Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 594

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч М.Очбадрах,

            Хохирогч Л.Алтансарнай,

            Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х.Бт холбогдох, 1811014150637 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймийн Мөст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймаг Мөст сумын 5 дугаар баг Улаантолгой хар дэнж 4-06 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо "Цог" ХК-ийн нийтийн байрны 203 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөлөө В овогт Х.Б, (РД:),

нь 2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө, мөн 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цог" ХК-ийн нийтийн байрны 203 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 5 сартай жирэмсэн, эхнэр Л.Алтансарнайтай байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр маргалдаж бие биенээ цохьсон. Хэрэг болохоос өмнөх өдөр мөн бид хоёр маргалдаж манай эхнэр өөрийгөө юмаар цохиж байсан. Ховд аймагт байхдаа тус аймгийн цагдаагийн байгууллагад очихдоо зодож цохидог байсан гэдэг нь худлаа. Цагдаагийн байгууллагад маргалдаж л очдог байсан. Түүнээс биш би эхнэртээ харгис хэрцгий ханддаггүй, тийм зүйл байхгүй гэв.

            Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Манай эхнэр Алтансарнай түрүүлээд унтаж байсан. Би хүүхдээ унтуулчихаад утсаа оролдоод хэвтэж байсан чинь Алтансарнай хойноос чи намайг тоодоггүй гээд намайг үсдээд, цохиод байсан. Тэгээд босч ирээд орон дээрээ зогсож байгаад миний цээж рүү өшиглөсөн. Би эргүүлээд Алтансарнайг алгадсан. Бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад 04 цаг өнгөрч байгаад унтсан. Маргааш өглөө нь зайл гэхээр нь би хувсаа аваад эгчийнхээ гэрт очсон. 5 дугаар сарын 04-ний өдөр эгчийнхээ гэрт байж байхад манай эхнэрийн ээж Оюунчимэг утсаар яриад 2 эгчийгээ дагуулаад ир уулзъя гэсэн. Тэгээд би 2 эгчийгээ дагуулаад очсон. Гэрт нь 2 эгчтэйгээ ортол Алтансарнай цай хийж өгсөн. Надад аягтай цайгаа шидэлж өгөхөөр нь би чи хүнд яагаад ингэж цай хийж өгч байгаа юм гэж уурласан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг үсдэж толгой руу цохихоор нь би ор руу түлхэж унагаачихаад гарах гэтэл над руу аяга авч шидсэн. Наадах чинь надтай байхаар юм яриулахгүй би гарлаа гэж хэлчихээд гараад явсан. ...2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нэг удаа алгдасан, 04-ний өдөр ор руу түлхсэн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Алтансарнай мэдүүлэхдээ: Би 2013 онд сургуулиа төгсөөд Мөст суманд урилгаар очсон. Тэнд очоод ажиллах үед ачаалал ихтэй байсан учир манай нөхөр ачаалал ихтэй байна гэсэн. 2016 оны 2 сар хүртэл амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Тэгээд аймгийн төв дээр очсон. Манай нөхрийн уурлаж байгаа зүйл нь намайг ажил их ачаалалтай байна гэж уурладаг байсан. Түүнээс биш зодож цохисон зүйл байдаггүй. Манай ээж бид хоёрыг маргалдах үед цагдаагийн байгууллагад дуудлага өгчихдөг байсан. 2018 оны 5 дугаар сарын 02-нд болсон асуудал мөн л ажлын ачааллаас болж манай нөхөр уурлахаар нь би нэг удаа алгадсан. Энэ асуудлаас болж маргалдсан. Ер нь нэг гэрт орсноос хойш байнга л хэрүүл маргаантай, намайг харддаг, ажлын чинь ачаалал их байдаг гэдэг гэв.

Хохирогч Л.Алтансарнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад би маргааш нь жижүүртэй байсан болохоор унтах гэж байхад манай нөхөр Бямбабаяр хүүхдүүдээ унтуулсангүй, өөрөө усанд ороод өөрийнхөө биеийг бэлдлээ, ажилдаа бүхнийг зориулдаг, янхан зэрэг хэл амаар доромжлоод байхаар нь би Бямбабаярыг яахаараа хүн ойлгодоггүй юм бэ гээд алгадсан. Тэгтэл Бямбабаяр чи эхэлж намайг цохисон биз гээд намайг зодож эхэлсэн. ...02-ны шөнө гараараа олон удаа толгой руу цохисон, пүүзээр толгой руу цохиод байхаар нь гараараа хамгаалахад гар руу цохиод байсан, дал, мөр, гуя руу гараараа олон удаа цохисон. 04-ний өдөр алгадаж, толгой руу цохисон. ...Зодсон хэсэгт хөхөрч, зөөлөн эдийн гэмтэл учирч байсан. Ховд аймагт 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хүмүүсийн хажууд зодож байгаагүй. Дандаа хоёулаа маргалдаж байгаад зоддог байсан гэжээ.

Гэрч Х.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Нуруу нь юманд нэдэрсэн юм шиг улайсан байсан, гар хөхөрсөн гээд байсан, анзаарч хараагүй. Хөл нь нэг хэсэг газарт хөхөрсөн байсан. Манай дүү бол намайг цохиод байхаар нь би 2 удаа цохисон гэж хэлсэн. Маргалдаж зодолдож байсан талаар сонсож байсан. Тэр болгондоо цагдаад дуудлага өгдөг байсан гэсэн гэжээ.

Гэрч Х.Пүрэвцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ... Бямбабаяр аягатай цайгаа тавьж байгаад нэг орон дээр байснаа нөгөө ор руу Алтансарнайг түлхэж суулгатал Алтансарнай өөдөөс нь цохиход нь Бямбабаяр Алтансарнайг алгадахад эгч бид хоёр боль гэхэд больсон. ...Нуруун дээр нь юманд шувтарсан юм шиг улайсан байсан, гарны булчин хөхөрсөн байсан гэжээ.

Гэрч Т.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Бямбабаярын утсаар Алтансарнайтай яриад би энд хэд хонож байгаад очиж болохгүй юу гэхэд Алтансарнай намайг 12 цагаас өглөө 06 цаг хүртэл зодлоо миний гар аймаар хөхрөөд хавдчихлаа, би яаж хүн үзэх юм бэ, би ажлаа тасаллаа, Бямбабаяр миний утасны симийг хугалчихсан гэхээр нь би эргээд автобусаар хотод ирсэн. ...Би биеийг нь хартал 2 гар нь битүү, мөр, дал, хөл хэсэгт энд тэндгүй, нуруу нь хөхөрсөн байсан. Толгой руу нь цохиод байхаар нь толгойгоо 2 гараараа хааж байгаад 2 гараа цохиулсан гэсэн. ...Ховд аймагт байхдаа олон удаа хандаж байсан гэсэн, би ч гэсэн хандаж байсан. Алтанчимэгийн хашаанд амьдарч байхдаа 2 удаа цагдаа дуудсан гэсэн гэжээ.

Гэрч Ц.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 10-д хүртэл амьдарч байгаад нүүсэн. Нөхөр нь 2018 оны 02 сард хөдөө явсан. ...Бямбабаяр шөнө хүүхдээ авч явна, Аптансарнайг чи оройтож ирдэг, ирчихээд шууд унтдаг, надтай хамт сэрүүн байдаггүй, хаана хэнтэйгээ хамт явж байгаад ирж байгаа юм гэх мэтээр хэл амаар доромжилж дайрдаг. Мөн Аптансарнайгийн ээж, ахыг нь янз бүрийн үгээр доромжилдог. Би 2 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Байнга хэл амаар доромжилж миний хажууд зодож байгаагүй. Дайрч, толгой руу нь чичилдэг байсан. ...Нэг л удаа гарын булчинд нь хөхөрсөн байсан гэжээ.

Гэрч П.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Алтансарнайгийн ээж нь над руу утсаар залгаад би Дарханд байна Алтансарнай, Бямбабаяр хоёр зодолдож байна гэнэ, чамаас өөр очих хүн байхгүй, чи очоодох гэхээр нь 17 цагийн үед Алтансарнайгийн гэрт очсон. ...Миний толгой руу чичлээд хатгаад байхаар нь толгойгоо хамгаалсан чинь гар руу нь цохиод гарыг нь хөхрүүлсэн, нуруу руу цамцны цахилгаанаар цохисон гэж хэлж байсан гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.05-ны өдрийн ¹5848 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Л.Алтансарнайгийн биед дал, ууц нуруу, 4 мөчинд цус хуралтууд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Х.Б нь 2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө, мөн 5 дугаар сарын 04-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Цог" ХК-ийн нийтийн байрны 203 тоотод өөрийн эхнэр Л.Алтансарнайтай маргалдаж, түүнийг зодсоноос хохирогчийн биед дал, ууц нуруу, 4 мөчинд цус хуралтууд бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн тэрээр эхнэртэйгээ хамт амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хохирогчийг ажлаасаа оройтож ирлээ, янхан гэх мэтээр хэл амаар байнга доромжилж, зодож, дарамталдаг байсан ба хохирогчийн жирэмсэн үед ч (хохирогч нь одоогоор жирэмсэн ба 2018 оны 9 дүгээр сард хүүхдээ төрүүлнэ гэх) дээрх байдал үргэлжилсэн болох нь

шүүгдэгчийн “2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. ...Алтансарнай хойноос чи намайг тоодоггүй гээд гээд намайг үсдээд, цохиод байсан. Тэгээд босч ирээд орон дээрээ зогсож байгаад миний цээж рүү өшиглөсөн. Би эргүүлээд Алтансарнайг алгадсан. 5 дугаар сарын 04-ний өдөр ...надад аягтай цайгаа шидэлж өгөхөөр нь би чи хүнд яагаад ингэж цай хийж өгч байгаа юм гэж уурласан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Намайг үсдэж толгой руу цохихоор нь би ор руу түлхэж унагаачихаад гарах гэтэл над руу аяга авч шидсэн. ...2018 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө нэг удаа алгадсан, 04-ний өдөр ор руу түлхсэн гэх мэдүүлэг,

хохирогч Л.Алтансарнайгийн “2018 оны 5 дугаар сарын 02-ны орой 23 цаг өнгөрч байхад би маргааш нь жижүүртэй байсан болохоор унтах гэж байхад манай нөхөр Бямбабаяр хүүхдүүдээ унтуулсангүй, өөрөө усанд ороод өөрийнхөө биеийг бэлдлээ, ажилдаа бүхнийг зориулдаг, янхан зэрэг хэл амаар доромжлоод байхаар нь би Бямбабаярыг яахаараа хүн ойлгодоггүй юм бэ гээд алгадсан. Тэгтэл Б чи эхэлж намайг цохисон биз гээд намайг зодож эхэлсэн. ...02-ны шөнө гараараа олон удаа толгой руу цохисон, пүүзээр толгой руу цохиод байхаар нь гараараа хамгаалахад гар руу цохиод байсан, дал, мөр, гуя руу гараараа олон удаа цохисон. 04-ний өдөр алгадаж, толгой руу цохисон. ...Зодсон хэсэгт хөхөрч, зөөлөн эдийн гэмтэл учирч байсан. Ер нь нэг гэрт орсноос хойш байнга л хэрүүл маргаантай, намайг харддаг, ажлын чинь ачаалал их байдаг гэдэг. Ховд аймагт 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хүмүүсийн хажууд зодож байгаагүй. Дандаа хоёулаа маргалдаж байгаад зоддог байсан гэх мэдүүлэг,  

гэрч Х.Бадамцэцэгийн “Нуруу нь юманд нэдэрсэн юм шиг улайсан байсан, Хөл нь нэг хэсэг газарт хөхөрсөн байсан. Манай дүү бол намайг цохиод байхаар нь би 2 удаа цохисон гэж хэлсэн. Маргалдаж зодолдож байсан талаар сонсож байсан. Тэр болгондоо цагдаад дуудлага өгдөг байсан гэсэн” гэх мэдүүлэг,

гэрч Х.Пүрэвцэцэгийн “Б аягатай цайгаа тавьж байгаад нэг орон дээр байснаа нөгөө ор руу Алтансарнайг түлхэж суулгатал Алтансарнай өөдөөс нь цохиход нь Бямбабаяр Алтансарнайг алгадахад нь эгч бид хоёр боль гэхэд больсон. ...Нуруун дээр нь юманд шувтарсан юм шиг улайсан байсан, гарны булчин хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,  

гэрч Т.Оюунчимэгийн “Би биеийг нь хартал 2 гар нь битүү, мөр, дал, хөл хэсэгт энд тэндгүй, нуруу нь хөхөрсөн байсан. Толгой руу нь цохиод байхаар нь толгойгоо 2 гараараа хааж байгаад 2 гараа цохиулсан гэсэн. ...Ховд аймагт байхдаа олон удаа хандаж байсан гэсэн, би ч гэсэн хандаж байсан. Алтанчимэгийн хашаанд амьдарч байхдаа 2 удаа цагдаа дуудсан гэсэн” гэх мэдүүлэг

гэрч Ц.Алтанчимэгийн “Б шөнө хүүхдээ авч явна, Аптансарнайг чи оройтож ирдэг, ирчихээд шууд унтдаг, надтай хамт сэрүүн байдаггүй, хаана хэнтэйгээ хамт явж байгаад ирж байгаа гэх мэтээр хэл амаар доромжилж дайрдаг. Мөн Аптансарнайгийн ээж, ахыг нь янз бүрийн үгээр доромжилдог. Би 2 удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Дайрч, толгой руу нь чичилдэг байсан” гэх мэдүүлэг,

хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.05-ны өдрийн ¹5848 тоот шинжээчийн дүгнэлт, “2015 оноос гэр бүлийн хүчирхийлэл эхэлсэн, сэтгэл санаа, бие махбодийн, цаашлаад эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн /нөхөр ажил хийдэггүй, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй/, Л.Алтансарнай одоо 5 сартай жирэмсэн” гэх Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээ, хохирогчийн өргөдөл болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Х овогт Х.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүний эсрэг байнга харгис хандаж, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор, торгох ялын нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус тооцсон болно.    

 Хохирогч нь “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргүүд  үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд харгис, хэрцгий догшин авирладаг зан үйлээ засах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Х. Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

   мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай жирэмсэн эмэгтэй хүний эсрэг байнга харгис хэрцгий хандаж, догшин авирласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 30 (гуч) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, харгис, хэрцгий догшин авирладаг зан үйлээ засах үүрэг болгосугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ