| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/16911/И |
| Дугаар | 197/ШШ2026/06233 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2026/06233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,, ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, *******,*******,*******,*******,**************/-д холбогдох,
9,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золбаяр /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч П.*******ээс гэм хорын хохиролд 9,790,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн эзэмшлийн Лексус Ар экс 350 маркийн, ******* дугаартай автомашиныг хариуцагч П.******* нь жолоодож явсан автомашинаараа мөргөсний улмаас манай автомашинд 9,238,000 төгрөгийн хохирол, үнэлгээ хийлгэсэн хөлс 552,000 төгрөг, нийт 9,790,000 төгрөгийн хохирол учирсан ч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул гаргуулна.. гэжээ.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Тухайн үед хариуцагч нь жирэмсэн байсан учир ойр зуурын юм цуглуулахаар хамаатны хүнийхээ автомашиныг жолоодож явахдаа осол гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч талын тээврийн хэрэгслийг жолоодож байсан П.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас осол гарсан. Энэ талаар тухайн үед Замын цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй. Тухайн үед П.******* луу утсаар холбогдоход өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн боловч одоо хүртэл барагдуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс П.*******ийг хариуцагчаар татаж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 0060979 дугаартай Шийтгэлийн хуудас зэргээр хариуцагч П.******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 30 минут орчимд Субару порестер маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас П.*******ын жолоодож явсан Лексус Ар экс 350 маркийн, *******УБЯ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан зам тээврийн ослыг гаргаж, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн болох нь тогтоогдож байна.
4.2 Хариуцагч П.*******ийн гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх тул түүний гэм буруугийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх дахин нотлохгүй.
4.3 Дээрх ослын улмаас П.*******ын жолоодож явсан Лексус Ар экс 350 маркийн, *******УБЯ дугаартай тээврийн хэрэгсэлд 9,238,000 төгрөгийн хохирол учирч, үнэлгээний хөлсөнд 552,000 төгрөгийг төлсөн болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
4.4 Хохирол учирсан Лексус Ар экс 350 маркийн, *******УБЯ дугаартай тээврийн хэрэгслийг Хас банк ХК нь нэхэмжлэгч ХХК-тай байгуулсан зээл, фидуцийн гэрээний дагуу өмчилдөг болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хас банк ХК-ийн албан бичгээр тогтоогдож байна.
Өмчлөгч Хас банк ХК нь тухайн автомашинтай холбоотой хохирол шаардах эрхийг нэхэмжлэгч ХХК-д шилжүүлсэн болох нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11/1907 тоот албан бичгээр тогтоогдож байна. Шаардах эрх шилжүүлсэнтэй холбоотой хариуцагч нь маргаагүй.
4.5 Хариуцагчийн осол гаргах үедээ унаж явсан Субару порестер маркийн, ******* улсын дугаартай автомашины өмчлөгч нь Б.Дашцэрэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохирол, түүнийг арилгахтай холбоотой зардлаа шаардах эрхтэй.
4.7 Хариуцагч нь бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан гэдгээ тайлбарлаж, түүний гаргасан ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр гэм буруутай үйлдлийнхээ улмаас бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
4.8 Харин хариуцагчийн ...нэхэмжлэгч талын тээврийн хэрэгслийг жолоодож байсан П.******* нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гарсан... гэж тайлбарласан ч зөрчил шалган шийдвэрлэх шатанд П.******* нь гэм буруутай нь тогтоогдоогүй, хариуцагч нь энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
4.9 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.*******ээс автомашинд учирсан хохирол 9,238,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 552,000 төгрөг, нийт 9,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 171,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 171,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.*******ээс 9,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 171,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 171,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН