Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

            Улсын яллагч Т.Эрдэнэбат,

            Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Д.Н-д холбогдох 1811005510673 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Game arena тоглоомын газар ажилладаг гэх, сард 400.000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жаргалан хотхон 1 дүгээр байр 46 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Н (РД:),

нь 2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-398 тоотод оршин суух хохирогч Л.Хулангийн гэрээс Ай фоне 6, Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 768.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би 2018 оны 02 дугаар сарын 08-наас 12-ны өдрийн хооронд Хулан эгчийн гэрт амьдарч байсан. Хулан эгч манай гэрт байж бай, цагаан сар өнгөрөөгөөд намайг ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 02 дугаар сарын 11-ний орой би Хулан эгчийн нөхөр Төгөлдөр ахын утаснаас фэйсбүүк ухаж байгаад шөнө хувцасаа аваад Хулан эгчийн бас нөхрийнх нь устыг аваад явсан. Тэгээд циркийн тэнд байрлах компьютер тоглоомын газарт очиж тоглоод хоносон гэв.

              Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: -2018 оны 02 дугаар сарын 08-ны үеэр би очих газаргүй болоод үеэл эгч Хулангийн гэрт очсон. Хулан эгчийн гэрт очоод 2-3 хоносон. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хулан эгчийн гэрт байж байхдаа Самсунг Эс 7 эджэ гар утсаар нь фэйсбүүк рүүгээ орж ашиглаж байсан юм. Тухайн үедээ би айлд олон хонож байхаар явъя гэж бодсон, мөн тэр үед цахим тоглоомын газарт ажилладаг байсан учир цахим тоглоом тоглох дуршил төрөөд байсан юм. Тэгээд шөнө болсон хойно Хулан эгч, нөхөр хүүхэд нь унтаж байхаар нь явахаар шийдээд фэйсбүүк орж ашиглаж байсан Самсунг Эс 7 эджэ гар утас болон цэнэглээд орхисон байсан айфон 6 гар утаснуудыг нь аваад гарсан. Надад мөнгө байхгүй учир утаснуудыг нь зараад мөнгөтэй болох гэж авсан юм. ...фэйсбүүкийн гар утасны хар зах группт Самсунг эс 7 эджэ гар утас, айфони 6 гар утас зарах талаар пост оруулсан. ... айфони 6 гар утсыг 380.000 төгрөгөөр авсан, 250.000 төгрөгөөр зарсан гэжээ.

            Хохирогч Л.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: -Би 2018 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-598 тоотод байх гэртээ нөхөр Төгөлдөр, хүү Төгстөгөлдөр, ээжийн эгчийнх нь хүүхэд буюу үеэл дүү Номин-Эрдэнэ нарын хамт дөрвүүлээ хоносон. Өглөө 07 цагийн үед сэрээд Ай фоне-6, Самсунг Эс-7 эджэ маркийн гар утаснуудаа хайхад олдоогүй. Н өөрийнхөө хувцаснуудыг аваад явсан байсан. Тэгэхээр нь би Номин-Эрдэнийг миний утаснуудыг аваад явсан байна гэж бодсон. Номин-Эрдэний фэйсбүүк хаягны нэр нь Bo Seok гэж байгаа. Би нөхөр Төгөлдөрийн Март Төгөлдөр гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас Во Seok гэж хайлт хийхэд Гар утасны хар зах гэсэн фэйсбүүк группт Bo Seok гэсэн фэйсбүүкнээс Самсунг Эс-7 эджэ яаралтай зарна гэсэн пост гарч ирж байсан гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Н нь 2018 оны 02 дугаар сарын 08-наас 11-ний хооронд өөрийн үеэл Л.Хулангийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-398 тоот гэрт амьдарч байсан ба мөн сарын 11-ний шөнө уг гэрээс явахдаа Л.Хулан болон түүний нөхрийн Ай фоне 6, Самсунг Эс-7 загварын гар утаснуудыг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хулгайлан авч, 768.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Хулангийн “Өглөө 07 цагийн үед сэрээд Ай фоне-6, Самсунг Эс-7 эджэ маркийн гар утаснуудаа хайхад олдоогүй. Н өөрийнхөө хувцаснуудыг аваад явсан байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

              Иймд шүүгдэгч Б овогт Д.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Хохирогчид учирсан 768.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нөхөн гаргуулах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Н-с 768.000 (долоон зуун жаран найман мянган) төгрөг гаргуулж хохирогч Л.Хулан (РД:ТА96080340)-д олгосугай.

5.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ