| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2508 01578 1957 |
| Дугаар | 2026/ДШМ/402 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/402
2026 04 07 2026/ДШМ/402
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2508 01578 1957 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
А- овгийн Б-ийн Б-, 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ..... тоотод оршин суух, /РД: УБ-/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон;
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Б- дүгээр гудамж 9 тоотод хамтран амьдрагч Н.М-тэй маргалдаж, хутга шидэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 66.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-д олгуулж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс 5.795.080 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хамтран амьдрагч Н.М-т учруулсан гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байгаа ба анхан шатны шүүхээс тогтоосон бодит хохирол болох Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 5.795.080 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би өөрийн хамтран амьдрагч Н.М-т маш их хайртайн дээр болгоомжгүй үйлдлээр өөрийн хайртай хүндээ маш их хэмжээний хохирол учруулж, цаашдын эрүүл мэнд болон амьдралд нь хохирол үлдээсэндээ асар их гэмшиж байна. Миний бие нь уг хүмүүжил сайн, ээж, эгч нар дундаа өсөж хүмүүжиж, эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх сэтгэл зүйтэй өссөн билээ. Би өөрийн гэм буруугийн талаар огт маргаагүйн зэрэгцээ шүүхээс оногдуулсан ял шийтгэлээ биелүүлж, засрал хүмүүжлээ олж, гараад цаашдын амьдралдаа дахин хамт эхлүүлж амьдрах хүсэлтэй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, 6.7 дугаар зүйл заалтыг журамлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ “хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Манай үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн. Иймд түүний хувийн байдал, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.М-ийн биед хүнд гэмтэл учирсан. Тухайн хутга түүний зүүн нүд, болон тархи руу нь 3 см зоогдсон. Иймд шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй байна. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхээс тогтоосон хохирол, хор уршиг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлөөгүй буюу ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 9 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Б- дүгээр гудамж 9 тоотод хамтран амьдрагч Н.М-тэй маргалдаж, хутга шидэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ийн “...2025 оны 03 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 04 цагийн үед миний М- дугаарын утас руу танихгүй дугаараас залгахаар нь авахад “та М-ийн төрсөн эгч үү” гэж асуухаар нь “тийм байна” гэхэд “та яаралтай Нэгдүгээр эмнэлэгт ирэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Намайг очиход Н.М- нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ухаангүй нүднээс нь цус гарчихсан боолт тавьчихсан байсан. Тэгээд эмчээс асуухад “зүүн нүд нь аяганаасаа гараад гоожчихсон ирсэн, нүд нь ямар ч хараа орох боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зүүн тархинд нь харвалт өгөөд хагалгаанд ороод үргэлжлүүлэн зүүн талын нүдээ угаар нь авхуулсан. Тархинд харвалт өгсөн шалтгааныг тогтооход “зүүн нүд рүү хутгаар хатгаж гэмтэл учруулснаас болж зүүн тархинд харвалт өгсөн” гэдэг онош гарсан. Манай дүү нийт 3 удаа хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа дүүгийн минь баруун тал бүхэлдээ мэдээгүй болсон. Зүүн нүдний гэмтлээсээ болж харвалт өгч улмаар уншиж бичих, бодож сэтгэх чадваргүй болж юмны нэршил хэлэх чадваргүй болсон. Ой санамжаа алдаж эцэг, эх, өөрийн нэрээ ч мэдэхгүй байсан. ...” /1 хх 15, 215/,
гэрч А.Б-ийн “...би 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ээжийнхээ гэрт 1 дүгээр хороололд байж байхад миний хүү Б- над руу залгаад “аав аа, би эхнэрийнхээ нүдийг сохолчихлоо” гэж хэлээд уйлаад байсан...” /1 хх 17/,
гэрч М.М-ын “... М- нь түргэн тусламжаар ирэхдээ гэмтэл авсан байдалтай 2025 оны 03 дугаар сарын 06-ны шөнийн 02-03 цагийн үед Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Зүүн нүдэндээ гэмтэлтэй байсан учир нүдний эмчийг дуудан үзүүлэхэд яаралтай мэс заслын заалт байхгүй байна гэсэн учир нүдэнд нь боолт хийсэн. М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан учир явуулах боломжгүй эрүүлжих үед нь толгойн томографт оруулж шинжилгээ хийлгэх, нүдний эмчид давтан үзүүлэхээр яаралтай тусламжийн тасагт шаардлагатай эмчилгээ тусламж үзүүлж байна...” /1 хх 23/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Н.М-ийн биед зүүн нүдний алимыг гэмтээж, гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн нүдний эвэрлэгийн нэвт гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх, шархаар шилэнцэр, хориод хуулрал, зүүн нүдний хараагүйдэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн суурийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёрдогч зөөлөн бүрхүүлийн үрэвсэл, талласан саа саажилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас зүүн нүдний доторх агуулагдахууныг авах мэс засал хийгдсэн байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 2.21.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдалдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 638 дугаартай дүгнэлт /1 хх 42-44/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ “... Н.М-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм хамт олон, гэр бүлийн дэмжлэг, хүрээлэн буй орчин, сэтгэцийн тусламж үйлчилгээ авах, биеийн эдгэрэл, цаашид нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авах зэргээс шалтгаална. ...” гэсэн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3709 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 185-187/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Н.М- нь Өөр бүлэгт ангилсан бусад тодорхой өвчний үеийн тэнэгрэл. Хэсэгчилсэн тэнэгрэл сэтгэцийн эмгэгтэй байна. Ямар үе шатандаа явж байгааг тодорхойлох боломжгүй. Уг эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Н.М- нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадваргүй байна. Н.М- нь Өөр бүлэгт ангилсан бусад тодорхой өвчний үеийн тэнэгрэл. Хэсэгчилсэн тэнэгрэл сэтгэцийн эмгэгтэй байгаа тул хэл ярианы байдал, сэтгэн бодох чадвар суларсан байна. Н.М- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Өөр бүлэгт ангилсан бусад тодорхой өвчний үеийн тэнэгрэл. Хэсэгчилсэн тэнэгрэл сэтгэцийн эмгэгтэй болсон байх боломжтой байна. Уг эмгэг нь ямар хугацаанд үргэлжлэх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. ...” гэсэн 987 дугаартай дүгнэлт /1 хх 196-201/,
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/488 дугаартай “Н.М- 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хооронд мэдрэлийн эмнэл зүйн төвд хэвтэн эмчлүүлсэн” өвчний түүхийн хуулбар /1 хх 95-164/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б-ээс “... оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг арилаагүй, хохирогчийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд хүнд нөхцөл байдалд байгаа, мөн шүүдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР