| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2503004481096 |
| Дугаар | 2026/ДШМ/419 |
| Огноо | 2026-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/419
2026 04 09 2026/ДШМ/419
Л.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
насанд хүрээгүй хохирогч Ц.Г-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-,
шүүгдэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 2503004481096 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Л-ын Б- /РД: ПЛ-/, 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн оройн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Arena” спорт төвийн урд замд “Toyota Crown” маркийн Л- УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй. хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.1-д заасан “ Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гар яваа унадаг дугуй, мопедод, зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүнийг зохицуулдаг гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчих Ц-гийн Г-г мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-аас 6,600,000 /зургаан сая, зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-д олгож, насанд хүрээгүй хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-аас 886,402 /найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б- давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүй, нотлох баримтын талаар хийсвэр дүгнэлт хийсэн тухайд:
Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт” хэсэгт:
“... ослын дараа шүүгдэгч Л.Б- насанд хүрээгүй хохирогчийг гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн байх боловч нарийн шинжилгээнүүдийг хийлгэсэн зүйлгүй, зөвлөгөө аваад буцсан, эмчилгээ хийлгэсэн зүйлгүй талаар хэн алины мэдүүлэгт дурдагдсан”, “...ослын дараа насанд хүрээгүй хохирогч гэмтлийн эмнэлэгт очсон ч түүнд эмчилгээ хийсэн зүйлгүй, зөвлөгөө өгөөд явуулсан нөхцөл байдал хохирогч, түүний төлөөлөгч, шүүгдэгч нарын хэн алины мэдүүлгээр нотлогдсон тул гэмтлийн эмнэлгээс баримт гаргуулж дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн болно” гэжээ.
Шүүгдэгчийн хувьд хохирогчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр осол болсон даруйд Гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлсэн байдаг ба үзлэгээр хохирогчид рентген зураг авч, нарийн мэргэжлийн эмч үзэг хийж зөөлөн эдийн гэмтэл гэж оношилсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүх гэмтлийн эмнэлэгт ямар баримт байгааг мэдэхгүй атлаа хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр хохирогч нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн боловч зөвлөгөө аваад буцсан тул хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүй, шаардлагагүй гэх хийсвэрлэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар хүндээр төсөөлөх, хэтрүүлэн дүрслэх, хохирлын хэмжээг ихэсгэх зэргээр мэдүүлдэг тул мэдүүлгийн эх сурвалжийг давхар шалгах шаардлагатай. Нөгөөтээгүүр гэмтлийн эмнэлэг нь өвчтөнийг хүлээн авах, эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх, хийгдэх ажиллагааны талаар батлагдсан журам, дүрмийг мөрдөж ажилладаг бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авч нотолгоонд суурилсан оношилгоо, дүгнэлт гаргадаг. Яаралтай тусламжаар ирсэн өвчтөнийг нүдээр хараад дүүргийн эмнэлэгт шилжүүлэх боломж байхгүй юм.
Мөн хохирогч нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын төвд яаралтай тусламж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ЭМТ-д 3 удаагийн амбулаторийн үзлэг, тусламж, 2025 оны 01 дүгээр сарын 13,14,15,16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн ЭМТ-д амбулаторийн үзлэг тусламж, 2025 оны 02 дугаар сарын 03. 04,05,06,10,12,24-ний өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хан-Уул дүүргийн ЭМТ-д тус тус үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байдаг, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Ц.Г- нь өмнө нь ямар нэг гэмтэл бэртэл авч байгаагүй гэдэг боловч Гэмтэл болон Хан-Уул ЭМТ-д ямар шалтгаанаар үзүүлсэн талаар асуухад хариулдаггүй, мэдэхгүй гэдэг.
Шинжээч Ц.Билэгзаяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмгөөлөгчийн Гэмт согог судлалын төвөөс ирүүлсэн баримтыг шинжилгээнд илгээвэл дүгнэлтэд өөрчлөлт орох боломжтой юу? гэх асуултад “... Нэмэлтээр ирсэн материалаасаа шалтгаалж дүгнэлтэд өөрчлөлт орох боломжтой” гэж, “... уг гэмтлийн эдгэрлийн хугацаа дөрвөн 7 хоногоос дээш”, “хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ.
Үүнээс дүгнэвэл хохирогч нь 2025 оны 01 дүгээр сарын 09 өдөр, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж авч байсан. Мөн 2025 оны 01, 02 сард 15 удаа Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байжээ. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, улмаар эдгээр баримтыг шинжилгээнд илгээгээгүй, шинжээч дүгнэлтдээ ашиглаагүй байна. Шинжээчийн шүүх хуралдааны явцад мэдүүлснээр дээрх баримтууд нь материалаасаа шалтгаалж шинжээчийн гаргаж буй дүгнэлтэд нөлөөлөх боломжтой гэсэн байтал шүүгч хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж, ач холбогдолгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2. Прокурорын шийдвэр биелэгдээгүй тухайд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс Гэмтэл согог судлалын эмнэлгээс баримт гаргуулах, уг баримтыг шинжилгээнд илгээж дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 54 дугаар тогтоолоор бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэвч нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгдээгүй.
Прокурорын тухайн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана”, 32.2-т “Дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж тус тус заасан. Прокурорын тогтоол нь заавал биелэгдэх шинжийг агуулах ба түүнийг хүчингүй болгох, хэрэгжилтийг зогсоох бүрэн эрх зөвхөн дээд шатны прокурорт хадгалагддаг. Гэтэл хүсэлт хангасан прокурорын тогтоолыг биелүүлэхгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хавсаргахгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, оролцогчийн эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордоход хүргэсэн. Л.Б-ын хувьд дээрх нотлох баримтыг гаргуулж, ослын улмаас уг гэмтэл учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлж байсан. Иймд прокурорын шийдвэр биелэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, шүүхээс хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.. Анхан шатны шүүх хуралдаанд миний эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэж байна. Тухайн үед шинжээч эмч цахимаар оролцсон. Шинжээч эмч цахимаар оролцоно гэдгийг мэдэж байсан болохоор асуух асуултуудаа би бэлдээд очсон. Гэвч шүүгч надаас шинжээч эмчээс асуух асуулт байна уу гэж огт асуугаагүй. Энэ байдлаар миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Миний уншиж ойлгосноор хохирогч тал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад худал ярьж болохгүй гэж ойлгосон. Хохирогч талаас өмнө нь авсан гэмтэл байхгүй гэж тайлбарладаг. Гэвч 2026 оны 1 дүгээр сард гэмтлийн болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлсэн байдаг. Хохирогч талаас өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Анхан шатны шүүх хуралдааны төгсгөлд прокурор яллах дүгнэлтээ уншсан. Тухайн үед би сэтгэл санааны хохирол хоёрдугаар зэрэгтэй гэдгийг мэдсэн. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалж төлнө гэдэг талаарх мэдээлэлтэй байсан. Прокурор яллах дүгнэлтээ уншихдаа сэтгэл санааны хохиролтой холбоотой мөнгөн дүн хэлсэн. Сэтгэл санааны хохирлын хоёрдугаар зэрэглэлийн хамгийн ихээр нь тооцсон хэдий ч хүрэхээргүй мөнгөн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мэдлэг чадварын хувьд дутуу байсан учраас ингэж шийдсэн эсэхийг нь ойлгохгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн цагдаад мэдүүлэг болон материалуудыг аваачиж өгөхөд хоёр цагдаа дамжсан. Очиж уулзах болгонд хохирлыг нь барагдуулчих гэж хэлээд их хэмжээний мөнгөн дүнг хэлж байсан. Би хүсэлт гаргана, энэ хэргийг зөвөөр шийдээд өгөөч гэж миний зүгээс хэлсэн. Гэвч миний гаргасан хүсэлтийг огт хангаагүй. Энэ байдлаар миний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Ц.Сайнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох, хор уршиг, хохирлын хэмжээг тогтооно гэж заасан. Үүнийг эргэлзээгүйгээр тогтоох ёстой гэж үзэж байна. Л.Б-ын хувьд нэг л зүйлийг хүсэж байгаа. Тэрээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлдээ гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл энэ үйл баримттай холбоотой маргадаггүй. Хохирогчийн тухайд спортын хүн бөгөөд өмнө нь олон удаа эмнэлэгт үзүүлж байсан өвчний түүхтэй байсан. Тийм учраас миний үйлчлүүлэгч тухайн ослын улмаас аль гэмтэл учирсан гэдгийг эргэлзээгүйгээр тогтоож өгнө үү гэж хүсэж байгаа. Энэ асуудлаас болж хохирол, хор уршиг, мөн ирээдүйд гарах хор уршгийн асуудал давхар яригдахаар байна. Үүний үр дүнд тухайн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал мөн яригдана. Гэтэл энэ боломжуудын байхгүй болгож байна. Үүнтэй холбоотой шүүгдэгч талаас шинжээч томилж өгнө үү гэж хүсэж байгаа. Прокурор анхны хүсэлтийг үндэслэлтэй байна гэж хүлээж аваад шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр ажиллагаа хэрэгжээгүй. Анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулсан. Үүнийг шүүх хуралдаанаар тодруулъя гэсэн боловч хийсвэр дүгнэлтээр буюу “Гэмтлийн эмнэлэг дээр очиж рентген зураг авхуулаагүй байна, ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байна, гаднаас нь үзээд явуулсан байна” гэх тайлбар хийгээд шийдвэр дээрээ энэ талаараа тусгаж явуулсан нь төсөөллөөр нотлох баримтыг нэг талаас үнэлсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг иргэний хэргээс ялгаатай. Гарж байгаа үр дагавар, хариуцлагын асуудал нь илүү хүнд байх учраас гэмт хэргийг эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар эргэлзээ гарах нөхцөл байдал үүссэн тохиолдолд яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт бий. Тиймээс шүүх бүрэлдэхүүн эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж үзээд давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Л.Б- осол гаргасан гэх буруутай гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээрээ маргадаггүй. Зөвхөн хохирол, хор уршгийг тогтоогоод өгөөч гэж хүсэж байгаа. Хэрвээ хохирол, хор уршиг бодитой гарах юм бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулъя гэх саналаа миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад илэрхийлж байгаа. Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1 дүгээр сард Гэмтлийн эмнэлэг орсон нь миний хөлийн гэмтэлтэй огт холбоогүй. Миний зүүн гарын хоёр хурууны холбоос гэмтсэн. Бэлтгэл дээрээ тэмцээнд бэлдэж байхдаа тухайн гэмтлийн би авсан. Өмнө нь би хөлдөө огт гэмтэл авч байгаагүй. Хуруу, мөр, тохойндоо гэмтэл авч байсан. Түүнээс хөл, нуруундаа бэртэл авч байгаагүй. Зүүн хөлийн бэртэл нь энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэсэн байсан. Шүүгдэгч баруун хөлийн MRI зураг авхуулснаас хойш утсаа авахгүй байсан. Тиймээс даатгалаар зүүн хөлөө MRI-д харуулсан. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Осол болсноос хойш охины хөлийг эхлээд дүүргийн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шарлага хийлгээд 14 хоногийн дараа MRI-д харуулах бичгийг эмч нь хийж өгсөн. MRI-д харуулахдаа шүүгдэгч Л.Б-тай хамт очсон. Гэтэл гэмтлийн эмч нь “ойрхон харж болохгүй, дор хаяж 30-60 хоногийн хугацаатай харах ёстой, учир нь хортой байдаг” гэж хэлсэн. Тэр үед Л.Б-д хэлэх гээд залгасан боловч утсаа аваагүй. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл мөн талаар хангалттай тогтоогдсон. Эмнэлзүйн үүднээс хаван хавдрын шинжээр хоёр сарын дотор гэж үзэж осол болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэдгийг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эхний шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд ясны хугаралгүй, харин чагтан холбоосны гэмтэл учирсан ба хүндэвтэр гэх дүгнэлт гарсан. Яллагдагчийн өмгөөлөгч үүнтэй холбоотой хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн үндсэн дээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр эхний шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, хүндэвтэр хохирол учирсан байна гэх дүгнэлт гарсан. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Хэрэг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гарсан ба насанд хүрээгүй хохирогч 3 сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгснөөр энэ гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Яагаад гурван сарын дараа гомдол өгсөн бэ гэж асуухад “тухайн осол болоход шүүгдэгч би танай хүүхдийг ямар ч асуудалгүй эмчилж өгнө, ямар нэгэн бэртэл гэмтэлгүй болгож өгнө гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд ясны бэртгэлгүй байна гэж хэлэхэд нь орхиод явсан ба түүнээс хойш холбоо бариагүй. Үүний дараа охины хөлд дахин өвчин, эмзэглэл үүсээд цагдаагийн байгууллагад хандсан” гэж тайлбарладаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч гэмтэлтэй холбоотой маргадаг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч маргадаг. Бид урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлуулсан. Даргалагч шүүгч нарийн мэргэжлийн шинжээч оролцуулах нь зүйтэй юм байна гэж хэлсэн. Мөнгөн гүүр эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн MRI дүгнэлт, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хоёр сиди дээр үндэслэж бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчид учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь нэг болон гурван эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч яагаад хүндэвтэр гэмтэл учирсан талаар нь тайлбарлаж өгсөн. Зам тээврийн осол явган хүний гарц дээр гарсан ба тухайн орчим нь явган хүнд олгогдсон ганц боломж нь байдаг. Болгоомж өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас энэ хүүхдийг мөргөчхөөд гэмтлийн зэрэгтэй холбоотой маргах юм бол эрүүгийн хариуцлагаас зугтааж болно гэж үзээд өнөөдрийг хүртэл шүүгдэгч талаас гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.Б- нь “Toyota Crown” маркийн Л- УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн оройн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Arena” спорт төвийн урд замын явган хүний зохицуулдаг гарцан дээр явган зорчигч Ц-гийн Г-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
“...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн оройн 20 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Arena” спорт төвийн урд замын явган хүний зохицуулдаг гарцан дээр “Crown” маркийн Л- УНЕ улсын дугаартай машинд мөргүүлсэн... Мөргүүлснээс хойш байнга бэхэлгээтэй явдаг. Хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай Тээврийн цагдаагийн албанд гаргасан өргөдөл /хх-ийн 10-13/,
Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн15-20/,
Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-гийн “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би бэлтгэлээ тараад 5 богдын урд талын “Виннер жудо” спорт клубээсээ 20 цагийн орчимд гараад Баянгол дүүргийн 26 дугаар хороо Л- тоот гэр лүүгээ харихаар би ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан... Уран ган цогцолборын урд талын уулзвараар чигээрээ буюу урд зүгээс хойш гарцаар гарч байхад Нарны хороолол талаас буюу хойноос урагш чиглэлтэй явж байгаад уулзвар дээр баруун гар тийш эргэж байсан “Toyota Crown” маркийн машин баруун гар тийш эргэх үед миний баруун тал руу мөргөсөн. Би аав, ээж рүүгээ ярьсан, намайг мөргөсөн машины жолооч “...цагдаа дуудалгүй хоёулаа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлье...” гэсэн. Би тэр үед нь “...ахаа би аав, ээж хоёроо дуудмаар байна...” гэж хэлээд аав, ээж хоёроо дуудсан. Удалгүй манай аав, ээж 2 осол болсон газар дээр ирээд “...цагдаа дуудахгүй юм уу...” гэж жолоочид хэлэхэд “...цагдаа шүүхээр яваад яахын бэ би танай хүүхдийг ямар ч хохиролгүй болгоно, шууд гэмтлийн эмнэлэг рүү явъя...” гэсэн. Тэгээд мөргөсөн жолооч аавын хамт бид нар гэмтлийн эмнэлэг очиж үзүүлсэн. Би тэр үед ногоон гэрлээр гарсан, тэр машин бас ногоон гэрлээр эргэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-гийн “...Тэр осол болох үед нь цуг байгаагүй манай охин Г- над руу залгаад “...ааваа би машинд мөргүүлчихлээ...” гэж хэлсэн... Эхнэр Солонгын хамт осолд босон газар дээр нь “Уран ган” цогцолборын урд талын гарцан дээр очсон намайг очиход мөргөсөн машин гарц нь дээр аваараа татаад зогссон манай охин цаад талд нь хашлага налаад сууж байсан. Би охиноосоо “...яасан юу болсон...” талаар асуугаад “...хаана нь өвдөж байна...” гэхэд охин “...хөл өвдөж байна...” гэсэн. Тэр үед “...цагдаад дуудлага өгнө...” гэхэд мөргөсөн жолооч нь 30 гаруй насны эрэгтэй “...ахаа хэрэггүй ээ би танай охины эмчилгээг бүрэн хариуцна...” гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү хүүхдээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн 2025 оны 05 дугаар 07-ны өдрийн 02252/6329 дугаартай “...1.Ц.Г--н биед баруун өвдөгний урд чагтан холбоос, гадна коллатерал холбоосын хэсэгчилсэн урагдал тогтоогдлоо.
2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэн, Б.Сэргэлэн, Ц.Бэлэгзаяа нарын 2025 оны 09 дүгээр 23-ны өдрийн 0525/1195 дугаартай “...1.2. Ц.Г-гийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоос дотор тал саран жийргэвчийн хэсэгчилсэн урагдал, урд, арын чагтан холбоос, гадна хажуугийн холбоосын суналт, үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.4 Дээрх баруун өвдөгний үений урд чагтан холбоос дотор тал саран холбоосын жийргэвчийн хэсэгчилсэн урагдал, урд, арын чагтан холбоос, гадна хажуугийн холбоосны суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжгүй.
5.9. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
7. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан №ЕГ0725/6329 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Ц.Г-гийн нэмэлтээр ирүүлсэн материалд зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 63-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Анхбаяр, Э.Мөнхнаран нарын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0825/1914 дугаартай “...1. Цэлмэгийн Г- /РД: 09291761/-сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 03- ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц-гийн Г- /РД: УГ-/ нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 886.402 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Л.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэл / хх-ийн 77-83/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Б-ын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1350 дугаартай “...Toyota crown Л- УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Л.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод, зам тавьж өгнө” гэх замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч Ц.Г- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх магадалгаа /хх-ийн 69-70/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтоох зорилготойгоор батлагдсан Монгол Улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас явган хүний зохицуулдаг гарцан дээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Л.Б- “...прокурорын шийдвэр биелэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, миний үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боломжгүй...Гэмтлийн эмнэлгээс хохирогчийн үзүүлсэн баримтыг хэрэгт хавсарган шинжилгээ хийх шаардлагатай... шүүхээс хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Ц.Г-гийн биед үүссэн гэмтлийн талаар 2 удаагийн буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0725/6329 дугаартай “...1.Ц.Г-гийн биед баруун өвдөгний урд чагтан холбоос, гадна коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх/хх 36-37/, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0825/1914 дугаартай “...1.2 Ц.Г-гийн биед баруун өвдөгний үений урд чагтан холбоос дотор тал саран жийргэвчийн хэсэгчилсэн урагдал, урд, арын чагтан холбоос, гадна хажуугийн холбоосын суналт, үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 3.4. Дээрх баруун өвдөгний үений урд чагтан холбоос дотор тал саран жийргэвчийн хэсэгчилсэн урагдал, урд, арын чагтан холбоос, гадна хажуугийн холбоосын суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжгүй. 5. 9. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 7. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч эмч О.Болороогийн гаргасан №ЕГ0725/6329 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 8. Ц.Г-гийн нэмэлтээр ирүүлсэн материалд зүүн өвдөгний үений урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, суналт, үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хх 44-46/ гарсан байна.
Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн биед учирсан баруун өвдөгний гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд автомашины ослоос үүдэлтэйгээр үүссэн талаар эргэлзээгүй нотолжээ. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч болон хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар ГССҮТ-д очин эмнэлгийн анхан шатны тусламж авсан, рентген зураг авхуулсан талаараа мэдүүлсэн. Дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь хохирогчид учирсан гэмтлийг рентген зургаас илүү нарийвчлалтай шинжлэх ухааны арга, хэлбэрийн шинжилгээ болох “МRI” буюу компьютер томографын шинжилгээний үр дүнд үндэслэн хийгдсэн, нэг нь нөгөөгөө баталсан, өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, эргэлзээгүй байх тул дахин шинжилгээ хийх шаардлагагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой нотлох баримтад тооцогдоно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат “...ГССҮТ-өөс баримт гаргуулах...гэрэл дохионы зохицуулалтын лавлагаа авах... ГССҮТ баримтуудад үндэслэн дахин шинжээч томилох...зам тээврийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч томилох...” /хх-ийн 51/ гэсэн агуулгатай хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан бөгөөд прокурор 2025 оны 08-р сарын 27-ны өдрийн 54 дугаар тогтоолдоо “...эрүүл мэндэд учирсан хохиролд дахин шинжилгээ хийлгэх...” хүсэлтийг нь хангаж бусад хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тусгалгүй орхижээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам хэлбэрийг сахин биелүүлээгүй мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох боловч үүнээс шалтгаалан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын хууль ёсны байдал алдагдсан төдийгүй энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан уг хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийн аль нэгэнд хамаарахуйц байвал анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, эсвэл хүчингүй болгоно.
Прокурор өмгөөлөгчийн зарим хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тогтоолдоо тусгаагүй алдаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын хууль ёсны байдал, нотолгооны төвшинг алдагдуулаагүй тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн, тухайн уулзвар, замын хэсгийн гэрлэн дохионы ажиллах ерөнхий гормын лавлагаа /хх-ийн 75/, жолоочийн замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн талаарх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтууд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА