| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2510000001143 |
| Дугаар | 2026/ДШМ/411 |
| Огноо | 2026-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах /томилолт/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/411
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах /томилолт/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2510000001143 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Э- овогт Б-гийн Б- /РД:УБ-/, Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э- овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 600 /зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/ найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 10.288.080 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 2026/ШЦТ/387 шийтгэх тогтоолд хохирогч тал гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн талуудын тэгш байдлыг хангаагүй илт шүүгдэгч Б-т ашигтайгаар шийдвэрлэсэн. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.А- мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг машин хурдтай явж байгаад миний урд зогссон бөгөөд би жолоочид хандаж, энэ замаар хурдтай яваад байхдаа яадаг юм гэж хэлэхэд тухайн жолооч намайг майжийсан бүдүүн авгай гээд намайг хараагаад яваад өгсөн. Тэгээд гэрлэн дохион дээр зогсоход нь би араас гүйж очоод цонхыг нь тогшоод чи эх шигээ хүнийг ямар муухай үгээр доромжилдог юм гэхэд авгай минь дуугай бай. Надад чам шиг эх байхгүй гээд надруу нулимхаар нь би барьж явж байсан цүнхээрээ нүүр рүү нь цохисон. Тэгээд миний араас усны сав шидэхээр нь малгайг нь аваад газар гишгээд явсан чинь миний араас ирээд намайг барьж гараад миний баруун хацар хэсэг рүү зүүн гараараа цохиод намайг унагаасан юм. Би буцаж босож чадахгүй байсан замын хажуу хэсгээр явж байсан хүмүүс намайг босгож өгсөн. Тухайн намайг цохисон залууг хүмүүс бариад хорьж байсан. Тэгээд хажууд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хүмүүсийн авсан үйл явдлыг харуулсан камерын бичлэгт хохирогчийн талаас тавьж үзүүлэхэд маш их айсан хөгшин эмэгтэй гараа бариад зогсож байсан шүүгдэгч чанга дугаар ярьж дайрч байсан залуу эрэгтэй хүн болиоч, өөрийнхөө үеийн хүнд хамаа алга ийм хүнийг ингэх чинь буруу ш дээ гэсэн агуулгатай өмөөрсөн агуулгатай үг хэлж байсан. Хохирогч энэ байдлаас сэтгэл санааны хямралтай байсаар бие нь муудаад байгаагаа илэрхийлж сэтгэлээр их унасан гар хугарсны улмаас өмдөө ч тайлж, татаж чадахгүй, ердийн хийдэг зүйлээ ч хийж чадахгүй больж сэтгэлээр их унасан гэж хохирогч талынхан гомдолтой байдаг, хууль ёсны төлөөлөгч ч гомдолтой гэдэг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан байхад уг хуулийг зөрчиж хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болох 10,288,080 төгрөгийг огт тооцохгүйгээр шийдвэрлэж уг хохирлыг иргэний нэхэмжлэл гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчихөөс гадна хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны Дугаар 2026/ШЦТ/387 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулан өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...”Сэтгэл санааны хохирол надад хүртэл учирсан. Би хань ижлээ алдчихсан явж байна шүү дээ. Асарч гурван сарын хугацаанд ямар байдалтай явсан билээ. Гэтэл хөнгөн ял шүүгдэгчид оногдуулсан. Сэтгэл санааны хохирол гарчихаад байхад юу ч өгөхгүйгээр шийдвэрлэсэн. Б.Б- гэх хүн арай дэндүү доромжилж байна. “Миний нүд рүү цохисон, толгой руу цохисон, би тэнд үзүүлсэн” гэж тайлбарладаг. Гэтэл настай хүн тухайн хүнийг цохихгүй шүү дээ. Би маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна. Надад хүнд байна” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хохирлын хувьд тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм байна. Үүнтэй холбоотой хохирогч талаас давж заалдах гомдол гаргасан. Эмчилгээний зардал болон шууд хохиролтой холбоотой 4.376.000 төгрөгийг баримтгүй гэж үзээд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэрэв энэ талаарх баримт нь байсан бол энэ талаарх хохирлыг гаргуулж шийдвэрлэх байсан байх. Харин сэтгэцэд учирсан хохирлыг хохирогч өөр өвчний шалтгаанаар нас барсан учраас олгохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна. Хохирогч талаас үүнтэй холбоотой хууль хэрэглээний хувьд маргаж байна. Анхан шатны шийтгэх тогтоолд өөр шалтгааны улмаас нас барсан учраас гаргахгүй гэж дүгнэснийг прокурорын зүгээс илт буруу гэж дүгнэхгүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд хохирогч талаас нэг ч хохирол төлбөр аваагүй гэж тайлбарлаж байна. Хууль хүний зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг учраас давж заалдах шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг хууль ёсны төлөөлөгчид гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн 2510000001143 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “19-ийн үйлчилгээний төв”-ийн арын замд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хохирогч Ц.А-тай явган хүний гарцаар гарсангүй гэх асуудлаас болж маргалдан, цааш явж гэрлэн дохионы уулзвар дээр зогсож байхад хохирогч Ц.А- араас нь очиж хэрүүл маргаан үүсгэж, цүнхээрээ савахад тэд дахин маргалдаж, улмаар шүүгдэгч Б.Б- машинаасаа бууж хохирогч Ц.А-гийн нүүрэн тус газарт нь цохиход тэрээр газар унахдаа гар нь хугарч эрүүл мэндэд нь зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.А-гийн ”...Би 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 19-ийн үйлчилгээний төвийн арын замд урд талаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Тэгээд нэг машин хурдтай явж байгаад миний урд зогссон бөгөөд би жолоочид хандаж “энэ замаар хурдтай яваад байхдаа яадаг юм бэ?” гэж хэлэхэд тухайн жолооч намайг майжийсан бүдүүн авгай гээд намайг хараагаад яваад өгсөн. Тэгээд гэрлэн дохио дээр зогсоход нь би араас нь гүйж очоод цонхийг нь тогшоод “чи эх шигээ хүнийг ямар муухай үгээр доромжилдог юм” гэхэд “авгай минь дуугуй бай надад чам шиг эх байхгүй” гээд над руу нулимахаар нь барьж явсан байсан цүнхээрээ нүүр рүү нь цохисон. Тэгээд миний араас усны сав шидэхээр нь малгайг нь аваад газар гишгээд явсан чинь миний араас ирээд намайг барьж аваад миний баруун хацар хэсэг рүү зүүн гараараа цохиод намайг унагаасан юм. Би газар унахдаа зүүн гараа эвгүй дараад унасан бөгөөд би буцаж босч чадахгүй байсан ба замын хажуу хэсгээр явж байсан хүмүүс намайг босгож өгсөн. Тухайн намайг цохисон залууг хүмүүс бариад хорьж байсан. Тэгээд хажууд байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...би нэрийг мэдэхгүй А- УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон, би унахдаа зүүн гараа дараад унасан, одоо миний гар хавдсан” /хх 14-15/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн “...Талийгаач бол миний эхнэр байсан юм. Бид хоёр 30 жил хамт амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй. Миний эхнэр 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад гэнэт бие нь муудаж түргэн тусламжаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж тэндээ эмчилгээ хийлгэж байгаад нас барсан. Миний эхнэр элэгний хатуурал, зүрх, ходоод, цөсний чулуу зэрэг гээд бие нь жоохон муу байгаад байсан юм“ /хх 20-21/
Яллагдагчаар Б.Б-ын “...Би уг өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ машинаа жолоодоод явж байтал нэг үл таних эмэгтэй гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тэгээд би хурд багатай явж байсан тулдаа зогсож машиныхаа урдуур тухайн эмэгтэйг гаргасан. Тэгээд би цонхоо онгойлгоод яагаад гарцгүй газраар гараад байгаа юм бэ энэнээс чинь болж осол гарах боллоо ш дээ пязда гэж хараасан. Цаашаа яваад зогсож байтал замын голоор араас алхаж ирээд машины хаалга цонхыг нүдсэн. Тэгэхээр нь би цонхоо нээтэл баруун гартаа байсан цүнхээрээ миний зүүн талын чамархайн хэсэг рүү үгийн зөрүүгүй цохисон. Тэгээд би яаж байгаа юм бэ гэтэл чи эх шигээ хүнийг хараадаг хэн бэ гэхээр нь надад чам шиг соёлгүй эх байхгүй гэж хэлсэн. Тэгтэл миний хажууд байсан малгай хувцсыг авч над руу шидээд малгайг газар шидэж дээрээс нь гишгээд яваад өгсөн. Тэгээд би нүдэндээ хагалгаа хийлгээд удаагүй байсан учир тухайн үеийн уурандаа та яаж байгаа юм бэ гээд нэг алгадтал тэр эгч хойшоо нэг алхаж замын дэрсэнд тээглэж газар бөгсөөрөө унасан ийм зүйл болсон” /хх83-84/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар ЕГ0725/9177 дүгнэлтэнд “...Ц.А-гийн биед зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох -сурмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” /хх 33-34/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар ЕГ0825/3240 дүгнэлт “...Ц.А-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” (хх 41-43) гэх дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх 9-10) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас “...хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Ц.А- нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсан (хх 16), түүний хууль ёсны төлөөлөгчөөр нөхөр болох Д.Д-ийг 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр (хх 17) тогтоожээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар ЕГ0825/3240 дүгнэлтээр хохирогч Ц.А-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар тогтоожээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд бий болсон гэмтэл, стресс, өвдөлт зовиур, шаналал, ердийн амьдралын чанар алдагдах зэрэг сөрөг үр дагаваруудаар илэрхийлэгдэнэ.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.А-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан болохыг тогтоосон боловч анхан шатны шүүх хохирогч эрүүл мэндийн өөр шалтгааны улмаас нас барсан тул түүний хууль ёсны төлөөлөгчид олгох хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.
Хэдийгээр хохирогч Ц.А- нь нас барсан боловч энэ нь шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- нь хохирогчийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол амсч өвчтэй байх хугацаанд асарч сувилсан талаараа шүүх хуралдаанд тайлбар гаргасан, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрхийг эдэлж, хүлээх үүргийг хүлээж оролцох бөгөөд Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт, түүний дотор тус хуулийн 511 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд учруулсан гэм хорыг шаардах эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэхийг хуулиар хориглоогүй гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлд заасныг баримтлан, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлалын Дөрөвт зааснаар Сэтгэцийн эмгэгийн Хоёрдугаар зэрэглэлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэн гэсний дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батласан 792.000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.336.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ид олгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх агуулгаар өөрчлөлт оруулж, өмгөөлөгч З.Ариунжаргалын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солих нөхцөлийг сануулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 6.336.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ид олгож, бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-оос хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 10.288.080 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 6.336.000 /зургаан сая гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ид олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР