| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2515000290298 |
| Дугаар | 2026/ДШМ/12 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/12
Б.Э*******, С.М******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: О.М*******,
Хохирогч, шүүгдэгч: С.М*******, түүний өмгөөлөгч Ц.М*******,
Шүүгдэгч Б.Э*******ы өмгөөлөгч: М.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн даргалж хийсэн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч С.М*******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э*******, С.М******* нарт холбогдох эрүүгийн 2515000290298 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Бын Э*******, ******* аймгийн Б суманд 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн сумын Ингэт 5 дугаар баг “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: ФМ, Урьд:
-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн, овогт Сгийн М*******, ******* аймгийн Б суманд 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн Б сумын баг 4-6-20 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Шүүгдэгч Б******* овогт Бын Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Бгийн гэрт хохирогч С.М*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч овогт Сгийн М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Иы гэрийн гадна хохирогч Х.Дыг “өөрийг нь өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар уурлаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “хоёр нүдний дээд доод зовхи хаван хавдар, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Б.Э*******, С.М******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б******* овогт Бын Э*******, овогт Сгийн М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, С.М*******д 500,000 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э*******, С.М******* нарт сануулж,
Хохирогч С.М*******гийн гаргасан эмчилгээ хийлгэх зардал, цалин хөлстэй холбоотой 7,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Э*******, С.М******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч, шүүгдэгч С.М******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.М******* намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн буюу хохирогч Х.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Б.Э*******ы үйлдсэн гэмт хэрэгт хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний шүүгдэгч хохирогчоор оролцсон хоёр өөр үйлдлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял оногдуулахад нөлөөлсөн, мөн хохирол хор уршгийг арилгах нэхэмжлэлийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.
Намайг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Бат- Амгалангийн гэрт Б.Э*******д зодуулж эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйлдэл холбогдлыг уг гэмт хэрэг төгссөний дараа тухайн айлаас зам заалгаж яваад тухайн сумын иргэн Н.И гэх айлд очсон хойно С.Дыг “өөрийг нь өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь халдсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг талуудын тайлбараар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж, 1.8 дугаар зүйлийн 3-т “Гэмт үйлдэл эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасан. Гэтэл Б.Э*******ы үйлдсэн гэмт хэрэг хэзээ хаана гарсан нөхцөл байдлыг тодорхойлсон бөгөөд уг гэмт хэрэг төгссөн хойно буюу гэмт хэрэг болсны дараа өөр айл руу очиж өөр газар өөр хүмүүс болох С.М*******гийн үйлдсэн гэмт хэрэг болох Х.Дыг “өмнөх гэмт хэрэг болох Б.Э******* С.М*******г зодоход ах дүү нараасаа өмөөрсөнгүй гэх шалтгаанаар Х.Дыг цохиж эрүүл мэндэд нүдний дээд доод зовхи хавдаж цус хурсан гэмтэл учруулсан нөхцөл байдал нь хоёр өөр тусдаа буюу өөр цаг хугацаанд өөр газар өөр хүний үйлдсэн гэмт хэргийг нэг мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуульд заасныг зөрчсөн гэж үзэж байна.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд 6.5 дугаар зүйлийн 3-д ”шүүх энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж тус тус заасан.
С.М******* миний хувьд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш холбогдсон хэргийн тухайд гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирол хор уршиг нэхэмжилбэл төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Хохирогч Х.Д нь гомдол гаргаагүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн. Миний өмгөөлөгчийн зүгээс “дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх байр суурийг илэрхийлэн оролцсон. Иймд дээрх нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан атал Б.Э*******ы өөр тусдаа үйлдэгдсэн гэмт хэрэгтэй хамтад нь шийдвэрлэснээр хохирогчоор оролцсон эрх зөрчигдсөн, шүүгдэгчээр оролцсон хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн түүнчлэн 2025 оны 01 сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг руу ажилд явах хуваарьтай байсан ч цагдаагийн байгууллагад шалгагдаж улмаар мэдүүлэг тайлбар өгч, шүүх эмнэлэгт үзүүлэх зэргээр ажилдаа явж чадаагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл “ямар шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй болох нь тодорхойгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх нь тодорхойгүй, тухайн гэмтлийн улмаас ажлаас чөлөөлсөн талаарх баримтгүй” гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ажилдаа явж чадаагүй талаар холбогдох баримтыг мөрдөгч С.Оюунгэрэлд өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй үлдээсэн, улмаар ажлаасаа тухайн үед авч байсан тодорхойлолтыг дахин хэвлэж шүүхэд гаргаж өгсөн боловч үнэлээгүйд гомдолтой байна.
Улмаар учирсан хохирлоо барагдуулах буюу эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулахаар урьдчилан нэхэмжилсэн нь Б.Э*******д зодуулснаас болж ажилдаа явж чадаагүй, улмаар ажлаасаа халагдсан тул цалин орлого тогтворгүй болж өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх ямар ч боломжгүй тул урьдчилан нэхэмжилсэн бөгөөд учирсан гэмтэл тодорхой, хийлгэх эмчилгээ тодорхой, мэс заслын заалттай бөгөөд эмчилгээний зардлыг хамгийн хямдаар тооцон нэхэмжилсэн боловч үндэслэлгүйгээр хэлэлцэхгүй орхисон. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэрэг 2 дугаар зэрэг тогтоогдсон. Гэтэл шүүхээс сэтгэцийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж олгохоор шийдвэрлэсэн ба сэтгэцийн хохирлыг ямар учир бууруулж тодорхойлсныг ойлгохгүй байгаа бөгөөд хуулиар зайлшгүй олгогдох ганц хохирол байхад бууруулж шийдвэрлэсэн, мөн эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгахад зайлшгүй гарах эмчилгээний мөнгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 20026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор О.М******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Тухайн хэрэгт С.М*******гийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэрэг үргэлжилсэн үйлдэлтэй ба холбогдсон хүний тоо тодорхой байна. С.М*******д холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн ялыг оногдуулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч, хэрэгт хохирогчийн байр сууриар оролцсон С.М******* нь нотлох баримтуудыг хуулийн шаардлагад нийцүүлсэн хэмжээнд гаргаж ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Э*******ы өмгөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хоёр хэргийг хамтад нь шийдсэн нь С.М*******гийн эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөхөд шүүгдэгч нар өмгөөлөгчтэй байсан. Миний үйлчлүүлэгч хэргийг шүүхэд шилжсэний дараа өмгөөлөгч авсан бол С.М******* Б.Э*******аас өмнө өмгөөлөгч авсан байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэргээ тусгаарлуулах талаар санал, хүсэлт гаргах боломжтой байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд С.М******* 03-ны өдөр Б.Э*******ы гэрт очиж хэрүүл маргаан үүсгэж, Д гэдэг хүнтэй зодолдсон, 04-ний өдөр Б.Э*******ы гэрт дахин очиж Э*******ы эхнэртэй хэрүүл маргаан үүсгэж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал шалгагдаж байсан тул хэрэг нэгтгэн шалгагдсан. Хохирол, хор уршгийн тухайд хохирогч гэмтэл авсан гэдгийг шүүх тогтоож, нотлох баримтаа бүрдүүлэх хуулийн шаардлагыг тавьсан. С.М******* анхан шатны шүүх хуралдаан болдог өдөр энэ компанид ажилладаг байсан гэдэг хуулбар хувийг гаргаж өгсөн байдаг. Хэрэг бүртгэлтийн шатнаас хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд ажилладаг талаарх баримт хэрэгт авагдсан эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. С.М******* холбогдогчоор шалгагдаж байсан тул цалин хөлсний асуудал яригдах үндэслэлгүй байна. Мөн эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэхдээ аль эмнэлэгт хэвтэж ямар хагалгааг хэдэн төгрөгөөр хийлгэх гэж байгаа талаархи баримт байгаагүй тул баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна” гэв.
Хохирогч, шүүгдэгч С.М*******гийн өмгөөлөгч Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналт тавьж, хэргийн бодит байдлыг тогтоон үргэлжилсэн үйлдэлтэй хэрэг байсан, маргааш өглөө нь очиж Дын эхнэрт хөнгөн хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа ч ийм үйлдэл холбогдол хэрэгт байхгүй. Машины шил хагалсантай холбоотой маргааш өглөө нь хагалсан шилээ төлж өг гэдэг зүйлийг ярьж очсон боловч С.М*******гийн үйлдэл холбогдолгүй юм. Харин урьд орой нь Б.Э*******тай муудалцаж зодуулсан, тухайн газраасаа яваад Дтай муудалцсан асуудал байгаа. Үргэлжилсэн үйлдэл холбогдол байхгүй байхад үргэлжилсэн үйлдэл байх тул хэргийг тусгаарлаагүй шалгасан гэж тайлбарлаж байгаа прокурорын тайлбар үндэслэлгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааг хянаж, ямар ажиллагаа хийх, ямар шаардлага тавих нь прокурорын хийх ёстой ажил юм. Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгч хүсэлт гаргаж шийдвэрлүүлдэг. Өмгөөлөгч хүсэлт гаргаагүй гээд хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж болохгүй. Мөн хохирол төлбөрийн тухайд баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх боломжтой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай талаархи эмнэлгийн баримтууд авагдсан. Ингэхдээ хувийн эмнэлгийн зардлыг тодорхойлоогүй. Харин улсын эмнэлэгт хийлгэхэд хамрын таславчийн хагалгаа 2,500,000 төгрөг, чихний хэнгэрэг нөхөх хагалгаа 1,700,000 төгрөг болж байх тул эрүүл мэндэд учирсан хохирол 4,200,000 төгрөг гэж тодорхойлж нэхэмжилсэн. Мөн хохирогч С.М*******гийн санхүүгийн байдал хүнд нөхцөл байдалтай, зардлаа өөрөө гаргах боломжгүй байгаа тул хуульд зааснаар урьдчилан гаргуулахаар гомдож байгаа” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э*******, С.М******* нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч С.М*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Б******* овогт Бын Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Бгийн гэрт хохирогч С.М*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч овогт Сгийн М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Иы гэрийн гадна хохирогч Х.Дыг “өөрийг нь өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар уурлаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд “хоёр нүдний дээд доод зовхи хаван хавдар, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь хохирогч С.М*******, Х.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д*******, иргэний нэхэмжлэгч Б.Ч, гэрч Д., П., насанд хүрээгүй гэрч Э. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/1863 дугаартай дүгнэлт, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э*******, С.М******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
5.Хохирогч, шүүгдэгч С.М******* нь “миний шүүгдэгч болон хохирогчоор оролцсон хоёр өөр үйлдлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба энэ нь ял оногдуулахад нөлөөлсөн. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн хохирол хор уршгийг арилгах нэхэмжлэлийг шийдвэрлээгүйд гомдолтой байна” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.М*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч С.М*******гийн гаргасан эмчилгээ хийлгэх зардал, цалин хөлстэй холбоотой 7,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
6.1.Шүүгдэгч Б.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Н.Бгийн гэрт хохирогч С.М*******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчид хөнгөн хохирол учруулсан. Харин тухайн өдөр шүүгдэгч С.М******* нь иргэн Н.Иы гэрийн гадна хохирогч Х.Дыг “өөрийг нь өмөөрсөнгүй” гэх шалтгаанаар уурлаж улмаар хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон.
Шүүгдэгч С.М*******гийн хохирогч Х.Дын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийн шалтгаан нь шүүгдэгч Б.Э*******ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хэргийг тусгаарлах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Хэргийг ийнхүү шалгаж шийдвэрлэсэн нь хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
6.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх нөхцөлийг заасан ба энэ нь шүүхэд эрх олгосон зохицуулалт юм. Хуульд зааснаар анхан шатны шүүх шүүгдэгч С.М*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд С.М*******гийн гаргасан “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан” гэх гомдол үндэслэлгүй.
6.3.Хавтаст хэрэгт нотлох баримтаар “” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/027 дугаар “Хүнд даацын авто машины жолооч С.М******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс тус компанид ажиллаж байгаа бөгөөд албан тушаалын үндсэн цалин 1,320,000 төгрөг болон бусад нэмэгдлийн хамт 3,400,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх албан бичиг авагдсан боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар дээр дурдсан цалин авдаг болох нь тогтоогдоогүй. /1 хх-ийн 240 тал, 2 хх-ийн 69 тал/
Хохирогч, шүүгдэгч С.М******* нь “чихний хэнгэрэг цоорч, хамар яс хугарсан гэмтэл учирсан. Улмаар цалин орлого тогтворгүй болж өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэх ямар ч боломжгүй тул урьдчилан нэхэмжилсэн боловч үндэслэлгүйгээр хэлэлцэхгүй орхисонд” гомдолтой гэж давж заалдах гомдолдоо дурдсан.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй.
Хохирогч, шүүгдэгч С.М******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо урьдчилан гаргуулах буюу зайлшгүй эмчилгээ хийлгэх болон хагалгаанд орох шаардлагатайг нотолсон баримт, хагалгааны зардлын талаархи баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх уг зардлыг жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Цаашид гарах эмчилгээ хийлгэхтэй холбоотой болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол үндэслэлгүй.
Иймд хохирогч, шүүгдэгч С.М*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хохирогч, шүүгдэгч С.М*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР