Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00451

 

Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар магадлалтай,

Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,

МУИС-д холбогдох,

Монгол Улсын их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтайван, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Худалдааны сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль нэртэй байхад нь архивч гэсэн албан тушаал дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд сургууль нэгдэх хүртэл энэ албан тушаал дээрээ ажиллаж байгаад 2013 оны 11 сар хүртэл бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахаар хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллаж байгаад 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Ингээд хүүхдээ харах албан ёсны чөлөөгөө авахаар 2014 оны 06 дугаар сарын 21-нд хүний нөөцтэй утсаар ярихад чи хөдөө байгаа юм чинь долоо хоногийн дараа яриарай асуудлыг чинь судлья гэсэн. Ингээд хариу хэлэхгүй болохоор 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр очоод биеэр уулзахад ажлаас халсан 2014 оны 02 дугаар сарын 10-ны А/28 тоот Монгол Улсын Их сургуулийн захирлын тушаалыг өгсөн. Дээрх тушаалыг эс  зөвшөөрч, нэхэмжлэл гаргасан, шүүх ”Худалдааны сургуулийн захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол улсын их сургуульд даалгах шийдвэр гаргасан.

Монгол улсын их сургууль өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2016 оны Б/94 тоот тушаалаар хүний оронд өөрөөр хэлбэл номын санч Б.Гантуяагийн чөлөөтэй байх хугацаанд 2016 оны өдрөөс түр хугацаагаар ТҮ-6-аар цалинжуулан ажиллуулахаар тушаал гаргасныг  хүлээн зөвшөөрөхгүй.

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/23 тоот тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу ТҮ-7 болсон гээд тус сургуулиас албан ёсны баримтаа шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржид гаргаж өгөөд байхад намайг ТҮ-6-аар цалинжуулна гээд өмнө ажиллаж байсан албан тушаалын цалинг бууруулаад байгаа. Иймд  Монгол Улсын их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүй болгож, хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолын дагуу өмнөх ажил үүрэгтэй адил чанарын өөр ажил албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг МУИС-д даалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 3-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан тайлбартаа: Одонтунгалагийг жирэмсний амралттай байх хугацаанд Д.Алтанчимэгийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Худалдааны сургуулийн захирлын туслахаар түр хугацаагаар ажилд томилсон байдаг бөгөөд цалингийн сүлжээ нь ТҮ-6 аар цалинжихаар заагдсан. Цалингийн хэмжээ нь 610 500 төгрөг байсан. Үндсэн орон тооны ажилтан Т.Одонтунгалаг нь ажил албан тушаалдаа эргэн Нөгөө талаас нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж үзэж буй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрт заасан дүйцүүлэх албан тушаалд нь томилсон гэдгийг нотлох дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа юм. Үүнд:

Цалин хөлсний хувьд эрх зүйн байдал дордох биш дээрдсэнийг харуулах өмнөх ба дараах цалингийн тушаал

Ажлын байрны тодорхойлолтонд дурдсан ажил үүрэг, ажлын ачаалал ойролцоо тэнцүү болохыг харуулах 2 ширхэг ажлын байрны тодорхойлолт

Бичиг хэргийн ерөнхий ур чадвар, бичиг баримт цэгцлэх, ном болон бичиг хэрэг өрж тавих, хадгалах, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх нийтлэг шалгууртай. Харин ч захирлын туслахын албан тушаал нь магистрын зэрэг шаарддаг бол, номын санчийн албан тушаал нь бакалавр байхад хангалттай. Худалдааны сургуульд номын санчаар ажиллаж байснаа өмнөх хэрэгт шүүхэд мэдүүлж ирсэн байдаг. Захирлын туслах нь байгууллагын боловсон хүчний чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан байх ёстой бол, номын санчид ямар нэг ажлын туршлага шаардаагүй. Үүгээрээ эрх зүйн байдлыг нь харин ч дээрдүүлсэн. Ажлын нөхцөл адилхан хэвийн ажлын ачааллын хувьд адилхан ажлын 8 цагаар ажиллахаар байгаа. Нэхэмжлэгч нь томилсон ажилд ирж ороогүй хирнээ ажилд аваад халах гээд байна гэсэн хардлагыг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Эдийн засгийн хямралтай, орлогын тасалдалтай байгаа өнөө үед шүүхийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж дүйцүүлэх ажилд нь авах тушаал, шийдвэрээ гаргасан байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Их сургуулиас 4.046.325 төгрөгийг гаргуулж Д.Алтанчимэгт олгож, Д.Алтанчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг Монгол Улсын Их сургуульд даалгаж, Д.Алтанчимэгийн Монгол Улсын Их сургуулийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг болон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтанчимэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Монгол Улсын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 79.691 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01356 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 370 дугаар магадлалыг эс зөвшөөрөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Алтанчимэг намайг хариуцагч 2014 оны А/28 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан тушаал шийдвэрийг өгснөөр шүүхэд миний бие гомдол гаргаснаар шат шатны шүүхээс нэхэмжлэгч намайг “захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Монгол улсын их сургуульд даалгасугай'' гэсэн шийдвэрүүдийг гаргасан билээ.

Миний хийж байсан бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахын цалин тус сургуулийн захирлын 2016 оны А/23 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын дагуу ТҮ-6 байснаа ТҮ-7 болсон байхад 2016 оны Б/94 дугаар тушаалд заасан номын санчийн түр орон тоогоор ажиллах албан тушаалд ТҮ-6-гаар цалинжуулах гэж заасан нь албан тушаал бууруулж захирлын туслахтай адил чанарын өөр албан тушаал биш харин шатлал бууруулж томилсон нь дээрх шүүхийн шийдвэрүүдэд заасан адил чанарын албан тушаал гэж үзэх ёстой юу. Тэгээд ч намайг түр хүний оронд ажиллуулчихаад хүн нь ирэхээр эргээд хална гэж хүний нөөц өөрөө хэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар миний бие эргээд ажил дээрээ томилогдоогүй адил чанарын албан тушаалд томилогдож байгаа учраас Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 21-д зааснаар харилцан тохиролцож байгуулсны дараа уг гэрээг үндэслээд цалин хөлс тогтоосон тушаал шийдвэр нь гарах ёстой гэж үзэж байна.

Намайг 2016 оны Б/94 тоот тушаал гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаал шийдвэр гаргаж өгөхгүй мөртлөө эргээд ажил үүргээ хийх гэхээр цалин хөлс бууруулсан буюу түр томилох гэсэн шүүхийн шийдвэрт зааснаас өөрөөр тушаал шийдвэрээ гаргаад байгааг шат шатны шүүхүүд харгалзаж үзэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх тухай ИХШХШТХ-ийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчин хариуцагчийн талд үйлчилж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Энэ алдааг давж заалдах шатны шүүх мөн анхаарч үзсэнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5809 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1472 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 83 дугаар тогтоолоор Д.Алтанчимэгийг Худалдааны сургуулийн захирлын туслахтай адил чанарын өөр ажил албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч МУИС-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Д.Алтанчимэгийг номын санч Б.Гантуяагийн чөлөөтэй байх хугацаанд 2016 оны 3 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулах, цалинг ТҮ-6-2 шатлал буюу 849.000 төгрөгөөр тогтоож олгохоор шийдвэрлэжээ /хавтаст хэргийн16-34, 37 дугаар тал/.

МУИС-ийн номын санч болон Д.Алтанчимэгийн өмнө эрхэлж байсан Худалдааны сургуулийн захирлын туслахын ажил нь ажиллах нөхцлийн хувьд адилхан, өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажил үүрэг, ажлын ачаалал нь ойролцоо, ажлын үргэлжлэх цаг 8, хэвийн нөхцөлтэй болохоос гадна цалин өмнөхөөс нэмэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн “...МУИС-ийн захирлын 2016 оны Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг дээрх тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас 4.046.325 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Д.Алтанчимэг нь МУИС-ийн захирлын Б/94 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Алтанчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ