Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2022/01111

 

 

 

 

 

 

 

 

2022 06 10 210/МА2022/01111

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00899 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК -ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгөд хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэлгээ хийхдээ манай байгууллагаас ямар нэгэн тоо баримт, хэрэгтэй мэдээллийг аваагүй, хуулийн дагуу болж чадаагүй, хууль зөрчсөн. Үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан 2 аргыг хослон хэрэглэж үнэлгээ гаргах ёстой. Эхлээд 3 үнэлгээ хийчхээд, эцэст нь энэ үнэлгээнээс алийг нь сонгох вэ гэдгээ үнэлгээчин өөрөө тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан шийддэг. Гэтэл дээрх стандартыг баримтлаагүй. Тухайлбал, үнэлгээний тайланг 3 хандлагаар гүйцэтгэж, дүгнэлтийг өртгийн хандлагын аргаар хийсэн харагдаж байгаа боловч 43 дугаар хуудаст үнэлгээний дүгнэлтийг бид зах зээлийн хандлагаар буюу 1,725,172,380 төгрөгийн үнэлгээг сонгож авлаа гэсэн. Энэ хоёрын дүгнэлт эсрэг тэсрэг, бие биеэ үгүйсгэсэн. 34 дүгээр хуудаст өртгийн аргаар 817,017,080 төгрөг гэж гарсан бөгөөд барилга объектуудыг үнэлж тариалангийн 2652 га газрын үнэлгээг оруулаагүй. Тайлангийн 39 дүгээр хуудасны 4.4.2-т газрын үнэлгээ нь 12,501,205,600 төгрөг гэж гаргасан. Газрын үнэлгээг нийт үнэлгээнд оруулаагүй, Мөн орлогын аргаар үнэлэхээр 1,552,864,860 төгрөг болсон гэж үзсэн. Орлогын аргаар үнэлсэн үнэлгээ алдаатай буюу бодит байдлаас буруу гарахад нөлөөлсөн. Үнэлгээчин тайлангийн 34 дүгээр талд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орлогын инвудын аргаар хийсэн үнэлгээ 30,563,804,000 төгрөг гэж дүгнэлт бичсэн боловч үнэлгээний тайлангийн хүснэгтэд оруулах ёстой байсан. 43 дугаар хуудасны үнэлгээний дүгнэлтэд орлогын аргаа 1,552,864,860 төгрөг гэж бичсэн. Инвудын аргаар хийсэн үнэлгээний дүн нь 30,563,804,000 төгрөг гэж тайланд оруулаагүй. Нэгэнт хийсэн бол дүгнэлтэд оруулах ёстой. Бид инвудын аргаар тооцвол 1,552,864,860 төгрөг гаргасан байсан. Тэр аргачлалыг дотор нь задалж үзэхээр буруу хийсэн. Х ХХК -ийг сард 20,000,000 төгрөгийн орлого олно гэж тооцоолж, хийсвэрээр дүгнэсэн. Х ХХК газар тариалан эрхэлдэг үйл ажиллагаа явуулдаг болохоос биш түрээсэлдэг компани биш. Иймээс манай үйл ажиллагааг үнэлгээчин сард 20,000,000 төгрөгийн орлого олно гэж тооцсон нь үндэслэлгүй. Хэрэв 30 тэрбум төгрөгийн орлого олохоор бол үнэлгээний тайлангийн 43 дугаар хуудасны хүснэгтэд оруулах ёстой байсан. Хамгийн сүүлд зах зээлийн үнэлгээ буюу жишиг аргыг ашиглалаа гэж бичсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг заалтыг зөрчсөн. Манай объектыг бусад зах зээлд үнэлэгдсэн, зарагдах гэж байгаа, эсхүл ижил төстэй объектуудтай харьцуулж чадаагүй. Зах зээлийн үнэлгээг гаргахад хамгийн гол баримтлах зүйл нь газрын үнэлгээ. Тариалангийн газрыг үнэлэхдээ бусад ижил төстэй газруудтай харьцуулсан нь тодорхой биш. Хашаажуулсан газрын үнэ хашаажуулаагүй газрын үнээс 10 дахин илүү үнэтэй байгаа. Манай газрыг үнэлэхдээ бусад хашаажуулсан газруудтай харьцуулаагүй. Үнэлгээчин харьцуулсан газруудаа буруу авсан. Тайлангийн 4 дүгээр хуудаст 400 га газрыг 600,000,000 төгрөгөөр зарах тухай бичсэн байдаг. Дүгнэлтэд бичсэн зүйлд 1 га газрын үнэ 1,500,000 төгрөг болж байна. Барилга байшингуудыг шинэчлэн тоног төхөөрөмжүүдийг сайжруулсан. Үүний талаар танилцуулгыг тодорхой гаргах ёстой. Үнэлгээг харьцуулж үнэлэх ёстой. Гэтэл харьцуулсан нь мэдэгдэхгүй 817,017,080 төгрөг гаргасан. Зах зээлийн хандлагаар дүгнэлт гаргах бол 2-3 ижил төстэй барилга байгууламжтай харьцуулах ёстой байхад харьцуулаагүй. Барилга байгууламжийн талаар ямар нэгэн танилцуулга, тодорхой дэлгэрэнгүй зүйл бичээгүй. Үнэлгээний дүгнэлтүүд хоорондоо зөрчилтэй. Газрын үнэлгээг орхигдуулсан. Тийм учраас нэг талыг баримталж, 6 хоногийн дотор хийсэн, хууль зөрчиж үнэлгээ хийсэн. 30 тэрбум гэж үнэлчихээд тэрийгээ оруулаагүй. Хамгийн сүүлд зах зээлийн үнэлгээгээр 1,725,172,380 төгрөг болсон гэж байна. Зах зээлийн үнэлгээнд газрын үнэлгээг оруулаагүй, хэрхэн үнэлсэн талаар тодорхой бичиж, тайлбарлаагүй, аргачлалаар гаргасан зүйлүүдээ дүгнэлтдээ оруулаагүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1589 дугаар шийдвэрээр Х ХХК -аас 1,105,180,431 төгрөгийг гаргуулж Гацуурт ХХК, Баяндулаан-Уул ХХК, Сэлэнгэ Алтанговь ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 681 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х ХХК -д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул өмчлөлд нь бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-1808000007 дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян хаягт байрлах 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4*5 харьцаатай дүнзэн байшин, буудай цэвэрлэгч байгууламж, 30 тонн пүү, 2000 га тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5*6 харьцаатай дүнзэн байшин, 7*9 харьцаатай канад байшин, 70 м.кв талбайтай канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа, 1.5 га газар, 840 м.кв талбайтай үр тарианы агуулах, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын хамт 18250681/09, 18250681/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 18250681/11, 18250681/12 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилоход зах зээлийн үнэ 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Х ХХК -д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-183/18016 дугаар мэдэгдлийг компанийн гүйцэтгэх удирдлагад гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Х ХХК нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Х ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар, татгалзлын агуулга: Х ХХК -ийн хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Жилд 20,000,000,000 төгрөгийн ашиг олдог объект, газрыг 20,000,000 төгрөгийн сарын орлого олдог буюу жилд 120,000,000 төгрөг олно гэсэн нь буруу гэж байна. Хөрөнгийн үнэлгээнд дурдсан үнэ өнөөдрийн бодит байдал болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцсэн гэж үзэж байна. Ашиг орлого олох нөхцөл байдал нь ингэж тодорхойлогдож байна. Шинжээч зах зээлийн, өртгийн, жишиг үнийн зэрэг 3 хандлагаар тодорхойлж, дүгнэлт гаргасан. Хашаатай газар 10 дахин өндөр үнэтэй байдаг. Гэтэл тэрийг тооцсонгүй гэж байна. Хашаагүй газар 100,000 төгрөг байлаа гэж бодоход 1,000,000 төгрөгөөр хашаа барихаар 1,100,000 төгрөг болно. Талууд шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээний санал авах ажиллагаа хийгдээгүй гэж байна. Г.Батболд захирал бид хоёр уулзаад хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг ярилцсан. Талуудын хөрөнгө үнэлэхтэй холбоотой ажиллагааг хуульд нийцүүлж хийсэн. Талууд үнэлгээтэй холбоотой харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөрөнгө үнэлж байгаатай холбоотой баримтаа гаргаж өгдөг. Нэхэмжлэгч тал үнэ дээр харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээний компаниар буюу хуульд заасан эрхтэй этгээдээр үнэлгээ тогтоолгосон. 20,000,000,000 төгрөгийн ашиг олдог компани байсан бол өнөөдрийн байдлаар 700,000,000 төгрөгийн төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлэхгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийж удаашруулж байна. Үүнийг харгалзан үзэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалж гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжоор хангаж, нэхэмжлэгчийн үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Х ХХК -ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Х ХХК -ийн хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.2.2-т харьцуулан зэрэгцүүлэх аргаар хийсэн үнэлгээ болохыг тодорхойлсон байтал шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.3-т орлогын хандлагаар хийсэн үнэлгээний тайланг оруулсан байх бөгөөд ийнхүү үнэлгээг хийхдээ тогтмол мөнгөний үнэ цэнийг тооцох инвудын арга, орлого капиталчлах аргыг тус тус ашиглаж хөрөнгийн үнэ цэнийг орлогын капиталжуулсан дүнгийн өнөөгийн үнэ цэнүүдийн нийлбэрээр тодорхойлж, мөн тайлангийн 4.4.3-т нэгж хүчин чадлын норматив аргын ашиглан аж ахуйн болон үтрэмийн цогцолборын үнэлгээг гаргасан байтал шүүх хөрөнгийн үнийг ямар аргаар хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж үндэслэлгүй дүгнэжээ. Нэхэмжлэгч нь төлбөрийн чадвартай атлаа шүүхээр эцэслэн тогтоогдсон төлбөрөө төлдөггүй, өөрийн хөрөнгийн үнийг хэт өндөр санал гаргаж харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр эрх бүхий байгууллагаар мэргэжлийн хөрөнгийн үнэлгээчин томилуулж тухайн үнэлгээнд маргаан үүсгэх замаар Гацуурт ХХК, Сэлэнгэ Алтан говь ХХК, Баяндулаан уул ХХК-д төлөх ёстой төлбөрийг 8 жил гаруй хугацаанд төлөхөөс зайлхийсж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэх боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны хийсэн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Уг үнэлгээнд 4 объектыг бүлэг болгон хувааж үнэлсэн. Тариалангийн 2600 га газар нь Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалангийн бүс нутагт орших газар. Гэтэл үүнийг Хэнтий аймгийн нэг сумын бэлчээрийн газартай зүйрлэж үнэлсэн. 2018 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас албажсан. Х ХХК -ийн дансыг хаасан, хөрөнгийг битүүмжилсэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн малыг зарж 24,000,000 төгрөгийг төлсөн. 600,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. 3 жил төлбөр авагчийн буруутай үйл ажиллагаанаас болж зогссон. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг хүчингүй болгосон. 30,000,000,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй, социализмын үеийн аж ахуйг 1,006,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг аж ахуй нь Хэнтий аймгийн бүртгэлтэй нэгж гэтэл үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 4 жил харьяалал зөрчиж үнэлсэн. Хууль зүйн сайдад гомдол, хүсэлт гаргаж, харьяалалын дагуу шилжүүлэхээр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н т холбогдуулан Х ХХК -ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1,725,172,380 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн

давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2944 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/00174 дугаар тогтоолоор хариуцагч Х ХХК -аас 267,750,783 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гацуурт ХХК-д, 761,080,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баяндулаан-Уул ХХК-д, 108,037,091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сэлэнгэ-Алтанговь ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хуурамжид 5,655,574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ. /хх-13-22, 23-31, 32-37/ Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

3.б Хариуцагч Н нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дүгээр сарын 27-ны өдрийн 00358/2 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/04414 дугаар захирамжийг тус тус үндэслэн дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх7, 88/

3.в Н нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаян хаягт байрлах 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4*5 харьцаатай дүнзэн байшин, буудай цэвэрлэгч байгууламж, 30 тонн пүү, 2000 га тариалангийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5*6 харьцаатай дүнзэн байшин, 7*9 харьцаатай канад байшин, 70 м.кв талбайтай канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа, 1.5 га газар, 840 м.кв талбайтай үр тарианы агуулах, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшлийн газрын хамт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/09 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18250681/11 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

4.а Хариуцагч байгууллага төлбөр төлөгч Х ХХК -аас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 30 тэрбум төгрөгөөр үнийн санал өгснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх136, 137/ Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 9/213 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /хх-143/

4.б Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Хурх тосгон хаягт байрлах 4200 м.кв талбайтай үр тарианы цогцолбор, 4*5 харьцаатай дүнзэн байшин, буудай цэвэрлэгч байгууламж, 30 тонн пүү, 34 нэгж талбарын дугаартай нийт 26521106 м.кв талбайтай эзэмшлийн газар, 500 м.кв блокон хашаатай газар, 5*6 харьцаатай дүнзэн байшин, 7*9 харьцаатай канад байшин, 70 м.кв талбайтай канад байшин, 403 м.кв талбайтай төмөр каркацтай тоосгон байшин, үтрэмийн блокон хашаа 1.5 га газар, 840 м.кв талбайтай үр тарианы агуулахын үнэлгээг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үнэлж зах зээлийн үнийг нийт 1,725,172,380 төгрөгөөр тус тус үнэлж тогтоожээ. /хх-148-203/

4.в Хэргийн148-203 дугаар талд авагдсан үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч тариалангийн зориулалттай газар болон аж ахуйн цогцолбор талбай бүхий газар, үр тарианы үтрэмийн цогцолбор газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний аль аргачлалаар үнэлсэн нь тодорхой бус, харьцуулах боломжгүй объектыг сонгосон байна. Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Уг хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаарх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2022/00899 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН