| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2512000000289 |
| Дугаар | 2026/ДШМ/15 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/15
Г.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: М.Гансүх
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Яллагдагчийн өмгөөлөгч В.Удвал
Яллагдагч: Г.Б
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/85 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Бд холбогдох 2512000000289 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 20 оны дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт А аймгийн Ц сумын А багийн Хгэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Гын Б /ИБД:00000000/
Яллагдагч Д Г.Б нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын А багийн нутаг Хгэх газарт хохирогч А.П“өнгөрсөн хавар манайх 2 тооны гүү хулгайд алдсан С ах, М ах нар авсан байх гэж би хардаж байгаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн маргалдан, улмаар түүний ар нуруу хэсэгт 1 удаа хутгаар хатгаж, хэвлийн тус газарт нь 2 удаа хайчаар хатгаж, хэвлийн хөндийн урд дээд хэсэг ба хэвлийн хажуу доод хэсгээр нэвтэрч их сэмж, чацархайн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, нурууны хатгагдсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун доод зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл учруулж, хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархайн судсыг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмог цус алдаж, цус алдалтын шоконд оруулж, амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Г.Бд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/85 дугаар шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гын Бд холбогдох эрүүгийн 2512000000289 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар модон бариул бүхий хутга 1, Ц өнгийн бариул бүхий хайч 1, хүрэн өнгийн иштэй эвхдэг тонгорог 1, чулуу 1, хуванцар сав 1 хураагдсан болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Бд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:... 1. Шүүгчийн захирамжийн эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй тонгорог дээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байхад тонгорогт цус илэрсэн эсэх, илэрсэн бол хохирогчийн ДНХ-тэй тохирч байгаа эсэхийг тогтоох тухай заалтын тухайд: Мөрдөн шалгах байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хэрэг учрал болсон гэх А аймгийн Ц сум А баг Хгэх газар хэргийн газрын үзлэгийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийн тэмдэглэл үйлдсэн байдаг.
Уг хэргийн газрын үзлэгээр тухайн хэрэг учрал болсон гэх газар байсан шар өнгийн модон хаалгатай саарал өнгийн бэрзэнт гэмээр бүрээстэй монгол гэрт үзлэгийг үргэлжлүүлэн гэрт байсан бор модон иштэй үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон хутгыг 3 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан. Мөн гэрийн зүүн урд байх ногоон өнгийн машины хучлага гэмээр зүйл дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг хоёр дугаараар тэмдэглэж, түүний хажууд байх жижиг чулуун дээр дуссан улаан хүрэн өнгийн цус мэт зүйлийг 6 дугаараар тэмдэглэж 6 дугаараар тэмдэглэсэн жижиг чулууг хэргийн газрын үзлэгээр хураан авчээ. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн явцад гэрч гэх Б.Янжинлхамаас улаан хүрэн өнгийн бариултай бариулын нөгөө тал нь өнгөгүй тонгорог гэмээр эвхэгддэг нийт урт нь 21,5 см ажпын хэсэг 9 см, бариул хэсэг нь 12,5 см хутга, хөх өнгийн бариултай нийт урт 19,5 см бариул нь 8 см ажлын хэсэг нь 11,5 см хайч зэргийг гаргаж өгснийг хүлээн авч, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр “хүрэн өнгийн иштэй тонгорогт хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байна” гэж тусгагдсан байна. Ийнхүү хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон чулуу 1 ширхэг, бор саарал өнгийн иштэй цус мэтулаан хүрэн өнгийн зүйлээр ажлын хэсэг нь бохирлогдсон хутга 1 ширхэг, мөн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр урд үзүүр болон дунд хэсгээр цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хайчны нэг талын гуя дээр “Stainless Steel’ гэсэн бичиглэлтэй хайчийг ангайлгаж үзэхэд хайчны 2 гуяны дотор талд цус мэт зүйл болон шороо мэт зүйлээр бохирлогдсон Ц өнгийн хайч 1 ширхэг зэргийг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн эсэх, мөн цус мөн бол ДНХ-г тогтоолгох зорилгоор мөрдөгч нь шинжээч томилжээ. Улмаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч А 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0325/7951 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн чулуу 1 ширхэг, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хөх өнгийн бариултай хайч 1 ширхэг зэрэг нь шинжилгээнд тэнцэн чулуу, хөх өнгийн бариултай хайч зэрэг дээр цус илэрч, бор өнгийн модон иштэй хутга дээр цус илрээгүй байна. Мөн уг шинжээчийн дүгнэлтээр чулуу дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын 'хромосомын микросателит локусаар тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. ЕГ0325/7759 дугаартай дүгнэлтэд тусгагдсан А.Пгэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон. Харин хөх өнгийн бариултай хайч дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын хромосомын микросателит локусаар тогтооход нэг эрэгтэй хүнийх байна. ЕГ0325/7759 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Г.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно гэсэн дүгнэлт гарчээ. Иймд мөрдөгчийн үзлэг хийсэн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлээр яллагдагч Г.Б амь хохирогчийг хутгалсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй тонгорог дээр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй байхад тонгорогт цус илэрсэн эсэх, илэрсэн бол хохирогчийн ДНХ-тэй тохирч байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэх үндэслэл үүсээгүй тул тус ажиллагааг явуулах шаардлагагүй болно. Хэрэгт авагдсан буюу гэмт хэрэг гарах цаг хугацаанд хамт байж болсон үйл явдлыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугларсан, тус нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлох баримтын хангалттай байх шаардлагыг хангаж байгаа бөгөөд эдгээр баримтыг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад ул мөр илрээгүй эд зүйлд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тухай ажиллагаа явуулах нь хэрэгт тогтоогдсон үйл баримт, үр дүнг өөрчлөх, үгүйсгэх ач холбогдолгүй гэж үзлээ. 2. Шүүгчийн захирамжийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэлийн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 129 дугаартай тогтоолоор “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг (1) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл (2) хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан. Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь аливаа гэмт хэргийн хохирогч нарт дээр дурдсан хүчин зүйлсийг үл харгалзан эн тэнцүү олгохоор хөдөлшгүй тогтоосон, амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно. Үндэсний статистикийн хорооноос тооцоолон гаргасан тухайн оны хүн амын дундаж наслалтыг суурь болгон амь хохирогчийн насыг тогтоох нь хийсвэр шинжтэй, таамаглалд тулгуурлан ялгамжтай байдлаар хохирлыг шийдвэрлэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, аливаа алагчлалгүй, шударгаар шүүлгэх эрхэд харшлахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм. Харин Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг тооцоолох шалгуурыг илүү нарийвчлан тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн аргачлал, журмыг боловсронгуй болгох, тусгайлсан аргачлалыг бий болгосон тохиолдолд түүгээр шийдвэрлэхийг үгүйсгэхгүйг дурдаж байна” гэж гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн тооцож нөхөн төлүүлэх талаар хууль хэрэглээний практик тогтоосон байгааг анхаарч үзэлгүй орхигдуулж, хууль хэрэглээний тогтсон жишгээс зөрүүтэй буюу буруу шийдвэрлэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-д зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй тул прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/85 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... 2025 оны 10 сарын 25-ны өдөр анх гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл ирж, дуудлага, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Ц сумын хэрэг болсон гэх газарт бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах байгууллага очсон байдаг. Хэргийн газрын үзлэг хийх явцад гэрч н.Яхөх өнгийн иштэй хайч, хүрэн өнгийн тонгорог зэргийг гаргаж өгсөн байдаг. Мөрдөн шалгах байгууллагаас үзлэг хийхэд хайчинд цус мэт улаан зүйл илэрсэн. Тухайн хүрэн өнгөтэй тонгорогт ямар нэг биологийн ул мөр илрээгүй. Ийм учраас мөрдөх байгууллагаас биологийн ул мөр илэрсэн зүйлсийг ДНК тогтоохоор Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд бор иштэй хутгаас цусны дээж илрээгүй. Харин тухайн хүрэн хайч, чулуунд биологийн ул мөр илэрсэн байна. Чулуунд илэрсэн биологийн дээж нь амь хохирогч н.Пүрэвбатын, харин хайчинд илэрсэн цус нь яллагдагч Г.Бий цус илэрсэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тогтооход нотолбол зохих байдал бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. Тодруулбал тухайн хэргийн газар гэрч н.Янжинлхам, мөн дүү нь байсан. Дуудлагаар очсон эмч, ажилтнууд гэрчийн мэдүүлэг өгч хэргийн бодит байдлын талаар мэдүүлсэн байдаг. Яллагдагч Г.Б сэжигтнээр мэдүүлэг өгч гэр дотор ноцолдож, тухайн хүрэн өнгөтэй тонгоргоор ар нуруу хэсэгт нь хатгасан. Гадаа ноцолдохдоо биологийн ул мөр илрээд байгаа чулууны тэнд хувцсаа тайлж, амь хохирогч, яллагдагч нар хоорондоо ноцолдох үедээ хэвлий тус газар нь хайчаар 2 удаа хатгаж, амь хохирогч нас барсан байна гэж цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг шинжээч мэдүүлгээр тайлбарлахдаа хэвлий тус газар нь хатгасан 2 хатгалтын улмаас амь хохирогч нас барсан байна. Харин ар нуруу хэсэгт хүрэн иштэй тонгоргоор хатгасан хүнийг үхэлд хүргэхгүй гээд хэрэгт хүрэлцээтэй буюу хангалттай бүх нотлох баримт авагдсан. Ийм байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй, нотолбол зохих байдал тогтоогдоогүй гэж үзэн, биологийн ул мөр илрээгүй хүрэн тонгорогт ДНК шинжээч томилох нь үндэслэлгүй байна гэж үзсэн. 2-т хохирол, хор уршгийн тухайд хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин, эсвэл тухайн нас барсан хүний насыг хийсвэрээр бодож, дундаж наслалтаар харьцуулан тооцох зэрэг 2 үндэслэл Иргэний хуулийн 511-д бий. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 дүгээр зэрэглэл гараад хохирогчийн ар гэрт танилцуулахад ямар нэг санал, хүсэлт байхгүй гээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл 4 дүгээр зэрэглэл нийцэхгүй, прокурорт буцааж өгнө үү гээд прокурорт буцаасан. Энэ шинжээч томилох асуудал шүүхийн шатанд ч хийгдэх боломжтой асуудал, одоо дахиад шинжээч томилоод 4 дүгээр зэрэглэл гарвал яах юм. Иргэний хуулийн 511.5-д зааснаар хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж тооцох нь өөрөө хууль хэрэглээний зарчимд нийцнэ. Өмгөөлөгчийн хэлсэн зүйлчлэлтэй холбоотой асуудалд хэлэхэд: онц харгис, хэрцгийгээр хүнийг алах гэдэг нь зөвхөн олон тооны шарх үүссэнээр тухайн онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж дүгнэх нь өрөөсгөл асуудал. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид 3 тооны шарх үүссэн. Үүнээс 2 тооны шарх нь тухайн хүнийг үхэлд хүргэсэн байна гэж дүгнэсэн байгаа. Тарчлан зовсон асуудал байхгүй гэдэг нь бүгдэд илт байгаа. Энэ асуудлаас болж урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч талаас прокурор хэргийг хүндрүүлээд зүйлчлээд оруулаад ирээч гэдэг шаардлага тавьдаг. Прокурор хууль зүйн дүгнэлттэй зүйлчлэл хийнэ. Прокурор дураараа зүйлчилж ирснийг нь шүүх хөнгөрүүлнэ гэсэн юм байхгүй. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар сэтгэцийн хохирлыг шийдэж болохоор байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжтой гэж харагдаад байна. Амь хохирогч нас барах явцдаа маш олон тооны гэмтэл, шарх авсан. 3 удаа хутгалуулсан, нүүрэнд нь 7 тооны шарх байдаг. Ийм байхад зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 гэсэн зүйл ангиар оруулж ирдэг нь буруу байна. Ийм учраас яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсаныг зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 1-т олон тооны шарх, гэмтэл учирсан. 2-т учирсан гэмтэлтэй холбогдуулаад цогцост шинжилгээ хийсэн шинжээчээс мэдүүлэг авахад, олон тооны шарх, гэмтэл үүссэн байна гэсэн байхад яагаад 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирээд байгаа юм бэ. Энэ чинь өөр төрлийн гэмт хэрэг буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан онц харгис, хэрцгийгээр гэсэн шинж байгаад байгаа юм биш үү үүнийг анхаарч үзээч гэсэн нэг хүсэлт анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тавьсан. 2 дахь хүсэлт маань бас л гэмт хэргийн зүйлчлэлтэй холбоотой анх хохирогч нас барахдаа хүнд зэргийн согтолттой байсан. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Сэтгэцийн хохирлыг аргачлалаар биш, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар гаргах боломж байгаа учраас энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг хүндрүүлэхээр захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй юм байна. Гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй байхад шууд давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хүндрүүлнэ гэдэг байдлаар буцаах хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрвээ давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хүндрүүл гээд буцаах юм бол анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ гэдэг үүргийнхээ хүрээнд зүйлчлэлийг хүндрүүлээд шийдвэрлэх үндэслэл болно. Тэгэхээр хавтаст хэрэгт байгаа материалыг шинжлэн судалж, мэтгэлцэх зарчимаар анхан шатны шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх шууд зүйлчлэлийг хүндрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн 3 тооны хутгалагдсан шарх байлаа гээд шууд зүйлчлэлийг хүндрүүлдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Үүнийг Улсын Дээд Шүүх болон шүүхийн практик тогтсон шүүхийн шийдвэрүүд тодорхой байж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд: Прокурортой санал нэг байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. А аймгийн Прокурорын газраас яллагдагч Г.Б нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын А багийн нутаг Х гэх газарт хохирогч А.Птай маргалдан, улмаар түүний ар нуруу хэсэгт 1 удаа хутгаар хатгаж, хэвлийн тус газарт нь 2 удаа хайчаар хатгаж, хэвлийн хөндийн урд дээд хэсэг ба хэвлийн хажуу доод хэсгээр нэвтэрч их сэмж, чацархайн судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, нурууны хатгагдсан шарх, нүүрэнд зулгаралт, баруун доод зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтэл учруулж, хэвлийн хөндий рүү нэвтэрч чацархайн судсыг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмог цус алдаж, цус алдалтын шоконд оруулж, амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 2026/ШЗ/43 дугаар захирамжаар яллагдагч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж 2026 оны 01 сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдааныг явуулж, “яллагдагч Г.Б амь хохирогчийг хутгалсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй тонгорог дээр цус илэрсэн эсэх, илэрсэн бол хохирогчийн ДНХ-тэй тохирч байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийх, хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
4. Яллагдагч Г.Бий амь хохирогчийг хутгалсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн иштэй тонгорог дээр цус илэрсэн эсэх, илэрсэн бол хохирогчийн ДНХ-тэй тохирч байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэх ажиллагааны тухайд:
4.1. Гэрч Б.Я“...Г.Б амь хохирогчийн ар нуруу хэсэгт нь гартаа барьсан тонгорогоороо нэг удаа хутгалсан. Тэр үед би Г.Бий гараас тухайн тонгорогыг булааж аваад эвхээд халаасандаа хийсэн. Амь хохирогч А.Пманай найз залуу Г.Б нар болихгүй ноцолдоод гэрээс гараад явсан бөгөөд удалгүй араас нь гартал амь хохирогч А.Пнь доошоо умраад хэвтчихсэн байсан ба очоод хартал хэвлий хэсгээс нь өөх шиг зүйл цухуйчихсан байсан. Ингээд Г.Бтэй хамт амь хохирогчийг өргөж гэрт оруулаад эмнэлэг дуудсан юм. ... би тонгорогыг нь булааж аваад халаасандаа хийсэн. Тэгээд би хутгыг нь авчихсан юм чинь гайгүй байх гээд анзаараагүй юм. Гэтэл Г.Б нь ахин тогооны тавиур дээр ил байсан жижиг хайчийг авч ...гэрээс гарах үедээ хатгасан байх” гэж мэдүүлжээ /1-р хавтас 50-51х/
4.2. Хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэлд: ... гэрч Б.Янжинлхамын гаргаж өгсөн улаан хүрэн өнгийн бариултай, бариулны нөгөө тал нь өнгөгүй, тонгорог гэмээр эвхэгддэг хутгыг ... хураан авсан ба /1-р хавтас 11/ прокурор уг ажиллагааг хүчинтэйд тооцжээ /1-р хавтас 227х/
4.3. Дээрх хураан авсан 12 см урттай хүрэн өнгийн иштэй хутганд /тонгорог/ үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй байна. /Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хавтас 28-29х/
4.4. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.6, 3.7, 28.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн газар болон эд зүйлд үзлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан хүрэн өнгийн иштэй хутганаас /тонгорог/ ул, мөр илрээгүй байна.
Иймд хэргийн газраас хураан авсан хүрэн өнгийн иштэй тонгорог дээр цус илэрсэн эсэх, илэрсэн бол хохирогчийн ДНХ-тэй тохирч байгаа эсэхийг тогтоох шинжилгээ хийх шаардлагагүй байна.
5. Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Асэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг дахин хийлгэх ажиллагааны тухайд:
5.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 сарын 09-ний өдрийн ШСШ/0825/046 дугаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “хууль ёсны төлөөлөгч Асэтгэцэд дээрх гэмт хэргийг улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /2-р хавтас 66-68х/ гарчээ.
5.2. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүний амьд явах эрхийн эсрэг” ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан ба энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт нь гэмт хэргийн улмаас хохирогч сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх, түүний зэргийг тогтоосон дүгнэлт юм.
5.3. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “... амь хохирогчийн гэр бүлийн гишүүдэд учирсан сэтгэцийн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, ... сэтгэцийн хохирлыг хэт бага хэмжээгээр тогтоосон гэж үзэж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэс бүрэн байгаа” гэжээ.
5.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Аөөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, зөвшөөрөхгүй байгаа үйл баримт, үндэслэл тодорхой бус, улмаар анхан шатны шүүх хохирогч талын хүсэлтийг хүлээн авч шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзэж байгаа, дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй атлаа дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Мөн энэхүү ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш юм.
6. Хохирогчийн өмгөөлөгчийн “хэргийг прокурорт буцааж зүйлчлэлийг хүндрүүлэх” агуулгаар гаргасан хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/85 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР