| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0574/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч, хохирогч Ю.Б,
Шүүгдэгч, хохирогч Ч.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А овогт Ю.Б, Ө овогт Ч.М нарт холбогдох 1811015670553 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Тэнүүн Огоо” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 27-603 тоотод оршин суудаг,
-Говь-Алтай аймгийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, А овогт Ю.Б (РД:),
2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Скай хайпер маркет дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг, ам бүл 3, эхнэр 7 сартай хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 4-292 тоотод түр оршин суудаг, Ө овогт Ч.М
Шүүгдэгч Ю.Б нь 49-26 УНА улсын дугаартай автобус, шүүгдэгч Ч.М нь 81-30 УНМ улсын дугаартай автомашин жолоодож яваад 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн замд машин болон автобус замаар явж байхад шахаж замын хөдөлгөөнд саад учрууллаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр Ю.Бс шүүгдэгч, хохирогчоор мэдүүлэхдээ:-2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Ар Согоот өнгөрөөд явж байтал араас машин сигналдсан. Харахад аваараа татсан жижиг машин явж байсан. Би Шадивлангийн буудал дээр хүнээ буулгаад байж байтал жижиг тэрэг дарж орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад намайг чи муу яаж яваад байгаа лалар вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хойшил гэж хэлээд урдуур нь тойроод гарч цаашаа явч Шадивлангийн эцэс дээр үлдсэн хүмүүсээ буулгах үед Ч.Мөнхтөр орж ирсэн. Тэгээд миний цамнаас зуураад шат руу унасан. Ч.Мөнхтөрийг тулаад босч ирэхэд миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгэхээр нь би Ч.Мөнхтөрийн цамцны захнаас зуурах үед Ч.Мөнхтөрийн ээж, эхнэр нь ирж над руу зэрэг дайрсан. Тэр үед манай эхнэр цуг явж байсан учир боль гэж хэлэхэд манай эхнэрийг хэл амаар доромжилж өшиглөж цохисон. Тэгэхээр нь би Ч.Мөнхтөрийг өөрөөсөө салгаад эхнэрээ ардаа зогсоосон. Тэгээд Ч.Мөнхтөрийг автобуснаас буулгаж би эхнэрээ цагдаа дууд гэж хэлсэн. Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, шүдээ янзлуулмаар байна. Миний сарын цалин 1.700.000 төгрөг байдаг гэв.
Шүүгдэгч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд 49-26 УНА улсын дугаартай “Тэнүүн-Огоо” ХХК-ийн эзэмшлийн автобусаар “Шадивлан-Чингис-Сосэ” чиглэлд ажил үүргээ гүйцэтгэн хойшоо Шадивлан чиглэл рүү явж байтал ар талд аваараа асаасан гэрэлгүй машин ирээд сигналдаад байсан. Тэр үед 1-р эгнээнд машин явж байсан тул би хажуугаар нь өнгөрөөд 1-р эгнээ рүү шилжтэл шууд машинтайгаа ирж урд зам хааж зогсоод юм хэлэхээр нь лавлахад лалар минь яаж яваад байгаа юм бэ. Ална шүү чамайг гэхээр нь хуцаад бай, хойшоо гэхэд машинаа бүр урагшаа шахсан тул би автобусаа урагшаа шахаж байгаад хажуугаар нь гараад 2-р эгнээгээр явтал тэр залуу араас эгнээгээрээ явалгүй эсрэг урсгал руу ороод байх үед өөдөөс нь машин гэрлээ шилжүүлэх үед уг залуу эгнээндээ миний араас орсон. Ингээд Шадивлангийн эцэс дээр очиж зорчигч нараа буулгаж байтал нөгөө машинтай залуу автобусны урд ирж зогсод 20-25 орчим насны залуу, хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, бас нэг хүүхэн гээд 3 хүн бууж ирээд нөгөө залуу урд хаалгаар орох гээд зүтгээд байхаар нь би өөдөөс нь бууж очиход намайг татаж буулгах гээд футволкноос барьж аваад татсан тул би автобуснаас буутал миний зүүн чих рүү шууд гараараа цохьсон” гэжээ.
Шүүх хуралдаан дээр Ч.Мс шүүгдэгч, хохирогчоор мэдүүлэхдээ: -2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед ээж, гэр бүлийн хүний хамт зуслангийн замд явж байсан. Автобусны буудал дээр автобус зогсож байсан. Би 1 дүгээр эгнээгээр явж байтал автобус гэрэл дохио өгөхгүйгээр хажуугаар огцом дарж орж ирсэн. Би тухайн үед хүүхэдтэй явж байсан. Машинаа огцом тормоослох үед аваарийн дохио дарагдсан байсан. Тэгээд би 2 дугаар эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан автобус намайг эсрэг урсгал руу шахаж гүйцэж түрүүлээд явсан. Тэгэхээр нь би автобусны буудлын урд зогсож машинаас буухад О.Банди ах өөрөө автобуснаасаа бууж ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Маргалдах үед намайг шанаадаж мушгиж унагааж чирсэн. Тэр үед байсан хэсэг залуучууд бид хоёрыг салгаад цагдаа дуудсан байгаа талаар хэлсэн. Тэгэхэд О.Банди автобус руу гүйсэн. Тэгэхээр нь би зугтаах гэж байна гэж ойлгон араас нь очих үед автобусны халгаар намайг хавчиж мөн цохисон, тэр үед цагдаагийн ажилтан ирсэн. Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд 81-30 УНМ улсын дугаартай Тоёото Белта маркийн машинаар өөрийн ээж Чанцалдулам, эхнэр Түмэнжаргал болон хүүгийн хамтаар Зуун-Модны зуслан руу хойшоо явж байсан юм. Гэтэл хойшоо зуслангийн замд явж байсан 49-26 УНА улсын дугаартай “Шадивлан-Чингис-Сосэ” чиглэлийн автобус автобусны зогсоол дээр зогсож байснаа дохио өгөлгүй шууд 2-р эгнээ рүү шахсан тул би хажуугаар нь өнгөрч явах үедээ толгой сэгсэрсэн чинь нөгөө автобусны жолооч дахин миний машиныг шахсан тул эсрэг урсгал руу орсон. Азаар эсрэг урсгалд машин байгаа юм. Ингээд уг автобус Шадивлангийн эцсийн зогсоол дээр очиж зогсох үед би бууж очоод чи яаж яваад байгаа юм бэ гэхэд уг жолооч нь шууд зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод шууд миний өмсөж явсан цамцаар хоолой боож хүзүүдэж дараад газар унагааж чирээд 3-4 удаа цээж рүү өшиглөсөн тул би тухайн үед өөрийгөө хамгаалж түүний цээж рүү 2 удаа цохисон. Ингээд би цагдаа дуудна гэтэл уг жолооч явах гээд автобусандаа суусан тул би явуулахгүй гэтэл урд хаалгаараа миний цээжийг хавчаад миний толгойг дараад зайл гээд цээж рүү өшиглөсөн гэжээ.
Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1.Г.Сэлэнгээс:-Шадивлан-2 гэх автобусны буудал дээр зогсоод хүмүүсээ буулгаж байхад дахиад 81-30 УНМ улсын дугаартай машинтай залуу урдуур нь шахаж зогсоод бууж ирээд пизда нохойгоор нь дуудаад байсан. 81-30 УНМ улсын дугаартай машиныг жолоодож явсан залуу бууж ирээд манай нөхрийг заамдаж авсны дараа эх нь ч юм уу эхнэр нь ч юм уу шар фудволктой хүүхэн дундуур нь орсон чинь бүр түрий бариад дайраад байсан. Тэгээд хоёулаа нийлээд манай нөхрийг автобус руу шахаад нүүр толгой хэсэг рүү нь цохиод байсан. Манай нөхрийг автобус руу шахчихсан байсан залуугийн ард талаас татсан чинь шар фудволктой хүүхэн намайг үсдэж доош нь дараад өшиглөсөн. Би доошоо тонгойчихсон байсан болохоор хөлийг нь харсан. Тухайн үед айж сандарсан байсан болохоор яг хаана өшиглөснийг нь мэдэхгүй байна. Хүн аллаа шүү дээ гээд орилсон чинь шар фудволктой эмэгтэй болихгүй намайг цохиод байсан. Тэгээд би босоод ирсэн чинь автобусны урд талын шатан дээр манай нөхрийг бөгсөөр нь суулгачихсан толгой түрийгүй нь цохиж байсан гэжээ.
2.Н.Чанцалнямаас:-Автобусны жолооч залуу манай хүү Мөнхтөрийг заамдаад бариад авсан. Тэгээд би буугаад чиний буруу, нялх нойтон хүүхэдтэй явж байхад шахаад урдаас машин ирсэн бол мөргөлдлөө гэсэн чинь тэр автобусны жолооч залуу Мөнхтөрийг гараараа нүүр толгой тархи руу нь цохиод байсан. Тэгээд би хүүхэд битгий зодоод бай гээд тэр жолооч залуугийн араас нь татсан чинь тэр залуугийн фудволк урагдчихсан юм. Тэгээд нөгөө жолооч залуу Мөнхтөрийг газар унагаагаад чирээд дээрээс нь цохиод байсан. Манай хүүг болохоор жолооч залуу нь зодсон гэжээ.
3.Д.Түмэнжаргалаас:-Автобусны жолооч манай нөхөртэй маргалдаж улмаар цохиод газар чирч зодсон. Манай нөхрийг газар унагаагаад зам дээр чирээд өшиглөж зодож байсан гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.29-ний өдрийн ¹6670 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Ч.Мн биед зүүн доод хэсэг болон баруун хажуу доод хэсэг, ар доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэн, өвчүүний баруун дээд хэсэг, нурууны зүүн дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.29-ны өдрийн ¹6798 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Ю.Бн биед 1-р шүдний сулрал, цээж, баруун бугалга, бүсэлхийнд цус хуралт, баруун бугалга, тохой, зүүн шуу, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн эрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн замд шүүгдэгч Ч.Мөнхтөр 81-30 УНМ улсын дугаартай суудлын автомашин жолоодож явах үедээ 49-26 УНА улсын дугаартай том оврын автобус жолоодож явсан шүүгдэгч Ю.Бг автобусаараа шахаж замын хөдөлгөөнд саад учрууллаа гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар тэд нар харилцан зодолдсоноос хохирогч Ю.Бандийн биед 1-р шүдний сулрал, цээж, баруун бугалга, бүсэлхийнд цус хуралт, баруун бугалга, тохой, зүүн шуу, тохойд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч Ч.Мөнхтөрийн биед зүүн доод хэсэг болон баруун хажуу доод хэсэг, ар доод хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн чихний дэлбэн, өвчүүний баруун дээд хэсэг, нурууны зүүн дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан болох нь
шүүгдэгч, хохирогч Ю.Бн “...2018 оны 5 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Ар Согоот өнгөрөөд явж байтал араас машин сигналдсан. Харахад аваараа татсан жижиг машин явж байсан. ... нөгөө машинтай залуу автобусны урд ирж зогсоод урд хаалгаар орох гээд зүтгээд байхаар нь би өөдөөс нь бууж очиход намайг татаж буулгах гээд футволкноос барьж аваад татсан тул би автобуснаас буутал миний зүүн чих рүү шууд гараараа цохьсон. Ч.Мөнхтөрийг тулаад босч ирэхэд миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгэхээр нь би Ч.Мн цамны захнаас зуурах үед Ч.Мөнхтөрийн ээж, эхнэр нь ирж над руу зэрэг дайрсан. Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй, шүдээ янзлуулмаар байна” гэх мэдүүлэг,
шүүгдэгч, хохирогч Ч.Мн “Би 1 дүгээр эгнээгээр явж байтал автобус гэрэл дохио өгөхгүйгээр хажуугаар огцом дарж орж ирсэн. Тэгээд би 2 дугаар эгнээгээр явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан автобус намайг эсрэг урсгал руу шахаж гүйцэж түрүүлээд явсан. Тэгэхээр нь би автобусны буудлын урд зогсож машинаас буухад О.Б ах өөрөө автобуснаасаа бууж ирсэн. Тэгээд би хоёр маргалдсан. Маргалдах үед намайг шанаадаж мушгиж унагааж чирсэн. Хохирогчийн хувьд надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
гэрч Г.Сэлэнгийн “81-30 УНМ улсын дугаартай машиныг жолоодож явсан залуу бууж ирээд манай нөхрийг заамдаж авсаны дараа эх нь ч юм уу эхнэр нь ч юм уу шар фудволктой хүүхэн дундуур нь орсон чинь бүр түрий бариад дайраад байсан. Тэгээд хоёулаа нийлээд манай нөхрийг автобус руу шахаад нүүр толгой хэсэг рүү нь цохиод байсан. ... автобусны урд талын шатан дээр манай нөхрийг бөгсөөр нь суулгачихсан толгой түрийгүй нь цохиж байсан” гэх мэдүүлэг,
гэрч Н.Чанцалнямын “Автобусны жолооч залуу манай хүү Мөнхтөрийг заамдаад бариад авсан. Тэгээд би буугаад чиний буруу нялх нойтон хүүхэдтэй явж байхад шахаад урдаас машин ирсэн бол мөргөлдлөө гэсэн чинь тэр автобусны жолооч залуу Мөнхтөрийг гараараа нүүр толгой тархи руу нь цохиод байсан. Тэгээд би хүүхэд битгий зодоод бай гээд тэр жолооч залуугийн араас нь татсан чинь тэр залуугийн фудволк урагдчихсан юм. Тэгээд нөгөө жолооч залуу Мөнхтөрийг газар унагаагаад чирээд дээрээс нь цохиод байсан. Манай хүүг болохоор жолооч залуу нь зодсон” гэх мэдүүлэг,
гэрч Д.Түмэнжаргалын “Автобусны жолооч манай нөхөртэй маргалдаж улмаар цохиод газар чирч зодсон. Манай нөхрийг газар унагаагаад зам дээр чирээд өшиглөж зодож байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.5.29-ний өдрийн ¹6670 тоот, 2018.5.29-ны өдрийн ¹6798 тоот шинжээчийн дүгнэлтүүд, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ачит овогт Юрагийн Банди, Өндөрийнхөн овогт Чанцалдуламын Мөнхтөр нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ю.Б, Ч.М нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов.
Шүүгдэгч Ю.Б, Ч.М нар торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хүсэлт гаргасныг хүлээн авах боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ю.Б, Ч.М нар нь “гомдол саналгүй” гэх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Ю.Б нь цаашид эмчилгээний зардалд гарсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч А овогт Ю.Б, Ө овогт Ч. М тус бүрийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Бг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.Мг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М, Ю.Б тус бүрт оногдуулсан торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М, Ю.Б нар нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Ю.Б, Ч.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ю.Б нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж, буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М, Ю.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ