| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2206000710931 |
| Дугаар | 2026/ДШМ/420 |
| Огноо | 2026-04-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Аззаяа /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/420
2026 04 09 2026/ДШМ/420
Э.З-, Т.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Аззаяа /томилолтоор/,
цагаатгагдсан этгээд Э.З- түүний өмгөөлөгч Б.Отгонпүрэв,
цагаатгагдсан этгээд Т.А-, түүний өмгөөлөгч Ж.Номинцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/187 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд Э.З-, Т.А- нарт холбогдох эрүүгийн 2206000710931 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
С- овгийн Э-ын З- /РД: УЭ-/, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ......, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б- овгийн Т-ын А- /РД: ЧТ-/, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Т- хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Э.З- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т- хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багшаар ажиллаж байхдаа хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч М.Ө-гээс 2020 оны 6 сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Хаан банкин дахь 5Ө-3 тоот дансаараа хүлээн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн, Ц.А- нь Э.З-г Т- хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багшаар ажилладаг, хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хохирогч М.Ө-д танилцуулан Э.З-гийн холбогдсон “залилах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэг, Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э-ын З-, Т-ын А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, шүүгдэгч Э.З-, Т.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу шүүгдэгч нар нь оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэл гаргаагүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 26- ны өдөр урьд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 2025/ШЦТ/1171 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр хүлээн авч, хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, 2025/ДШМ/906 дугаартай магадлал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхдээ хохирогч М.Ө-, гэрч М.Б- нарыг оролцуулж, хэргийн үйл баримтыг цаг хугацааны дарааллаар тодруулахдаа хэргийн үйл баримтад нийцээгүй, “...Э.З- нь өөрийгөө өмгөөлөгч гэж хохирогчийг хуурч, зохиомол байдал үүсгэсэн эсэхийг М.Ө- өөр өөрөөр мэдүүлсэн, түүний мэдүүлэгт Т.А-, М.Б- нарын маргаантай үйл явдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, ...үйлчлүүлэгч нь өөрийн өмгөөлөгчийг ажлаа муу хийсэн гэж дүгнэснийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэл болохгүй...хэргийг 4 жил гаран хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж холбогдох бүхий л ажиллагааг явуулсан ч хохирогч, гэрч нарын эргэлзээтэй мэдүүлгүүд байгаа...” зэргээр зөрүүтэй дүгнэлт хийсэн. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан. Давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, магадлал гаргасан байтал цагаатгах тогтоолд “...прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хангасан буюу талуудыг мэтгэлцүүлэн оролцогч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэжээ” гэж магадлалд заагаагүй асуудлыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлийг цагаатгах тогтоолын “тогтоох” хэсэгт тусгаагүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн шүүх шийдвэртээ улсын яллагчийн дүгнэлт болон дүгнэлтээ үндэслэсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/187 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Б.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзээд эсэргүүцэл бичсэн. Миний хувьд дээрх прокурорын эсэргүүцлийн дэмжин оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З- нь хохирогч М.Ө-гээс мөнгө авахын тулд зохиомол байдлыг үүсгэсэн ба шүүгдэгч Т.А- залилах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хохирогч М.Ө-д “танай энэ хэрэг маргаанд энэ хүн хэрэгтэй, сайн өмгөөлөгч” гэж хэлээд Э.З-г танилцуулсан байдаг. Улмаар хохирогчоос нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Э.З- нь өөрийгөө өмгөөлөгч гэж хэлж хохирогчийг хуурч зохиомол байдлыг М.Ө- өөр өөрөөр мэдүүлсэн. Түүний мэдүүлэгт Т.А-, Б- нарын маргаантай үйл явдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, үйлчлүүлэгч өөрийн өмгөөлөгчийг ажлаа муу хийсэн гэж дүгнэснийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болгохгүй. Хэрэгт 4 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаанд бүхий л ажиллагааг хийсэн боловч хохирогч, гэрч нарын эргэлзээтэй мэдүүлэг байгаа” гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Цагаатгасан шийдвэрийг прокурор хүлээн авч эсэргүүцэл бичсэн. 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүх хүлээн авч магадлал гаргасан. Магадлалд “яллах дүгнэлтэд байх нотлох баримтын эх сурвалж харилцан зөрүүтэй, яллах дүгнэлтэд яллах ба цагаатгах талын баримтууд холимог байдлаар итгэл үнэмшил бүрдэхээргүй бичигдсэн, түүнчлэн анхан шатны шүүх бодит байдлыг хянах тогтоолгох чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, нотолбол зохих ажиллагаа дутуу, нотлох баримтын эх сурвалжийг эргэлзээ гэж үзсэн нь бүхэлдээ хийсвэр шинжтэй бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Шүүгдэгч нарын гэмт хэргийн оролцоо болон Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг журамлахтай холбоотой хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэж магадлал гарсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх магадлалд дурдсан асуудлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр дахин шүүх хуралдааныг хэлэлцэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс ч мөн анхан шатны шүүх хуралдаанд хэргийг дахин хэлэлцэх үеэр хүсэлт гаргасан байдаг юм байна. Тодруулбал “давж заалдах шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн асуудал болон нэмэлт ажиллагаа, нотлох баримт хангалтгүй талаар дүгнэлт гаргасан. Энэ талаар 60 хоног хойшлуулах, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байсан. Анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хүлээж аваагүй. Ингээд анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрийг гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Энэ хэрэг маргаан 5 дахь жилдээ үргэлжилж байна. Тухайн үед би өөрийгөө огт өмгөөлөгч гэж хэлээгүй. Үүнтэй холбоотой М.Ө-, Б- нарыг оролцуулахаар шүүх хуралдаанд хэд хэдэн удаа хойшилж байсан. Гэсэн хэдий ч ирэхгүй байсан учраас тэдгээрийг албадан ирүүлж байсан. Энэ хуралдаанд ч тэдгээр хүмүүс ирээгүй байна. Т.А- намайг мөн өмгөөлөгч гэж хэлснийг би санахгүй байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.З-гийн өмгөөлөгч Б.Отгонпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд өмнөх магадлалд дурдагдсан асуудлууд биелээгүй талаар дурдсан байсан. Өмнөх магадлалын хууль зүйн агуулга нь “гэрчүүд өөр хоорондоо маш их зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Аль нэг нь үнэн байх ёстой. Хэрэв худал мэдүүлэг өгсөн нь нотлогдох юм бол хариуцлага болох үндэслэлтэй” гэх агуулга байсан. Гэрч нарын мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдааны явцад гаргасан гэж үзэж цагаатгах тогтоолын үндэслэл болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг анхнаасаа хохирогч өөрөө гаргаагүй. Цагаатгагдсан этгээд Т.А-ын гэр бүлийн этгээд хоёр гурван хэргээр шүүхэд шалгагдсан. Бүр цаашлаад гэр бүлийн хүнээ нууцаар тагнасан гэж хүртэл шалгагдаж байгаа. Болоод өнгөрснөөс нэг жилийн дараах үйл явдлыг сургуулийн захиргаанд мэдэгдсэн нь энэ гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч яллагдагчаар татагдах шалтгаант нөхцөл болсон. Хохирогч энэ гэмт хэргийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй. Надад ач холбогдолгүй гэж хохирогч шүүхийн байгууллагад ирж мэдүүлсэн. Үүнээс харахад цагаатгагдсан этгээдийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй. Гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилго байгаагүй гэдгийг анхан шатны шүүх цагаатгах тогтоолд хууль зүйн үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байна. Мөн энэ хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар ямар үйл баримтыг нотлох гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь энэ хэргийн яллах дүгнэлт өмнө нь 3-4 удаа хүчингүй болж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаж байсан. 10,000,000 төгрөгийг яагаад Э.З- авсан бэ гэдэгтэй холбоотой цагаатгах тогтоолд хангалттай дурдсан. Учир нь шууд өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй гэж хэлээгүй. Харин эрх зүйч байдлаар судлаач учраас эрх зүйн туслалцаа үзүүлдэг байсан, зөвхөн энэ хэрэг дээр биш зарим асуудал дээр зөвшилцдөг байсан гэх үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүний гэм буруутайг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй тохиолдолд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Энэ талаар цагаатгах тогтоолд тодорхой дурдсан. Мөн прокурорын зүгээс цагаатгаж буй үндэслэлээ цагаатгах тогтоолд тодорхой дурдаж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 8 дугаар хэсэгт энэ талаар маш сайн задалж бичсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ бүгдийг нэг бүрчлэн уншиж өгөх шаардлагагүй байх. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагаатгах тогтоолын хууль зүйн үндэслэл бүрэн бүрдсэн. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн талаар дурдсан байна. Ямар үндэслэлээр ноцтой зөрчсөн гэж үзэж цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичиж байгаа талаараа прокурор эсэргүүцэлдээ дурдаагүй. Миний хувьд энэ хэрэгт анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэрэг буцсаны дараагаар яллагдагчаар татагдаж орж ирсэн. Тухайлбал Э.З-д залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан. Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтаар би Э.З-г өмгөөлөгч, эсхүл очоод мөнгө авчих гэж хэлээгүй болох нь тогтоогдож байгаа. Миний хувьд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамтын оролцоо байхгүй гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Үүнийг анхан шатны шүүх хуралд прокурор Ганчимэг хүлээн зөвшөөрсөн. Би энэ хэрэгтэй холбоотой 4 жилийн хугацаанд маш олон зүйл дээр хохирсон. Тухайлбал нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хэвийн үйл ажиллагаа, гэр бүлийн амьдрал, амгалан тайван байдал, хэвийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжид маш их саад учруулсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Б-гийн өс санасны дагуу гаргасан өргөдөл, гомдлын дагуу шалгах ажиллагаа эхэлсэн. Энэ үйлдэл дээрээ Б- хэд хэдэн удаа ял авсан. Одоо хүртэл үүнтэй холбоотой үйл явдал дуусахгүй байгаа бөгөөд фейсбүүк дээр намайг янз бүрээр бичиж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн хэрэг олон дүүрэг дээр үүссэн байгаа. Хүүхэд хүчирхийллийн хэргүүд мөн Б- дээр үүссэн байгаа. Эдгээртэй холбоотой энд тэнд очиж хохирогчоор мэдүүлэг өгөх зэрэг маш олон асуудал одоо хүртэл дуусахгүй байгаа. Эрхэм шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтыг бүхэлд нь тунгаан харж хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Миний хувьд энэ хэрэгт анхнаасаа хамтран оролцоогүй бөгөөд залилан мэхлэх үйлдэл огт хийгээгүй...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.А-ын өмгөөлөгч Ж.Номинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж оролцож байна. Прокурорын зүгээс “2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн магадлалд заасан ажиллагаа хийгдээгүй” гэж тайлбарлаж байна. Цагаатгах тогтоолд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан, уг захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхээс хангаж буюу талуудыг оролцогч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх өмнө нь энэ талаар дүгнэсэн. Өмнөх цагаатгах тогтоолын хувьд зөрүүтэй мэдүүлгүүдийг нягтлан шалгаагүй байна гэх асуудал яригдсан. Сүүлийн байдлаар цагаатгах тогтоол гарахад хохирогч, гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаад Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан эргэлзээтэй байх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ажиллагаануудыг хэрэгжүүлсэн гэж би үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нар шүүх хуралдаанд биечлэн оролцож өөрсдийн амаар мэдүүлгээ өгсөн. Ингэхдээ зөрүүтэй мэдүүлгүүдийн талаар бүгдийг нь тодруулж хэлсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой ажиллагаа хийгдсэн. Мөн прокурорын хувьд миний үйлчлүүлэгч Т.А-ын өмнө нь нэг удаа ял шийтгэл хүлээн байсан гэж буруу бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хуулийг журамлаж хамтран оролцоог нь бичээгүй гэх өөрийнхөө алдааг тухайн үед шүүх хуралдаанд тайлбарласан. Нэгэнт цагаатгах тогтоол гарч байгаа учраас алдааг залруулах шаардлагагүй болсон талаар дүгнэлтдээ тусгасан байсан. 2020 оны 06 дугаар сард болсон гэх үйл баримт одоог хүртэл яригдаж байна. Прокурор “одоо яригдаж буй яллах дүгнэлт магадлалаар хүчингүй юм уу” гэх зүйл ярьж байна. Хэрвээ энэ яллах дүгнэлт хүчингүй юм бол прокурор нийтдээ энэ хэрэг дээр 5 удаа яллах дүгнэлт бичээд 5 удаагийн яллах дүгнэлт алдаатай, хүчингүй болсон гэж харагдахаар байна. Анхан шатны цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хангахаас татгалзаж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Т.А- нь М.Ө-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллаж байх үедээ М.Ө-г Э.З-той танилцуулсан бөгөөд М.Ө- нь 2020 оны 6 сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар 10,000,000 төгрөгийг Э. З-гийн “ХААН” банкны 5Ө-3 тоот данс руу шилжүүлсэн болох нь:
“Б-” ХХК болон “З-” ХХН-ийг төлөөлөн Т.А- болон М.Ө- нарын байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 27, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний хуулбарууд/1хх-ийн 13-14, 28-131/,
“...Э.З-гийн эзэмшлийн “ХААН” банкин дахь 5Ө-3 тоот дансанд Ө-гээс 10,000,000 төгрөгийг “өмгөөлөгч урьдчилгаа” утгаар шилжүүлсэн...” гэсэн мэдээлэлтэй дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/1хх-ийн 45-49/,
Хохирогч М.Ө-гийн “...А- нь хуулийн ферм байгуулсан, олон сайн өмгөөлөгчтэй гэж хэлсэн. Тэгээд манай дүүгийн эхнэр болохоор компаниар гэрээ хийе, хуульч хэрэг болбол манай байгууллагыг төлөөлж хууль зүйн туслалцаа үзүүлээрэй гээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Тэгээд би А-ын данс руу 10 сая төгрөгийг найз Е-ын данснаас шилжүүлсэн. Гэрээ хийснээс хойш ойролцоогоор 10-20 хоногийн дараа би Замын-Үүдийн гааль дээр зөрчлийн асуудалтай болсон. Энэ асуудлаар А-тай холбогдож танай хуулийн фермтэй гэрээ байгуулсан, ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Наадах чинь том асуудал, нэлээн хэцүү, сайн явахгүй бол болохгүй гэж надад хэлсэн. Тэгээд А- энэ хэрэг дээр З- гэж сайн өмгөөлөгч байгаа, энэ хүнийг авахгүй бол болохгүй, тусдаа мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл дээр З-той уулзуулж танилцуулсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр интернэт банкаар З-гийн Хаан банкны 5Ө-3 дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Улаанбаатар хотод байсан, яг хаана явж байхдаа шилжүүлснээ санахгүй байна. Эхлээд 15 сая төгрөг гэж байгаад урьдчилгаа гээд 10 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш А-, З- нар нь хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Би өөр өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авсан. З-г хамт ажилладаг гэдгээ хэлээгүй. Сайн өмгөөлөгч гэж танилцуулсан. Сүүлд нь мэдсэн. А- З-г өмгөөлөгч гэж танилцуулсан болохоор өмгөөлөгч гэж бодсон. Тэрнээс бичиг баримтыг нь үзэж шалгаагүй...” гэх мэдүүлэг/1хх-ийн 28-29/
Хохирогч М.Ө-гийн “...Тухайн үед би үнэхээр асуудал ихтэй байсан учир яг хаагуур юу хийж явж байснаа бол мэдэхгүй байна. Би цагдаа сэргийлэх гээд их ажилтай явж байсан учир асуудалтай л явж байсан. Би цагдаа нарт үнэхээр дургүй байдаг учир үнэхээр санахгүй байна. Би тэр үед Эрүүгийн цагдаагийн алба нь дээр шалгагдаж байсан учир байн байн дуудагдаж ирдэг байсан. Өөр зүйл бол үнэхээр санахгүй байна. Би тэр мөнгийг бол аваагүй. Энэ мөнгийг Б- авсан гэдгийг би цагдаа нараас л сонссон. Тэрнээс Б- бол надад хэлээгүй. Надад одоо наа мөнгө төгрөг чинь хэрэггүй гэдгийг бол Б-д хэлсэн. Тэгэхээр мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл бол байхгүй. Надад энэ талаар бол З- надад нах албанд ажилладаг гэж хэлж байсан удаа бол байхгүй. Тухайн үед бол А- нь надтай өмгөөллийн гэрээ байгуулсан байсан. Өмгөөллийн гэрээгээ байгуулахдаа хуулийн фермтэй гэж гэрээ байгуулж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 161/,
Гэрч М.Б-гийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Т- хэргийн их сургуулийн захирал П.Б-ын нэр дээр тус сургуулийн Т.А- болон Э.З- нарын нийлж байгуулсан хуулийн фирмийн нэрээр явуулсан. Энэ мэдээллийн дагуу Т- хэргийн их сургуулийн Т- хяналтаас утсаар холбогдож тодруулж байсан. Би энэ мэдээллийг Т.А-, Э.З- нарын талаар өөрийн төрсөн ах М.Ө-гээс мэдсэн юм. Манай ах М. Ө- нь тэр хоёрын “З-е” ХХН-өөс хууль зүйн туслалцаа авах талаар гэрээ шилжүүлсэн байсан. Манай ах М.Ө- нь Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан. Э.З- нь дараа нь яг өдрийг нь санахгүй байна, надтай Хан-Уул дүүргийн “Наадам центр”-ийн нэг давхарт “кофе шоп”-т уулзаад надад хэлэхдээ “...танай ахын чинь шалгагдаж байгаа хэрэг нь манай нөхөр Э-гийн ажилладаг хэлтэс дээр шалгагдаж байгаа том сонирхлын зөрчилтэй болоод байгаа учраас би танай ахаас авсан 10 сая төгрөгийг буцааж өгөх хэрэгтэй байна, тийм учраас манай өмгөөллийн ферм үүнд оролцож болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй болоод байгаа учраас буцааж өгөх хэрэгтэй байна. А- надад би Б- болон түүний гэр бүлийнхэнтэй муудалцсан, салсан гэсэн тул би чамд энэ мөнгийг өгье, өөр өмгөөллийн фермтэй хамтарч ажилла гэж ахдаа хэлээрэй...” гэж хэлээд надад 10 сая төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117/,
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 20 минутад Эрүүгийн цагдаагийн албаны 101 тоот өрөөнд М.Ө- өмгөөлөгч Т.А-ын хамтаар өөрийн холбогдсон гаалийн зөрчилтэй холбоотой хэрэгт гэрчээр мэдүүлэгт өгсөн тэмдэглэлийн хуулбар /1хх-124-127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Үүнийг Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгаар ойлгох бөгөөд “гэмт хэргийн шинж” гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийн гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдэл юм.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гэмт хэрэгт тооцох бөгөөд аль нэг нь тогтоогдоогүй тохиолдолд зөвхөн үр дагаварт түшиглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан суурь зарчмууд алдагдахад хүрнэ.
Дээр дурдсан гэмт хэргийн субъектив талын шинжид зайлшгүй байх нэг элемент бол гэм буруу бөгөөд энэ нь үгүйсгэгдсэн эсвэл тогтоогдоогүй бол гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно. Гэм буруугийн Т- элементүүд болох сэдэл болон санаа зорилгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар бодитой тогтоосноор тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон.
Тодруулбал, “залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулдгаараа иргэний эрх зүйн харилцаа, гэрээ, үүргийн эрх зүйгээс үүдэлтэй маргаан зэргээс ялгагдана.
М.Ө- нь өөрийн хамтын ажиллагаатай хуульч Т.А-ын танилцуулсан Э.З-гоос тухайн үед холбогдсон гаалийн зөрчилтэй холбоотой асуудалд хууль зүйн туслалцаа авах үүднээс түүнд 10,000,000 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн хүмүүсийн идэвхтэй үйлдлээс шалтгаалан төөрөгдөлд орж хуурч мэхлэгдсэн, Э.З- нь М.Ө-г төөрөгдөлд оруулах, бодит байдал дээр биелэх боломжгүй нөхцөл байдалд итгэн үнэмшүүлэх санаа зорилго бүхий үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй тул тэдний үйлдэлд гэмт хэргийн субъектив талын заавал байх элемент болох гэм буруу үгүйсгэгдэж байна. Түүнчлэн “залилах” гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө эсхүл эд хөрөнгийн эзэмших эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байвал зохино. М.Ө-гийн хохирогчоор удаа дараа өгсөн “...өмгөөлөгч гэж танилцуулсан...өмгөөлөгч л гэж бодсон...” гэх мэдүүлгүүдэд үндэслэн тэдний үйлдлийг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг авсан гэж дүгнэх боломжгүй юм.
Прокурорын Э.З- Т.А- нарын үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт нь Э.З- хуульчийн эрхгүй мөртлөө М.Ө-гээс 10,000,000 төгрөг авсан, Т.А- түүнтэй танилцуулсан гэсэн нөхцөл байдлыг хохирогч нь Т.А-ын дэмжлэг үзүүлсэн үйлдлээс шалтгаалан хууран мэхлэгдэж Э.З-д мөнгө шилжүүлсэн гэж үзсэн нь зөвхөн үр дагаварт тулгуурласан, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосноор хэргийн бүрдэл хангагдана.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн хэм хэмжээгээр тайлбарлагдах харилцааг буруу тайлбарлаж, санаа зорилгыг нь бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг “залилан мэхлэх” гэмт хэргийн субъектив санаатай адилтган буруу дүгнэлт хийж прокурор яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болжээ.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/187 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА