Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/426

 

2026           04            10                                                                         2026/ДШМ/426

 

Н.Ц-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

прокурор Б.Тогтох,

шүүгдэгч Н.Ц-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,  

хохирогч Н.Х-,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Ц-ид холбогдох 2510039281449 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Э- овгийн Н-ийн Ц- /РД: БН-/, 1993 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Н-” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Н.Ц- нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “Н-”, “Н- tour” нэртэй пэйж хуудас нээж “Бали арлын, Тайланд, Индонези улс руу 7 шөнө, 8 өдрийн аялал, хөтөлбөр зарлагдлаа” гэх мэт зар байршуулж хохирогч нараас “аяллын хөтөлбөрийн зардал, тийзний мөнгө, буудлын мөнгө өгөөрэй” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн болон “Н-” ХХК-ийн дансаар дамжуулан хохирогч Г.О-гаас 9,170,400 төгрөг, хохирогч Н.Х-аас 6,293,120 төгрөг, хохирогч Г.Б-гаас 14,850,000 төгрөг, хохирогч Б.Э-ээс 16,360,000 төгрөг буюу нийт 46,673,520 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э- овогт Н-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ид 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Н.Ц-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ц-ийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Тогтох 2026 оны 01 дүгээр сарын 28, 01 дүгээр сарын 30, 2026 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрийн ... дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолуудаар шүүгдэгч Н.Ц-ийг нэр бүхий 49 иргэнийг дээрх аргаар залилсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллагдагчаар татжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгч Н.Ц-ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан бөгөөд тэрээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн. Харин прокуророос нэр бүхий 39 иргэнийг залилсан үйлдэлд яллагдагчаар татсан нь түүний эрх зүйн байдал дордоход хүргэж байх бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй юм. Иймд  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Н.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр өөрийгөө өмгөөлөн оролцсон бөгөөд тухайн үед хуулийн мэдлэг тааруу байсан. Хорих ял оногдуулсны дараа өмгөөлөгч авч, тухайн хэрэгт холбогдох үйлдлүүдийг нэгтгэх асуудлын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа бөгөөд шүүхээс энэрэнгүй хандаж, өмгөөлөгчийн хүсэлтийн хүрээнд шийдвэр гарган, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, алдаагаа засаж залруулах боломж олгож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.  

Хохирогч Н.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би шүүх хуралдаануудад боломжийн хэрээр оролцож ирсэн. Хохирол барагдуулсан гэх үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл ял шийтгэлийг хөнгөрүүлэх ёстой гэж анхнаасаа үзээгүй бөгөөд одоо ч энэ байр сууриндаа хэвээр байна. Бидний зүгээс сэтгэл санааны болон бусад байдлаар тодорхой хохирол амссан хэдий ч зөвхөн төлбөрийн мөнгөн дүнг барагдуулсан, бусад төрлийн хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж, хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...” гэв. 

Прокурор Б.Тогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс 2025 оны 11 дүгээр сард яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчаар татсан тогтоол болон яллагдагчийн өгсөн мэдүүлгүүдэд тулгуурласан. Яллагдагч тухайн үед өөрт холбогдох үйлдлүүдийн талаар мэдүүлэхдээ “дээрх 6 үйлдлээс өөр үйлдэл байхгүй” гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд ч энэ талаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн үе хүртэл өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй талаар өөрөө мэдүүлсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “өөр хэргүүдийг нэгтгээгүй” гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь яллагчаар татсан тогтоол, яллагдагчийн мэдүүлгээр өөр хэрэг байхгүй нь тогтоогдсон. Хэргийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хойш, өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа, шүүх хуралдааны тов гарснаас хойш нэр бүхий хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Өмгөөлөгч Л.Батжаргалын дурдсан гомдол нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гарсан, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бөгөөд уг асуудлаар тусдаа хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Иймд эдгээр нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдахаас өмнөх хэрэгт хамаарахгүй, цаг хугацааны хувьд тусгаар, бие даасан шинжтэй хэргүүд болно. Мөн яллагдагчид түүний эрх, үүргийг тайлбарлахдаа өөрт холбогдох нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, харин прокурор, мөрдөгчийн зүгээс шахалт, дарамт үзүүлэх эрх зүйн үндэслэлгүй болохыг тайлбарласан. Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь нээлттэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нэгтгэх асуудал нь тухайн үед үүссэн нөхцөл байдалд үндэслэн шийдвэрлэгдэх бөгөөд дараа үүссэн хэргүүдийг заавал нэгтгэх үндэслэлгүй. Түүнчлэн, хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт үнэлэлт дүгнэлт өгч, тухайн зүйл ангийн доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад гарсан нөхцөл байдлуудыг талуудын оролцоотойгоор хэлэлцэн, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн 330 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байгаа бөгөөд уг шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Н.Ц-ид холбогдох 2510039281449 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч Н.Ц- нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “Н-”, “Н- tour” нэртэй пэйж хуудас нээж “Бали арлын, Тайланд, Индонези улс руу 7 шөнө, 8 өдрийн аялал, хөтөлбөр зарлагдлаа” гэх мэт зар байршуулж хохирогч нараас “аяллын хөтөлбөрийн зардал, тийзний мөнгө, буудлын мөнгө өгөөрэй” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн болон “Н-” ХХК-ийн дансаар дамжуулан хохирогч Г.О-гаас 9,170,400 төгрөг, хохирогч Н.Х-аас 6,293,120 төгрөг, хохирогч Г.Б-гаас 14,850,000 төгрөг, хохирогч Б.Э-ээс 16,360,000 төгрөг буюу нийт 46,673,520 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:       

хохирогч Г.О-гийн: “...“Н- Tour” гэх нэртэй хаяг “Та хүссэн үедээ явах боломжтой, заавал цаг зааж удаахгүй” гэж хариу өгсөн.. 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би найзынхаа хамт “Н- Tour” нэртэй хаягийн хүн болох Н.Ц- гэх уулзсан. ...Ингээд 2 хүний хөтөлбөртэй аяллын багцын мөнгө 6,600,000 төгрөг, Бээжин хот руу нисэх тийзний мөнгө 2,270,400 төгрөг, нийт 8,870,400 төгрөгийг Н.Ц-ийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн. 3 хоногийн дараа 2025 оны 6 дугаар сарын 8-ны өдөр би 2 хүний визний мөнгө 300,000 төгрөгийг Н.Ц-ийн данс руу шилжүүлсэн. 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найз бид хоёр Бээжин хот руу нисэж 22 цагт буусан. Тийз нь баталгаажаагүй болохоор найз бид 2 дараагийн нислэгтээ сууж чадаагүй. Тэгээд маргааш нь Н.Ц-ийг онгоцны буудал дээр өдөржин хүлээсэн боловч хариу байхгүй алга болчихсон. Найз бид 2 аргагүй эрхэнд Монгол руу буцаж ирсэн. Би нийтдээ 9,170,400 төгрөг шилжүүлж, 2,000,000 төгрөгийг буцаан авсан. Мөнгөө буцааж авмаар байна...” /1-р хх-ийн 18/ гэх мэдүүлэг, фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 31-32/, хохирогчоос 8,870,400 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 35/, аяллын хөтөлбөрүүд, тийз захиалгын баримтууд /1-р хх-ийн 36-44/, шүүгдэгчийн бичсэн “...Миний бие Н.Ц- нь Г.О-д аялалын төлбөр болох 9,170,400 төгрөгийн 2025 оны 6 дугаар сарын 20-нд барагдуулж өгнө. Барагдуулаагүй дохиолдолд шүүхэд хандах зардал болон бусад зардлуудыг нөхөн олгох болно. ...” гэсэн бичвэр /1-р хх-ийн 45/,

хохирогч Н.Х-ын: “...2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк цахим орчинд “Н-” гэх нэртэй цахим хуудсаас байршуулсан зар олж харсан. Ингээд тус зарын дагуу 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр холбогдож 31-32 орчим насны, 175-178 см өндөртэй эрэгтэй хүн “Э- ХХК-ийн захирал Н.Ц-” гэсэн нэрийн хуудас өгч өөрийгөө Н.Ц- гэж танилцуулсан. ...Ц- над руу гэрээний эх мэйлээр явуулаад би тухайн гэрээн дээр гарын үсэг зурж тамга дараад буцаагаад явуулж гэрээ байгуулсан. Урьдчилгаа болгож Голомт банкны ...тоот “Э-” ХХК гэх эзэмшигчтэй данс руу 4,080,000 төгрөг шилжүүлсэн. ...Ц- надад онлайнаар буудал захиалсан баримтаа явуулахаар нь би буудлын төлбөр 2,213,120 төгрөгийг дээр дурдсан данс руу шилжүүлсэн. Төлбөрүүдээ төлчихсөн болохоор 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Индонез руу нисэж Бали арал дээр буусан. Ц- руу фейсбүүк чатаар холбогдож “Холидэй ин гээд буудалдаа ямар нэрээр захиалга өгсөн юм бэ, захиалгын хуудсаа явуул даа” гэхэд “Буудлын чек буюу нэвтрэх цаг нь болоогүй болохоор та наагуураа юм үзээд явж бай, удахгүй тан руу манай пайзтай хүн очно” гэж хариу өгсөн. Би нэлээн удаан хүлээсэн боловч хүн ирээгүй, өөрөө ч чатанд хариу өгөхгүй алга болчихсон. Нэгэнтээ Бали арал дээр оччихсон болохоор өөрийнхөө зардлаар аялж байгаад буцаж ирсэн. Би нийт 6,293,120 төгрөг шилжүүлж өгсөн, буцааж авсан мөнгө байхгүй. ...Энэ мөнгийг Ц- 6,793,120 төгрөгөөр төлж барагдуулсан. ...” /1-р хх-ийн 84-86, 89-90/ гэх мэдүүлэг, камерын бичлэг, гэрэл зургууд /1-р хх-ийн 96-97/, “Э-” ХХК-ийн Голомт банкны дансанд үзлэг хийсэн: “...2025.07.05-ны өдөр 4,080,000 төгрөг, утга: Эрдэнэс Тээвэр нэгдэл аялал, үйлчилгээ гэх, 2025.07.09-ний өдөр 2,213,120 төгрөг, 2025.07.10-ны өдөр 500,000 төгрөг, нийт хохирогч Н.Х-аас 6,793,120 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд Н.Ц- нь 3 удаагийн гүйлгээгээр 6,792,520 төгрөгийг бусад банкны данс руу Ц- Н--д гэсэн утгаар шилжүүлсэн...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 135/,

хохирогч Г.Б-гийн: “...2025.05.12-ны өдөр тус газрын оффис болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сүншиг вилла хотхоны Э- байр, 11 давхарт Э- тоотод очсон. Н.Ц- гэх хүн хүлээн авч уулзаад “1 хүний хөтөлбөрийн мөнгө 2,970,000 төгрөг болно” гэсэн. Тэр үед би 4 найзын хамт аялалд явахаар байсан тул аяллын хөтөлбөрөө баталгаажуулахын тулд Голомт банкны ...тоот “Э-” гэсэн эзэмшигчтэй данс руу 10,000,000 төгрөг шилжүүлээд гэрээ байгуулаад явсан. 7 хоногийн дараа буюу 2025.05.19-ний өдөр Ц- гэж хүнтэй холбогдоод үлдсэн 4,850,000 төгрөгийг дээр дурдсан данс руу шилжүүлсэн. Ингээд би 4 найзын хамт Эрээн хот руу өөрсдийн зардлаар очоод маргааш нь Бээжин руу аяллын хөтөлбөрийн дагуу хөдөлсөн. Бээжин нисэх онгоцны билетийн шалганаас “Та нарын нислэг чинь аль өнгөрсөн сарын буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн захиалга байна, одоо нисэх боломжгүй” гээд онгоцондоо сууж чадаагүй. ...Аялалдаа гарах гээд Ц-тай холбогдсон чинь “За хүлээж байгаарай, одоо та хэдийг хөтөлбөрийн дагуу хүн очиж авна, 9 цаг гэхэд бэлэн байж байгаарай” гэсэн, түүнээс хойш хариу өгөхгүй таг чиг алга болчихсон. Бид Монгол руу буцах гээд онгоцны буудалд ирэхэд “Та нарт захиалсан ямар ч онгоцны тийз алга, тийзийг чинь буцаачихсан байна” гэж хэлсэн учир өөрсдийн зардлаар буцаж ирсэн. Үлдэгдэл мөнгөө буцаан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-241/, фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 01/, аяллын гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын хуудас /2-р хх-ийн 2-64/,

хохирогч Б.Э-ийн: “...Эхнэр бид хоёр 08 сарын 21-ний өдөр хурим хийхээр төлөвлөөд 4-5 сарын үед судалгаа хийж байгаад фейсбүүк зар дээрээс “Э- Бали аралд хуримын зураг авахуулж аялах” гэсэн зарын дагуу холбогдоод “Э-” ХХК-ийн захирал Н.Ц- гэх хүнтэй Яармагт байрладаг оффис дээр нь очиж уулзсан. 2025 оны 6 сарын 12-ны өдөр 12,240,000 төгрөгийг урьдчилгаа болгож “Э-” гэсэн Голомт банкны ...тоот данс руу хийсэн. 07 сарын 03-ны өдөр Ц-ийн өөрийнх Голомт банкны ...тоот данс руу үлдэгдэл 4,120,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 07 сарын 09-ний өдөр нисээд Балид очсон. Гэрээн дээр тохиролцсон буудал нь биш байна гэж хэлснээс хойш холбоо тасарсан. ...08 сарын 12-ны өдөр эхнэрийн данс руу 8,440,400 төгрөг шилжүүлсэн бөгөөд блоклоод алга болсон. 7,919,600 төгрөгийн үлдэгдэлтэй ба тэр мөнгийг нэхэмжилмээр байна...” /2-р хх-ийн 81-82/ гэх мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн: “Хохирогч Б.Э- нь Голомт банкны ...дугаар данснаас Н.Ц-ийн Голомт банкны ...дугаар данс руу 2025.07.03-ны өдөр 4,120,000 төгрөг, Голомт банкны ...тоот данснаас “Э-” ХХК-ийн Голомт банкны ...тоот данс руу 2025.06.12-ны өдөр 12,240,000 төгрөг шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна..” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 92/, хохирогч Б.Э-ээс мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 73/, хохирогч Б.Э-эд хохиролд 2025.08.12-ны өдөр 8,440,400 төгрөг буцаан төлсөн баримт /2-р хх-ийн 72, 82, 3-р хх-ийн 01-02/, анхан шүүх хуралдаанаас завсарлага аваад 2026.01.06-ны өдөр 1,719,460 төгрөг төлсөн баримт /3-р хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

2. Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Н.Ц-ийн бусдыг хуурч, нэр бүхийн 4 хохирогчоос нийт 46,673,520 төгрөг залилж авсан үйлдлийн талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Н.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялаас шүүгдэгч Н.Ц-ийн гэмт хэргийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгаа хувийн байдал зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг сонгон 6 сарын хугацаагаар оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Н.Ц-ийн өмгөөлөгч Л.Батжаргалаас “...2026 оны 01 дүгээр сарын 28, 01 дүгээр сарын 30, 2026 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолуудаар шүүгдэгч Н.Ц- тус гэмт хэргээс өөр 49 иргэнийг дээрх аргаар залилсан үйлдэлдээ яллагдагчаар татагдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилснаар нэгтгүүлэн шийдвэрлүүлэх...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.    

Шүүгдэгч Н.Ц- нь энэхүү анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус гэмт хэргээс гадна дахин өөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд  гарган өгсөн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурроын тогтоолуудаар нотлогдож байна.  

Анхан шатны шүүх тус 2510039281449 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгдэгч Н.Ц-ийн гаргасан хохирол, төлбөр төлөх хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, мөн зүйлийн 5-д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж зааснаар ажлын 5 өдрийн завсарлаж, шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үргэлжилж шийтгэх тогтоол гарсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж буй 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд гарсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолууд нь түүний гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гарах цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Н.Ц-ид дээрх үйлдлүүдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлж, нэг мөр шийдвэрлүүлэх боломж байсан ба мөрдөгчийн зүгээс шүүгдэгч Н.Ц-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс түүний хүсэлтээр тусдаа яллагдагчаар татагдсан хэргүүдийг нь нэмж нэгтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, боломжийн хүрээнд хийсэн байна.

Түүнчлэн, түүнд холбогдох өөр үйлдлүүд байгаа эсэх талаар бусад цагдаагийн газруудаас лавлах ажиллагааг явуулсан, энэ талаар Н.Ц- хавтаст хэргийн хүрээнд танилцаж мэдэж байсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоол гарсны дараа яллагдагчаар татагдсан Н.Ц-ийн  гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлүүдийг энэ хэргээс тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

Учир нь, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд гарсан “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолуудад заасан Н.Ц-ийн холбогдох үйлдлүүд нь энэхүү шийдвэрлэж буй гэмт хэргээс хойшхи хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сараас хойш үйлдэгдсэн, хохирлууд нь хүндрүүлэн зүйлчлэгдэхээр хэмжээтэй байх тул нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгч Н.Ц-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй бай гэж үзээд шүүгдэгч Н.Ц-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Н.Ц- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ