| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0589/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Е овогт Н.Н-д холбогдох 1811016310601 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, тусгай дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Сувд нарийн боовны үйлдвэрт нарийн боовчин ажилтай, ам бүл-5 хүргэн ах, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 7 дугаар баг Майхант 4 дүгээр гудамж 43 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай,
Өмнөговь аймгийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №06 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №33 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №621 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Е овогт Н.Н, (РД:1),
нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31 дүгээр гудамжны 392а тоотод оршин суух хохирогч С.Баасандоржийн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн Ти Си Эл загварын зурагт, Ай фад, гинж зэрэг эд зүйлсийг авч 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31 дүгээр гудамжны 392а тоотод ах Нандинтулгын гэрт амьдарч байгаад тухайн хашаанд амьдардаг Н.Баасандоржийн өвлийн сууцны хойд талын цонхыг гараараа хагалж, байшин руу орж том өрөөний ширээн дээр байсан 32 инчийн Ти си эл зурагтыг аваад гэрийнх нь орон дээр байсан орны бүтээлэг даавуунд ороогоод гэрээс нь авч гарсан. Тэгээд доош автобусны буудал орж, такси бариад хүнсний 4-ийн ломбард орж, 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд таксины жолоочид 10.000 төгрөг өгөөд бусад мөнгийг нь архи уугаад үрж дуусгасан” гэжээ.
Хохирогч С.Баасандорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэртээ Сансарын байрнаас зурагтаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31-392а тоотод байх байшиндаа аваачсан. Тэгээд 2-3 хоногт уг гэртээ очоогүй Сансарын гэртээ байж байгаад 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр очиход манай байшингийн хаалга онгойхгүй, дотроосоо цоожлогдсон байдалтай байхаар нь гэрийн хаалга, цоож онгойлгох үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг дуудаж байшингийнхаа хаалгыг онгойлгож, гэртээ ороод үзэхэд манай байшингийн баруун хойд талын вакум цонх хагарсан, байшингийн том өрөөний ширээн дээр байсан 32 инчийн Эл си ди зурагт алдагдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзлэг шалгалт хийлгүүлсэн, үүний дараагаар эд зүйлээ бүртгээд үзэхэд миний тавиур дээр хөгжмөнд зоолттой байсан аппле загварын Ай фод хөгжим алдагдсаныг мэдсэн. Тэгээд сүүлд цагдаагийн газарт ирээд уулзаж байхад шармал гинж сэжигтэй этгээд авсан талаар мэдүүлсэн гэж сонссон.” гэжээ.
Гэрч Ю.Улаангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос хэд хоногийн өмнө өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 9-10 цагийн үед машиныхаа дугуйг янзлуулах гээд засварын газар хайгаад Хайлаастын 84-ын дараагийн буудлын хажууд явж байтал нэг залуу гар өргөөд ломбард орох гэсэн юм гээд зурагт тэврээд явж байхаар нь дөхүүлээд өгье гээд аваад явсан. Тэгээд би тэр залууг 4 дүгээр дэлгүүрийн ломбарданд хүргэж өгсөн. Нэг ломбард руу ороод зурагт авна гээд тэр залууг дагуулаад орсон. Тэгээд надаас бичиг баримтаа өгөөч гэж гуйхаар нь би жолооны үнэмлэхээ өгсөн. Тэгээд тэр залуу 100.000 төгрөгөөр зурагтаа ломбардад тавьсан. Тэгээд буцаад 17 дээр хүргүүлж ирсэн.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Нандинхүү нь 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрөөс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 31 дүгээр гудамжны 392а тоотод оршин суух С.Баасандоржийн байшингийн цонх хагалан дотогш нэвтрэн орж, 32 инчийн Ти Си Эл загварын зурагт, Ай фад, гинж зэрэг эд зүйлсийг авч 305.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Баасандоржийн “...гэртээ ороод үзэхэд манай байшингийн баруун хойд талын вакум цонх хагарсан, байшингийн том өрөөний ширээн дээр байсан 32 инчийн Эл си ди зурагт алдагдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч үзлэг шалгалт хийлгүүлсэн, үүний дараагаар эд зүйлээ бүртгээд үзэхэд миний тавиур дээр зоолттой байсан аппле загварын Ай фод хөгжим алдагдсаныг мэдсэн ”гэх мэдүүлэг, гэрч Ю.Улаангэрэлийн “...нэг залуу гар өргөөд ломбард орох гэсэн юм гээд зурагт тэврээд явж байхаар нь дөхүүлээд өгье гээд аваад явсан. Тэгээд би тэр залууг 4 дүгээр дэлгүүрийн ломбарданд хүргэж өгсөн. ... надаас бичиг баримтаа өгөөч гэж гуйхаар нь би жолооны үнэмлэхээ өгсөн. ...тэр залуу 100.000 төгрөгөөр зурагтаа ломбардад тавьсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, барьцаат зээлийн гэрээг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, зурагт радиог барьцаалан зээлдүүлэх газраас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Шинжилгээнд тэнцэх №6 гэж дугаарласан гарын мөр нь санд Нанзад Нандинхүү нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна” гэх хэргийн газраас ирүүлсэн гарын мөрүүдэд шинжилгээ хийсэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 06/389 дугаартай Криминалистикийн шинжээчийн дүгнэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Е овогт Н.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Хохирогч хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд “хулгайд алдсан эд зүйлсээс зурагтаа олж авлаа. Иймд би гомдолгүй болсон” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явууллаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Е овогт Н.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Н-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.Н-н цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ