| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2410051260507 |
| Дугаар | 2026/ДШМ/418 |
| Огноо | 2026-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/418
2026 04 09 2026/ДШМ/418
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2410051260507 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-гийн Б- /РД: УБ-/, 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б- ХХК”-д тээврийн менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ....... тоотод оршин суух,
Урьд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б-” хотхоны орчмоос хохирогч Б.Т-ын эзэмшлийн Голомт банкны 1Т-67 дугаар дансанд холбогдсон картыг олж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдийн хооронд удаа дараагийн үйлдлээр 800,913 төгрөгийн зарлагын гүйлгээг уг картыг ашиглаж хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Б-ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хашбаатар эсэргүүцэлдээ: “...Шүүхээс Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө “...хулгайлах гэмт хэргийн шинж буюу шүүгдэгчийн үйлдэл идэвхтэй, ухамсартай Б.Б-д холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчлөхдөө байх бөгөөд хохирогч Б.Т-ын эд зүйлийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шунахайн сэдэлтээр авсан буюу бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж зориуд эд зүйлийг нь өөрөө авч байгаа хууль бус үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, харин хохирогч Б.Т-ын гээгдүүлсэн эд хөрөнгө болох банкны картыг олж улмаар карт дахь мөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон...” гэх дүгнэлтийг хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Т-ын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкин дахь өөрийн эзэмшлийн 1Т-67 дугаартай дансанд холбосон виза картаа гээгдүүлснийг олж, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд тухайн картыг 20 удаагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, тус картаас нийт 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад нь мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад шүүгдэгч Б.Б- нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр өөрийн олсон картыг ашиглаж, хохирогчийн данс дахь мөнгийг дур мэдэж, захиран зарцуулсан, ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гээгдсэн эд зүйлийг олж авсан хүнд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болдог бөгөөд “эд хөрөнгөө гээнэ” гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэн өөрөө захиран зарцуулах боломжгүй болдог. Энэ хэргийн тухайд хохирогч Б.Т- нь Голомт банкны картаа хаяж гээснээс бус өөрийн эзэмшлийн дансанд байсан мөнгийг гээсэн үйлдэл биш юм. Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь хохирогч Д.Т-ын гээсэн эд зүйл болох Голомт банкны картыг олж авч, уг картыг ашиглан хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, худалдан авалт хийж хохирогчийн дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөнөөс 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Гэтэл шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө хохирогчийг дансанд дахь мөнгөө гээгдүүлснийг шүүгдэгч нь олж авч завшсан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б- хохирогч Б.Т-ын гээгдүүлсэн банкны картыг олж аваад тухайн картаас 800,913 төгрөгийг авч өөртөө ашигласан үйл баримт тогтоогдсон. Прокурорын зүгээс энэ гэмт хэргийн хулгайн гэмт хэргээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүх гээгдэл эд хөрөнгийг завшсан байна гэж хэргийг шийдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул прокурорын зүгээс эсэргүүцэл гаргасан. Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь тухайн хүний хувьд хаяж гээсэн, санамсаргүй байдлаар мартаж орхисон эд хөрөнгийг хэлдэг. Гэтэл банкны карт гээгдэл эд хөрөнгөд орж байгаа боловч карт доторх мөнгийг шүүгдэгч хохирогчид мэдэгдэлгүйгээр зарцуулсан үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилж болох боловч ялын хувьд хөнгөрөх болон хүндрэх нөхцөл байдал яригдах учраас дахин хулгайн гэмт хэргээр зүйлчилж өөрчлөх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх ёстой гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Б-” хотхоны орчмоос хохирогч Б.Т-ын эзэмшлийн Голомт банкны 1Т-67 дугаар дансанд холбогдсон картыг олж, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдийн хооронд удаа дараагийн үйлдлээр 800.913 худалдан авалт хийж бусдад хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч М.Б-ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас төлөвлөсөн, бусдын өмчлөх эрхэд халдсан идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Б- нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигч эсвэл зохих байгууллагад өгөлгүйгээр өөртөө үлдээсэн нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг картыг хүнсний дэлгүүрт нууц үг шаардахгүйгээр ашиглах боломжтой байдлыг нь далимдуулан хохирогчийн банкин дахь мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь “хулгайлах” гэмт хэрэг буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжжээ.
Өөрөөр хэлбэл, энэ төрлийн буюу бусдын хаяж гээгдүүлсэн банкны картыг ашиглан хохирогчийн арилжааны банкин дахь мөнгөн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх нь хууль хэрэглээний нэгэнт тогтоосон жишиг ойлголт болно.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хангасугай.
2.Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА