| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2410 00000 1537 |
| Дугаар | 2026/ДШМ/409 |
| Огноо | 2026-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/409
2026 04 09 2026/ДШМ/409
Т.А-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
цагаатгагдсан этгээд Т.А-ын өмгөөлөгч Х.Ургаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/388 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Т.А-ад холбогдох 2410 00000 1537 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Т-ийн А-, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:УТ-).
Цагаатгагдсан этгээд Т.А- нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “хилээр машин орж ирсэн байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй болчихлоо” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Д.Б-гаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Б- дүгээр байрны Б- тоот гэртээ байхад нь өөрийн “Хаан” банкны Б-00 тоот дансаар 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, мөн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлсэн мэдүүлгээр тэрээр анхнаасаа Т.А-ад мөнгө өгөх болсон шалтгаанаа “гааль дээр ирсэн байгаа машиныг авах хэрэгтэй байна, гаалийн татварт төлөх мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Хохирогч үүнд нь итгэж, мөнгөө өгсөн. Харин анхнаасаа мопед барьцаанд авахаар тохиролцоогүй, Т.А- өөрөө бороотой өдөр хүргэлтийн хүнээр гэрийн гадаа мопедийг хүргүүлж ирсэн. Хүний эд хөрөнгийг ил задгай хаяхгүй гэж бодоод граждаа байлгаж байгаад сүүлд Т.А- өөрөө авсан” гэж санаа зорилгоо тодорхой мэдүүлсээр ирсэн нотлох баримт авагдсан байхад шүүх “хохирогч Д.Б- уг эд зүйлийг барьцаанд өгөхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэлт хийсэн нь хохирогчийн мэдүүлгийн агуулгаар илт зөрүүтэй болсон.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн заалтын агуулга нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талын харилцан илэрхийлэгдсэн, тохиролцсон санааны үндсэн дээр үүсэж, улмаар барьцааны эд зүйлийг тодорхойлж, шилжүүлэх үйл явц байхад хохирогч Д.Б-, Т.А- нарын хооронд анхнаасаа барьцааны эд зүйл өгөх тухай яригдаагүй, хохирогч ийм зүйл тохироогүй гэдгээ тодорхой мэдүүлдэг. Харин Т.А- хохирогчоос мөнгийг шилжүүлж эхэлсний дараа хохирогчийн санаа зорилгоос үл хамаарч, өөрийн дураар түүний гэр рүү хүргэлтийн ажилтнаар /эзэмшигч, өмчлөгч тодорхойгүй, техникийн бичиг баримтгүй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаагүй, хэлцэл ч хийгдээгүй, сайн дураараа өгсөн/ мопедийг хүргүүлсэн үйл баримтыг Иргэний хуулиар тодорхойлсон хоёр талын харилцан зөвшилцсөний үндсэн дээр хийгддэг зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн хохирогчийн хүү гэрч Б.З- нь Т.А-ад урьд нь мөнгө зээлж, буцаан авч байсан үйл баримт байх боловч, энэ нөхцөл байдал нь 20Б- оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг хохирогч Д.Б-гаас хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, төөрөгдөлд оруулж авсан үйлдлийг үгүйсгэж, энэ үйлдлийг мөн л иргэд хоорондын харилцаа үүссэн гэж дүгнэхэд нөлөөлөхгүй ба харин урьдын мөнгө зээлж авч байсан үйлдэл нь залилах гэмт хэргийн нэг шинж болох урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Т.А-ын хэлсэн “гааль дээр машин ирсэн байгаа, гаалийн татвар төлөх гэсэн юм” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтаар огт нотлогдоогүй бөгөөд, харин Т.А-ын 7,000,000 төгрөгийг хүлээн авсан дансны хуулгаар тэрээр мөнгийг авангуут цахим мөрийтэй тоглоомын данс цэнэглэсэн нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэлд “залилах” гэмт хэргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, төөрөгдөлд оруулах зэрэг аргаар 7,000,000 төгрөгийг залилан авсан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, мөн яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/388 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.А-ын өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэрийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаж чадаагүй гэх үндэслэлээр эсэргүүцлээ бичсэн. Анхан шатны шүүхээс дээрх асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн. Улсын яллагч Т.А-ыг зээлсэн мөнгөөрөө мөрийтэй тоглосон гэж дүгнэдэг боловч энэ талаар асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Анхдагч харилцаагаар ямар нөхцөл байдал үүссэн бэ гэвэл зээлсэн мөнгөний барьцаанд зээлсэн мөнгөний үнийн дүнгээс давсан эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан. Гэтэл прокурор өөр байдлаар тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт “мопедийг зараад зээлсэн мөнгийг өгчихье гэхэд Б- мопедийг өгөхгүй байсан” талаарх үйл баримт хэрэгт авагдсан. Шүүхээс ямар үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн талаар цагаатгах тогтоолд тодорхой дурдсан. Т.А- нь Д.Б-гаас мөнгө зээлээгүй, хүүхэдтэй нь сайн харилцаатай гэсэн боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаагүй. Б-гаас мөнгө авч буцааж өсгөн, дахин мөнгө авсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Б- хохирогчоор тогтоогдсон гэж ярьж байгаа боловч “хүүхдийнхээ мөнгийг хариуцаж өгдөг” гэх зүйлийг ярьдаг боловч энэ талаарх үйл баримт тогтоогдоогүй. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан. Мопедийг үнэлүүлэх талаар чиглэл өгсөн. Мопед 7,000,000 төгрөгийн үнэлгээнд хүрч байгаа эсэх талаар тогтоохыг прокурорт даалгасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх ажиллагаа хийгдээгүй, мопед хаана байгаа эсэх тодорхойгүй, аль хэдийн зарагдсан. Б- хүүхдэдээ өгсөн мөнгийг прокурор мөрийтэй тоглосон учраас анхнаасаа залилангийн гэмт хэрэг гэж байна. Анхан шатны шүүх зээлийн анхдагч харилцаа нь иргэний эрх зүйн харилцаагаар үүссэн, тухайн мөнгийг юунд зарцуулсан эсэх асуудал дараагийн асуудал гэж үзсэн. Гаальтай холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Прокуророос Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба, анхан шатны шүүх Т.А-ад холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.А-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, сүсэг бишрэлийг далимдуулах зэргээр өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийн онцлог нь бусдаас эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авах замаар гэмт үйлдлээ хэрэгжүүлэх, гэмт үйлдлээ эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-гаас “...А- нь над руу 8З-9 дугаараас залгаж “машин орж ирсэн байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй боллоо, яаралтай мөнгө хэрэгтэй байна 7,000,000 төгрөг түр өгөөч” гэж хэлэхэд нь би “чамайг сайн танихгүй 2,000,000 төгрөг итгээд өгч болно” гэж А-ад хэлэхэд надад зөвшөөрөөд Хаан банкны Б-00 дугаартай өөрийн данс өгөхөөр нь би тухайн данс руу Хаан банкны З-58 дугаартай өөрийн данснаасаа 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Цагийн дараа А- над руу залгаж “та 7,000,000 төгрөг зээлчихээ, надад мөнгө олдохгүй байна” гэж сандарсан байдалтай яаруулаад байсан. ...Би зөвшөөрөөгүй “танихгүй учир 2,000,000 төгрөгөөс илүүг өгч чадахгүй” гэж хэлэхэд А- надад “би танд эсвэл мопедоо өгье 2-3 хоног байрныхаа гадаа байлгаж бай, UB cab дуудаад мопедоо тань руу өгөөд явуулчихлаа, та надад одоо гялс 5,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн. ...Цагийн дараа дахин 1,000,000 төгрөг итгээд шилжүүлж өгсөн. Удалгүй манай байрны гадаа хар өнгийн мопед ирсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өөрийн данснаасаа А-ын өгсөн Хаан банкны Б-00 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 5 хоног хүлээсний дараа А- руу залгахад гар утсаа авахгүй холбогдох боломжгүй байсан. ...А- надад хэлэхдээ “би мөнгийг чинь тоглоод алдчихсан, өгөх мөнгө байхгүй” гэж хэлсэн...” /хх Б--26/ гэж мэдүүлсэн байх бөгөөд Т.А- нь хохирогч Д.Б-гаас 7,000,000 төгрөг авахын тулд түүнд итгэл төрүүлэх үүднээс түүний хүсэл зоригийг асуулгүйгээр өөрөө дур мэдэн, харилцан тохиролцохгүйгээр мопед-ийг “UB cab” хүргэлтийн үйлчилгээгээр гэр рүү нь хүргүүлж, хөрөнгө барьцаалсан мэт ойлголт, итгэл төрүүлэн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн хэргийн 10-11 дүгээр талд авагдсан хохирогч, шүүгдэгч нарын хооронд харилцсан зурвасаас үзэхэд Т.А- анхнаасаа хохирогч Д.Б-гаас авсан мөнгийг буцаан төлөх санаа зорилго агуулаагүй гэж үзэх нөхцөл байдал байна.
Түүнчлэн, Т.А- нь машин орж ирсэн, гаалийн татвар төлөх хэрэгтэй болчихлоо гэж 20Б- оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоос мөнгө авсан байх ба, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-2/1265 тоотоор “...Т.А-ын “Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл”-д хамгийн сүүлд 20Б- оны 07 дугаар сарын 29-ний өдөр Вьетнам улсаас цагаан өнгийн Мопед нэг ширхгийг гаалийн бүрдүүлэлт хийсэн, гаалийн төлбөр 714,366.6 төгрөг тухай лавлагаа авагдсан, үүнээс хойш Т.А- гаалиар бараа оруулж ирсэн мэдээлэл байхгүй /хх 105-106/; сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ “...гаалийн татварт 3,000,000 төгрөг төлсөн” гэх боловч уг мэдүүлэг хэрхэн тогтоогдсон, хохирогчоос авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, хувийн хэрэгцээндээ зарцуулсан зэрэг байдлыг шүүх дүгнэлт хийхгүйгээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Тодотговол, гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг билээ.
Анхан шатны шүүхээс, хохирогч Д.Б- нь барьцаа болох тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэн аваад буцаан шилжүүлж байсан, мөнгийг өөрийн данснаас шилжүүлдэг байсан нь тогтоогдсон, эд зүйлийг барьцаа болгон үлдээсэн гэрээний үүрэгтэй холбоотой үндсэн харилцаа үүссэн гэж дүгнэх боловч, гэрч Б.З-ын “...А- гэх залуу надтай холбогдоод гаальтай и класс 200 маркийн машин барьцаанд тавиад 25,000,000 төгрөг авч байсан. Түүний дараа зээлээ эргүүлэн төлж барьцаанд байх машинаа эргүүлэн авсан. Ийм байдалтай надаас гурван удаа зээл авч буцааж машинаа барьцаанд тавиад эргүүлэн авдаг байж байгаад нэг удаа мопедийг 5,000,000 төгрөгийн барьцаанд аваач гэхэд нь би татгалзсан. ...” /хх 29-30/,
хохирогч Д.Б-гийн “...надад мопедийн марк бичиг баримтыг нь үзүүлээгүй, анх удаа хэргийн хавтаснаас харж байна, би анхнаасаа барьцаанд аваагүй, ...А-ын эзэмшлийн мопед мөн эсэх тодорхойгүй, бусдад борлуулах эрх байхгүй, барьцаанд аваагүй..., би өмнө нь А-тай зээлийн харилцаанд орсон зүйл байхгүй. А- манай хүүхэдтэй нэг удаа мөнгө өгөх авах харилцаа үүссэн, 76,000,000 төгрөг миний данснаас гараад буцаж орж байсан, .... А- нь тухайн үед машин оруулж ирээгүйг эхнэр нь хүртэл надад нотолж хэлсэн байдаг. ...А- надад худлаа хэлж мөнгө авч тоглоом тоглосон байна лээ. ...” гэх /84-85/ тус тус мэдүүлгүүдийг няцаан үгүйсгээгүй, гэрч Б.З-, шүүгдэгч Т.А- нарын хооронд урьд үүссэн харилцаа, үүнтэй холбоотойгоор Б.З- нь өөрийн эх Д.Б-гаас гуйж түүний дансаар Т.А- руу мөнгө шилжүүлж байсныг хохирогч Д.Б-, шүүгдэгч Т.А- нарын хооронд гэрээний харилцаа үүсч байсан, уг харилцаа үргэлжилсэн мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс Т.А-ыг мөнгө зээлэх болсон шалтгаанаа худал хэлсэн байж болох ч эд хөрөнгийг буцаан төлөхгүй байх санаа, сэдэл агуулаагүй гэж дүгнэх боловч гэрээ биелэгдэх боломжтой байсан эсэх, гэрээний харилцааны эцэст ямар шалтгааны улмаас эрсдэлд орсон эсэх нь ч бодитой байх шаардлагатай бөгөөд хохирогчоос авсан мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон, хувийн хэрэгцээндээ зарцуулсан Т.А-ын үйлдлийг гэрээний харилцаагаар дүгнэсэн нь хэргийн байдалтай нийцээгүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй ...” талаар заах ба, Т.А- тохирсон хугацаанд мөнгийг буцаан өгөх үүрэг биелэгдэх боломжтой эсэх, хөрөнгө хууль ёсны дагуу барьцаалсан, бусдын хөрөнгийг барьцаалах эрх Т.А-ад олгогдсон эсэхийг ч бодитой дүгнээгүйгээс хохирогч, шүүгдэгчийн хооронд үүссэн харилцааг гэрээний харилцаа, үүн дотроо хугацаа хэтрүүлэх, үүрэг зөрчигдөх Иргэний хуулиар зохицуулагдсан харилцаа гэж буруу тодорхойлсон гэж үзэв.
Эдгээрээс гадна, цаг хугацааны дарааллаар авч үзвэл Т.А- нь 20Б- оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мопедоо өгчихье, 2-3 хоног байрныхаа гадаа байлгаж бай гэж хэлсэн байдал, Т.А- мөнгөө төлөөгүйн улмаас Д.Б- нь 20Б- оны 10 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, прокуророос 20Б- оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.А-ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үүний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.А- 20Б- оны 12 дугаар сарын 6, 13-ны өдөр хохирогчид мөнгийг төлсөн, нөгөө талаар барьцаалсан гэх мопед /хх 20/ Т.А-ын бус, иргэн Г.У-ын хөрөнгө байсан зэрэг байдлууд байхад эдгээрт дүгнэлт хийлгүй, цагаатгах тогтоол гаргаж, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/388 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.
Т.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/388 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Т.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА