| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0560/Э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овогт Б.Хд холбогдох 1811018950665 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Магнай трэйд ХХК-д ажилладаг, ам бүл 3, эхнэр, 1 настай хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сант сум 2 дугаар баг, 2-26 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71 дүгээр гудамж, 14 тоотод түр оршин сууж байгаа, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.Х (РД:),
нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Эрдэнэбаатартай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Х нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ:-Намайг машинаа зогсоолд тавих гэж байхад тэр ах өөрөө машины урдуур өнгөрчихөөд хүн дайрах шахлаа, муусайн гуйлагчингууд гэж өөрөө эхэлж дайрсан. Үүнээс болж маргаан үүссэн. Үгээр идэж, намайг эхэлж цохисон болохоор нь зөрүүлээд толгой хэсэгт нь хоёр удаа цохьсон. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Би гараараа цохьсон. Тэгэхэд гарт зүүж явсан бөгж таараад толгойноос нь цус гараад байсан гэжээ.
Хохирогч Э.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард кинотеатрын тээврийн хэрэгслийн зогсоол дээр тавьсан байсан машин руугаа алхаж явахад 50-53 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин булан тойроод хурдтай намайг дайрах шахаад өнгөрөөд зогсохоор нь хартал дотор нь 2 эрэгтэй хүн явж байсан. Тэгэхээр нь хүн дайрлаа ш дээ гэж хэлтэл ...жолооч залуу гартаа жижигхэн гялгар төмөр барьж ирээд миний толгой, цээж хэсэгт тус бүр 3-4 удаа цохьсон. ...Уг хүн надаас уучлалт гуйсан, миний эмчилгэний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.20-ны өдрийн ¹7686 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Э.Эрдэнэбаатарын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Эрдэнэбаатартай маргалдаж, улмаар түүнийг зодсоноос хохирогчийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “2018 оны 6 дугаар сарын 17-цы өдөр 22:00 цагийн орчимд алхаж явахад 50-53 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашин булан тойроод хурдтай ирж намайг дайрах шахаад өнгөрөөд зогсохоор нь “хүн дайрлаа ш дээ” гэж хэлтэл ...жолооч залуу гартаа жижигхэн гялгар төмөр барьж ирээд миний толгой, цээж хэсэгт тус бүр 3-4 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.06.20-ны өдрийн ¹7686 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогчийн “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Х овогт Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 480.000 төгрөг төлсөн ба хохирогч нь “Уг хүн надаас уучлалт гуйсан, миний эмчилгэний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт Б.Хг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ