| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2308029801182 |
| Дугаар | 2026/ДШМ/429 |
| Огноо | 2026-04-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/429
2026 04 10 2026/ДШМ/429
И.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Бат-Эрдэнэ,
хохирогч Д.Н-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч И.Т-гийн өмгөөлөгч Б.Баттуяа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн И.Т-д холбогдох эрүүгийн 2308029801182 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт И-гийн Т-, 1949 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 76 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, .... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:ХИ-/;
Шүүгдэгч И.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” сувиллын газарт нэг өрөөнд хамт байрласан Д.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр, ам хэсэгт нь цохиж, цээж, баруун, зүүн хавирга хэсэгт нь жийж өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: И.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт И-гийн Т-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Т-гээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан 290.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.850.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Н-д олгож, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.Н-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 944.500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох эрх бүхий этгээд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар И.Т-гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч И.Т-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа бүсчлэлийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг зөрчсөн байна.
Тодруулбал, оршин суух газраас явахыг хориглох хүрээг шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэсэн тодорхойлолтын дагуу шүүгдэгчийн оршин суух сумын нутаг дэвсгэр, эсхүл байнга оршин суух орон сууц, гэрээс зорчих, явахыг хориглож, хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхээр байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Т-д холбогдох хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн цорын ганц гэрч С.Г-с 2 удаа мэдүүлэг авсан ба мэдүүлгүүд зөрүүтэй байсан учраас өмгөөлөгч хүсэлт гаргаснаар түүнийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. ...Тэрээр шүүх хуралдаанд “...Тэгшээ бид хоёр амралтын газар амарч байсан. Нацагаа гэх эмэгтэй ирээд 0.75 литрийн архи гаргаж ирээд, бид нарыг “уу” гэсэн. Нэг харахад Н- Т-г дараад унасан байсан. Би салгасан. Н-, Т- хоёр эмнэлгийн байгууллагад хамт ажиллаж байсан юм билээ. Би Д.Н-ын буруу гэж бодож байна. ...” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Хохирогч Д.Н- 2023 оны 09 дүгээр сарын 11, 2024 оны 04 дүгээр сарын 05, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус мэдүүлэг өгсөн ба мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй, шүүх хуралдаанд нэг ч удаа оролцоогүй. Харин миний үйлчлүүлэгч И.Т- 2023 оны 09 дүгээр сарын 14, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч тус тус тогтвортой мэдүүлдэг. Шүүхээс гэрч Б.Т-, Б.Ц-, Ц.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Д-гийн мэдүүлэг, СиДи-г нотлох баримтаар үнэлснийг хуульд нийцээгүй буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэхгүй бөгөөд гэрч Б.Т- нь хохирогч Д.Н-ын охин, гэрч Б.Ц-, Ц.Б- нар нь бодит байдлыг хараагүй, мэдэх боломжгүй бөгөөд хажуу өрөөнд байсан хүмүүс. Шинжээч эмч Б.Д-гийн мэдүүлэгт “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэж мэдүүлсэн нь яг үүсгэгдсэн гээгүй, боломжтой, магадлалтай гэдэг нь магадгүй, тохиолдож болох гэдгээр тайлбарлагдах бөгөөд 76 настай хүний хувьд сандал болон мохоо зүйлд тээглэж унахад хавирга, шүд хугарах магадлалтай, өндөр настай хүнд нас ахих тусам яс нимгэрч, амархан хугардаг, архи ууснаас тэнцвэр муудаж, унах эрсдэл их, сандлын ирмэг, хатуу булан зэрэг нь нэг цэгт төвлөрсөн “локал” хүч өгдөг учраас шүүхээс энэ асуудлыг анхаараагүй. СиДи дэх бичлэгт Д.Н-ын охин нь хөтөлж асуугаад, зориуд хийсэн нь илт харагддаг. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ёстой. Гэтэл яаж хангагдаж байгааг дүгнээгүйн дээр санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой атал тийм ажиллагаа хийгээгүйн дээр миний үйлчлүүлэгч И.Т- 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан байхад яаж шийдвэрлэсэн эсэх талаарх баримт хэрэгт байхгүй. ...Миний үйлчлүүлэгч И.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Анхан шатны шүүх И.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон. Шүүгдэгчийн үйлдэл, түүний улмаас учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн. Шинжээч эмч Б.Д- “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, энэ гэмтлүүд нь нэг удаагийн уналтаас үүсэх боломжгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. ...” хэмээн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэсэн. Шүүгдэгчийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлт болон бусад хууль сануулж, мэдүүлэг авсан гэрч С.Г-, Б.Т-, Б.Ц- нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд И.Т-г цагаатгах хууль зүйн үндэслэлгүй. Прокурорын эсэргүүцлийн тухайд тусгайлсан тайлбар алга. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...унасан” гэсэн асуудал ярьдаг. Хохирогчид учирсан гэмтэл нь уналтаас үүсэх боломжгүй, мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсэх талаар шинжээч эмч мэдүүлсэн. Өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү. Харин шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа бүсчлэлийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Үүнийг агуулгын хувьд дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн оршин суух газрын тодорхойлолтыг гаргаж өгсөн байх тул хязгаарлалтыг тухайн бүсчлэлээр нь тогтоож, өөрчлөх боломжтой гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх И.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч И.Т- нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т-” сувиллын газарт нэг өрөөнд хамт байрласан Д.Н-тай “архи уулгах гэж шахаж, дарамталлаа” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр, ам хэсэгт нь цохих, цээж, баруун, зүүн хавирга хэсэгт нь жийж өшиглөн эрүүл мэндэд нь баруун 5-р хавирганы зөрүүтэй, зүүн 4-р хавирга эгэмний зөрүүгүй хугарал, зүүн доод шүдний хугарал, доод уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Н-ын “...сандал дээр сууж байхад И.Т- миний мөрөн дээр хүчтэй дараад гараад явсан. Буцаж орж ирээд орон дээр хэвтчихээр нь би явж очоод “яасан бэ, найз аа?” гэхэд И.Т- хэвтэж байхдаа миний цээж рүү жийсэн. Би хойшоо бөгсөөрөө газар унаад сууж байхад босож ирээд, миний нүүр рүү 1 удаа цохитол уруул сэтрээд, шүд хугарсан. Би тэр үед цээж болон нуруугаараа газар, эд зүйл дээр унаагүй, бөгсөөрөө газар унасан. ...” /1-р хх 29, 31/,
гэрч С.Г-ын “...Д.Н-, И.Т- хоёр хоорондоо зодолдсон. Д.Н- И.Т-г орон дээр хэвтэж байхад 1-2 удаа цохисон. И.Т- Д.Н-ыг жийгээд байсан. И.Т- босож ирээд Д.Н-ын нүүр рүү нэг удаа цохиход Д.Н-ын шүд унаад, амнаас нь цус гарсан. Д.Н- өөрөө унаагүй. ...” /1-р хх 45/,
гэрч Б.Ц-ийн “...Н- “би Т-д зодуулчихлаа” гээд надад амаа ангайж харуулаад байсан. Н-гийн 1 шүд нь хугарсан, завж нь язарсан байсан. Мөн цээж хөндүүрлээд, өвдөөд байна гээд байсан. Тухайн үед Н-, С.Г- хоёр өрөөнд орж ирэхдээ “урьд шөнө Т- намайг зодсон” гэж Н- хэлээд, С.Г- “Т- урьд шөнө Н-г зодоод явчихлаа” гэж хэлсэн. ...Урьд өдөр нь Т- гээд эмэгтэй нь бид нартай хөзөр тоглож байхдаа уурлаад, их ширүүн эмэгтэй байсан. Н-, С.Г- нарыг нутаг усаар нь дуудаад, дээрэлхээд байгаа шинжтэй байсан. ...” /1-р хх 50/,
гэрч Ж.Б-ын “...хөзөр тоглож байхад тэр Т- гээд эмэгтэй нь хожигдсондоо уурлаад, сонин эмэгтэй байсан. Н- гээд эмэгтэйг дээрэлхэх шинжтэй байсан. Маргааш өглөө нь Н- манай өрөөнд орж ирээд “намайг урьд шөнө Т- зодоод, миний шүдийг хугалаад, мөн цээжээр өвдөөд байна” гэж байсан. Удалгүй араас нь С.Г- ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад “Өчигдөр орой бид 3 жаахан архи уугаад, тэгээд Т- Н-г зодчихоод яваад өгсөн” гэж хэлсэн. ...” /1-р хх 52/,
гэрч Б.Т-ийн “...ээж Д.Н- над руу яриад “...Ээж нь Т-д зодуулчихлаа. ...” гэхээр нь би “Т-” амралтын газар очиход ээж Д.Н- Г- гэдэг эмэгтэйтэй хамт байж байсан. Би ээжээс юу болсон талаар асуухад “...Т- намайг ямар ч шалтгаангүйгээр зодчихлоо, миний цээжээр өвдөөд байна, бас шүд хугарчихлаа, уруулын дотор язарчихлаа. ...” гэж хэлсэн. Тэгээд би Г- гэдэг хүнээс юу болсон талаар асуухад “...Д.Н-ыг Т- дээрээс нь дэвсээд зодчихсон. Энэ шалаар дүүрэн цус болсон. ...” гэж хэлсэн. ...” /1-р хх 47/,
шинжээч эмч Б.Д-гийн “...дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 1 удаагийн уналтаас үүсэх боломжгүй. ...” /1-р хх 63/ гэсэн мэдүүлгүүд,
“...Д.Н-ын биед хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11615 дугаар дүгнэлт /1-р хх 55-56/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч И.Т-гийн хохирогч Д.Н-ын нүүрэн тус газар нь цохих, цээжрүү нь жийх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурор “...шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа бүсчлэлийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй тул бүсчлэлийг түүний оршин суух сум, эсхүл орон сууц, гэрээс зорчих, явахыг хориглохоор тогтоож өгнө үү. ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа “...шүүгдэгч хохирогчид гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй, СиДи-г нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй. ...” гэх агуулгаар гомдол, эсэргүүцэл гаргажээ.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Д.Н-ын “...Т- буцаж орж ирээд орон дээр хэвтчихээр нь би явж очоод “яасан бэ, найз аа?” гэхэд хэвтэж байхдаа миний цээж рүү жийсэн. Би хойшоо бөгсөөрөө газар унаад сууж байхад босож ирээд, миний нүүр рүү нэг удаа цохитол уруул сэтрээд, шүд хугарсан. ...”, гэрч С.Г-ын “...Д.Н-, И.Т- хоёр хоорондоо зодолдсон. Д.Н- И.Т-г орон дээр хэвтэж байхад 1-2 удаа цохисон. И.Т- Д.Н-ыг жийгээд байсан. И.Т- босож ирээд Д.Н-ын нүүр рүү нэг удаа цохиход Д.Н-ын шүд унаад, амнаас нь цус гарсан. Д.Н- өөрөө унаагүй. ...”, шинжээч эмч Б.Д-гийн “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн уналтаас үүсэх боломжгүй. ...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж, түүнийг дамжмал байдлаар нотолсон Б.Ц-, Ж.Б-, Б.Т- нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч И.Т-, хохирогч Д.Н- нар нь “Т-” сувиллын газар хамт амарч байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан И.Т- нь Д.Н-ын нүүр, ам хэсэгт нь цохих, цээж, баруун, зүүн хавирга хэсэгт нь жийж өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь баруун 5-р хавирганы зөрүүтэй, зүүн 4-р хавирга эгэмний зөрүүгүй хугарал, зүүн доод шүдний хугарал, доод уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн орон дээр хэвтэж байхдаа хохирогчийн цээжрүү жийж өшиглөх, нүүр рүү цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл, үүний улмаас хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч И.Т-гийн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл% заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.Т-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, 76 настай, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх 29/, И.Т-гийн оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх 76/ зэргээр тэрээр Говь-Алтай аймгийн Бигэр сум, 5 дугаар баг, Хүрэмт гэх газарт оршин суудаг нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...И- овогтой Т- нь 10б-29 тоот хаягт ам бүл 5, түр оршин суудаг” гэсэн тодорхойлолтыг хавсарган ирүүлжээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
И.Т- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Г- тоотод түр оршин суудаг гэх хэдий ч хуульд зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг шүүгдэгчийн өөрийн албан ёсны бүртгэлтэй оршин суух газраар тогтоосоныг буруутгах үндэслэлгүй, харин анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хамрах бүсчлэлийг хэт өргөн хүрээнд тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул бүсчлэлийг Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Түүнчлэн, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйл буюу эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах зохицуулалтыг хэрэглэсэнийг зөвтгөж, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2026/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-г 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтыг “...Шүүгдэгч И.Т-г Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрээр гарахыг хязгаарлахаар тогтоосугай...” гэж,
5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Т-гээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 290.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.850.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.Н-д олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН