Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 617

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Майбаяр,

            Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Бэсүүд овогт Нацагдоржийн Болорчулууд холбогдох 1811015790664 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъянжугийн гудамж 73 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Б (РД:),

нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Мөнхцэцэгийг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцуулж өгнө гэж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Найман шарга вальют арилжааны төвийн гадаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3.726.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2.425.000 төгрөгийг буюу нийт 6.150.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Н.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: “…Би өөрийн танил Чойжингийн эхнэрийг БНХАУ руу тэтгэлэгтэй магистрын сургуульд явуулж өгнө гэж хэлээд 2017 оны 02 сарын 17-ны өдөр найман шарга валютын арилжааны төв дээр 3.726.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 2017 оны 07 сарын 22-ны өдөр өөрийнхөө 5111147078 тоот хаан банкны дансаар 2.425.000 төгрөг авчихсан юм. Авсан мөнгөө эхний 3.276.000 төгрөгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд Эрээнд байдаг таньдаг Хятад Ван гэдэг хүнд өөрөөсөө мөнгө гаргаад цаашаа Өлзийбаян гэдэг хүний данс руу хийчих би боломжтой болохоороо таньд буцааж өгье гэж хэлээд шилжүүлүүлсэн. Дараагийн авсан 2.425.000 төгрөгийг Богд ар хороололд байдаг Шин гэдэг нэртэй Өвөрмонгод дамжуулсан тэр Шинг бол танихгүй” гэжээ.

Хохирогч Х.Мөнхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…нөхөр бид 2 бичиг баримтаа бүрдүүлээд эхний ээлжийн 1500 ам.доллараа бариад Улаанбаатар хотод ирж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх найман шарга валютын төвийн гадаа уулзсан. ...1500 ам.доллараа Монгол мөнгө болгуулахад 3.726.000 төгрөг болж байсан ба уг мөнгийг нөхөр бид хоёрын хажууд Болорчулуу бэлнээр тоолоод авсан. 2017 оны 9 дүгээр сард буюу хичээлийн шинэ жил эхлээд БХНАУ руу явна гэж хэлж байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Болорчулуу манай нөхөр рүү утсаар яриад одоо 1000 доллар өгчих, үлдсэн 1000 долларыг урилга чинь ирэхээр сургуульдаа орохоор авъя гэж хэлсэн. ...Болорчулуугийн 5111147078 гэсэн данс руу 2.425.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2017 оны 11 дүгээр cap гаргаад дахиад утсаар нь холбогдсон чинь за ёстой бүтэхээ байчихлаа гэсэн.” гэжээ.

Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.М.Чойжингоос: -Дэлгэр багш Батсайхан ахад миний шавь Болорчулуу гэж хүн Монголд байгаа наад хүнтэйгээ холбогдоод дүүгийнхээ бичиг баримтыг өгөөд явуулчих гэсэн юм байна лээ. ...Дэлгэр багш намайг хөөцөлдөж сургуульд оруулж өгч байсан юм. Ийм асуудлаар л Болорчулууг мэддэг болсон. ...Би эхнэр Мөнхцэцэгийгээ БНХАУ руу магистрт сургах санаатай байна, манай сургуульд оруулж өгөх боломж, бололцоо байна уу гэж асуусан чинь хүнээс асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд удалгүй Болорчулуу буцаж залгаад за ер нь бол боломжтой юм байна гэхдээ 3500 ам. доллар шаардлагатай гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр бид 2 ...1500 ам.доллартай тэнцэх 3.726.000 төгрөгийг хар уутанд хийгээд бэлнээр Болорчууд өгсөн. ...Н.Болорчулуу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад за ер нь сургууль бүтэж байна... одоо 1000 ам.доллар өгч бай, үлдсэн 1000 ам.долларыг сургуульд орсны чинь дараа авъя гэж хэлж байсан. ...Ингээд нийт 6.150.000 төгрөгийг өгсөн ба үүнээс хойш таг чиг болж байсан. Ингээд 2017.9.03-ны өдөр Болорчулуу надад бүтэхээ больчихлоо гэдгийг хэлсэн. ...Н.Болорчулуу надад Өлзийбат билүү Өлзийбаян нэртэй Өвөрмонгол багшид эхнэрийн чинь бичиг баримт, мөнгийг өгчихсөн байгаа гээд надад 18604712984 гэсэн дугаар өгсөн юм. Тэгэхээр нь би тэр дугаар руу нь залгаад асуухаар Өвөрмонгол биш Хятад хүн аваад тийм хүн байдаггүй, энэ бол БНХАУ-ын Эрээн хотод байдаг Фан овогтын утас гэж хэлсэн. ...Би Хөх хотод байдаг бүх л их дээд сургуулиудаар хэсэж Өлзийбат, Өлзийбуян гэж нэртэй багшийг хайсан боловч тийм нэртэй багш, ажилчин огт байгаагүй юм гэжээ.

2.М.Гансэлэмээс: -2017 оны 7 дугаар сарын 22-ны үед Чойжин Улаанбаатар хотод надтай цуг явж байсан юм. Тэгээд Чойжин л эхнэрээ сургуульд оруулж өгнө тэр хүндээ үлдэгдэл мөнгөө өгч байгаа гэж хэлж байсан ба би тухайн үедээ Чойжингийн хамтаар явж надад Хааны виза карт маань байж таараад л Чойжингийн эхнэр Мөнхцэцэг Эрдэнэтээс миний данс руу 4.285.000 төгрөг хийгээд тэрний 2.425.000 төгрөгийг нь би Чойжинтой хамт 8 шарга худалдааны төвийн зүүн урд талд байдаг Экспресс банкнаас тэр Болорчулуу гэдгийн данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгөө Чойжин бэлнээр аваад явсан. Тухайн үед 1000 доллартай тэнцэх монгол мөнгө гэж 2.425.000 төгрөг шилжүүлсэн шиг санагдаж байна. Бид хоёр 8 шарга орж долларын ханш харчихаад мөнгийг шилжүүлж байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Болорчулуу нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутан элсүүлэх эрхгүй, тийм ажил албан тушаал эрхэлдэггүй атлаа хохирогч Х.Мөнхцэцэгийг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистерт суралцуулж өгнө хэмээн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Найман шарга валют арилжааны төвийн гадна талд 3.726.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2.425.000 төгрөг, нийт 6.150.000 төгрөгийг хуурч, залилж авсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Мөнхцэцэгийн “…нөхөр бид 2 бичиг баримтаа бүрдүүлээд эхний ээлжийн 1500 ам.доллараа бариад Улаанбаатар хотод ирж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх найман шарга валютын төвийн гадаа ...1500 ам.доллараа Монгол мөнгө болгуулахад 3.726.000 төгрөг болж байсан ба уг мөнгийг нөхөр бид хоёрын хажууд Болорчулуу бэлнээр тоолоод авсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Болорчулуу манай нөхөр рүү утсаар яриад одоо 1000 доллар өгчих, үлдсэн 1000 долларыг урилга чинь ирэхээр сургуульдаа орохоор авъя гэж хэлсэн. ...Болорчулуугийн 5111147078 гэсэн данс руу 2.425.000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч М.Чойжингийн “...Би эхнэр Мөнхцэцэгийгээ БНХАУ руу магистрт сургах санаатай байна, манай сургуульд оруулж өгөх боломж, бололцоо байна уу гэж асуусан чинь хүнээс асуугаад хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд удалгүй Болорчулуу буцаж залгаад за ер нь бол боломжтой юм байна гэхдээ 3500 ам.доллар шаардлагатай гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр бид 2 ...1500 ам.доллартай тэнцэх 3.726.000 төгрөгийг хар уутанд хийгээд бэлнээр Болорчууд өгсөн. ...Н.Болорчулуу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад за ер нь сургууль бүтэж байна... одоо 1000 амм доллар өгч бай, үлдсэн 1000 амм долларыг сургуульд орсны чинь дараа авъя гэж хэлж байсан. ...Ингээд нийт 6.150.000 төгрөгийг өгсөн ба үүнээс хойш таг чиг болж байсан” гэх мэдүүүлэг, гэрч М.Гансэлэмийн “Чойжингийн эхнэр Мөнхцэцэг Эрдэнэтээс миний данс руу 4.285.000 төгрөг хийгээд тэрний 2.425.000 төгрөгийг нь би Чойжинтой хамт 8 шарга худалдааны төвийн зүүн урд талд байдаг Экспресс банкнаас тэр Б гэдгийн данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгөө Чойжин бэлнээр аваад явсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Х.Мөнхцэцэг, М.Гансэлэм, Н.Б нарын Хаан банкны дансны хуулга болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Бэсүүд овогт Нацагдоржийн Болорчулууг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцов. 

Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй тул эрүүгийн хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор яллагдагч Н.Болорчулуугийн нэр дээр бүртгэлтэй Тоёота Веросса маркийн 60-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, эд хөрөнгө залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6.Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Болорчулууд урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ