, тууварлан хашсан үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Б нь оргон зайлсан байсан бөгөөд түүнийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн болно. Яллагдагч Ч.Б нь М.Саас монгол гутал худалдаж авсан эсэх, тэдний хооронд өр төлбөрийн асуудал байсан эсэхийг тодруулж гэрчээс мэдүүлэг авхуулах шаардлагагүй. Гэрч, хохирогчийн мэдүүлэгт ноцтой зөрүү гарвал зөрүүг арилгах ажиллагаа явуулна. Гэтэл яллагдагч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, түүний бодит үнэнг шалгахаар тэдний гутал зарсан хоорондын өр төлбөртэй эсэхийг тодруулж гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Учир нь Ч.Б, М.С нарын гутал зарсантай холбоотой үйл явдлыг мэдэж байгаа гэрч байгаа талаар хэрэгт огт баримт авагдаагүй байна. Гэтэл хэн гэдэг, ямар гэрчээс мэдүүлэг авах нь тодорхойгүй, түүнчлэн хэн нэгэн гэрчийг олж мэдүүлэг авах ажиллагаа явуулах нь өөрөө хэргийн бодит байдалд буюу Ч.Бийн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг нотлох, эсхүл үгүйсгэх ач холбогдолгүй. М.Сын гар утсанд үзлэг хийж нөхцөл байдлыг тодруулахад Ч.Бтай холбогдоогүй байсан. Мөн Ч.Бийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олж тогтоох үед түүний биед гар утас байгаагүй тул уг ажиллагааг явуулаагүй. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар прокурорын зөвшөөрөл олгосон боловч яллагдагч Ч.Б нь гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа агуулгаар мэдүүлэг өгсөн тул тус ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь хэрэгт авагдсан буюу гэмт хэрэг гарсны дараа хамт байж болсон үйл явдлыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоосон. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, тус нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсөн, нотлох баримтын хангалттай байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд эдгээр баримтыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх ажиллагаануудыг явуулах нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, үр дүнг өөрчлөх, үгүйсгэх ач холбогдолгүй гэж үзлээ. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/108 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: С, Б нар нь эхнэр, нөхөр хоёр. Б гээд эрэгтэй ч юм шиг нэртэй боловч эмэгтэй хүн. Ч.Баас авлагаа авна гээд С, Б нар Бгийн машинтай яваад, Ч.Б гэх хүнтэй А аймгийн нутаг дэвсгэрт уулзаад, тэгээд өр, төлбөртөө үхэр авсан гэж мэдүүлдэг. Тэгээд тэр үхрийн махыг нь хад асгатай газар байсан юм шиг байна лээ. Машин явахгүй болоод машиныг зогсоогоод, Б гэх гэрч машиндаа үлдээд, С хамт очиж төхөөрсөн гэж мэдүүлдэг. Гэрч Бгийн өгсөн мэдүүлгээр С нь Ч.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, үхэр хулгайлсан гэмт хэргийн шинжтэй зүйл хийгээгүй. Би мэдэхгүй, тийм зүйл болоогүй гэсэн. Ч.Б, С, Б гэсэн 3 хүн байгаад байгаа. Шүүгдэгчээс гадна тэр дурдагдаад байгаа 2 гэрчийг шүүх хуралдаанд оролцуулаад, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг чинь үнэн үү гэж асууж болно. Мөн нэмж хэлэх зүйл байвал биечлэн оролцуулаад, тодруулаад явбал илүү ойлгомжтой болох байх гэж үзэж байна. Өөр хийгдэх ажиллагаа байхгүй. Ч.Б, С нарын хоорондын монгол гутлын асуудлыг мөн Сыг шүүх хуралдаанд оролцуулаад асуух боломжтой байна. Мөн дээрээс нь нэгэнт Ч.Б гар утасгүй байсан. Ийм тохиолдолд тухайн ажиллагааг хийх боломжгүй байна. Тэгэхээр боломжит хувилбар нь 2 гэрчийг хуралд оролцуулаад, нотлох баримтуудыг шинжлэн судлаад, мэдүүлгээс нь зөрүү гарвал өөрөөс нь тодруулаад явах боломжтой гэсэн байр суурьтай байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхийн тулд эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа, яллагдагчаар татагдсан байгаа хэргүүдийг нь нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний хувьд анхан шатны шүүхэд буцаавал хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж болно. Эсвэл прокурорт буцаагаад ирвэл прокурор дээр хэргийг нэгтгэх боломж байгаа юм. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хууль зүйн үүднээс нь Ч.Бид аль ашигтай байдлаар нь шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Яллагдагч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа: Энэ хэргийг одоо шалгагдаж байгаа хэрэгтэй нийлүүлж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга:
2.1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.Б нь М.Саас монгол гутал худалдаж авсан эсэх, тэдний хооронд өр төлбөрийн асуудал байсан эсэх, тэд хоорондоо болон Э.Б, хохирогч нартай харилцаа холбооны хэрэгслээр харилцаж байсан эсэхийг тогтоох, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
3. Прокурорын эсэргүүцлийн үндэслэл:
3.1. Прокурор урьдаас ярьж тохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Ч.Б нь хохирогчийн олон тооны буюу 10 тооны үхрийг хулгайлж, тууварлан хашсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг төгссөн. Ч.Б, М.Саас гутал худалдан авсан эсэх, тэдний хооронд өр төлбөрийн асуудал байсан эсэхийг тогтоох нь ач холбогдолгүй, гэмт хэрэг гарсны дараа хамт байж болсон үйл явдлыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоосон. Шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг явуулах нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, үр дүнг өөрчлөх үгүйсгэх ач холбогдолгүй гэсэн агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
4. Давж заалдах эсэргүүцлийн талаарх дүгнэлт:
4.1. Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.
4.2. Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгаж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
4.3. Мөн шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
4.4. Прокурор эсэргүүцэлдээ яллагдагч Ч.Б 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд хохирогч Ж.Рын олон тооны буюу 10 тооны үхрийг хулгайлж тууварлан хашсан үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг төгссөн, гэмт хэрэг гарсны дараа хамт байж болсон үйл явдлыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоосон, яллагдагч Ч.Б гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа тул тус ажиллагааг явуулах шаардлагагүй гэж дүнэсэн дээр дурдсан нотлох баримтыг шалгах зарчимд нийцэхгүй.
4.5. Тиймээс М.С, Э.Б нар нь ямар учраас Ч.Бтай хохирогчийн 3 тооны үхрийг шөнөөр, эзэнгүй газар төхөөрч, улмаар уг үхрийн махыг худалдан борлуулж мөнгийг нь Ч.Б, М.С нар хуваан авах болсон шалтгааныг бодитой тогтоох нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
4.6. Мөн анхан шатны шүүхийн тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж хийлгэх үндэслэлд хамаарахгүй байна.
4.7. Анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх нотолгооны стандартыг хангасан эсэх талаар мэтгэлцэх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг талуудад олгож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул яллагдагч Ч.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
4.9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/108 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ч.Бид анхан шатны шүүхээс урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Д.БАЙГАЛМАА