| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2021/04196/И |
| Дугаар | 210/ма2022/01144 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 210/ма2022/01144
2022 06 15 210/МА2022/01144
Д.А нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00965 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А нгийн хариуцагч П.Г т холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 4,468,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь өөрийн охин болохА.А энгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 9 тоот орон сууцыг П.Г т 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 9,800,000 төгрөгөөр хөлслүүлсэн. П.Г нь гэрээний хугацааг 1 жилээр буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээнд төлбөрийг 09 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 01, 01 дүгээр сарын 01, 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд 2,000,000 төгрөг, 5 сарын 01-ний өдөр 1,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. П.Г тус орон сууцыг хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар хөлсөлж байсан ба 2020 оны 02 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөхгүй болж 3, 4 дүгээр саруудын түрээс болон ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй хуримтлал үүсгэж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байрны хажуу дэлгүүрт орхисон байсныг хүлээн авсан. Иймд 2019 оны дутуу төлбөр болох 1,000,000 төгрөг, 2020 оны 3, 4 дүгээр саруудын төлбөр болох 2,000,000 төгрөг, дулааны төлбөр 619,452 төгрөг, цахилгааны төлбөр 11,472 төгрөг, СӨХ-ны төлбөр 265,250 төгрөг, юнивишны төлбөр 71,996 төгрөг нийт 4,968,170 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,441 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч П.Г нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 68 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 94 м.кв 3 өрөө орон сууцыг өдөр өнжүүлэх үйлчилгээний зориулалттай ашиглахаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, жилийн түрээсийн төлбөрт 9,300,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Тус байрны засварын зардал 1,400,000 төгрөг болж байсан бөгөөд 300,000 төгрөгийг ажлын хөлсөнд, үлдсэн 1,100,000 төгрөгийг обой, зураг, хана таазны эмульс, гэрэл зэргийг засварлахад зарцуулсан. Гэрээний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж жилийн түрээсийн төлбөрийг 9,800,000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийг Д.А нгийн Хаан банкны 5019424774 тоот дансанд нийт 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Өдөр өнжүүлэх үйлчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс коронавирус /ковид-19/-ын цар тахал гарсантай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас үйл ажиллагаа явуулаагүй. Дээрх нөхцөл байдлын улмаас 2020 оны 04 дүгээр сард нүүж Д.А нгийн хэлснээр дэлгүүрт түлхүүрийг нь үлдээсэн. Д.А н нь П.Г оос 4,468,170 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тухайн орон сууцны түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг төлсөн. Нэг сарын түрээсийн төлбөр 816.666 төгрөг гарснаас 9, 10, 11, 12, 01, 02, 03 дугаар сарыг дуустал нийт 7 сарын төлбөр төлөгдсөн. 7x816.666=5.716.666 төгрөг болж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Г оос 3,938,706 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 529,464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.А нгийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г оос 77,969 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлохгүйгээр талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ гэх нэртэй боловч хэлбэрийн хувьд түрээсийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь уг орон сууцыг өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулж түүнийхээ үр шимийг олж авсан талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, хариуцагч хариу тайлбартаа дурдсанаар үйл баримт тогтоогдсон. Эд хөрөнгө хөлслөх гэрээний гол зорилго нь удаан хугацаанд амьдрах хүмүүс байрлах зорилгоор хөлсөлж авсанд оршдог. Гэтэл шүүх орон сууц хөлслөх харилцаа гэж дүгнэж, түрээсийн гэрээнээс татгалзсан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулж, ашиглаагүй хугацааны зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас хүчин төгөлдөр бус хэлцэл байсан ч шударгаар ашигласан хугацааны төлбөр хөлсийг төлсөн байхад түүний ашиглаагүй хугацааны төлбөр, зардлыг нэхэмжилж байгаа нь хуульд үл нийцнэ. Гэрээг өмчлөгч биш иргэнтэй байгуулсан байсан тул түлхүүрээ хэн нь хүлээж авах эсэх нь тодорхойгүй, өөрсдөө хугацааг зориуд хойшлуулаад байраа хүлээж авахгүй яваад байсан нь ашиглаагүй байх хугацааны төлбөрийг нэхэмжилж байна. Дээрх үйл ажиллагаанд нийцүүлэн байранд засвар хийхийг зөвшөөрч, засварын зардлыг түрээсийн мөнгөнөөс суутгасан. Нэхэмжлэгчийн дутуу төлбөр болон ашиглалт, засварын зардал зэргийг баримтаар нотлоогүй байхад хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд хангалттай мэтгэлцүүлэлгүй, эрх зүйн дүгнэлтгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхна шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.А н нь хариуцагч П.Г т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 4,468,170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ковид-19 цар тахлын улмаас гэрээний зүйл болох орон сууцанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хэлж мэдэгдсэн, орон сууцны төлбөрт илүү төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Д.А н, П.Г нар нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч ньА.А энгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь жилийн 9,300,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан үйл баримт зохигчдын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх4, 27-29, 39/
4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин гэрээний зүйлийн ашиглалт болон төлбөрийн хэмжээнд маргасан.
Дээрх гэрээний дагуу талууд нь харилцан үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бол хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Д.А н нь 2019 оны дутуу хөлс 1,000,000 төгрөг, 2020 оны 3, 4 дүгээр саруудын хөлс 2,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг орон сууц ашигласны хөлсийг хариуцагч П.Г оос гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Хэргийн 50 дугаар талд авагдсан баримтаар П.Г нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр 265,250 төгрөг, мөн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх орон сууцны ашиглалтын төлбөр 601,460 төгрөгийг тус тус төлөөгүй ба энэ хугацаанд орон сууц хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан. Харин, талуудын хооронд байгуулсан гэрээнд гараашийн талаар тохиролцоогүй байх тул гараашийн халаалтын үнэ 17,922 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заасантай нийцжээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүргийг хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч Д.А н нь хариуцагч П.Г оос СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх50-51/
Түүнчлэн, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл юнивишины төлбөр 71,995 төгрөг төлсөн үйл баримт хэргийн 52 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч П.Г нь орон сууцны төлбөрт илүү мөнгө төлсөн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон орон сууц хөлслөх гэрээний дутуу төлбөр болох 3,000,000 төгрөг, дулааны төлбөр 601,460 төгрөг, СӨХ-ны төлбөр 265,250 төгрөг, юнивишны төлбөр 71,996 төгрөг нийт 3,938,706 төгрөгийг хариуцагч П.Г оос гаргуулан нэхэмжлэгч Д.А нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 529,464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ЦОГТСАЙХАН
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж байна. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон учраас 3,938,706 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй. Мөн СӨХ-ны төлбөр болон орон сууцны ашиглалтын төлбөрт нийт 938,706 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна. Энэ агуулгаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.