Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б.О-д холбогдох 1811015450653 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, эмэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 42-53 тоотод оршин сууж байгаа, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1095 тоотод бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б.О (РД:),

            нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 захын Хаан банкны АТМ-ээр иргэн Д.Чулуунцэцэгийн 5065244708 дугаартай дансаар хийсэн төлбөр тооцооны 330.000 төгрөгийн алдаатай гүйлгээг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй” гэв. 

Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нарантуул 2 захын Хаан банкны АТМ-д өөрийн нөхрийн шинээр авсан картыг идэвхижүүлэх зорилгоор АТМ-д дугаарлаж байгаад миний ээлж болоход Автомат мөнгөний машинаас 330.000 төгрөг гарч ирсэн. Тэр үедээ миний урд үйлчлүүлж байсан хүний мөнгө юм байна гэж бодоод уг гарч ирсэн мөнгийг өгөх гэсэн боловч тэр хүн тэнд байгаагүй, хаашаа явсан нь мэдэгдээгүй, ямар ч хүн анзаараагүй, хэсэг хүлээгээд картаа идэвхижүүлээд 1 минут орчим болоход ирээгүй, тэр орчмоор тухайн хүнийг хэсэг хайсан боловч олдоогүй. Түүний дараа захаас хүнсний зүйл аваад гэр рүүгээ харьсан, замдаа би өөрийн нөхөрт хандаж, картнас мөнгө гарч ирсэн талаар хэлээд мөнгөний хүнийг манай гэрт мөнгөө авахаар хүрээд ирэх юм байх гэж бодоод 2-3 хоног хүлээсэн боловч ирээгүй, тэгээд уг мөнгийг үрж дуусгасан.” гэжээ.

Хохирогч Д.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн охин Золбоогийн хамт Нарантуул-2 захаас тэтгэврийн мөнгөө авах гээд 1 давхарын АТМ-ээс 100.000 төгрөгөөр картаа хийгээд нууц үгээ хийхэд дэлгэцэн дээр 330.000 төгрөг байна гэж гарсан юм. Дахин гүйлгээ хийх товчийг дарахад баримтаа авна уу гэсэн бичиглэл гарч ирээд баримт болон мөнгө гарч ирээгүй тэгээд хэсэг зогсож байгаад картаа авчихаад Нарантуул захын 2 давхарын ATM рүү очоод дахин картаа хийхэд дэлгэцэн дээрээ 330.000 төгрөг гэж гарахаар нь дахин 100.000 төгрөг авах оролдлого хийсэн боловч үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирсэн юм. Тэгээд АТМ-ээс баримтаа аваад хажуу талын ХААН банк руу орж банкны ажилтантай уулзахад ахлах теллертэй уулз гэхэд бид нарын тайлбарт 1800 1917 ХААН банкны лавлах дугаар өгөөд болсон асуудлын талаар ярьсан боловч 08 цагийн дотор шийдэж өгнө гэж хэлээд мөнгийг тань өгнө гэсэн боловч тухайн цаг хугацаанд мөнгө ороогүй. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд миний картнаас мөнгө гаргасан байна.” гэжээ.

Гэрч А.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн ээж Д.Чулуунцэцэгийн хамт Нарантуул-2 захын 1 давхарын АТМ-ээс мөнгө авах зорилгоор АТМ-д дугаарлаж зогсож байгаад АТМ-рүү картаа хийхэд дэлгэцэн дээр автоматаар таны үлдэгдэл 330.000 төгрөг байна гэж гарсан юм. Тэгэнгүүт дахин гүйлгээ хийх сонголтыг дарахад баримтын мөнгө 50 төгрөг гэж гарсан. Шууд карт ирсэн, хэсэг зогсоод харахад мөнгө гарч ирээгүй, тэгэнгүүт нь машин болохгүй байна гээд 2 давхарын АТМ-рүү картаа хийхэд дахин 1 давхарын ATM машин дээр хийгдсэн үйлдэл дахин давтагдаж гарч ирсэн. Тэгээд дахин гүйлгээ хийх үү гэсэн сонголт гарч ирэхээр нь өөр дүнгээр 100.000 төгрөг гээд хийхэд дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд тоо гарч ирсэн. Ахлах теллер нь ХААН банкны лавлах 1800 1917 гэсэн дугаар руу залга гэхээр нь би түүн рүү залгаж болсон үйл явдлын талаар хэлэхэд манай ээжийн овог нэр, дансны дугаарыг асуусан, мөн цаанаас шалгаж хэлэхдээ 330.000 төгрөг байх үед 100.000 төгрөг авах гэж хийсэн юмуу гэх байдлаар асууж хэлээд эргээд хэлэхдээ 330.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн” гэжээ.

Гэрч Б.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би цалингийн зээл авчихаад ХААН банкны картаа авчихаад эхнэр Оюун-Эрдэнэ, хүү Бат-Оргил 3 настай эрэгтэйгийн хамт явсан. Би хүүгийн хамт хүнсний зүйл цуглуулаад явж байхад манай эхнэр Нарантуул-2 захын 1 давхарт байрлах ХААН банкны АТМ-д шинээр авсан картаа идэвхижүүлэх зорилгоор картыг манай эхнэр уншуулсан юм. Харин манай эхнэрийг миний ХААН банкны карт уншуулж байхад ATM машинаас бэлэн 330.000 төгрөг гарч ирсэн талаар гэр рүүгээ явж байх замдаа манай эхнэр сүүлд хэлсэн” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 захын Хаан банкны АТМ-ээр иргэн Д.Чулуунцэцэгийн 5065244708 дугаартай дансаар хийсэн төлбөр тооцооны 330.000 төгрөгийн алдаатай гүйлгээг завшсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Чулуунцэцэгийн “2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн охин Золбоогийн хамт Нарантуул-2 захаас тэтгэврийн мөнгөө авах гээд 1 давхарын АТМ-ээс нууц үгээ хийхэд дэлгэцэн дээр 330.000 төгрөг байна гэж гарсан юм. Дахин гүйлгээ хийх товчийг дарахад баримтаа авна уу гэсэн бичиглэл гарч ирээд баримт болон мөнгө гарч ирээгүй тэгээд хэсэг зогсож байгаад картаа авчихаад Нарантуул захын 2 давхарын ATM рүү очоод дахин картаа хийхэд дэлгэцэн дээрээ 330.000 төгрөг гэж гарахаар нь дахин 100.000 төгрөг авах оролдлого хийсэн боловч үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчимд миний картнаас мөнгө гаргасан байна гэж ХААН банкны лавлах хэлсэн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Боржгон овогт Батнасангийн Оюун-Эрдэнийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Б.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгчээс “би ажилд орж байгаа, торгуулийн мөнгө бэлэн байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын нэг нэгжийг нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Хохирогч нь миний хохирол барагдсан гэх тул шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуу тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ