Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2026/ДШМ/14

 

 

        

А.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Ж.Ундармаа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.П

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч: А.П

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч С.Пгийн давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч А.Пд холбогдох 2512004700324 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 0, А аймгийн Ц сумын А багийн задгайд оршин суух, урьд нь  А аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,  А аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар 02 жил 06 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б ургийн овогт Аийн П /ИБД:0000000000000/

         

            Шүүгдэгч А.П нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Моонын гарам Хүннү гол гэх газарт 00-00улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...", мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр мотоцикльтой зорчиж байсан Ч.Э, Г.Ө нарыг мөргөж, Г.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ч.Эы амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас А.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

   А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б ургийн овийн П /РД:0000000000/-г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Пг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 08 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг А аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Пгээс 35,640,000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өын нэхэмжлэлийн шаардлагаас 109,463,400 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ө нь энэ хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.П энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний баримт бичиг ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Пд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           

     Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:... Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 129 дугаартай тогтоолоор “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг (1) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл (2) хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан. Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно. Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм. Харин Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг тооцоолох шалгуурыг илүү нарийвчлан тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн аргачлал, журмыг боловсронгуй болгох, тусгайлсан аргачлалыг бий болгосон тохиолдолд түүгээр шийдвэрлэхийг үгүйсгэхгүйг дурдаж байна” гэж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн тооцож нөхөн төлүүлэх талаар хууль хэрэглээний практик тогтоосон байгааг анхаарч үзэлгүй орхигдуулж, хууль хэрэглээний тогтсон жишгээс зөрүүтэй буюу буруу шийдвэрлэжээ. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хохиролд хамаарах хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив гэжээ.

 

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Пгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцож гаргуулахдаа Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн нарийвчилсан зохицуулалтыг бариагүйгээр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тооцож гаргуулсанд гомдолтой. Иймд А.Пд холбогдох А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, хохирлыг зөвтгөн тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Эсэргүүцэлдээ тодорхой дурдсан. Анхан шатны шүүхийн 2026.01.30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хохиролд холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь Улсын Дээд Шүүхийн тогтоол, жишиг практик тогтсон байгаа учраас хохиролтой холбоотой асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Пгээс 35,640,000 төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Г.Өд олгож шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 218 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон дүгнэлт хавтаст хэрэгт авагдсаныг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр тогтоох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгийн 30% тооцож, 35,640,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өд олгуулахаар шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч А.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид учирсан хохирол төлбөрөөс оршуулгын зардлыг 13,773,418 төгрөгийг бүрэн төлсөн. Ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Олон бага насны хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрхийн бүртгэлд бүртгэлтэй ийм иргэн. Одоогоор хамгийн бага хүүхэд 7 сартай ийм амьдралтай, амьжиргаатай хүн байгаа. Шүүгдэгчийн хувьд хэдийгээр амьдралын хүнд нөхцөлтэй ч гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлын зэргээр тогтоогдсон 35,640,000 төгрөгийг нэн даруй төлөх болохоо ойлгож байгаа ийм хүн байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж дүгнэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримталж аль ашигтай байдлаар шүүх шийдвэрлэх байсан. Гэтэл хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй шийдсэн нь хууль болоод шүүхийн тогтсон жишиг, практикийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Бусдын санаатай болон болгоомжгүй эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэр бүлийн гишүүдэд учирсан сэтгэцийн гэм хорын хохирлыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээ бол хуулийн нарийвчилсан зохицуулалт байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-ийг баримталж шийдсэн нь хууль зөрчөөд байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримталж, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж буюу 118,800,000 төгрөгийг хохиролд гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч А.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би олон нялх хүүхэдтэй, амьдрах гээд энд, тэнд ажил хийгээд явдаг хүн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ажил төрөл хийж хохирогчийн хохирлыг барагдуулна гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч А.Пд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... явж байтал гэнэт хүчтэй "түг" гэж дуугараад би ухаан алдсан байсан. Сэрээд хартал манай нөхөр мотоциклийн урд дээш харсан байдалтай ухаангүй байсан. Би зүүн талд нь мотоциклиос шидэгдэж унасан байсан. Хажууд нь нэг Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Манай нөхрийн хажууд нэг эрэгтэй “бос” гэж хэлээд өргөж байсан харагдсан. Би сэргэж аваад нөхөр дээрээ очтол хамар, амнаас нь цус их гарсан байсан. Манай нөхөр хиймэл шүдтэй ба бүх хиймэл шүд нь хажууд нь унасан байсан. Би нөхрөө эргүүлтэл газарт их хэмжээгээр цус гарсан байсан. Тэр үед бид 2-ыг мөргөж унагаасан эрэгтэйн өврөөс нэг 0,5 литрийн савлагаатай "Хараа" гэсэн архи, гялгар ууттай жижиг рулет печень өврөөс нь унасан. Тэр үед архиа гэртээ оруулж тавиад, түргэн тусламж дуудлаа гэж хэлээд бид 2-ыг мөргөсөн тээврийн хэрэгслээ унаад сумын төв рүү явсан. Удалгүй түргэн тусламжийн эмч болон сумын цагдаа Тэмүүжин нар ирсэн. Араас нь бид 2-ыг мөргөсөн машины жолооч машинаа бариад ирсэн. Эмч ирээд үзтэл “манай нөхрийг нас барсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-25-26х/

- сэжигтэн А.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өгөөмөр баг Хүннү гол гэх газар задгайд оршин сууж байсан өөрийн ээжийн гэрийн гадна бараг очиж явах үед миний ард явж байсан сундлаатай мотоцикль гэнэт миний хажуугаар орж миний унаж явсан машины зүүн урд булан их гэрэл хэсэгтэй мөргөлдөж, улмаар сундлаатай мотоциклийн зорчигч болон жолооч нар мотоциклиос шидэгдэж унасан. Ард нь сууж явсан эмэгтэй зүүн тийш мотоциклиос зайтай, жолооч нь мотоциклиос баруун тийш шидэгдэж унасан. Би машинаасаа бууж очих үед тэр эрэгтэй ухаангүй хөдөлж чадахгүй цус их гарсан байсан. Би тэр үед осол болсон газраас өөрийн тээврийн хэрэгслээ хөдөлгөж сумын төв рүү түргэн тусламж дуудахаар явсан. Түргэн тусламж дуудаад буцаж ирэх үед нас барчихсан түүний эхнэр хажууд нь уйлж, хашгирч байсан. Тэгээд байж байтал сумын цагдаа ирсэн өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-30-32х/

- “…А.Пгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Alcotest PRO багаж ашиглан шалгахад 2,32 хувийн тоон үзүүлэлт илэрсэн болох нь тогтоогдлоо…” гэсэн жолоочийн согтууруулах ундаа,  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-17х/

- А.Пд холбогдох жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-68х/  

- “...1. Г.Өын биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болсон гэх цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн АРХ0725/319 дугаартай дүгнэлт /хх-38-39х/

- “...1. Талийгаач Ч.Эы биед гавлын суурь ясны хугарал, дагз ясны хугарал, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, баруун, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, баруун талын 3 хавирганы хугарал, уушигны няцрал, дотор эрхтний доргилт, нүүрний зулгаралт, хоёр чихний дэлбээнд шарх, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Осол болсон гэх нэг цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 6. Шинжилгээгээр уушигны гялтангийн архаг наалдацат үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 2 дугаар бүлгийн цустай байна...” гэсэн А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн АРХ0625/107 дугаартай дүгнэлт /хх-45-48х/

- “1. ...хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудтай танилцахад Тоёота приус маркийн 00-00улсын дугаартай автомашины жолооч А.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...", мөн дурмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Харин Dayun маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Ч.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, .... түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Тоёота приус маркийн 00-00улсын дугаартай автомашины жолооч А.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 11.14 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 3. Уг осол гарахад замын болон байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Tоёота приус маркийн 00-00улсын дугаартай автомашины баруун талын дугуйнаас 14,20 мерт, зүүн талын дугуйнаас 14,30 метр урттай дугуйн мөр үүссэн байх тул хамгийн урт мөрөөр тухайн автомашины хурдыг тодорхойлбол: 40.6 км/цаг ....Энэхүү 40.6 км/цагийн хурд бол зөвхөн хуурай газрын хөрсөн гадаргуу дээр гарсан мөрөөр тооцоолсон тооцоо бөгөөд тухайн автомашин нь мотоцикль мөргөн зогссон байх тул 40.6 км/цагаас илүү хурдтай явсан байх үндэслэлтэй...” гэсэн техникийн шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 52-205/455 дугаартай дүгнэлт /хх-60-62х/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг /хх-3-4х/

- Яллагдагч А.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-87-88х/ зэрэг нотлох баримтанд тулгуурлан анхан шатны шүүх  шүүгдэгч А.Пг 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Моонын гарам Хүнүйн гол гэх газарт 00-00улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...", мөн дүрмийн 3.7-д "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зөрчиж байсан мотоциклийн араас нь мөргөж, Г.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ч.Эы амь насыг хохироосон  үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

4. А.П нь 2025 оны 09 сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин осол гаргаж Г.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Ч.Эы амь насыг хохироож Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн, мөн 2025 оны 03 сарын 20-ны өдрөөс 2026 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /хх-68х/ байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бөгөөд түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

5. Шүүгдэгч А.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

 

6.  “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлан шийдвэрлээгүй нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцэл болон хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд: 

 

6.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийхээр хуульчилжээ.

 

6.2. Шүүх шинжилгээний тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан.

 

6.3. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж тус тус заасан нь тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулжээ.

 

6.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 сарын 05-ны өдрийн ЕГ0825/4214 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Ганболдын Өын сэтгэцэд гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт гарчээ /2-р хавтас 171х/

 

6.5. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Өд сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоосныг үндэслэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 7. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч А.Пүрэсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор заасан нь буруу тул давж заалдах шатны шүүхээсЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссанаас тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж хууль хэрэглээний талаар зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш А.Пгийн цагдан хоригдсон 49 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд оруулан тооцов.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус  заасныг удирдлага болгон                                                       

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн

4 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссанаас тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Пд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Пгийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                            ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                   Ч.ЭНХТӨР