Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 604

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Агар,

            Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан,      

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Н. Бт холбогдох 1811002340171 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг 143 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо Хангайн 7-257 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 607 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Б (РД:),

            нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15-534 тоот хашаанд байрлах Ц.Эрдэнчимэгийн монгол гэрийг Ц.Эрдэнэчимэг, Д.Алтансарнай, Ө.Бямбазориг, Э.Доломсүрэн, Э.Дөлгөөн нарыг гэр дотор байхад нь олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар устгахыг завдсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бямбазориг ах бид хоёр хоорондоо маргалдсан. Түүнээс биш би тухайн айлыг санаатайгаар галдан шатаах санаа байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: - Би хаалгыг нь гаднаас нь татаад онгойлгохгүй байхаар нь хүчтэй татаад түгжээг нь татаад эвдээд онгойлгочихсон. Гэтэл Зоригоо ах хаалгаар толгойгоо гаргаж ирэхээр нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохьчихсон чинь Зоригоо ах хаалгаар над руу тоосго шидсэн, гэхдээ намайг оноогүй. Тэгээд хаалгаа дотроос нь татчихаад намайг оруулахгүй байхаар нь гэрийн зүүн талд очоод өөрийн халаасанд байсан шүдэнзнээс асаагаад гэрийг гаднаас нь шатаасан. Тэгээд би гэрээс жаахан зайтай зогсож байтал гэр гаднаасаа шатаж эхэлсэн. Тэгээд Зоригоо ах, эхнэр нь, эхнэрийн найз нь гарч ирээд Зоригоо ах ус цацаж унтраасан. Тэгээд гал нь унтарчихаар нь яваад өгсөн гэжээ.

            Хохирогч Ц.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: - Тэгээд цаашаа явчихлаа гэж бодоод хаалгаа хаачихаад байж байхад манай охин Доломсүрэн ээжээ зүүн талаас утаа гараад байна гэж хэлсэн. Тэгээд би охиноо гараад харчих гэж хэлсэн. … Бямбазориг, Алтансарнай, Доломсүрэн нар ус цацаж унтраасан. Тэгээд цагдаа дуудсан гэжээ.

Хохирогч Д.Алтансарнай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: - ...бид нар хаалгаа хаачихаад хогийн шүүрээр дотроосоо цоожилчихоод байж байхад Эрдэнэчимэгийн охин Доломсүрэн хиншүү үнэртээд байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэгийн охин гарч харчихаад гал гарч байна гэсэн. Тэгээд бид нар гэрээс гарахад Эрдэнэчимэгийн гэр зүүн талаасаа гал гарч байсан гэжээ.

Хохирогч Ө.Бямбазориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- …Алтансарнай бид хоёр байж байгаад явъя гэж бодоод байж байхад гаднаас Хуягаа орж ирэх гээд байхаар нь хаалгыг дотроос нь түгжчихээд байж байхад Хуягаа хаалгыг нь татсаар байгаад хаалганы цоожийг нь эвдээд онгойлгоод  ороод ирсэн. Тухайн үед Хуягааг Эрдэнэчимэг зайл гээд хөөхөд цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Тэгээд Хуягаа над руу дайраад бид нар гар гэж байгаад арай гэж гаргачихаад байж байхад хаалга онгойлгоод гаднаас над руу тоосго шидээд байсан. Тухайн үедээ намайг оноогүй. Тэгээд бид нар гэрээс гарахад Эрдэнэчимэгийн гэр зүүн талаасаа галд шатаж байсан. Тэгээд би гэр рүү орж ус аваад гал руу цацаж унтраасан. Тэр үед нөгөө Хуягаа гэдэг эрэгтэй болон түүний найз байхгүй байсан гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.Доломсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-... бид нар гэртээ байж байгаад явчихлаа гэж бодоод байж байхад гэрийн зүүн хэсгээс хиншүү үнэртээд эхэлсэн. Тэгээд би ээжид хиншүү үнэртээд байна гэж хэлсэн чинь намайг гараад харчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай гэрийн зүүн талын хаяанаас гал гарч байсан. Тэгээд би ээжид хэлээд Зоригоо ах гараад ус цацаж унтраасан юм. Тэр үед нөгөө хоёр ах байхгүй байсан. Гал гарах үед гэрт Зоригоо ах, Алтай эгч, ээж, би манай дүү нар байсан. Тухайн үед тэр хүмүүс гэр шатаана гэж хэлээгүй. Явчихлаа гэж бодоод байж байхад гэрийн гаднаас гал гарч эхэлсэн гэжээ.

Гэрч Л.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- …Намайг гадаа байхад Батхуяг халааснаасаа шүдэнз гаргаж ирчихээд шатаана гээд байсан. Тэгээд би ахын дүү айлд ирчихээд ингэж болдоггүй юм, одоо явъя гэхэд та түрүүлээд явж бай гээд байсан. Тэгээд би учирлаж хэлчихээд авч явах гэхэд дийлдэхгүй болохоор нь түрүүлээд гэр рүүгээ явсан. Намайг явсны дараа юу болсныг сайн мэдэхгүй байна. Сүүлд нь нилээн хэд хоногийн дараа гэрийг нь шатаасан, цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тухайн үед Батхуягт өөрт нь шүдэнз явж байсан. Бид хоёрыг гэрээс гарах үед хамт архи уусан Зоригоо гэдэг эрэгтэй эхнэрийн хамт, очсон айлын эмэгтэй 2 хүүхдийн хамтаар үлдсэн гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15-534 тоот хашаанд оршин суух Ц.Эрдэнчимэгийн монгол гэрт  Л.Алтангэрэл, Ө.Бямбазориг, түүний эхнэр Д.Алтансарнай нарын хамт очиж, архи ууж байх үедээ Ө.Бямбазоригтой маргалдаж, улмаар гэрийн эзэгтэй болон Ө.Бямбазориг нар Н.Батхуяг, Л.Алтангэрэл нарыг гэрээс хөөж гаргасны дараа Н.Батхуяг нь санаатайгаар гэрийн гаднаас шүдэнзээр гал гаргажээ. Тухайн үед гэр дотор Ц.Эрдэнэчимэг, түүний хүүхдүүд болох Э.Доломсүрэн, Э.Дөлгөөн, болон найз Д.Алтансарнай, түүний нөхөр Ө.Бямбазориг нарын 3 том хүн, 2 хүүхэд байсан бөгөөд тэд гэр гаднаасаа шатаж байгааг мэдсэн даруй галыг унтраасан болох нь шүүгдэгч Н.Батхуягийн “Тэгээд хаалгаа дотроос нь татчихаад намайг оруулахгүй байхаар нь гэрийн зүүн талд очоод өөрийн халаасанд байсан шүдэнзнээс асаагаад гэрийг гаднаас нь шатаасан” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “Тэгээд цаашаа явчихлаа гэж бодоод хаалгаа хаачихаад байж байхад манай охин Доломсүрэн ээжээ зүүн талаас утаа гараад байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Алтансарнайгийн “... бид нар хаалгаа хаачихаад хогийн шүүрээр дотроосоо цоожилчихоод байж байхад Эрдэнэчимэгийн охин Доломсүрэн хиншүү үнэртээд байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэгийн охин гарч харчихаад гал гарч байна гэсэн. Тэгээд бид нар гэрээс гарахад Эрдэнэчимэгийн гэр зүүн талаасаа гал гарч байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ө.Бямбазоригийн “... бид нар гэрээс гарахад Эрдэнэчимэг гэр зүүн талаасаа галд шатаж байна гэсэн. Тэгээд би гэр рүү орж ус аваад гал руу цацаж унтраасан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Доломсүрэнгийн “Тэгээд бид нар гэртээ байж байгаад явчихлаа гэж бодоод байж байхад гэрийн зүүн хэсгээс хиншүү үнэртээд эхэлсэн. Тэгээд би ээжид хиншүү үнэртээд байна гэж хэлсэн чинь намайг гараад харчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад гэрийн гадаа гарахад манай гэрийн зүүн талын хаяанаас гал гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Алтангэрэлийн “Намайг гадаа байхад Батхуяг халааснаасаа шүдэнз гаргаж ирчихээд шатаана гээд байсан. Тэгээд би ахын дүү айлд ирчихээд ингэж болдоггүй юм, одоо явъя гэхэд та түрүүлээд явж бай гээд байсан. Тэгээд би учирлаж хэлчихээд авч явах гэхэд дийлдэхгүй болохоор нь түрүүлээд гэр рүүгээ явсан. Тухайн үед Бт өөрт нь шүдэнз явж байсан” гэх мэдүүлэг,

 

 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Б овогт Н. Б-г олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгахыг завдсан гэмт хэрэг гэм үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан тул түүнд ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн дээрх тусгай ангид заасан ялын дээд хэмжээ буюу 8 жилийн хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр тогтоолоо.   

 Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сард Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан боловч тэрээр дээрх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдэхийг завджээ.

Иймд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, түүний 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ингэхдээ өмнөх шүүхийн тогтоолоор шүүгдэгч Н.Бг гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай байсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримталсан тул түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан ял оногдуулахдаа дээрх журмыг харгалзсан болно.      

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бт хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлж тооцлоо.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгчээс эд хөрөнгийн хохирлын 257.000 төгрөг нөхөн төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Н.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  зааснаар шүүгдэгч Н.Бг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, уг заалтад “Эрүүгийн хуулийн 8.1, 8.2, 8.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 120 (нэг зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай” гэж нэмэлт оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 15 хоногийн хугацаагаар хорих ялд дүйцүүлж, нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 15 (арван тав) хоногийн хугацагаар хорих ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 2 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 103 (нэг зуун гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ