| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0561/Э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч С.Ш,
Хохирогч Н.Бадамцэцэг нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт С.Шд холбогдох 1811016890659 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Алтайн хүдэр ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 5-17 насны 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 3 дугаар баг, Уурхайчин 3 дугаар хороолол 13 дугаар байр 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С.Шт, (РД:),
нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа эхнэр Н.Бадамцэцэгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.Ш нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
С.Ш мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Эрдэнэт хотоос ачааны машин зарахаар эхнэр Бадамцэцэг, 5 настай хүү Баттөгөлдөрийн хамт орж ирсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо хүмүүс рүү мөнгө шилжүүлэх байсан ба Бадамцэцэг тооны машин дээр мөнгөн дүн бодоод 2 ч удаа буруу бодоод байсан. Энэ үед миний төрсөн дүү Отгонбаатар машинд орж ирээд суусан. Тэгээд би Бадамцэцэгт чи дандаа ийм алдаа гаргаж байх юм, жаахан хариуцлагатай байхад яадаг юм бэ гээд чанга дугаар хэлчихсэн чинь Бадамцэцэг уурлаж тооны машиныг шидчихээд эгчийнх рүүгээ явлаа гээд машинаас буугаад хүүгээ дагуулаад алхчихаар нь араас нь гүйж очоод гараас нь татаад машиндаа суулгах гэж маргалдаад зогсож байтал нэг цагдаа тааралдсан. Тэгээд намайг наад эмэгтэйгээ яагаад байгаа юм зүгээр явуул гэхээр нь явуулсан. Тэгсэн дүү Отгонбаатар хүрээд ирэхээр нь өнөөдөр хүмүүсийн тооцоог нь явуулах ёстой Бадамцэцэг эгчийгээ араас нь очоод аваад ир гэтэл дагуулж ирээд дахин машинд суусан. Тэгээд удалгүй дахин маргаан болж би түүний гар мөр хэсэгт нь зүүн гараараа 2 удаа цохиод тэврээд автал машинаас бууна гээд духаараа машины дээд талыг мөргөчихсөн. ...Миний буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтэл учирсан, миний буруу гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Н.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвд нөхөр С.Ш нь намайг мөнгөний тооцоог тооны машин дээр бодож байхад нь буруу хэлчихсэн чинь чи буруу хэллээ гээд маргалдаж, гараараа гарын булчин, толгой хэсэг рүү цохьсон. ...манай нөхөр надаас уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй гэж ам тангараг өгч, би уучилсан. Одоо бид хоёр хамт байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.04-ний өдрийн ¹6929 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Бадамцэцэгийн биед баруун бугалга, шуу баруун гарын сарвуу, зүүн бугалга, мөр, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч С.Ш нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талд өөрийн эхнэр Н.Бадамцэцэгийг зодсоноос бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нөхөр С.Шижирбат нь намайг мөнгөний тооцоог тооны машин дээр бодож байхад нь буруу хэлчихсэн чинь чи буруу хэллээ гээд маргалдаж, гараараа гарын булчин, толгой хэсэг рүү цохьсон. ...манай нөхөр надаас уучлалт гуйж дахин ийм асуудал гаргахгүй гэж ам тангараг өгч, би уучилсан. Одоо бид хоёр хамт байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.04-ний өдрийн ¹6929 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б овогт С.Шг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураар эвлэрсэн гэх тул шүүгдэгч С.Шг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт С.Шг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шг 450 (дөрвөн зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шижирбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ