| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0530/Э |
| Дугаар | 591 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 591
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн,
Хохирогч С.Уранчимэг нарыг оролцуулан,
Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдсон, Х овогт С.Нд холбогдох 1803002730236 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23-857 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Сономцэрэнгийн Нарантуяа (РД:),
нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 40 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Chevrolet Cruze маркийн 66-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс Р.Дагвасүрэнгийн жолоодож явсан Toyota Corolla маркийн 06-20 УНУ улсын дугаартай, А.Бямбасүрэнгийн жолоодож явсан Lexus-LS600 маркийн 23-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч С.Уранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Р.Дагвасүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “…Тухайн үед яаралтай эмнэлэгт очих гэж явах замдаа хохирогч гар өргөхөөр нь авсан. Тэгээд хохирогчийг суулгаад цааш хөдлөөд удаагүй байхад Төв шуудангийн уулзвар эргээд тоормосны пидал гишгэхэд доор нэг чимээ гарсан. Тэр үед эсрэг урсгал чөлөөтэй, улаан гэрэл ассан байсан. Би тухайн үед 10 км цагийн хурдтай явж байсан бөгөөд урд талынхаа тэргийг мөн хүн мөргөхгүй гэдэг үүднээс би урсгал сөрж орсон. Тэр үед зам чөлөөтэй байсан учир эсрэг урсгал руу дарж орсон. Би цагдаа ирэх үед нь сандарсандаа машинд байсан найзынхаа бичиг баримтыг цагдаад өгсөн. Өөрийн бүх эд зүйлийг зарж хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа” гэв.
С.Нс мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд би “Тэнгэр Аз Инвест” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг улаан өнгийн Chevrolet Cruze маркийн 66-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орох зорилгоор баруун дөрвөн зам дээр явж байхад нэг хөгшин эмэгтэй хүн гар өргөхөөр нь түүнийг авахад “Блю Скай” орно гэж хэлсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн нутаг Төв шуудангийн урд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн 4 дүгээр эгнээгээр ойролцоогоор 10 орчим км/цагийн хурдтай явж байхад урд явсан машинууд уулзварын улаан гэрэл дээр зогссон. Тэгэхээр нь би машиныхаа тоормосоо гишгэтэл гэнэт тас хийх чимээ гараад хурд нэмэгдээд тоормос барихгүй болж пидаал сул цаашаагаа орчихсон. Улмаар урд байгаа машинуудаа мөргөхгүйн улмаас эсрэг урсгал руу хартал ямар нэгэн машин байхгүй чөлөөтэй байгаа харагдахаар нь замынхаа хойд талд байсан шонг мөргөж зогсоё гэж бодоод ортол өөдөөс орж ирсэн хоёр машинтай мөргөлдөөд зогссон. Тэгээд би хэсэг хугацаанд машинаасаа буухгүй шоконд орсон. Ингээд байж байтал түргэн тусламжийн машин ирэх үед нь машинаас буусан. Тэгтэл Тоёота Королла маркийн машины жолоочийг түргэн тусламжийн эмч нь үзээд түүнийг машиндаа суулгаад авч явсан. Дараа нь Замын цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн нь ослын газарт ирж хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийсэн” гэжээ.
Шүүх хуралдаан дээр хохирогч С.Уранчимэгээс мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр такси барих гээд зогсож байхад улаан өнгөтэй машин ирсэн. Тэгээд төв шуудангийн уулзвар дөхөж ирэх үед жолооч маань санаа алдаж хажуу эгнээ рүү орсон. Тухайн үед юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би урд талын 2 сандлын голоор орсон. Харин баруун гар сандалны дээр хөл маань жолоочийн сандлын хажууд нилээн шахагдсан байдалтай байсан. Тухайн үед би өөрөө босох гэсэн боловч босч чадахгүй жолоочоос гуйж боссон. Босоод яаралтай ажилтай байсан учир хэргийн газрын зургийг аваад явсан. Явахдаа жолоочид миний баруун мөр эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Орой нь Мөнгөнгүүр эмнэлэгт мөрөө үзүүлсэн. Харин маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд цаг авч үзүүлэхэд эмрайд таны ясны бэртэл харагдахгүй байна. Та томографик зураг авахуулсан нь дээр гэж хэлсэн. Томографик зураг авахуулж үзүүлэхэд далны тогооны хэсэгт ясны жижиг хугаралууд мөн зөөлөн эдийн гэмтэл байна. Тийм учир шүүх эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа миний хөл өвдөж шингэн хуралдаж эхэлсэн. Тэгэхээр нь шүүх эмнэлэг дээр очиход тогтоолоо гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь тогтоолоо гаргуулаад шүүх эмнэлэг дээр дахин очиж үзүүлж эхний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ үйл явдлын дараа миний гэдэс дотор хямарч эхэлж доошоогоо хар ногоон өнгөтэй юм гарч эхэлсэн. Тэгээд үзүүлэхэд намайг дотуураа цус алдаж байж магадгүй. Тийм учир дотуур цус алдалтыг тогтоох эмчилгээ хийнэ, аль шатандаа цус алдалт байгааг тогтоох боломжгүй учир дараа нь ходоодны болон шулуун гэдэсний дурангаар хоёр талаас нь үзнэ гэж хэлсэн. Ингээд дурангийн явцад хүндрэлүүд гарсан. 3 өдөр цус алдаж шоконд орж хөдөлгөөнөө сойж эмнэлэгт хэвтсэн. Энэ бүх эмчилгээний зардал надаас гарсан. Дахин бие муудаж шүүх эмнэлэг дээр очиж өөрийн зовиураа хэлэхэд анхны шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргасан эмч дахин тогтоолоо гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь мөрдөн байцаагчтайгаа очиж уулзахад уг баримтуудаа шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулж болох учир таны материалуудыг хавтаст хэрэгт хийчихэе гэж хэлсэн. Дараа нь дахин мөрдөн байцаагчтайгаа уулзаж шүүгдэгчийн дугаарыг авч ярихад шүүгдэгч надад зовлонгоо тоочсон. Гэтэл өнөөдөр тухайн үед ярьж байсан зүйл мөн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг хоёр зөрж байна. Мөн намайг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд маш муухайгаар хэлсэн. Хүнийг ингэж хэлж болохгүй. Энэ хүний буруутай үйлдлээс болж өнөөдөр би гараа сайн өргөж чадахгүй бас усанд орж чадахгүй хүүхдүүдээрээ усанд оруулж байна. Хэрвээ миний бие үүнээс илүү муудвал асаргаанд орж магадгүй. Гэтэл энэ хүн үүнийг ойлгохгүй зөвхөн өөрийгөө яриад яваад байгааг сайн ойлгохгүй байна. Би өнөөдөр бие муутай ээж, ядарсан эгч тэдний гэр бүлийг тэжээж, тэд нарын төлөө хөдөлмөрлөдөг. Гэтэл би өөрөө ийм байдалд орчихоод явж байна. Би дахин эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэхэд та хагалгаанд орохгүй бол болохгүй. Монголд ойролцоогоор 7.800.000 төгрөгөөр хагалгаа хийнэ. Хагалгаа хийсний дараа гарын хөдөлгөөн 60 хувь эдгэх магадлалтай. Таны гарын хөдөлгөөн 100 хувь бол сайжрахгүй гэсэн. Би энд үзүүлсэн шинжилгээний хариунуудаа Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулсан байгаа. Солонгос улсаас эмчилгээ хийх боломжтой. Бид нар анхан шатныхаа бүх үзлэгийг хийнэ. Анхан шатны үзлэг 5.000.000 вон болно. Харин хагалгаа бусад зүйлүүдийг үзлэгийн дараа тодорхой болно гэж хэлсэн. Тийм учир би хагалгаанд орно. Гэхдээ одоогоор надад мөнгөний боломж байхгүй байна гэв.
Хохирогч С.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 10 минутын орчимд би баруун 4 замын Голомт банкны чанх урд талаас такси барихад улаан өнгийн эмэгтэй жолоочтой суудлын тээврийн хэрэгсэл зогссон. Би тухайн машины баруун хойд талын хаалгыг онгойлгож хаалган талдаа сууж “Блю Скай” орно гэж хэлсэн. Тэр үед би гар утсаараа оролдоод явж байх үед жолооч эмэгтэй уулга алдаж ирснээ, гэнэт зүүн гар тал руугаа дарж эсрэг урсгал руу орж өөдөөсөө ирсэн нэг машинтай мөргөлдсөн. Нэг мэдэхэд би хойд талын суудлын зайгаар орчихсон байсан баруун мөр хөдөлж болохгүй болохоор нь арай гэж нэг юм босох гэж байхад жолооч эмэгтэй намайг түшихэд нь би боссон байсан. Би машинаас буухад тухайн эмэгтэй жолооч нь 2 машинтай мөргөлдсөн байсан. Ослын улмаас миний баруун дал ясны хугарал, нуруу өвдөлттэй, зүүн хөлний шилбэ цус хуралттай. Замын хөдөлгөөн бага зэрэг бөглөрөлттэй байсан” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Р.Дагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Тоёота Королла маркийн 06-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон Хүнсний нэгдүгээр дэлгүүр орох зорилгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Төв шуудангийн уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээсээ зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч ортол өөдөөс буюу урсгал сөрөөд улаан өнгийн суудлын машин орж ирээд миний машины эгц урд талаас мөргөсөн. Мөн миний машины араас бас 1 машин мөргөсөн байсан. ...Зүүн гар зүүн мөрний судас дарагдаж, зөөлөн эдийн гэмтэлтэй, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний үений суналт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй. Эрүүл машин жолоодож явсан. Замын хөдөлгөөн ихтэй байсан. Ослын улмаас машины урд хэсэг болон хойд хэсэг тус тус авах юмгүй болсон байгаа. Би машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Машины эвдрэл хохиролд нийт 4.200.000 төгрөгийг жолооч Сувдаагаас аваад байна. Одоо эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно, гомдолтой” гэжээ.
Гэрч А.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Монголын Үндэсний Их Сургуулийн эзэмшилд байдаг хар өнгийн Лексус-ЛС 600 маркийн 23-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон кабиндаа... гүйцэтгэх захирал Б.Дашдолгорын хамт ...Төв шуудангийн урд талын уулзвараар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай нэвтэрч ортол 3 дугаар эгнээнд Тоёота Королла маркийн машин тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгтэл эсрэг урсгалаас улаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхээр нь харангуутаа тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дарсан боловч Тоёота Королла машинтай улаан өнгийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Харин миний бие зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү орж амжилгүй Тоёота Королла маркийн машины ард хэсэг рүү машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зоссон. Би машинаас буутал улаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсан машины жолооч нь эмэгтэй хүн байсан ба машинаасаа бууж ирэхгүй суугаад байсан. Тэгэхээр нь би өөрийн утасны дугаараасаа 102, 103-т аль алинд нь дуудлага өгсөн” гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.10-ны ¹4274 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Р.Дагвасүрэнгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний үений суналт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.06-ны ¹4343 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.Уранчимэгийн биед баруун дал ясны хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Криминалистикийн шинжилгээний 2018.5.07-ны өдрийн ¹3226 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Chevrolet Cruze маркийн автомашин гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
2. Автомашины эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.
3. Автомашины зүүн урд хэсэгт гарсан гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл, баруун талын далбаа болон хойд бамбайнд үүссэн гэмтэл нь ослын өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Автомашинд үүссэн дээрх гэмтлүүд нь осолд нөлөөлөхгүй.
4. Автомашин тоормосны шингэн дамжуулгатай, тоормосны ABS системтэй тоормосны механизм ажиллаж байна гэжээ.
2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:
chevronlet Cruze маркийн 66-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Д.Сувдмаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Toyota corolla маркийн 06-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Р.Дагвасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Lexus-LS600 маркийн 23-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож А.Бямбасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч С.Н нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан /хх-ийн 198/ атлаа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв шуудангийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Chevrolet Cruze маркийн 66-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4-д заасныг зөрчсөнөөс Р.Дагвасүрэнгийн жолоодож явсан Toyota Corolla маркийн 06-20 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, түүнд 3.338.000 төгрөгийн шууд, 4.048.000 төгрөгийн нийт хохирол учруулсан, уг автомашины араас А.Бямбасүрэнгийн жолоодож явсан Lexus-LS600 маркийн 23-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс Монголын Үндэсний Их сургуульд 3.235.000 төгрөгийн шууд, 3.475.000 төгрөгийн нийт хохирол ба дээрх ослын улмаас жолооч Р.Дагвасүрэнгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний үений суналт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөн шүүгдэгч С.Нарантуяагийн автомашин дотор зорчиж явсан С.Уранчимэгийн биед баруун дал ясны хугарал, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь
шүүгдэгч С.Нн “...урд явсан машинууд уулзварын улаан гэрэл дээр зогссон. Тэгэхээр нь би машиныхаа тоормосоо гишгэтэл гэнэт тас хийх чимээ гараад хурд нэмэгдээд тоормос барихгүй болж пидаал сул цаашаагаа орчихсон. Улмаар урд байгаа машинуудаа мөргөхгүйн улмаас эсрэг урсгал руу хартал ямар нэгэн машин байхгүй чөлөөтэй байгаа харагдахаар нь замынхаа хойд талд байсан шонг мөргөж зогсоё гэж бодоод ортол өөдөөс орж ирсэн хоёр машинтай мөргөлдөөд зогссон.” гэх мэдүүлэг,
хохирогч С.Уранчимэгийн “...Тэгээд төв шуудангийн уулзвар дөхөж ирэх үед жолооч маань санаа алдаж хажуу эгнээ рүү орсон. Тухайн үед юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би урд талын 2 сандлын голоор орсон. Харин баруун гар сандалны дээр хөл маань жолоочийн сандлын хажууд нилээн шахагдсан байдалтай байсан. Тухайн үед би өөрөө босох гэсэн боловч босч чадахгүй жолоочоос гуйж боссон. ...шүүх эмнэлэг дээр дахин очиж үзүүлж эхний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ үйл явдлын дараа миний гэдэс дотор хямарч эхэлж доошоогоо хар ногоон өнгөтэй юм гарч эхэлсэн. Ингээд дурангийн явцад хүндрэлүүд гарсан. 3 өдөр цус алдаж шоконд орж хөдөлгөөнөө сойж эмнэлэгт хэвтсэн. Энэ бүх эмчилгээний зардал надаас гарсан. Энэ хүний буруутай үйлдлээс болж өнөөдөр би гараа сайн өргөж чадахгүй учир би хагалгаанд орно. Гэхдээ одоогоор надад мөнгөний боломж байхгүй байна” гэх мэдүүлэг,
иргэний нэхэмжлэгч Р.Дагвасүрэнгийн “…би зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр нэвтэрч ортол өөдөөс буюу урсгал сөрөөд улаан өнгийн суудлын машин орж ирээд миний машины эгц урд талаас мөргөсөн. Мөн миний машины араас бас 1 машин мөргөсөн байсан. ...Зүүн гар зүүн мөрний судас дарагдаж, зөөлөн эдийн гэмтэлтэй, тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүний үений суналт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй. ...Машины эвдрэл хохиролд нийт 4.200.000 төгрөгийг жолооч Сувдаагаас аваад байна. Одоо эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно, гомдолтой” гэх мэдүүлэг,
гэрч А.Бямбасүрэнгийн “…Төв шуудангийн урд талын уулзвараар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай нэвтэрч ортол эсрэг урсгалаас улаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нь урсгал сөрөөд орж ирэхээр нь харангуутаа тоормосоо гишгээд баруун гар тал руугаа дарсан боловч Тоёота Королла машинтай улаан өнгийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Харин миний бие зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү орж амжилгүй Тоёота Королла маркийн машины ард хэсэг рүү машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зоссон” гэх мэдүүлэг, Р.Дагвасүрэнгийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.10-ны ¹4274 тоот шинжээчийн дүгнэлт, С.Уранчимэгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.4.06-ны ¹4343 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Нарантуяагийн жолоодож явсан Chevrolet Cruze маркийн автомашинд үзлэг хийсэн криминалистикийн шинжилгээний 2018.5.07-ны өдрийн ¹3226 тоот шинжээчийн дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаартай мөрдөгчийн магадлагаа зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, 2335 УНЧ болон 0620 УНУ улсын дугаартай автомашин техникийн үнэлгээний 1415, 1419 дугаартай тайлан, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Х овогт С.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч С.Уранчимэг эмчилгээний зардалд гарсан 3.251.840 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан ба тэрээр шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс 500.000 төгрөг хүлээн авсан баримт ирүүлсэн тул үлдэх 2.751.840 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин хохирогч нь мэс засал хийлгэх шаардлагатай гэх тул тэрээр цаашид эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласан болно.
Хохирогч С.Уранчимэгээс ослын дараахи дотуур цус алдалтын эмчилгээ хийлгэсэн зардал нэхэмжилснийг шүүгчдэгчийн өмгөөлөгчөөс зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа боловч хохирогчид учирсан уг өвчин шаналалыг тухайн осолтой хамааралгүй болохыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний нэхэмжлэгч Р.Дагвасүрэнгийн эмчилгээний зардалд гарсан 922.000 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч Монголын Үндэсний Их сургуульд учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжлээгүй боловч уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсаргаж ирүүлсэн тул уг тээврийн хэрэгслийн эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ. Түүнчлэн хэрэгт хавсаргаж ирүүлсэн Дагвацэрэнгийн Сувдаагийн В ангиллын 1144673 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт С.Нг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч С.Нд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Нарантуяагаас 3.673.840 (гурван сая зургаан зуун далан гурван мянга найман зуун дөч) төгрөгийг гаргуулж хохирогч Гэрүүд овогт Сандаг-Очирын Уранчимэг (РД:УЮ62122804)-т 2.751.840 төгрөг, иргэний нэхэмжлэгч Хөх Хичиг овогт Равчигийн Дагвасүрэн (РД:ОЭ52091070)-д 922.000 төгрөг тус тус олгож, хохирогч С.Уранчимэг нь цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн ¹01547659 Chevrolet Cruze маркийн 66-19 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Нарантуяад, Дагвацэрэнгийн Сувдаагийн В ангиллын 1144673 дугаартай жолоочийн үнэмлэхийг Д.Сувдад тус тус буцаан олгосугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нарантуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ