Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2022/01168

 

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01168

 

 

Ю ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08ы өдрийн 101/ШШ2022/01586 дугаар шийдвэртэй, Ю ы нэхэмжлэлтэй хариуцагч Л , Ё н нарт холбогдуулан гаргасан Л оос эвлэрэх протокол хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөг гаргуулах, Ё ноос аман хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хайкасента ХХК-ийг үүсгэн байгуулж, БНСУ-ын иргэн Л авч ажиллуулсан боловч 2015 оны 08 дугаар сараас эхлэн Л нь Ё н, Пак Чунгки нартай хамтран тусдаа ажиллах болж миний хувийн эзэмшлийн техник тоног төхөөрөмжийг ашиглаж төлбөрийг төлнө гэж тохирсоны дагуу хүлээн зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр эвлэрэх протоколыг хийсэн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч Л үлдэгдэл 9,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Харин хамтран хариуцагч Ё н нь уг төлбөр өөрт нь хамааралгүй, тоног төхөөрөмжийг ашигла гэхээр нь ашигласан гэж тайлбарласан. Хариуцагч нарт хоорондоо зөрүүтэй байдлаар тайлбарладаг. Ё нтой тоног төхөөрөмж, талбай ашиглалтын сарын дундаж орлогыг 15,000,000 төгрөгөөр тооцож, түүний цэвэр дүнгийн 10 хувь болох 1,500,000 төгрөгийн хариу төлбөрийг сар бүр авахаар харилцан тохиролцсон. 2014 оны 03 дугаар сард төлбөрийг татвар орсон дүнгээр тооцож 1,600,000-1,800,000 төгрөгөөр шилжүүлж байсан. Энэ нь талууд амаар тохирсон үүргийг хүлээн зөвшөөрч үйлдлээрээ баталгаажуулж байсныг илэрхийлдэг. Иймд 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 08 дугаар сарыг хүртэл нийт 14 сарыг 1,500,000 төгрөгийн төлбөр нийт 21,000,000 төгрөгийн өр мөн Ё н тусдаа төхөөрөмж ашигласан нь 2015 оны 09 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл 55 сарын төлбөрийг сарын 400,000 төгрөгөөр тооцвол 22,000,000 төгрөг нийт 43,000,000 төгрөг байна. Иймд БНСУ-ын иргэн Л оос эвлэрэх протокол хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөгийг гаргуулах, БНСУ-ын иргэн Ё ноос аман хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л ийн тайлбар, татгалзлын агуулга: Автозогсоол дээр засварын газар ажиллуулах болсон. Бизнесээ өргөжүүлэхийн тулд Пак Чунгки, Ё н нарыг 2014 оны 04 дүгээр сард ажилд авч, Пак Чунгки нь Солонгос улс руу явж, Ё н нь 3 сарын хугацаанд сар бүр 10 хувь болох 1,600,000-1,800,000 төгрөгийг шилжүүлсэн боловч орлого буурсан гэх үндэслэлээр мөнгө шилжүүлээгүй. 2015 оны 08 дугаар сард компаниа нүүлгэн одоогийн байршилд тусдаа бизнесээ эхлүүлсэн. 2016 оны сүүлээр Пак Чунгки нь тусдаа бизнесээ эхлүүлэн гарахаар болж Ё н нь Прумака гэх компанийг байгуулан бизнесээ эрхэлж байгаа болно. 2016 онд Хай кар компаниас гарч өрийн үлдэгдэл болон тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа тул 10,000,000 төгрөгөөр тохирч зөвшилцлийн бичиг үйлдэж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч энгийн төхөөрөмж, өргүүр 1 ширхэг болон компресорыг Ё н нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн ашиглаж байсан бөгөөд орлогын 10 хувь болон тоног төхөөрөмжийн түрээс гэж нэг ч төгрөг авч чадаагүй ба 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ё н шилжүүлэн авч явсан. Ё н нь 2014 оны 04 дүгээр сараас эхлэн Хай кар төвийн ажилтанаар ажиллаж байсан бөгөөд 3 сарын дараа амласан орлогын 10 хувийг өгөөгүй байж компаниас шилжсэн боловч тоног төхөөрөмжийг ашигласаар байсан атлаа нэг ч төгрөг төлөөгүй болно. 9,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

3. Хариуцагч Ё ны тайлбар, татгалзлын агуулга: Ю болон Л нар тоног төхөөрөмж худалдан авч, борлуулах асуудлаас болж төлбөр төлөгдөөгүй нөхцөл нь Л од хариуцлага хүлээлгэх асуудал бөгөөд Ё нтой огт хамааралгүй. Хай кар тоног төхөөрөмжийг хэрэглэж, зардал төлбөрөө төлөөгүй гэсэн боловч Монголд орж ирэхдээ Солонгосоос лифт болон тоног төхөөрөмж бүгдийг нь авчирч ирэн манай тоног төхөөрөмжийг ашигласан ба тоног төхөөрөмжийг суурилуулсан боловч үнэ төлбөргүй ашигла гээд ашиглах болсон. Хай нар компанид сарын түрээс 1,500,000 төгрөгтэй хамт НӨАТ 600,000 төгрөгийг төлсөн ба ажпын визтэй холбоотой зардал, ажилтны цалин болон татварыг бид төлсөн. Дрим моторсоос шилжүүлэхэд ч ажлыг шинээр хийж байгаа тул тоног төхөөрөмжийг аваад яв гэсэн боловч хадгалах газар байхгүй гэсэн тул суурилуулаад хэрэглэ гэсэн ба И Xу Ён нь Ю д тоног төхөөрөмжийг шилжүүлсэн боловч зүгээр хэрэглэхэд болно гээд хэрэглэсэн. Ю нь Примикгаас ирээд өөрийн тоног төхөөрөмж гэсэн ба нэг лифт болон компрессорыг аваад явсан. Л нь өөрийнх хэмээн хэлээд ашигласан ба түүнээс хойш надад хариуцлага хүлээлгэх болсон юм шиг байна. Хай кар компани нь тухайн үед борлуулалтын бус ашгийн 10 хувийг босгоно гэсэн нь тухайн үед хариуцагч байсан Пак Чүнгки болон Ю , Л нь ярилцсаны дараах зүйл бөгөөд Ё нд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л -оос 9,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю д олгож, нэхэмжлэгч Ю ы нэхэмжлэлээс хариуцагч Л од холбогдуулан гаргасан 500,000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Ё нд холбогдуулан гаргасан аман хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л оос улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй. Ё н нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн ашиглаж байсан бөгөөд орлогын 10 хувь болох 1,500,000 төгрөгийн хариу төлбөрийг сар тутам авч байхаар 2014 оны 04 дүгээр сард харилцан тохирсон бөгөөд Ё н тохирсон ёсоор үүргээ биелүүлж эхний 2014 оны 03 дугаар сард хариу төлбөрийг татвар орсон дүнгээр тооцож 1,600,000-1,800,000 төгрөгөөр шилжүүлж байсан. Энэ нь тэрээр талууд амаар тохирсон үүргийг хүлээн зөвшөөрч үйлдлээрээ баталгаажуулж байсныг илэрхийлдэг. Гэрч Пак Чунгки нь мэдүүлэхдээ Ё н түрээсийн төлбөртэй болохыг мэдэж ашигласан болохыг мэдүүлсэн, Ё н нэхэмжлэгчийн өмчлөлийн төхөөрөмжийг 2020 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд ашиглаж орлого олж, өөрийн зардлаа хэмнэсээр байсан, бичгээр гэрээ хийгээгүй, амар тохироо байдаг байсан, ажиллуулахдаа 1,500,000 төгрөг, ашгийн 10 хувь зэргийг авч байна гэдэг байдлаар ажиллуулсан гэх зэрэг уг хэрэгт чухал ач холбогдолтой, хэргийн бодит үнэнийг олж тодруулахад ач холбогдол бүхий баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан нь нотлох баримтыг үнэлэх тухай хуульд заасан журамд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан нотлох баримтуудаар Ё н нь төлбөрийн үүрэг хүлээсэн, түүнийг хожим хэд хэдэн удаагийн үйлдлээр зөвшөөрч гүйцэтгэсэн, тоног төхөөрөмжийг ашиглаж өөрийн зардлыг хэмнэсээр ирсэн, тоног төхөөрөмж түрээсийн төлбөртэй болохыг хангалттай тодорхой мэдсэний үндсэн дээр ашигласаар ирсэн бодит байдал тогтоогдох боломжтой байсан. Энэ талаар зохих дүгнэлт өгөөгүй, ач холбогдол бүхий нотолгооны хэрэгслүүдийг орхигдуулсан, үгүйсгэх болсон үндэслэл тодорхойгүй байдлаар шүүхийн шийдвэр гарах болсонд гомдолтой байгаа тул эдгээр нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю нь тоног төхөөрөмж ашиглуулсны төлбөрийг тодорхой хэлбэрээр хүлээн авч байсны хувьд бичгээр гэрээ хийгээгүй нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 1.4-т Хүсэл зоригийг үг, үйлдлээр илэрхийлэхээс гадна идэвхгүй байр сууриар илэрхийлэх боломжтой учир хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ё н нь нэхэмжлэгчид тоног төхөөрөмжийг нь буцаан өгөх, ашиглалтын харилцааг дуусгавар болгох ямар нэг үйлдлийг өөрөө хийж байгаагүй болох 2015 оны 09 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацааны үйл явдлаас тодорхой харагддаг. Хариуцагч Ё ны худал тайлбарыг шүүх үнэн зөв гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулалгүй, улмаар шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Тухайн үйл баримт, маргаантай асуудлын талаар Ё ны өмнө өгч байсан мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа, хариуцагч үүргийг гүйцэтгэхээс зайслхийхийн тулд худал, бодит бус тайлбар өгч байгаа нөхцөл байдлыг үнэлэхгүй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байх тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё ноос 42,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ю нь хариуцагч Л -д холбогдуулан хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 9,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч Л нь 9,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч нь хариуцагч Ё нд холбогдуулан аман хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар тоног төхөөрөмж авч ашигласан боловч төлбөр төлөөгүй учраас үлдэгдэл төлбөр гаргуулна гэж, хариуцагч Л нь 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Ё н нь татгалзлын үндэслэлээ ...Ю , Л нар бусдын тоног төхөөрөмж худалдан авч борлуулах асуудлаас болж төлбөр төлөгдөөгүйг Л хариуцна, Л нь Ю д тоног төхөөрөмж шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглаж болно гэхээр нь хэрэглэсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. /хх-37, 56/

4. Хэргийн 7 дугаар талд хэлцэл гэх нэртэй баримтад Хай кар төвөөс Бест хай кар луу захирал солигдсоны улмаас ашиглаж байсан бүх тоног төхөөрөмжийг хүлээн авсан ба Л миний бие Ю д 10,000,000 төгрөгийг 2020 оны дотор төлөхөөр амлаж байна гэх агуулгыг Л бичгээр үйлдэж гарын үсэг зурсан байх ба хариуцагч Л нь дээрх хэлцэл хийгдсэн үйл баримтын талаар маргаагүй, уг төлбөрийн үлдэгдэл төлбөр 9,000,000 төгрөг төлөхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа зөвшөөрсөн байна. /хх-37/

5. Дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд Ю , Л нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, улмаар нэхэмжлэгч Ю нь түрээсийн гэрээтэй холбогдуулан шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагч Л нь 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ю д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх-13/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Л оос 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

7. Нэхэмжлэгч Ю , хариуцагч Ё н нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь Пак Чунгки нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 400,000 төгрөгөөр 6 удаагийн үйлдлээр Ю ы дансанд нийт 2,400,000 төгрөг шилжүүлсэн байгааг хариуцагч Ё н нь нэхэмжлэгчид өрийг хүлээн зөвшөөрч төлбөр гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх148-151/

Түүнчлэн, гэрч Пак Чунгки мэдүүлэхдээ ...Би хувиасаа өгсөн нь үнэн, хувиасаа өгөхдөө Ю гэх хүн тэр үед их хэцүү байсан, тийм болохоор би 10 хувийг хувиасаа өгье гэж өгч байсан, 10 хувийн талаар Л , Ю , Пак Чүнгки нар ярилцахад Ё н байгаагүй гэж мэдүүлсэнээс үзэхэд хариуцагч Ё н нь нэхэмжлэгчид тоног төхөөрөмж ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагч Ё нтой хийгдсэн аман хэлцлийн дагуу тоног төхөөрөмж ашигласны төлбөр гаргуулна гэх тайлбараа нотолсон өөр баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч Ё нд холбогдуулан гаргасан аман хэлцлийн дагуу үлдэгдэл төлбөр 42,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08ы өдрийн 101/ШШ2022/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН