Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Д.Агар,

            Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Д. Н-д холбогдох 1811017360666 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 105-59 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.Н, (РД:),

нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны орой Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотор хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий Ц.Ням-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-Би 2016 оны 8 дугаар сард Ц.Ням-Эрдэнэтэй танилцаж улмаар 10 дугаар сараас түүний гэр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 108-59 тоот гэрт нь хамт амьдарч 2017 оны 02 дугаар сараас эхлэн Алтжин бөмбөгөр шөнийн захын А-10 дугаар лангууг түрээсэлж мах махан бүтээгдэхүүн борлуулж эхэлсэн. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 10.00 цагийн орчим Ц.Ням-Эрдэнийн хамтаар гэрээс гараад Бөмбөгөр руу явж байх замдаа Буяннэмэх гэх залууд малгайг нь өгөх гээд 13-ын орчимд зогсоод малгайг нь өгөөд сандал аваад машиндаа орж иртэл Ц.Ням-Эрдэнэ Буянаатай уулзах байсан бол хэлэхгүй, надаас юм нуулаа гээд уурлаж машин дотор зүүн гараараа баруун шанаа хэсэгт 2 удаа алгадаад авахаар нь уурлаж чи яахаараа хүний нүүр амнаас дуртай үедээ маажиж самардаж авдаг хэн юм битгий давраад бай гэж хэлчихээд Алтжин бөмбөгөр худалдааны төв болох ажлын гадна буулгачихаад Сонгинохайрхан дүүргийн авто оношлогооны газар руу явж машинаа үзүүлээд ирэх хооронд надад уурласан уурандаа лангууны түрээсийн гэрээг цуцалчихсан байж байсан. Би 19.00 цагийн орчим ажил дээр ирээд ажлаа хийж байхад 22.00 цагийн орчимд Ц.Ням-Эрдэнэ лангуун дээр хүрээд ирэхээр нь чи яагаад миний зөвшөөрөлгүй ажлын байрны түрээсийг цуцалж байгаа юм гэж асууж түүнээс болж хэрүүл маргаан эхлэхэд цагдаа дуудна гэхээр нь гар утсыг нь булааж аваад, чи эхлээд юу болсныг сайн яриадах гэтэл хажуугийн лангууны худалдагч Эрдэнэцэцэг рүү гүйгээд орчихоод араас нь орох гэтэл Эрдэнэцэцэг гарч ирээд намайг хэл амаар доромжлоод миний хөл рүү өшиглөхөөр нь та хүний амьдралыг заадаг шийддэг хэн юм, өөрийнхөө амьдралыг хичээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Тухайн өдөр би Ц.Ням-Эрдэнийг гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Ингээд маргааш өдөр нь буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш болж байхад манай хажуугийн лангууны худалдагч Шүрэнцэцэг эгч утасдаад бараа материалыг Ням-Эрдэнэ зараад лангууг чинь хоослоод дууслаа падаанууд чинь дээр байгаа биздээ гэхээр нь яваад очиход Ц.Ням-Эрдэнэ барааг хүмүүст зарчихсан хоосолчихсон байж байхаар нь миний нэр дээр бүх баримт бичигдэж зээл нь миний нэр дээр байгаа би хариуцагч нь байгаа гэж хэлээд гэрлийг нь унтрааж хаалгыг хаасан. Тэгсэн Ц.Ням-Эрдэнэ гэрэл унтрааж, хаалга хаалаа гээд уурлаж маажих гэж дайрахаар нь өөрийгөө хамгаалаад хоёр гарны бугуйнаас нь бариад автал хамгаалагчаа цагдаа дууд аллаа, хядлаа гэж орилж эхэлсэн гэжээ.

Хохирогч Ц.Ням-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би 22.00 цагийн үед хамтран амьдрагч Нармандахаас гарч машин дотор эвээр ярилцъя гэж гуйж байгаад ярилцахдаа хоёулаа өр шир ихтэй байна, юмаа зараад хүмүүсийн өр ширийг өгөөд лангуугаа ажиллуулахаа болъё, гуйж байна гэж хэлтэл миний өмнөөс намайг янхан банзал гичий, эргүү хар гөлөг гэх мэт үгээр доромжилж намайг цохих гэж далайгаад ар шилэн хүзүүнээс минь доош нь дараад байхаар нь би айгаад байж байтал дотроос хүмүүс юм авъя үсээ засуулъя гэж над руу залгаж дуудсан. Тэгэхээр нь би дотогш ороод эрэгтэй хүний үс засаад байж байхад миний араас орж ирээд даварсан муу гичий ёстой чамайг энд байлгахгүй хараарай гэж байснаа шкаф шүүгээ цүнх ухаж байгаад цүнхэн дотор байсан 3 гар утсыг минь аваад гарсан, тэгэхээр нь би гарч гүйгээд нөгөө лангуу руу очоод Эрдэнэцэцэг гэх эгчтэй яриад Нармандах намайг дарамталж байна гээд яриад Эрдэнэцэцэг эгчийн утсыг нь бариад байж байтал араас Нармандах орж ирээд утсыг нь булааж авч шидээд намайг гар хуруунаас минь татаад яг зодох гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэжээ.

Гэрч Ц.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн шөнийн А/1 дугаарын лангуу түрээслэдэг ба 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23.00 цагийн орчимд ажил дээрэ байж байтал үсчин Ц.Ням-Эрдэнэ гүйж орж ирээд хамтран амьдрагч Нармандах зодох гээд байна, би цагдаа дуудах гэсэн чинь бүх утас булааж авчихаад өгөхгүй байна, та утсаа өгөөч гэхээр нь өгсөн. Тэгээд 102 руу залгаж амжаагүй байхад Нармандах араас нь архи дарс уугаагүй эрүүл байдалтай орж ирээд Ням-Эрдэнийн гарнаас миний утсыг булааж аваад зүүн гарнаас зуурч байснаа цээж хэсэгт нь нэг удаа түлхчихсэнээ миний утсыг шидэхээр нь чи яагаад хүний юм аваад шидэж байгаа юм бэ, болиоч гэхэд та өөрийнхөө амьдралыг зохицуулж чадахгүй байж, битгий бусдын амьдралд ор гэхээр нь чи миний амьдралын юуг мэддэг гэж тэгэж хэлж байгаа юм гээд барьцалдаж коридорт гарсан. Ингээд миний уур хүрээд нүүр рүү нь цохиод хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхэд тэр хавийн хүмүүс бид хоёрыг салгасан. Ням-Эрдэнэ айгаад хажуу талаас айгаад холдоогүй. Удалгүй цагдаа нар ирсэн гэжээ.

Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.07-ны өдрийн ¹7116 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ц.Ням-Эрдэнийн биед хумсны үзүүр хэсгийн өнгөц хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй байна.

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.Н нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны орой Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотор хамтран амьдрагч Ц.Ням-Эрдэнэтэй маргалдаж, түүнийг зодсоноос хохирогчийн биед хумсны үзүүр хэсгийн өнгөц хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би 22.00 цагийн үед хамтран амьдрагч Нармандахаас хоёулаа өр шир ихтэй байна, юмаа зараад хүмүүсийн өр ширийг өгөөд лангуугаа ажиллуулхаа болъё гэж гуйсан, тэгтэл миний өмнөөс намайг янхан банзал гичий, эргүү хар гөлөг гэх мэт үгээр доромжилж намайг цохих гэж далайгаад ар шилэн хүзүүнээс минь доош нь дараад ... утсыг нь булааж авч шидээд намайг гар хуруунаас минь татаад яг зодох гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.6.07-ны өдрийн ¹7116 тоот шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б овогт Д.Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураар эвлэрсэн гэх тул шүүгдэгч Д.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Д. Н-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нармандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ