| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0564/Э |
| Дугаар | 598 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х овгийн Э.Дд холбогдох 1811009410648 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 13 дугаар гудамж, 399 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 37-377 тоотод түр оршин сууж байгаа,
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 904 дүгээр захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 22 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Э.Д, (РД:УШ00232110),
нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Дмэдүүлэхдээ:- Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 6-н буудал буюу Яргайтын 2 дугаар гудамжны үзүүрт танил Ганцэцэгтэй тааралдахад танил Чингүүнээ болон үл таних 2 залуу байсан бөгөөд бид нар хамтдаа буудалд орж 1 шил 0.75 граммын архи мөн том 2.5 литрийн савтай пиво гаргасан учир би пивоноос л жаахан уусан юм. Гэтэл энэ үед Чингүүнээ явлаа гээд гараад явчихсан, машины жолооч гэх залуу тасарчихсан байсан учир Ганцэцэг болон түүний өмнө найзалж байсан Сайханаа нарын хамтаар буудлаас гарсан. Харин анх буудалд орохоос өмнө Ганцэцэгээс уг залуу хэн юм бэ гэхэд өмнө нь надтай хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх үедээ намайг зоддог байсан гэхээр нь уг залууд, эмэгтэй хүн зодож болохгүй шүү гэхэд уг нь за л гэж байсан. Тэгээд буудлаас гарахдаа Сайханаа нь би Ганцэцэгт хайртай гэхээр нь хайртай гээд зоддог юм уу гэхэд тэгээд чи яах юм гэхээр нь би очоод нүүр рүү нь 2 удаа цохисон тул өөрөө хойшоо унасан юм. Сайханаа гэгчийн хамраас нь цус гоожсон тул би Ганцэцэгийг дагуулаад гэр рүү нь хүргэж өгчихөөд өөрөө гэр рүүгээ харьсан юм гэжээ.
Хохирогч Б.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед би өмнө нь найзалж байсан Ганцэцэгийн хамаатаны ах болох Чингүүнээгийн хамт 6-н буудлын замын зүүн талын эмийн сангийн гадаа зогсож байтал манай найз хүүхэн болох Ганцэцэг Соната-6 маркын машинтай залуугийн хамт дэлгүүрээс 2 шилтэй пиво аваад орж ирсэн. Тэгээд 1 цаг орчим болоод дахиж дэлгүүрээс 2 шилтэй пиво аваад машин руугаа орсон. Би Чингүүнээгээс мөнгө аваад замын эсрэг талын түцнээс тамхи авчихаад буцаад ирсэн. Тухайн үед Чингүүнээ Ганцэцэгээс мөнгө авах гээд хүлээгээд байсан юм. Удалгүй Ганцэцэг машинаасаа буугаад ирсэн бөгөөд 7-н буудал талаас тортой хувцас барьсан залуу хүрч ирсэн. Тэгээд тэд нар буудал орж архи уусан. Би араас нь орж архи уусан. Тэгээд соната-6 машинтай залуу нь тасарчихсан байсан бөгөөд би Ганцэцэг сүүлд ирсэн бид гурав архи пиво хувааж уугаад тэр буудлаас гарсан. Гарч ирэхэд Чингүүнээ явчихсан байсан. Бид нар 6-н буудлын Чингэлтэй тал руу нэг гудамжинд орсон бөгөөд Ганцэцэг тэр залууд Энхсайхан надтай үерхдэг байхдаа зодож дарамталдаг байсан гэх мэт зүйл ярьсан. Тэгтэл тэр залуу чи ямар их эмэгтэй хүн зодож дарамталдаг юм бэ гээд миний хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Дахиад миний баруун талын нүд рүү цохьсон. Тэгээд би явах гэсэн чинь цамцнаас татаад миний зүүн талын хөл рүү хавирч унагаагаад миний толгой руу 2-3 удаа цохьсон. Ганцэцэг дэлгүүр орж надад нойтон сальфетка авч өгөөд над руу шидчихээд тэр залууг боль гээд дагуулаад явсан. Тэгээд би босох гэсэн чинь хөл эвгүй болоод босч чадахгүй байсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн гэжээ.
Гэрч Г.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Чингэлтэй дүүргийн 6-н буудалд байрлах гудамж руу Дөлгөөн Энхсайхан бид нар орсон. Би халамцуу явсан учир Дөлгөөнд энэ залуу надтай амьдарч байх үедээ намайг зоддог байсан гэтэл Дөлгөөн уурлаад чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ гээд Энхсайханы хамар болон нүүр рүү цохьсон чинь хамарнаас нь цус гоожсон. Энэ үед Дөлгөөн дахин Б.Энхсайханыг шууд хавираад газар унагаасан чинь Энхсайхан босож чадахгүй байсан тул би нойтон сальфетка Энхсайханд өгөөд Дөлгөөнтэй хамтдаа явсан гэжээ.
Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.28-ны өдрийн ¹4015 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Энхсайханы биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод 3/1 хэсгийн далд зөрүүтэй хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Э.Д нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Г.Ганцэцэгийг зодсон гэх шалтгаанаар Б.Энхсайханыг зодсоноос хохирогчийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод 3/1 хэсгийн далд зөрүүтэй хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, духанд зулгаралт хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч Э.Дөлгөөний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхсайханы “...Ганцэцэг тэр залууд Энхсайхан надтай үерхдэг байхдаа зодож дарамталдаг байсан гэх мэт зүйл ярьсан. Тэгтэл тэр залуу чи ямар их эмэгтэй хүн зодож дарамталдаг юм бэ гээд миний хамар руу цохьсон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Дахиад миний баруун талын нүд рүү цохьсон. Тэгээд би явах гэсэн чинь цамцнаас татаад миний зүүн талын хөл рүү хавирч унагаагаад миний толгой руу 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганцэцэгийн “...Дд энэ залуу надтай амьдарч байх үедээ намайг зоддог байсан гэтэл Д уурлаад чи яахаараа эмэгтэй хүн зоддог юм бэ гээд Энхсайханы хамар болон нүүр рүү цохьсон чинь хамарнаас нь цус гоожсон. Энэ үед Дөлгөөн дахин Б.Энхсайханыг шууд хавираад газар унагаасан чинь Энхсайхан босож чадахгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.28-ны өдрийн ¹4015 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Х овгийн Э. Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба учруулсан хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахдаа түүний эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан уг зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзав.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 700.000 төгрөг нэхэмжилсэн боловч хуульд заасан шаардлага хангасан 94.150 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан боловч шүүгдэгчээс түүнд 700.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа байгаа ба хохирогч нь гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Х овогт Э.Дг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дг 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай.
4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дөлгөөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ