| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2406 07619 0346 |
| Дугаар | 2026/ДШМ/403 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Саранзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/403
2026 04 07 2026/ДШМ/403
Р.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Саранзаяа,
шүүгдэгч Р.Ц-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 07619 0346 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Р-ийн Ц-, 1961 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЦР-/;
Шүүгдэгч Р.Ц- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрнөх хорооллын гадна зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Э-ийн эзэмшлийн Э- УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, хууль бусаар устгасны улмаас хохирогч Д.Э-д 1.875.750 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Р.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-ийг эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчихыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Ц-ээс 2.265.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгож, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Уг хэргийн хохирогч Д.Э-д 2.265.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, гомдол, хохиролгүй болгосон бөгөөд би хийсэн хэргээ ухамсарлаж, гэмшиж байгаа болно. Миний бие нь Хилчин спорт зааланд бөхийн бэлтгэл сургууль хийлгэж, хүүхдүүдтэй ажиллахаас гадна, Үндэсний бөхийн хөлийн цэцээр ажиллаж хөдөө, гадаа явдаг тул миний энэ байдлыг харгалзан, ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Саранзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө нь хохрогчид учруулсан хохирлыг төлсөн боловч тэрээр анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхийн дуудсан цагт ирэхгүй шүүхээс албадан ирүүлж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Р.Ц- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өрнөх хорооллын гадна зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Э-ийн эзэмшлийн Э- УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалж, хууль бусаар устгасны улмаас хохирогч Д.Э-д 1.875.750 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн “... Би “Есүс христ”-ийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмд гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа ба манай үйлчлүүлэгч байгууллагын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийн салхины шилийг 2024 оны 10 аар сарын 06-ны өдөр үл таних хүн санаатай хагалсны улмаас би өөрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хууль ёсны эрх, ашгийг хамгаалахаар цагдаагийн байгууллагад хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг өгч байгаа юм. Тухайн унаж явсан жолооч машинд засвар үйлчилгээ хийлгэснийг сүмийн зүгээс жолоочид бүрэн төлж барагдуулсан байгаа харин яллагдагч талаас хохирол огт барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 72-73/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... цэнхэр өнгийн дээл өмссөн эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй ... Батмөнхийн автомашины зүүн талд очиж зогсоод шалтгаангүй зүүн гараараа цохиж байв. ...” /хх 21-22/, “Дамно” хөрөнгө үнэлгээний тайлан “... салхины шил 1,875,750 төгрөгөөр үнэлсэн...” /хх 18/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ц-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Ц-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Р.Ц-ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролдоо 2.265.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.
Мөн шүүгдэгч Р.Ц-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Р.Ц- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Р.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсэгтээ шүүгдэгчийн Р- овгийг Р- гэж таашаа бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Шүүгдэгч нь хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 2.265.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Р-ийн ...” гэснийг “... Р-ийн ...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.” гэснийг “... 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Ц- нь шүүхээс оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ц- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн,
“Шүүгдэгч Р.Ц- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д 2.265.000 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг төлснийг дурдсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР