Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оч,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

Иргэдийн төлөөлөгч Н.Базарсад,

            Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт М.Тд холбогдох 1811004170111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар хэсгийн 64 дүгээр байрны 5-54 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 57-55 тоотод амьдардаг гэх, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүрэг, 32-ын тойргийн тэнд нийтийн байранд амьдарч байсан, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М.Тт, Жекоп гэж хочилдог гэх, (РД:),

нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Энжил" тоглоомын газрын 2 дугаарын өрөөнд Б.Шинэбаярын зүүн гуянд нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “…Намайг Жекоб гэж хочилдог. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Мөнхсоёлд утас, эхнэртээ сүйн бөгж аваад гэртээ харьсан. Энхзаяатай урьд нь санхүүгийн хувьд зөрчилтэй байсан ба үүнээсээ болоод маргалдсан. Гэрт цагаан сараар бэлдсэн архи байсан ба тухайн архинаасаа уусан. Би “та нартай ингэж маргалдаж байхаар найзууд дээрээ очоод хоногийн хоолтой, хоолгүй байж байя, би та нартай хамт байхгүй” гэж хэлээд гарах гэсэн боловч хамт явъя гэхээр нь дагуулаад явсан. Тоглоомын газар нэг шил архитай очсон. Архиа найзууддаа өгч уугаад сууж байхад талийгаач бид хоёр хоорондоо маргалдсан. Би талийгаачид “хүмүүсийн дэргэд муудалцаж байхаар 00-ийн өрөө оръё” гээд 00-ийн өрөөнд ороод “битгий эхнэр, дүү нарын хажууд над руу дайраад бай, хоёулаа ийм зүйл дээр маргаад яахав, баярын өдөр болж байна” гээд бид хоёр эвлэрээд буцаад өрөөндөө орсон. Ууж байсан архинаасаа нэг нэг хундага ууцгаасан. Би талийгаачийн компьютер дээрээс юм үзэж байхад талийгаач миний бүснээс хутга авчихсан байсан. Би тэрийг нь мэдээгүй. Тэгээд хутгаа авах гэсэн боловч өгөхгүй байж байгаад миний өмдний халаасанд хийсэн байсан. Би хутгаа бариад сууж байсан. Талийгаачтай юунаас болж маргалдсан гэдгээ би сайн санахгүй байгаа. Талийгаач босч ирээд миний цээж хэсэг рүү цохисон. Дахиад цохиход нь би айлгах гэсэн бодолтойгоор хутгаар чичихэд ийм зүйл болсон. Түүнээс бид хоёр найзууд байсан. Талийгаачийг хохироох гэсэн сэдэл надад байгаагүй. Би эхнэр болон охидуудыг тоглоомын газраас гарч бай гэж хэлээд түргэн болон цагдаа дуудаарай гэж хэлээд үүд хэсэг рүү очиход чи юу хийчих вэ гэж тоглоомын газрын эзэн надаас асуусан. Тэгэхээр нь би одоо эндээс явчих уу гэхэд чи байж бай гэж хэлсэн. Би гадаа гараад тамхи татаж байгаад цаашаагаа явсан гэв.

            М.Тт мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би хамт байдаг охидууд болон эхнэр Болорчимэгийн хамтаар Энжил нэртэй писи тоглоомын газар 18 цагийн үед очсон. Би авч очсон Эдэн нэртэй архийг тал хүртэл нь Батцэрэн, хохирогч Шинэбаяр бид гурав болон бусад хүмүүс хувааж уусан. Архи хувааж байхад хохирогч ерөнхийдөө үгээр дайрч давшлаад атак өгөөд байхаар нь найзаа хоёулаа нойлийн өрөө оръё гээд дагуулаад Батцэрэнгийн хамт нойл орсон. Би нойлийн өрөөнд ороод эхнэр болон бусад хүмүүс байна шүү дээ бүгд харж байхад битгий ингээд бай гэж ярилцсан. Ярилцаж дууссаны дараа зодоон цохион бололгүйгээр өрөөнд буцаад орцгоосон. Би өрөөнд ороод байж байхад бүсэнд хуйтай зүүлттэй байсан хутгыг Шинэбаяр хуйнаас нь сугалж аваад ерөнхийдөө үзээд байхаар нь би хуйтай хутгаа булаагаад авсан. Би булааж аваад байж байхад миний өөдөөс, чи хуйтай хутга авч явлаа гээд хүн хутгалдаг нь биш шүү гээд над руу дайрч давшилж байснаа намайг цээж рүү түлхсэн тэр үед би хойшоогоо шууд сандал дээр суух үедээ айхдаа гартаа барьсан байсан хутгаар чичсэн байсан. Хохирогч цус алдаад газар сууж байх үед эмнэлэг дуудаач цагдаа дуудаач гэхэд нь нэг нь дуудчихсан гэж хэлсэн, тэр үед Жавхлан гээд писи тоглоомын газрын эзэн нь ирснээ юу хийчиж байгаа юм бэ гэхээр нь би явчих уу гэж хэлэхэд байж бай гэж хэлэхээр нь цаашаа харсан хойгуур нь гараад явчихсан. Би буудалд гэнэт сэрээд байж байхад цагдаа нар хүрч ирж намайг баривчилсан” гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд талийгаач маань миний 4 дэх хүү болж мэндэлсэн. Миний хүү 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 28 настай байсан. Би хүүтэйгээ хотод орж ирээд 10 жил болж байна. Түрээсийн байранд хүүтэйгээ хамт амьдардаг байсан. Хүү маань ажил хийж, ар гэр, эцэг, эхдээ тус дэм болж, оюутан дүүгийнхээ төлбөрөөс төлдөг, архи дарс, тамхи хэрэглэдэггүй, эцэг, эхийгээ хүндэлдэг, ах дүү нартаа зөвлөж, сэтгэлээсээ хүнтэй харьцаж, хүнд муу санадаггүй хүүхэд байсан. Оршуулгын зардалд 3.522.500 төгрөг, нутагшуулахад 2.386.310 төгрөг, гар цайлгахад 1.127.000 төгрөг, хүнсний зардалд 819.000 төгрөг, 2.398.680 төгрөг, бусад зардалд 858.263 төгрөг буюу Сэлэнгээс Улаанбаатар руу явахад бензин түлш зарцуулсан ба баримт авч чадаагүй, бусад зардалд 1.083.600 төгрөг буюу ном уншуулах буяны зан үйлд баримт авах боломжгүй байсан. Мөн бусад зардалд 586.570 төгрөг, 790.800 төгрөг, 223.290 төгрөг нийт 18.879.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна” гэв.

   Т.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би маш их гомдолтой байна миний хүүхэд нас барсан учраас дахиж босож ирэхгүй ээ. Миний хүү хүнийг дугаарлахүйгээр бүх хүмүүстэй сайхан харьцдаг байсан. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх юм бол хэмжээгүй их тоо гарна, миний бодит хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. ...Хүнсний зардалд авсан бараа материалынхаа зарим баримтыг авсан байгаа, нийт 819.000 төгрөгийн баримт байгаа, нутаглуулах зардал баримтаар 2.386.310 төгрөг байгаа, оршуулах зардал баримтаар 587.000 төгрөг, бусад зардал баримтаар 95664 төгрөг байгаа, ингээд үүний хажуугаар оршуулгын буяны ажил болон бусад зардал материал нэлээн их хэмжээний эд зүйл хүнсний зүйл авсан, энэ зүйлүүдийн баримт нь байхгүй тэгэхдээ би бүх зүйлийг үнэн зөвөөр нь үнэтэй нь бичиж өгч байна, би баримт байхгүй зүйлүүдээ дугаарлаад үнийн нь бичээд өгч байна нийт 6.976.844 төгрөгийг нэхэмжилж байна. Би зарим зүйлүүдээ оруулаагүй байгаа дүн юм.” гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

   1.Б.Болорчимэгээс: “…2018 оны 02 дугаар сарын 03-ний орой Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н автобусны буудлын орчим байдаг Акума төвийн хажууд байдаг нийтийн байранд Түмэнзасагт, Учрал, Мөнхсоёл бид 4 хоол хийгээд цуйван хийж идээд хоносон. Ингээд 2018 оны дугаар 02 дугаар сарын 04-ний өглөө босоод Мөнхсоёл гар утас авна гээд бид 3 хамт явж үдээс хойш 13-14 цагийн орчим утас авсан. Мөнхсоёл утсаа аваад урт цагаан үйлчилгээний төв ороод хүнсний нэгдүгээр дэлгүүр ороод Түмэнзасагт надад бөгж авч өгсөн. Ингээд бид 3 гадуур явж байгаад Энхзаяатай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах монтел худалдааны төв дээр уулзчихаад салаад гэртээ харьсан. Гэрт харихад Учралтай холбоо барьж байгаад Гантуяа ирсэн байсан. Бид нар гэрт цай ууж байхад Энхзаяа залгахаар нь гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд Энхзаяа цаг орчим болж байгаад манай гэрийг заалгаад ирсэн. Ингээд бид 6 гэртээ вино ууж байгаад, сүүлдээ Эдэн нэртэй 0.75 литрийн архи задлаад бид нар хувааж уусан. Архи ууж байхад Энхзаяа манай нөхөр Түмэнзасагт хоёр худлаа ярилаа гээд хоорондоо маргалдсан.

Энэ үед зүрх өвдөөд ухаан алдаж унасан. Тэгээд намайг Гантуяа босгоод ирсэн. Тэгээд одоо больцгоо гарцгаая гээд Энхзаяа Түмэнзасагт хоёр учраа олоод бөөндөө гарч яваад такси барьсан. Таксинд явж байхдаа найз нартайгаа уулзана гээд Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Энжил тоглоомын газар орсон. Тоглоомын газар очиход Баагий, Багаа хоёр байсан. Ингээд Түмэнзасагт Баагий, Багаа нар гэрээс авчирсан Эдэн нэртэй архийг хувааж уусан.

Архи уугаад хоорондоо юм яриад байж байгаад Түмэнзасагт гараад явахаар нь суудал дээр нь зөрөөд суусан. Тэгээд нэг их удалгүй Түмэнзасагт Багаа болон хоёр танихгүй найз нь гэх залуучуудын хамт ороод ирсэн. Тэгээд дахиад авчирсан архинаас ууж эхэлсэн. Энэ үед би хуучин байрандаа очоод сууж байхад Багаа надад архи аягалаад өгөхөөр нь уухгүй гэсэн чинь ёслоод өг гэхээр нь архийг уруулдаа хүргээд өгсөн. Энэ үед Багаагийн хажууд сууж байсан залуу нь босож ирээд "Чи муу чацаг чинь хэзээ ийм болсон юм бэ, чам шиг пацааныг мэдэхгүй юм байна, надтай ингэж харьцах болоогүй шүү" гэж хэлсэн. Тэгснээ бүсэнд нь зүүлттэй байсан хутгыг гаргаж ирээд, чиний наад шүдний чигчлүүр шиг хутганаас айна гэж бодоо юу гэсэн. Ингээд би Түмэнзасагт дээр очих хооронд нөгөө маргалдаад байсан залууг Багаа сандал руу боль гээд татсан, тэгээд унахдаа хөлөө бариад эхэлсэн. Би тонгойгоод хархад цус гарч байсан. Тэгсэн чинь Багаа Түмэнзасагтад хандаад чи яаж байгаа юм бэ, юу хийчихвээ гэж хэлсэн. Би очоод Түмэнзасагтын хутгыг авсан. Ингээд юу болсон бэ гэж асуухад цус гарч байхаар нь ширээн дээр байсан цамцыг аваад чангалаад боо гэсэн. Тэгсэн чинь Багаа наад цамцаар чинь боож болохгүй гэж хэлэхэд, Түмэнзасагт та нар гараад байж бай гарцгаа гээд гаргасан. Ингээд би Энхзаяа, Учрал, Мөнхсоёл, Гантуяа нарын хамт тоглоомын газраас гараад такси барьсан. Ингээд би үлдээд тэд нарыг явуулсан. Буцаж ороход Түмэнзасагт нүдний шилтэй ахтай юм ярьж байсан. Тухайн ах нь юу хийчих вэ гэж хэлж байсан. Тэгээд нүдний шилтэй ах Түмэнзасагт хоёр гадаа гарахаар нь араас нь яваад очиход хоорондоо юм ярьж байсан. Ингээд Түмэнзасагт буцаж ороод намайг наанаа байж бай гээд үлдээгээд орсон. Буцаж гарч ирэхдээ Билгүүн гэх хүүхдийн хамт үлдээд бид шууд гэр рүүгээ явсан. Гэрт ирэхэд Мөнхсоёл, Энхзаяа, Учрал, Гантуяа нар гэрт ирээд байж байсан.

Ингээд гэрт ирээд би юу хийсэн гэдгээ мэдэхгүй байна, бас юу болохыг мэдэхгүй байна, тийм учраас чи гэртээ үлд, би явлаа гэхээр нь хамт явна гээд гэрээс цүнхтэй хувцас, компьютэрээ аваад Гантуяа бид 3 явсан. Бид 3 гэрээс такси бариад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Декор нэртэй буудалд орсон. Буудалд ороод Гантуяа буцаж яваад бид хоёр үлдээд унтсан. Ингээд унтаж байсан чинь удалгүй цагдаа нар орж ирээд бид хоёрын баривчилсан” гэжээ.

            2.Х.Учралсайханаас: “…Би Түмэнзасагт ахын 32 тойргийн баруун хойд талд Акума засварын төвийн ар талд байрлах 2 давхар улаан тоосгон байранд 7 хоногийн өмнөөс амьдарч байсан ба тэр нийтийн байранд нь Жекобийн найз охин Болорчимэг, түүний найз Мөнхсоёл, Гантуяа бид хэд байсан. Өчигдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед Жекобийн найз Энхзаяа тус нийтийн байранд ганцаараа ирэх үед нь би гарч тосож авч ирэх хооронд Жекоп агаа архи уугаад сууж байсан. Бид 2 гэрт нь ороод сууж байсан чинь Жекоб агаа архи уусан хүний талд цагдаа үйлчилдэггүй юм гэж хэлээд биднийг ууж байсан архинаасаа уу гэж шахаад байхаар нь бид хэд архинаас нь уучихаад сууж байтал Заяа буруу зүйл хийсэн болохоор та нар бүгд шийтгүүлж байгаа юм гэж хэлээд бид дөрвийг нэлээн зодож байгаад, тэндээсээ гарч такси барьж СУИС-ийн замын урд талд байрлах Энжил гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд 02 дугаартай өрөөнд орж, гэрээсээ авч гарсан Эдэн гэх нэртэй архиа задалж Жекоб ахын найз Багаа, Баагий гэх 2 залуутай архиа ууж байгаад Баяраатай гэнэт муудалцаж байгаад тамхи татах өрөө рүү хамт гарсан. 3-5 минут орчим болоод эргэж орж ирээд Амараа гэдэг залуугаас Жекоп агаа машин чинь байна уу гэж асуухад байхгүй гэж юм ярьж байснаа Баяраа гэх залуутай муудалцаж эхэлсэн. Ямар ч байсан Баяраа хэлэхдээ чи муу давраад байгаарай, чи хэзээ ийм болчихсон юм бэ?, би чамайг ална шүү гэж хэлээд ноцолдож байх явцдаа Жекоб агаа тэлээний баруун хойд хэсэгт байсан бор өнгийн иштэй, хажуугаараа цагаан өнгийн хээтэй хутгаа сугалан авч Баяраагийн зүүн гуя хэсэг рүү 1 удаа хатгасан. Тэгээд бид нарыг та нар эндээс бүх зүйлээ аваад гарцгаа гэхээр нь бид хэд шууд гарч явсны дараа араас Болороо эгч гарч ирээд та нар такси бариад түрүүлээд гэрт очиж бай гэхээр нь бид нар таксинд суугаад 32 тойрог руу явж байгаад, эмийн сангийн гадаа зогсоод эм авсан. Жекоб ахын хашааны гадна зогссон чинь Жекоб найз охин Болорчимэгийн хамт араас такси барьчихсан ирээд, бид нар орох үед Жекоб агаа за эндээс та нар хэрэгтэй зүйлсээ цүнхэндээ хийцгээ гэж байтал Болорчимэг намайг хурдан яваад такси бариад ир гэхээр нь зам руу гараад такси аваад очтол нөгөө таксинд агаа Гантуяа, Болорчимэг нартай суугаад Мөнхсоёл, Энхзаяа бид 3 унтаад үлдсэн. Бид 3 унтаж байсан чинь хаалга нүдэхээр нь хэн бэ гэтэл байрны жижүүр эгч танайхаас ус алдаад байна гэхээр нь хаалгаа онгойлготол энгийн хувцастай цагдаа нар орж ирээд бид нарыг авч Гантуяагийн гэрээр орж Гантуяаг авч Төмөр замын хажуугаар Болорчимэг Жекоб нарыг хайж олоод цагдаа дээр ирсэн юм” гэжээ.

            3.А.Мөнхсоёлоос: “…Уг нь хоорондоо нэг нэгнийгээ таньж мэддэг шинжтэй архи дамжуулаад уугаад байснаа гэнэтхэн л хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхэд тэр хутгалуулсан залуу нь Жекоб ахыг чи миний нутаг дэвсгэрт надад томрохгүй шүү гээд байсан, тэр үед Жекоп ах би чамд хэн гэдгээ харуулах уу гэж хэлээд л тэлээндээ хийсэн байсан хутгаа гаргаж ирээд л тэр залуугийн гуянд хутгалчих шиг болсон. Хоорондын маргаанаас болж ийм асуудал болсон байх” гэжээ.

            4.Х.Энхзаяагаас: “…Тоглоомын газар байхад Жекоб нэг залуутай маргалдаад чанга яриад байсан. Ингээд охидуудыг гар гэж Болороо, Жекоб хоёр хэлэхээр нь бид нар тэндээс бөөндөө гарсан. Тухайн үед согтуу байсан учраас болсон асуудлыг санахгүй байна” гэжээ.

            5.Б.Гантуяагаас: “…Тэд нар архи ууж байхад талийгаач нь Түмэнзасагтыг чи хэзээ ийм том болчихсон юм, энэ тэр гээд маргалдаад эхэлсэн бөгөөд тэгэж байгаад гэнэт л гарцгаа гэж Түмэнзасагт орилсон, тэр үед би хажуу тийшээ өөр хүний компьютер харж байгаад харахад Түмэнзасагт хажуудаа сууж байгаа ах руу харчихсан зогсож байсан бөгөөд тэр үед намайг Мөнхсоёл аваад бид нар шууд гараад гүйцгээсэн. Гадаа гараад шууд такси бариад 32-н тойрог явж нийтийн байранд очсон. Нийтийн байранд бид нар бүгдээрээ байхад Болорчимэг нь компьютер, процессор, хувцас гэх мэт өөрт хэрэгтэй зүйлүүдээ аваад намайг процессор аваад яваадах гэхээр нөгөөдхийг нь өргөөд гарсан. Гадаа гараад 32-н буудал орж Түмэнзасагт, Болорчимэг бид 3 такси бариад 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг зочид буудал орсон. Тэнд очиход 21 цаг болж байсан. Тэр хоёрыг нэг буудалд оруулж өгсөний дараа нийтийн байрны түлхүүр аваад гараад ирчихэж чи аваачаад өгчих гэхээр нь түлхүүрийг нь аваад хүргэж өгчихөөд шөнө 23 цагийн орчим гэртээ харьсан. Би зочид буудал руу хамт таксигаар явж байхад Болорчимэг нь Түмэнзасагтад хандан чи хөл рүү нь хутгалчихсан нөгөө хүнээс аймар их цус гараад байна лээ гэж хэлж байсан. Түмэнзасагт нь эхнэртэйгээ амьд байна уу үгүй юу үзэх юм сан гэж ярилцаж байсан” гэжээ.

            6.Б.Жавхлангаас: “…миний сууж байсан өрөөнд нэг танихгүй хүүхэд орж утсаар яриад энд хүн хутгалуулчихлаа түргэн дуудах гэсэн юм гээд яриад байсан. Би ч хаана вэ гээд тэр хүүхдээр заалгаад 2 дугаарын өрөө рүү орсон чинь 3 дугаарын ширээний хажууд сандал дэрлэчихсэн танихгүй эрэгтэй хүн газар суучихсан зүүн хөлнөөс нь цус нэлийтэл асгарсан байдалтай байсан. Тэгээд тэр үед өрөөнд нилээн хэдэн хүүхэд байсан ба нэг нь Түмэнзасагт гэдэг хүүхдийг хутгалчихсан гэж хэлэхээр нь би түүнд, чи чинь алуурчин болчихоо юу яахаараа хүн хутгалчихдаг юм бэ гэж хэлээд утсаа аваад түргэн тусламж дуудлаа гэж эмийн сан руу гүйгээд бинт аваад буцаж орж ирэх үед Батцэрэнтэй таараад, тэр  Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг орчихоод ирж байна гэмтэл дууд гэж байна гэж хэлсэн. Тэгээд орж ирээд харахад хөлийг нь өөр алчуураар боочихсон байсан ба Түмэнзасагт явчихсан байсан. Тэгээд цагдаа эхэлж ирээд араас нь түргэн тусламж ирсэн” гэжээ.

            7.О.Батцэрэнгээс:-“…Баяраа гэдэг залуу согтуу над дээр ирээд хоёулаа дэлгүүр орчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь цуг гарсан чинь ганц шил архи хувааж ууя, тоглоомын газар дотор сууж байгаад доогуураа нууж байгаад тойруулаад уучихъя гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд гадна дэлгүүрээс 1 шил 500 граммын Хараа гэх архи, 1 ширхэг ундаатай цуг аваад цахим тоглоомын газрын гадаа нэг нэг хийж уучихаад Энжил нэртэй цахим тоглоомын газар руу ороод уг газрын 2 тоот өрөөнд ороод, би 3 тоот ширээн дээр, Баяраа 4 дугаарын ширээн дээр суугаад уг архийг бид хоёр Гантөмөртэй хувааж уугаад сууж байтал гаднаас Түмэнзасагт гээд зүс таних залуу 4 эмэгтэйтэй цуг ороод ирсэн. Түмэнзасагт 1 шил 750 граммын  Эдэн нэртэй архитай ирсэн ба өөрөө нилээд согтуу орж ирж байсан. Цуг байсан охидуудаа загнаад яваад байснаа Баяраатай мэндэлж гар барихад Баяраа гараа татчихсан чинь Түмэнзасагт уурлаад Баяраа тэр хоёр муудалцсан. ...Түмэнзасагт миний хажуугаар гүйж орж ирээд Баяраагийн гуя руу нь хутгаар 1 удаа дүрчихсэн юм. Тэгээд Баяраагийн хөлнөөс цус гоожоод суусан ба Түмэнзасагтаас хутгыг нь салгаж авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь Баяраагийн гуяыг нэг гар нүүрийн алчуураар боочихоод гараад ойрхон байдаг эмнэлэг рүү очоод энэ цахим тоглоомын газар хүн хутгалуулчихлаа гэж хэлчихээд буцаад ирсэн чинь баахан цагдаа нар ирчихсэн бид нарыг нэг өрөөнд оруулаад суулгачихсан” гэжээ.

            Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.13-ны өдрийн ¹389 тоот дүгнэлтэд:

            1.Талийгаачийн зүүн гуяны доод 3/1, доод гадна талд зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шархтай тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй 4,9 см өргөн, 13,5 см доошгүй урттай нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

            3.Зүүн гуяны шарх нь шинэ гэмтэл байна.

            4.Гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.8 заасан амь насанд аюултай гэмтэлд хамаарна.

            5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

            6.Талийгаачийн гуяны артер тасарч их хэмжээний цус цочмог алдсанаас үхэлд хүргэсэн байна.

            7.Цус нь хоёрдугаар бүлэг байна.

            8.Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэжээ.

            Криминалистикийн шинжилгээний 2018.02.13-ны өдрийн ¹1286 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн саарал дотуур өмдний урд 7х7мм, 4х3мм дулааны үйлчлэлийн улмаас эдэлгээний явцад гарсан хуучин түлэгдэлтүүд гарсан байна.

            -Жинсэн өмдний ард 34мм, саарал дотуур өмдний ард 39мм хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүсэлтүүд гарсан байна.

           2.Дээрх зүсэлтүүд нь шинэ байгаа нь хэрэг үйлдэгдэх үед үүссэн байх боломжтой.

            3.Бусад хувцаснууд гэмтэлгүй байна гэжээ.

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.4.04-ний өдрийн ¹277 тоот дүгнэлтэд:

            1.М.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2.М.Т нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3.М.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4.М.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Түмэнзасагт нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

            5.М.Т нь мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч М.Т нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах "Энжил" нэртэй тоглоомын газарт О.Батцэрэн, Б.Шинэбаяр, Б.Болорчимэг болон бусадтай архи ууж согтуурсан үедээ Б.Шинэбаяртай маргалдаж, түүний хөл рүү хутгалснаас хохирогчийн зүүн гуяны доод 3/1, доод гадна талд зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шарх бүхий амь насанд аюултай гэмтэл учруулснаас хохирогчийн гуяны артер тасарч их хэмжээний цус цочмог алдсанаас амь нас нь хохирсон болох нь

             М.Тн яллагдагчаар мэдүүлсэн “…Би хамт байдаг охидууд болон эхнэр Болорчимэгийн хамтаар Энжил нэртэй писи тоглоомын газар 18 цагийн үед очсон. Би авч очсон Эдэн нэртэй архийг тал хүртэл нь Батцэрэн, хохирогч Шинэбаяр бид гурав болон бусад хүмүүс хувааж уусан. Би өрөөнд ороод байж байхад бүсэнд хуйтай зүүлттэй байсан хутгыг Шинэбаяр хуйнаас нь сугалж аваад ерөнхийдөө үзээд байхаар нь би хуйтай хутгаа булаагаад авсан. Би булааж аваад байж байхад миний өөдөөс, чи хуйтай хутга авч явлаа гээд хүн хутгалдаг нь биш шүү гээд над руу дайрч давшилж байснаа намайг цээж рүү түлхсэн тэр үед би хойшоогоо шууд сандал дээр суух үедээ айхдаа гартаа барьсан байсан хутгаар чичсэн байсан. Хохирогч цус алдаад газар сууж байх үед эмнэлэг дуудаач цагдаа дуудаач гэхэд нь нэг нь дуудчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэгийн “…Би маш их гомдолтой байна миний хүүхэд нас барсан учраас дахиж босож ирэхгүй ээ. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх юм бол хэмжээгүй их тоо гарна, миний бодит хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Болорчимэгийн “Тоглоомын газар очиход Баагий, Багаа хоёр байсан. Ингээд Түмэнзасагт Баагий, Багаа нар гэрээс авчирсан Эдэн нэртэй архийг хувааж уусан. Энэ үед Багаагийн хажууд сууж байсан залуу нь босож ирээд "Чи муу чацаг чинь хэзээ ийм болсон юм бэ, чам шиг пацааныг мэдэхгүй юм байна, надтай ингэж харьцах болоогүй шүү" гэж хэлсэн. Тэгснээ бүсэнд нь зүүлттэй байсан хутгыг гаргаж ирээд, чиний наад шүдний чигчлүүр шиг хутганаас айна гэж бодоо юу гэсэн. Ингээд л би Түмэнзасагт дээр очих хооронд нөгөө маргалдаад байсан залууг Багаа сандал руу боль гээд татсан, тэгээд унахдаа хөлөө бариад эхэлсэн. Би тонгойгоод хархад цус гарч байсан. Тэгсэн чинь Багаа Түмэнзасагтад хандаад чи яаж байгаа юм бэ, юу хийчихвээ гэж хэлсэн. Би очоод Түмэнзасагтын хутгыг авсан. Ингээд юу болсон бэ гэж асуухад цус гарч байхаар нь ширээн дээр байсан цамцыг аваад чангалаад боо гэсэн. Тэгсэн чинь Багаа наад цамцаар чинь боож болохгүй гэж хэлэхэд, Түмэнзасагт та нар гараад байж бай гарцгаа гээд гаргасан” гэх мэдүүлэг,

            гэрч Х.Учралсайханы “СУИС-ийн замын урд талд байрлах Энжил гэх нэртэй цахим тоглоомын газар ирээд 02 дугаартай өрөөнд орж, гэрээсээ авч гарсан Эдэн гэх нэртэй архиа задалж Жекоб ахын найз Багаа, Баагий гэх 2 залуутай архиа ууж байгаад Баяраатай гэнэт муудалцаж байгаад тамхи татах өрөө рүү хамт гарсан. 3-5 минут орчим болоод эргэж орж ирээд Амараа гэдэг залуугаас Жекоб агаа машин чинь байна уу гэж асуухад байхгүй гэж юм ярьж байснаа Баяраа гэх залуутай муудалцаж эхэлсэн. Ямар ч байсан Баяраа хэлэхдээ чи муу давраад байгаарай, чи хэзээ ийм болчихсон юм бэ?, би чамайг ална шүү гэж хэлээд ноцолдож байх явцдаа Жекоб агаа тэлээний баруун хойд хэсэгт байсан бор өнгийн иштэй, хажуугаараа цагаан өнгийн хээтэй хутгаа сугалан авч Баяраагийн зүүн гуя хэсэг рүү 1 удаа хатгасан” гэх мэдүүлэг,

            гэрч А.Мөнхсоёлын “Уг нь хоорондоо нэг нэгнийгээ таньж мэддэг шинжтэй архи дамжуулаад уугаад байснаа гэнэтхэн л хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхэд тэр хутгалуулсан залуу нь Жекоб ахыг чи миний нутаг дэвсгэрт надад томрохгүй шүү гээд байсан, тэр үед Жекоп ах би чамд хэн гэдгээ харуулах уу гэж хэлээд л тэлээндээ хийсэн байсан хутгаа гаргаж ирээд л тэр залуугийн гуянд хутгалчих шиг болсон” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Гантуяагийн “Тэд нар архи ууж байхад талийгаач нь Түмэнзасагтыг чи хэзээ ийм том болчихсон юм, энэ тэр гээд маргалдаад эхэлсэн бөгөөд тэгэж байгаад гэнэт л гарцгаа гэж Түмэнзасагт орилсон... Болорчимэг нь Түмэнзасагтад хандан чи хөл рүү нь хутгалчихсан нөгөө хүнээс аймар их цус гараад байна лээ гэж хэлж байсан. Түмэнзасагт нь эхнэртэйгээ амьд байна уу үгүй юу үзэх юм сан гэж ярилцаж байсан” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Жавхлангийн “2 дугаарын өрөө рүү орсон чинь 3 дугаарын ширээний хажууд сандал дэрлэчихсэн танихгүй эрэгтэй хүн газар суучихсан зүүн хөлнөөс нь цус нэлийтэл асгарсан байдалтай байсан. Тэгээд тэр үед өрөөнд нилээн хэдэн хүүхэд байсан ба нэг нь Түмэнзасагт гэдэг хүүхдийг хутгалчихсан гэж хэлэхээр нь би түүнд, чи чинь алуурчин болчихоо юу яахаараа хүн хутгалчихдаг юм бэ гэж хэлээд ... харахад хөлийг нь өөр алчуураар боочихсон байсан ба Түмэнзасагт явчихсан байсан. Тэгээд цагдаа эхэлж ирээд араас нь түргэн тусламж ирсэн” гэх мэдүүлэг,

            гэрч О.Батцэрэнгийн “Энжил нэртэй цахим тоглоомын газар руу ороод уг газрын 2 тоот өрөөнд ороод, би 3 тоот ширээн дээр, Баяраа 4 дугаарын ширээн дээр суугаад уг архийг бид хоёр Гантөмөртэй хувааж уугаад сууж байтал гаднаас Түмэнзасагт гээд зүс таних залуу 4 эмэгтэйтэй цуг ороод ирсэн. Түмэнзасагт 1 шил 750 граммын  Эдэн нэртэй архитай ирсэн ба өөрөө нилээд согтуу орж ирж байсан. Баяраатай мэндэлж гар барихад Баяраа гараа татчихсан чинь Түмэнзасагт уурлаад Баяраа тэр хоёр муудалцсан. ...Түмэнзасагт миний хажуугаар гүйж орж ирээд Баяраагийн гуя руу нь хутгаар 1 удаа дүрчихсэн юм. Тэгээд Баяраагийн хөлнөөс цус гоожоод суусан ба Түмэнзасагтаас хутгыг нь салгаж авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь Баяраагийн гуяыг нэг гар нүүрийн алчуураар боочихоод ...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хувцас болон эд зүйлсүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.13-ны өдрийн ¹389 тоот дүгнэлт, криминалистикийн шинжилгээний 2018.02.13-ны өдрийн ¹1286 тоот шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2018.4.04-ний өдрийн ¹277 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлж, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн хутга, камерийн бичлэг, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Х овогт М.Тг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал баримтаар 11.100.000 төгрөг, баримтгүй зардал 5.279.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 2.500.000 төгрөг, нийт 18.879.000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилж байгаа ба шүүхийн шатанд шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн банкин дахь дансанд болон бэлнээр  10.000.000 төгрөг төлсөн байна.

            Хуульд заасан шаардлага хангахгүй нотлох баримт хэрэгт хавсаргасан, нөгөө талаар огт баримтгүй зардал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж байгаа боловч шүүгдэгч нь 6.379.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул уг зардлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчид төлөх зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан тул өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөгийг мөн шүүгдэгч М.Түмэнзасагтаас гаргуулахаар шийдвэрлэлээ.  

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзлаа. 

            Шүүгдэгч нь М.Т нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Х овогт М.Тг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Тг 9 (есөн) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч М.Тн цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.Тс хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 6.379.000 (зургаан сая гурван зуун далан есөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бэгз овогт Тэрбишийн Ганчимэгт (РД:МЭ64011506)-т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Түмэнзасагтаас 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганчимэгт олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10 см, иш нь 12 см эвхэгддэг хутга 1 ширхэг, EDEN гэх нэртэй 1 литрийн архитай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарсугай.

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БУЯННЭМЭХ

ШҮҮГЧИД                                                                  С.БАТГЭРЭЛ

                                                                              Б.ХАЛИУН