Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/430

 

2026            04            10                                                                        2026/ДШМ/430

 

Г.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Х.У-гийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, Т.Лхамсүрэн,

шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Э.Шинэзориг

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, Т.Лхамсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2411029411274 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овогт Г-ын Б-, 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХГ-/;

 Г.Б- нь Х.У-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулан, үүрэн холбооны Г- дугаарыг өөрийн “Г-” ХХК-ийн нэр дээр 2 жилийн хугацаатай, 120.000.000 төгрөгийн барьцаанд шилжүүлэн авч, уг гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барьцааны хөрөнгө болох Г- дугаарыг 200.000.000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг их хэмжээний хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтт үйлдэж ирүүлсэн Ж- овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Лхамсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн 201 дэх талд авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Г- дугаар байр, Г- тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг шүүгдэгч Г.Б-ийн ээж Б- овогтой Т- нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Н- овогтой Х- гэж хүнд худалдсан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2024 оны 05 дугаар сард Г- дугаарыг иргэн Б.А-д 200.000.000 төгрөгөөр зарж, төлбөрт нь 2 өрөө орон сууц шилжүүлэн авсан гэх үйл баримт нь нотлогдохгүй буюу гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтууд хоорондоо зөрүүтэй, 2023 оны 02 дугаар сард хийгдсэн орон сууц худалдаж, худалдан авсан харилцааг 2024 оны 05 дугаар сард энэхүү дугаарын зөрүү төлбөр болгон шилжүүлсэн мэтээр худал мэдүүлсэн байна. Иймд шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учир хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлоогүй. ...Хэргийн 207 дахь талд “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт авагдсан байна. Тус дүгнэлтэд Г- дугаарын зах зээлийн үнэлгээ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 135.000.000 төгрөг хэмээн үнэлсэн. Харин 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу дугаарыг бусдад шилжүүлэх үеийн байдлаар болон өнөөгийн зах зээлийн үнэлгээг хийгээгүйд гомдолтой байна. “Дамно үнэлгээ” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс авсан байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаарх Г- дугаарын үнэлгээг өөрийн мэдээллийн сан дахь хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн нь учир дутагдалтай. ...Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн тухайд завшиж байгаа эд хөрөнгө нь гэрээ хэлцэл, хууль дүрэм, албан ажлын шаардлагын дагуу түүний өөрийнх нь эзэмшил, мэдэлд хууль зүйн дагуу шилждэгт оршдог. Завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлнэ. Энэ хэргийн тухайд “Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б- болон хохирогч Х.У- нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, тус гэрээний барьцаа болгон Г- дугаарыг “Г-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч, эд хөрөнгө гэрээний үндсэн дээр шүүгдэгчийн эзэмшилд хууль ёсоор шилжсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан хэдий ч Г.Б- нь уг дугаарыг зээл өгсөн үнийн дүнгээс илүү дүнгээр ашиг олох, шамшигдуулах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрч Б.А-д 80.000.000 төгрөгөн дээр нэмж 2 өрөө орон сууцаар худалдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой. Хэргийн 137 дахь талд авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 6921 дүгээр захирамжаар “Г-” ХХК-д Г- дугаарыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг даалгасан. 140 дэх талд шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл авагдсан байх бөгөөд тус тэмдэглэлд дурдсанаар шүүгдэгч Г.Б- нь уг дугаарыг худалдах, бэлэглэх, барьцаалах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй болохоо бүрэн ойлгож, шүүхийн шийдвэр гарахыг хүлээнэ хэмээн хэлж байсан ч 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.А-д худалдсан. Ийнхүү шүүгдэгчийн дээрх үйлдлүүдээс үзэхэд хохирогчийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр, өөрт нь мэдэгдэлгүйгээр бүрмөсөн өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах, бусдад цааш нь зарж борлуулах гэсэн санаа зорилгоор өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, хууль ёсны өмчлөгч Х.У-д хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь нийт 6 хуудастай бөгөөд тогтоолын 2 дахь хуудаснаас хэргийн ямар оролцогчийн мэдүүлгийн агуулгыг бичсэн нь тодорхойгүй буюу дутуу бичигдсэн хэмээн харж байна. Үүнээс шүүхийн тогтоолд шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, шүүгдэгч, хохирогч, хэн хэн, ямар мэдүүлэг өгсөн болох нь тодорхойгүй бөгөөд шүүх хэргийн ямар оролцогчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэмээн үнэлж дүгнэсэн болохыг тодорхойлох боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” хэмээн заасан хэдий ч цагаатгах тогтоол нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б- нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль ёсны шаардлага, мэдэгдлийг хүлээн зөвшөөрч, мэдэгдэл дээр гарын үсэг зурсан атлаа дураараа аашилж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, хууль бусаар санаатайгаар иргэн Б.А-д 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, гэмт хэргийн хохирогч Х.У-гийн эзэмшлийн Г- дугаарыг бусдад хууль бусаар худалдан борлуулж, хөрөнгө завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, бусдад үлэмж их хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. ...”А-” ХХК, захирал Г.Б- нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хохирогч Х.У-гийн эзэмшиж, ашиглаж байсан Г- дугаарыг түүнд мэдэгдэлгүй, бусдад өндөр үнээр зарах тухай зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж, худалдан борлуулах гэж байгаа хууль бус үйлдлийг мэдэж, өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №25 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний 5.3 дахь заалтаар “Зээл ба хүүг буцаан төлөх хуваарь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байх ба энэ гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна” гэж заасан атал гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох зээл ба зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг 2 тал бичгээр байгуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Г- дугаарыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэж, гэрээгээр халхавчилж, бусдад өндөр үнээр худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зээлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, нэхэмжлэгчийн Г- дугаарын эзэмших, ашиглах эрхэнд бүдүүлгээр халдаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Нэг хүн нэр дээрээ дээд тал нь 5 дугаар бүртгүүлэх боломжтой байдаг ба Г.Б-ийн хувьд 5 дугаар бүртгэгдсэн байсан тул Г- дугаарыг өөрийн компанийхаа нэр дээр шилжүүлүүлсэн байдаг. “А-” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/1603 дугаартай албан бичгээр нотлогдож байна.  Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэт нэг талын байр суурийг хамгаалж, бусдад ял завшуулж, хууль бус шийдвэр гаргаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-ийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч талаас иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, эрүүгийн журмаар гомдол гаргаж, давхар, давхар ажиллагаа хийлгээд явдаг. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Уг дугаарыг худалдан борлуулж, гэрээний үүргийг хангуулсан нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анх энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж хэрэг нээж, шалгасан байдаг. Иргэний шүүхийн маргаан явж байх үед шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарч, уг дугаарыг бусдын эзэмшилд шилжүүлэхийг хориглож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Г.Б-д мэдэгдсээр байхад бусдад зарж борлуулсан үйлдлийг нь шунахайн сэдэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл буюу завших гэмт хэргээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх анхны гэрээ Г-0.000.000 төгрөгөөр хийгдсэн, үнэлгээгээр 135.000.000 гэж гарсан, гэрээний дагуу 18.000.000 орчим төгрөг төлөгдсөн буюу хохирогчид бодитой хохирол учраагүй байна гэж дүгнэсэн. Прокурорын зүгээс шүүхийн цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, Т.Лхамсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Г.Б-ийг Х.У-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан үүрэн холбооны Г- дугаарыг өөрийн “Г-” ХХК-ийн нэр дээр 2 жилийн хугацаатай 120.000.000 төгрөгийн барьцаанд шилжүүлэн авч, улмаар уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барьцааны хөрөнгө Г- дугаарыг бусдад 200.000.000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг их хэмжээний хохирол учруулан завшсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Г.Б- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үүрэн холбооны дугаарын эзэмших эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, барьцааны эд хөрөнгийг хугацаанаас өмнө хуульд заасан үндэслэл журмын дагуу зарж борлуулсан эсэх нь эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн маргаанд хамаарахгүй. ...” гэж дүгнэж, Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Х.У-гийн өмгөөлөгч Д.Жамъяндагва “...Г.Б- нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар гарсан шүүгчийн захирамжийг мэдсэн атлаа биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, барьцааны эд зүйл болох Г- дугаарыг бусдад шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй” талаар 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж /1-р хх 9-10/, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Х.У-, түүний өмгөөлөгчөөс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /1хх-1/, үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараах нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд; Х.У-гийн хохирогчоор өгсөн “...өөрийн эзэмшлийн Г- дугаарыг барьцаалж, 120.000.000 төгрөгийг зээлж авсан. ...Энэ дугаарыг би С- гэх хүнээс авч байсан ба уг дугаар нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан тул чөлөөлөөд, би зээл авах байсан учир шууд Г.Б-ийн компанийн нэр дээр шилжүүлсэн. ...” /1-р хх 178/,

гэрч Б.А-гийн “...Г.Б- нь 2024 оны хавар 4 сард байх, надад өгөх 80.000.000 төгрөгтөө дээрх дугаарыг өгөх санал тавьсан. Би зөвшөөрч, тус дугаарыг 200.000.000 төгрөгөөр тохирч, Г-0.000.000 төгрөгт нь өөрийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Г- дугаар байрны Г- тоот 2 өрөө байрыг зөрүүнд өгч, Г.Б-ийн ээж Б.Т- гэдэг хүн рүү шилжүүлсэн. Г.Б- миний нэр дээр тус дугаарыг шилжүүлсэн. ...” /1-р хх 23-24/,

Г.Б-ийн “...Г- дугаарыг би хүнд зарах гээд асуучихсан байсан. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал болсон. Шүүх хуралдаанаар Х.У-гийн нэхэмжлэлийн дагуу Г- дугаарыг бусдад зарахгүй, дамжуулахгүй, худалдахгүй, барьцаалахгүй байх шийдвэр гарсан. Энэ хуралд би ороогүй. Дараа нь над руу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад, “...энэ дугаарыг зарж, үрэгдүүлж болохгүй шүү” гэхээр нь би Х.У-г таньдаг хүнээрээ худлаа айлгах гээд яриад байна гэж бодсон. 2024 оны 04 сарын сүүлээр шийдвэр гүйцэтгэгч өөрөө ирсэн бил үү яалаа, надад Г- дугаарыг зарахгүй байх мэдэгдэл гардуулсан. Энэ үед дугаар зарагдаагүй, яг шилжүүлж өгөөгүй байсан. Найз Б.А-д 80.000.000 төгрөг өгөх байсан болохоор тэр мөнгөний оронд өгье гэхэд зөвшөөрсөн. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Г- дугаарыг өөрийн “Г-” ХХК-иас Б.А-д шилжүүлсэн. ...” /1-р хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

“Зээлийн гэрээ” /1-р хх 11-13/, “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/06921 дүгээр захирамж / хх 16-17/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хх 62-68/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын Г--ны өдрийн 182/ШШ2024/02770 дугаар шийдвэр /1 хх 70-76/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/Г-04 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 84-85/, “Г-” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм /1хх 103-110/, Г.Б-ийн хувийн байдалд холбогдох баримтууд /1хх Г-5-Г-9/, Г.Б-ийн “Хаан” банкин дахь 5С-43 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдийн шилжүүлгийн мэдээлэл /2хх 15-16/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07044 дүгээр шийдвэр /2 хх 17-20/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/02018 дугаар магадлал /2-р хх 21-23/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Г-” ХХК-ийн захирал Г.Б- болон иргэн Х.У- нар нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 25 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, ингэхдээ Г.Б- нь “С- ББСБ” ХХК-д гэрээний үүрэгт барьцаалбарт байсан Х.У-гийн Г- дугаарыг 81.266.444 төгрөгийг төлж гэрээний үүргээс чөлөөлөн, үлдэх 36.673.500 төгрөгийг Х.У-гийн дансанд шилжүүлж, тус Г- дугаарыг барьцаалбар болгон “А-” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, хариуд нь Г-0.000.000 төгрөгийг сарын 3.5%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар Х.У-д зээлдүүлжээ.

Энэ хугацаанд Х.У- нь “С-” ХХК-нд холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Талуудын хооронд байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №25 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох Г- дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06921 дүгээр захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар “Г-” дугаарыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Г-” ХХК /РД:6921493/-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулжээ /1-р хх 59-60/.

Г.Б- нь Х.У-г зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан гэх үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г- дугаарыг Б.А-д 200.000.000 сая төгрөгөөр зарахаар болж, түүний нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 Г.Б-ийн Х.У-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан үүрэн холбооны Г- дугаарыг өөрийн “Г-” ХХК-ийн нэр дээр 2 жилийн хугацаатай 120.000.000 төгрөгийн барьцаанд шилжүүлэн авч, улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 06921 дүгээр захирамжаар Г- дугаарыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах буюу аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “Г-” ХХК-д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан /уг иргэний хэргийг эцэслэн шийдвэрлээгүй/ байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барьцааны хөрөнгө болох Г- дугаарыг бусдад 200.000.000 төгрөгөөр зарсан үйлдлийг завших гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, Т.Лхамсүрэн нарын “Г.Б- нь завших гэмт хэрэг үйлдсэн” талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/192 дугаар цагаатгах хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН