| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0392/Э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч Ш.Я нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Ш.Яд холбогдох 1811001890376 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 24-нд хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1950 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Бунханы 1-20 тоотод оршин суух, 1970 онд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1971 онд ял эдэлж дууссан, 1972 онд Төв аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1974 оны 3 дугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан, Улаанбаатар хотын шүүхийн 1974 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 8 жил, 168 дугаар зүйлийн в-д зааснаар нутаг зааж суулгахгүйгээр 10 жил хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш.Я, (РД:),
нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-254 тоотод урьд хамтран амьдарч байсан Л.Цэрэнтогоог зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:-Цэрэнтогоо бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Хүү 33 настай, надтай амьдардаг. Цэрэнтогоогоос салаад 20 гаруй жил болж байгаа. Тэр өдөр Цэрэнтогоо Төв аймгаас ирээд, бид Дэнжийн 1000-ын зах орж хүнсний зүйл аваад, замаараа миний найз Дамдинсүрэнгийнд хөлөө амраахаар ороход найз маань Батаа, Гансүх гэх хүмүүстэй архи ууж байсан. Би архи уудаггүй, уугаагүй. Цэрэнтогоо тэр архинаас нь уугаад, согтоод явъя гэхэд явахгүй, над руу агсраад байхаар нь чи манайд дахин битгий ирээрэй гээд би нэг алгадаад, гараад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь Цэрэнтогоо 13 цагийн үед манайд ирээд, намайг нэг нь зодсон байна гэхээр нь би дагуулж яваад, би өөрийн гараар өргөдөл бичиж цагдаад өгсөн. Уг нь миний алгадсанаас гэмтэл учраагүй байх л гэж би бодоод байгаа юм. Би 1999 онд шоронгоос суллагдсанаас хойш ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний алгадсанаас толгой нь хөдөлсөн гээд байгаа бол торгох ялыг төлөхөд татгалзахгүй ээ. Гэхдээ би сарын 230.000 төгрөгийн тэтгэвэртэй, 2019 оныг дуустал тэтгэврийн зээл аваад бэрдээ өгсөн байгаа. Цувуулаад ч болов торгуулийг төлнө гэв.
Ш.Я мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Цэрэнтогоогийн хамт Дамдинсүрэнгийн гэрт очиход Батаа, Гансүх нар архи хувааж ууж байсан. Юм ярьж байгаад гэрээс гараад буцаад ороод ирэхэд тэд нарын архи нь нилээн багассан байсан. Тэгээд би эхнэрээ явъя гэж хэлсэн боловч манай эхнэр явахгүй байхаар нь нэг удаа би цохисон. Тэгээд бид хоёр тэндээ хоносон. Өглөө сэрээд манай эхнэрийн нүүр нь өвчин орсон, шүд нь хөдөлсөн байсан гэсэн. Өмнөх орой нь би нэг л удаа цохисон. Тэгээд гараад явсан. Намайг гарсан хойгуур юу болсон талаар мэдэхгүй байна гэжээ.
Хохирогч Л.Цэрэнтогоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Би маргааш өглөө нь Ганаагийн гэрт сэрэхэд Ганаагийн байшингийн шалан дээр хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд сэрэхэд миний эрүүний баруун хэсэг хөхөрч хавдсан, доод үүдэн шүднүүд хөдөлсөн байсан. ...Хэн зодсоныг би мэдэхгүй байгаа юм. Миний биеийн байдал одоо хэвийн байна. Надад гомдол санал байхгүй гэжээ.
Гэрч Х.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- Ядамсүрэн уурлаад эхнэрээ явъя гэж хэлтэл Цэрэнтогоо нь явахгүй гээд байсан тэгээд Ядамсүрэн Цэрэнтогоо хоёр маргалдаад Ядамсүрэн Цэрэнтогоогийн нүүрэн тус газар нэг алгадаад, тэгвэл битгий очоорой хулгайч минь гэж хэлээд гараад явсан юм. Цэрэнтогоо манайд үлдээд үлдсэн архиа хувааж уугаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө босоод энэ миний эрүүний хэсэгт яасан юм бол оо гээд байсан тэгэхээр нь өчигдөр чамайг Ядамсүрэн алгадаад гараад яваа биз дээ гэж хэлсэн. ...өглөө нь Цэрэнтогоо ёо ёо эрүү эрүү Ядмаа хулгайч намайг цохьчихлоо алнаа гэж хэлж байсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.15-ны өдрийн ¹1364 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Л.Цэрэнтогоогийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, 3 шүдний ганхалт, гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Ш.Я нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-254 тоотод оршин суух Х.Дамдинсүрэнгийн гэрт урьд хамтран амьдарч байсан Л.Цэрэнтогоог дагуулан очиход гэрийн эзэн болон бусад хүмүүс архи ууж байсан ба Л.Цэрэнтогоо нь уг айлд архи ууж согтуурхан, тэндээс явахгүй гэж Ш.Ядамсүрэнтэй маргалдаж, агсрах үед тэрээр хохирогчийг алгадаж зодсоноос бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн “Тэр өдөр Цэрэнтогоо Төв аймгаас ирээд, бид Дэнжийн 1000-ын зах орж хүнсний зүйл аваад, замаараа миний найз Дамдинсүрэнгийнд хөлөө амраахаар ороход найз маань Батаа, Гансүх гэх хүмүүстэй архи ууж байсан. Би архи уудаггүй, уугаагүй. Цэрэнтогоо тэр архинаас нь уугаад, согтоод явъя гэхэд явахгүй, над руу агсраад байхаар нь чи манайд дахин битгий ирээрэй гээд би нэг алгадаад, гараад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг, хохирогчийн “…Би маргааш өглөө нь Ганаагийн гэрт сэрэхэд Ганаагийн байшингийн шалан дээр хувцастайгаа хэвтэж байсан. Тэгээд сэрэхэд миний эрүүний баруун хэсэг хөхөрч хавдсан, доод үүдэн шүднүүд хөдөлсөн байсан. ...Хэн зодсоныг би мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг, гэрч Х.Дамдинсүрэнгийн “…Ядамсүрэн уурлаад эхнэрээ явъя гэж хэлтэл Цэрэнтогоо нь явахгүй гээд байсан, тэгээд Ядамсүрэн Цэрэнтогоо хоёр маргалдаад Ядамсүрэн Цэрэнтогоогийн нүүрэн тус газар нэг алгадаад тэгвэл битгий очоорой хулгайч минь гэж хэлээд гараад явсан юм.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.15-ны өдрийн ¹1364 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Ш.Ян үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн атлаа уг зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заагаагүй байна. Нөгөө талаар яллах дүгнэлтэд “яллагдагч Ш.Ядамсүрэнг урьд хамтран амьдрагч Л.Цэрэнтогоог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” хэмээн тэмдэглэсэн атлаа гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгээгүй байна.
Түүнчлэн хохирогч Л.Цэрэнтогоогийн “маргааш өглөө нь сэрэхэд Ганаагийн байшингийн шалан дээр хувцастайгаа хэвтэж байсан” гэж мэдүүлсэн, гэрч Х.Дамдинсүрэнгийн “Ядамсүрэн уурлаад эхнэрээ явъя гэж хэлтэл Цэрэнтогоо нь явахгүй гээд байсан. Ядамсүрэн Цэрэнтогоо хоёр маргалдаад Ядамсүрэн Цэрэнтогоогийн нүүрэн тус газар нэг алгадаад явсан. Цэрэнтогоо манайд үлдээд үлдсэн архиа хувааж уугаад унтаад өгсөн” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл хохирогч өөрөө танихгүй айлд архи ууж согтуурхсан, уг айлаас явахгүй гэж урьдын хамтран амьдрагч Ш.Ядамсүрэн рүү агсарсан зэрэг хохирогчийн илт зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгджээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ш.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд дээрх зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүгдэгчийн саналаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хохирогчоос гэмт хорын хохирол нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Боржигон овогт Шийтэрийн Ядамсүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Б овогт Ш.Яг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Яг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ян торгох ялыг 2021 оны 6 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Я нь энэ тогтоолын 4-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ядамсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ