| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0562/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт О.Уд холбогдох 1811018310647 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамж 567 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О. У, (РД:),
нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Прогресс" үсчний газарт Ч.Алтанзул, М.Адъяа нартай маргалдаж улмаар зодож Ч.Алтанзулын эрүүл мэндэд тархи доргилт, хоолой, зүүн хөх, баруун, зүүн мөр, хоёр гарын шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол, М.Адъяагийн эрүүл мэндэд хоолой цээжний болон зүүн бугалга, тохойн урд хэсэг, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргийн гэм бурууд маргахгүй. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
О.У мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ Алтанзул бид хоёр маргалдсан. Алтанзул 00-ийн өрөөнд орохоор нь би хойноос нь ороод чи юу яриад байгаа юм бэ гээд Алтанзулын үснээс зулгааж цохиж байхад Баасанжаргал, Мөнхзул хоёр ирээд бид хоёрыг салгасан. Би нөхөртэйгээ утсаар ярьж байгаад Алтанзулыг хэлэх юм байвал манай нөхөрт хэл гэсэн чинь Алтанзул танай эхнэр Адъяатай унтсан гэдгийг мэдэх үү гэж хэлэхээр нь би уурлаад Алтанзулын мөр рүү нь гар утсаараа цохиж, үсдэж газарт унагаасан. Манай ажлынхан намайг салгаад байж байхад Адъяа чи намайг орцонд гуйж байгаад унтсан биз дээ гэхээр нь Адъяагийн хүзүүг маажсан гэжээ.
Хохирогч Ч.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Прогресс үсчин гоо сайханы газар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байхад би нэг хүний үс янзалж байтал хамт ажилладаг үсчин Уянга “хэний хүчинд орж ирснээ мэдэхгүй, янхан, гичий, явдалтай биздээ” гээд над руу дайраад байхаар нь би “та яагаад ингээд байгаа юм бэ гэсэн чинь чи угаасаа тийм биз дээ” гээд байсан. Уянга эгч намайг хүний үс засаж байхад дахин дахин орж ирээд хэрүүл хийх гээд дайраад байсан. Хүний үсийг засч дуусчихаад газарт унасан үсийг нь шүүрдэх гээд 00-ийн өрөө рүү шүүр тосгуур авах гэж ортол Уянга эгч 00-ийн өрөө рүү орж ирээд хойноос миний үснээс зулгаахад би газарт унасан. Тэгээд намайг зодож эхэлсэн. Манай ажлын Баасанжаргал Мөнхзул нар орж ирж салгахад нь би өөрийнхөө суудлын өмнө очоод толинд үсээ хараад янзалж байхад Уянга дахиад ирээд миний үснээс зулгааж заал руу чирч гаргаад газар унагааж өшиглөөд байсан. Гартаа гар утсаа барьсан байсан. Гар утсаараа намайг цохиод байсан. Манай ажлынхан намайг гар гэхээр нь би гарах гэсэн чинь Уянга үсэрч ирээд дахиад зодож байхад нь Адъяа ирж салгасан чинь Адъяаг маажиж Адъяагийн цаанаас гарч ирээд намайг цохиод байсан. Тэгээд би гараад алхаж байтал хойноос Уянга хөл нүцгэн гартаа нэг юм барьчихсан гүйж ирээд нурууны гол хэсэгт цохисон. Үснээс байнга зулгааж газар унагаасан, хэвлий, хөх рүү гартаа барьсан байсан гар утсаараа цохисон. Таавчикаараа толгой, нуруу руу цохисон. Цээж маажсан, баруун, зүүн мөр, баруун шуу, гуя өвдөг хөхөрсөн. Газарт унасан байхад биеийн бүх хэсэгт өшиглөөд байсан гэжээ.
Хохирогч М.Адъяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед Уянга Алтанзул руу хэл амаар доромжилж дайраад байсан. Тэгээд ажлаа дуусчихаад Уянга Алтанзулыг зодоод дайраад байхаар нь дундуур нь орж хэд хэдэн удаа салгасан. Сүүлдээ Уянга над руу чи гөлөг минь юу яриад байгаа юм гэж дайрсан. Миний нүүр рүү самардах гэтэл Баасанжаргал гарыг нь барьж болиулсан. Баасанжаргал Ун гарыг барьсан байхад над руу дайрч миний хүзүүний зүүн хэсэг, зүүн гарыг маажсан. Өөрийнхөө гутал гартаа таарсан юмыг авч шидсэн. У Алтанзулын үснээс нь зулгааж хөл, гар цээж, нуруу руу нь гараараа, утсаараа цохиод байсан. Газарт унасан байхад өшиглөөд байсан гэжээ.
Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.Б.Баасанжаргалаас:-2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Прогресс үсчиний газарт ажлаа хийгээд байж байтал У Алтанзулыг чи өмнө нь ажиллаж байсан газраасаа хөөгдөж ирсэн биздээ, эхнэртэй хүнтэй явалдсан биздээ гэж хэлсэн. Алтанзул би л лав тань шиг нөхөртэй байж өөр хүнтэй унтахгүй байсан гэж хэлчихээд өөрийнхөө зассан үсийг шүүрдээд 00-ийн өрөө рүү ортол араас нь дагаж ороод Алтанзулыг үсдэж гараараа дараад толгой руу нь гараараа нилээн хэдэн удаа цохиж зодчихоод 00-ийн өрөөнөөс гараад явсан. Ун араас Алтанзул гарч очоод хогийн шүүрний ишээр нэг удаа нуруу руу нь цохисон хариуд нь Уянга хогийн шүүрийг нь булааж аваад хөл, гар руу нь хоёроос гурван удаа цохисон. Тэгээд Уянга өөрийн утсаараа нөхөр рүүгээ залгаад намайг өөр хүнтэй унтсан гээд хэл дээ гээд спикер дээр нь тавиад Алтанзулын аман дээр нь барихад Алтанзул тэгээд хэлчихсэн. Уянга чи намайг миний нөхөрт хэллээ гээд дахин зодож эхэлсэн, үсдэж шалан дээр унаган дээр нь гарч суугаад толгой руу нь гараараа 10 орчим удаа цохиж зодсон, энэ үед Алтанзул хариу үйлдэл хйиж чадаагүй. Манай ажлын Адъяа гэх залуу Уянгааг чи надтай унтсан чинь үнэн биздээ гээд хэлсэн чинь чи муу гөлөг юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд гар хүзүү цээжин хэсэгт нь хумсаараа маажсан гэжээ.
2.П.Галсандоржоос:-У Зулааг 00-ийн өрөөнд үсдэж алгадсан. Адъяаг маажсан, Зулаа нь шүүрний ишээр нуруу руу нь цохисон гэж байсан гэжээ.
Хохирогч Ч.Алтанзулын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.20-ны өдрийн ¹7049 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Ч.Алтанзулын биед тархины доргилт, хоолой, зүүн хөх, баруун, зүүн мөр, хоёр гарын шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.
Хохирогч М.Адъяагийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.02-ны өдрийн ¹7051 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.М.Адъяагийн биед хоолой, цээжний болон зүүн бугалга, тохойн урд хэсэг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч О.Уянга нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших "Прогресс" нэртэй үсчний газарт ажиллаж байх үедээ хамт ажилладаг гэх Ч.Алтанзултай маргалдаж, түүнийг зодсоноос хохирогчийн биед тархины доргилт, хоолой, зүүн хөх, баруун, зүүн мөр, хоёр гарын шуу, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, улмаар Ч.Алтанзулыг өмөөрч, тэдгээрийг салгах гэсэн М.Адъяаг маажиж түүний хоолой цээжний болон зүүн бугалга, тохойн урд хэсэг, баруун савруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Алтанзулын “Уянга эгч намайг хүний үс засаж байхад дахин дахин орж ирээд хэрүүл хийх гээд дайраад байсан. Уянга эгч 00-ийн өрөө рүү орж ирээд хойноос миний үснээс зулгаахад би газарт унасан. Тэгээд намайг зодож эхэлсэн. ... толинд үсээ хараад янзалж байхад Уянга дахиад ирээд миний үснээс зулгааж заал руу чирч гаргаад газар унагааж өшиглөөд байсан. Гартаа гар утсаа барьсан байсан. Гар утсаараа намайг цохиод байсан. Манай ажлынхан намайг гар гэхээр нь би гарах гэсэн чинь Уянга үсэрч ирээд дахиад зодож байхад нь Адъяа ирж салгасан чинь Адъяаг маажиж Адъяагийн цаанаас гэрч ирээд намайг цохиод байсан. Тэгээд би гараад алхаж байтал хойноос Уянга хөл нүцгэн гартаа нэг юм барьчихсан гүйж ирээд нурууны гол хэсэгт цохисон. Үснээс байнга зулгааж газар унагаасан, хэвлий, хөх рүү гартаа барьсан байсан гар утсаараа цохисон. Таавчикаараа толгой, нуруу руу цохисон. Цээж маажсан, баруун, зүүн мөр, баруун шуу, гуя өвдөг хөхөрсөн. Газарт унасан байхад биеийн бүх хэсэгт өшиглөөд байсан” гэх мэдүүлэг,
хохирогч М.Адъяагийн “Уянга Алтанзул руу хэл амаар доромжилж дайраад ... У Алтанзулыг зодоод дайраад байхаар нь дундуур нь орж хэд хэдэн удаа салгасан. Сүүлдээ Уянга над руу чи гөлөг минь юу яриад байгаа юм гэж дайрсан. Миний нүүр рүү самардах гэтэл Баасанжаргал гарыг нь барьж болиулсан. Баасанжаргал Уянгагийн гарыг барьсан байхад над руу дайрч миний хүзүүний зүүн хэсэг, зүүн гарыг маажсан. Өөрийнхөө гутал гартаа таарсан юмыг авч шидсэн. Уянга Алтанзулын үснээс нь зулгааж хөл, гар цээж, нуруу руу нь гараараа, утсаараа цохиод байсан. Газарт унасан байхад өшиглөөд байсан” гэх мэдүүлэг,
гэрч Б.Баасанжаргалын “...У Алтанзулыг үсдэж гараараа дараад толгой руу нь гараараа нилээн хэдэн удаа цохиж зодчихоод 00-ийн өрөөнөөс гараад явсан Уянгаагийн араас Алтанзул гарч очоод хогийн шүүрний ишээр нэг удаа нуруу руу нь цохисон хариуд нь Уянга хогийн шүүрийг нь булааж аваад хөл, гар луу нь хоёроос гурван удаа цохисон. Уянга чи намайг миний нөхөрт хэллээ гээд дахин зодож эхэлсэн, үсдэж шалан дээр унаган дээр нь гарч суугаад толгой руу нь гараараа 10 орчим удаа цохиж зодсон, энэ үед Алтанзул хариу үйлдэл хйиж чадаагүй. Манай ажлын Адъяа гэх залуу Уянгааг чи надтай унтсан чинь үнэн биздээ гээд хэлсэн чинь чи муу гөлөг юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд гар хүзүү цээжин хэсэгт нь хумсаараа маажсан...” гэх мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ч.Алтанзулын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.20-ны өдрийн ¹7049 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Адъяагийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.02-ны өдрийн ¹7051 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.Ус хохирогч Ч.Алтанзулд хохирлын 500.000 төгрөг хүлээлгэн өгсөн бичгийн баримт, мөн хохирогч М.Адъяад хохирлын 100.000 төгрөг хүлээлгэн өгсөн бичгийн баримт болон бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Б овогт О.Уг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүгдэгч нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Хохирогч нараас гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасны дагуу шүүгдэгч О.Ус хохирогч Ч.Алтанзулд 500.000 төгрөг, М.Адъяад 100.000 төгрөг тус тус төлсөн нь баримтаар нотлогдож байх ба хохирогч нар нь гомдол, саналгүй болсон гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт О.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ун торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Уянгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ