Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 126/2019/0035/З |
Дугаар | 299 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 299
“И” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч Г.Мөнхтулга, Д.Догсом нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: “...татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай”,
Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Ц, өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарыг оролцуулан,
Гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-ийн 1, 4.15-ийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 307 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “И” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Мөнхтулга, Д.Догсом нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот шийтгэлийн хуудаснуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хавтаст хэргийн 52-57 дугаар хуудаст нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан захирамж байгаа боловч 0294607, 0294608 тоот акт хавтаст хэрэгт авагдаагүй, зөвхөн хариуцагч улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 тоот, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 тоот шийтгэлийн хуудаснууд авагдсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх шийтгэлийн хуудаснаас тусдаа акт бичигдсэн эсэх, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад тодруулалгүй, эргэлзээ бүхий шүүгчийн захирамжийг үнэлэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 29, 31 дэх хуудаст авагдсан хариуцагч нарын тайлбараас үзэхэд “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 170294607 тоот актыг хүчингүй болгуулах, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 170294608 актыг хүчингүй болгуулах ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэснээс үзэхэд он сар, дугаар нь өөр акт бичигдсэн талаар тайлбар гаргасан байхад давж заалдах шатны шүүх акт, шийтгэлийн хуудас нь нэг захиргааны акт гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
4. “И” ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн 294607 тоот шийтгэлийн хуудастай холбоотой асуудал 2013 оноос эхлэн үргэлжилж байна. Учир нь, “И” ХХК-ийн 2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэлт бичиж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Улмаар цагдаагийн байгууллага шалгаж, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэтэл татварын улсын байцаагч нар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж захиргааны хариуцлагаас өршөөгдсөн зөрчилд дахин 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 170001987 дугаартай акт бичиж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар 5 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болоход 170294607 тоот шийтгэлийн хуудас бичсэн.
5. Татварын улсын байцаагч нар дүгнэлтийн дагуу шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа акт бичихдээ дараах дүрмийг зөрчсөн. Үүнд: Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар баталсан “Татварын хяналт шалгалт үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.17.4-д “татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авснаас хойш Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот Прокурорын тогтоол гарснаас хойш 1 жил 3 сарын дараа акт бичсэн, түүнчлэн өршөөлийн хуулиар өршөөгдсөн хариуцлагад дахин торгууль, алданги бодож гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
7. Хөвсгөл аймаг дахь Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Мөнхтулга, Д.Догсом нарын үйлдсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг баримтлан нөхөн татвар, торгууль, хүү нийт 59,227,874 төгрөгийг төлүүлэхээр; мөн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг тус тус баримтлан нөхөн татвар, торгууль, хүү нийт 47,168,180 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон, эдгээр шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор “И” ХХК-иас гомдлын шаардлага гаргажээ.
8. Хэргийн оролцогч нар нь 0294607, 0294608 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус шийтгэл оногдуулсан зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоосон үйл баримтыг, татварын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 0294607 дугаар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0294608 дугаар актууд болон татварын хяналтын шалгалтаар тогтоосон зөрчлийн талаарх үйл баримтад хамааралгүй гэж маргаагүй, харин уг хоёр актыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “И” ХХК нь татгалзсаныг баталсан Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10, 11 дүгээр захирамжууд тус тус хүчин төгөлдөр байхад тухайн асуудлаар шүүхэд гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж хариуцагчаас, шийтгэлийн хуудас, акт ялгаатай, шийтгэлийн хуудаст холбогдуулж гомдлын шаардлага гаргаж байгаа тул шүүхэд дахин маргах эрх нээлттэй гэж гомдол гаргагчийн зүгээс тус тус маргажээ.
9. Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02, 03 дугаартай тогтоолуудаар татварын улсын байцаагчийн 0294607, 0294608 дугаар шийтгэлийн хуудсаар тус тус оногдуулсан торгууль, хүүг хүчингүй болгосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “оролцогч ...эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх”-ээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “...“гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, .../-ийг/” ойлгохоор тус тус зааснаас үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоож, шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг шүүх хүлээн авч, шалган шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөнө.
11. Гэтэл анхан шатны шүүх, шүүх хуралдааны үеэр илэрч тогтоогдсон хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт өгөлгүй, “шийтгэлийн хуудас нь гомдлоор үүсэх маргааны төрөл” гэх юуг нотлох, юуг үгүйсгэх зорилготой нь ойлгомжгүй дүгнэлтээр, “И” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.
12. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан ба уг үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх “И” ХХК-ийн тухайн асуудлаар дахин маргаж, гомдлын шаардлага гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1,109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцсэн байна.
13. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “И” ХХК-ийн захирал Ч.Цын “...шийтгэлийн хуудаснаас тусдаа акт бичигдсэн эсэх, хэрэгт 0294607, 0294608 тоот акт авагдаагүй байхад тодруулаагүй, ...акт, шийтгэлийн хуудас нь нэг захиргааны акт гэж буруу үнэлсэн, ...Өршөөлийн хуулиар өршөөгдсөн хариуцлагад дахин торгууль, алданги бодож эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлоор магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.