Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/427

 

2026           04            10                                                                         2026/ДШМ/427

 

Г.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор М.Саранзаяа,

шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-, түүний өмгөөлөгч Э.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 250607193545 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Х- овогт Г-ын Т-, /РД: УГ-/, 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.Т- нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, А- байрны гадна насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг “хүүхдүүд зодсон” гэх шалтгаанаар нүүр, чих хэсэг рүү нь алгадах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт, хүзүү, зүүн чих, гуянд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Г-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-өөс 7,920,000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Э.А-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч Э.А- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Т- давж заалдах гомдолдоо: “...Надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Миний бие цэцэрлэгийн насны 1, 3 дугаар ангийн 2 хүүхэдтэй бөгөөд өглөө сургууль, цэцэрлэгт өгч, авдаг юм. Мөн өөрийн жижиг бизнес эрхэлдэг бөгөөд бараа материал татах, бэлэн болсон бүтээгдэхүүн хүргэж өгдөг билээ. Иймд энэхүү ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. Мөн сэтгэл санааны нөхөн төлбөрт 7,920,000 төгрөг гаргуулсныг багасгаж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Г.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний хувийн байдлыг харгалзан өөрчилж өгнө үү. Сэтгэл санааны хохиролд төлөх 7,920,000 төгрөгийг багасгаж өгнө үү гэсэн гомдлоосоо татгалзаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Т- өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, өөрчилж өгнө үү гэж хүсэж байгаа. Хэргийн нөхцөл байдлын тухайд хүүхдүүд хоорондоо маргалдаж, бие биедээ гар хүрсний улмаас шүүгдэгч Г.Т- хохирогчид гар хүрч, биед нь хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ талаар шүүгдэгч өөрөө мэдүүлсэн бөгөөд хэрэгт холбогдох баримтууд авагдсан. Мөн шүүгдэгчийн хүүхэд ч тодорхой хэмжээнд бие махбодын гэмтэл авсан нөхцөл байдал байсан боловч шинжээчийн дүгнэлт гаргуулах, гомдол гаргах ажиллагаа хийгдээгүй байна. Шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийн тухайд шүүгдэгч нь шүүхийн шатанд тодорхой хэмжээгээр төлбөрийг барагдуулж байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 7,920,000 төгрөгийн талаар гомдол гаргасан боловч уг гомдлоосоо татгалзаж, бүрэн төлөхөө илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар 4,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,920,000 төгрөгийг ойрын хугацаанд төлөхөөр ажил хөдөлмөр эрхэлж байна. Шүүгдэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч нь хоёр бага насны хүүхэдтэй, өөрөө хувцас захиалга, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхэлдэг, өрхийн орлогыг дангаараа бүрдүүлдэг. Эхнэр нь багш мэргэжилтэй боловч тухайн үйл ажиллагаанд оролцдоггүй. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх нь түүний хөдөлмөр эрхлэлт, орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлөх, улмаар гэр бүлийн амьжиргаанд хүндрэл учруулах нөхцөл байдал үүсэхээр байна. Мөн шүүгдэгчийн бага насны хүүхэд эрүүл мэндийн шалтгаантай, харшлын хүнд хэлбэрийн өвчтэй бөгөөд байнгын эмчилгээ, анхаарал шаарддаг. Энэ талаарх баримтыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр хувийн байдалтай холбоотой нөхцөл байдлууд анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хангалттай хэмжээнд судлагдаагүй, баримтаар бүрэн нотлогдоогүй байсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд тухайн үед зодуулсны улмаас ноцтой гэмтэл авсан. Энэ талаар холбогдох шинжилгээ, дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хамрын хугаралтай, мэс заслын заалттай гэж эмнэлгийн байгууллагаас тогтоосон. Мөн хүүхдийн нэг чихний сонсгол 80 хувиар буурсан байна. Анх үзлэгт ороход 50 хувийн бууралттай, сэргэх боломжтой гэж оношлогдож байсан боловч сүүлийн байдлаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 14 хоногийн өмнө үзүүлэхэд сонсгол сэргэх боломжгүй болсон гэсэн онош гарсан. Эмч нарын зөвлөгөөгөөр сонсголын аппарат болон дунгийн суулгац хийх шаардлагатай талаар хэлсэн. Гэвч дунгийн суулгац нь бага насны хүүхдэд эрсдэл өндөртэй, дотоод болон гадаад төхөөрөмж зүүх шаардлагатай байдаг. Иймд хүүхдэд аль болох ачаалал багатай, жижиг хэмжээтэй, биед эвтэйхэн сонсголын аппарат хэрэглэх шаардлагатай байгаа. Гэтэл ийм төрлийн өндөр нарийвчлалтай аппаратын үнэ ойролцоогоор 5 сая төгрөг байна. Шүүгдэгч Г.Т-ийн зүгээс одоогоор 4 сая төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөх шаардлагатай байна. Миний хувьд үлдэгдэл төлбөрийг даруй барагдуулбал хүүхдийн эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Иймд шүүхээс ял шийтгэлийг шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлттэй байна. ...” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэл санаанд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож тогтоосон. Энэ нь сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бодит санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай байна. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Төмөр замд үйлчлэгчээр ажилладаг бөгөөд хүүхдэд шаардлагатай сонсголын аппарат худалдан авах 5 сая орчим төгрөгийн зардлыг шууд гаргах боломжгүй байгаа. Иймд сэтгэл санааны хохиролд олгогдох мөнгийг хүүхдийн эмчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулах бодолтой байна. Мөн цаашид нэмэлт хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа боловч одоогийн нөхцөлд хохирогчийн зүгээс санхүүгийн боломж хязгаарлагдмал тул шүүгдэгчээс төлбөрийг түргэн хугацаанд барагдуулахыг хүсэж байна. Түүнчлэн, шүүгдэгч Г.Т- нь уг хэрэгт холбогдохоос өмнө, ойролцоогоор нэг жилийн өмнө гэмт хэрэг үйлдэж, 500 нэгжээр торгуулж байсан. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлага нь зорилгодоо нийцээгүй, дахин торгох шаардлагагүй гэсэн санал гаргаж байсан бөгөөд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан үзэж, зохих шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Прокурор М.Саранзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Т-т сэтгэл санаанд учирсан хохирол болох 7,920,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, мөн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцахад сэтгэл санааны хохирлын мөнгөн дүнгийн талаар гомдол гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд уг шаардлагаасаа татгалзаж, төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ нь 240 цаг байдаг. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр болсон.  Мөн шүүгдэгч нь биеийн тамирын багш мэргэжилтэй, бага насны хүүхэдтэй боловч хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд зүй бус, харгис шинжтэй үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч Г.Т-т холбогдох 250607193545 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Т- нь 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, А- байрны гадна насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг “хүүхдүүд зодсон” гэх шалтгаанаар нүүр, чих хэсэг рүү нь алгадах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт, хүзүү, зүүн чих, гуянд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хохирол учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

БЗДЦГ ЦХ-3, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, Дуудлага лавлагааны “хүүхэд зодоод байна” гэх хуудас /хх-ийн 9/,

насанд хүрээгүй хохирогч Э.А-ын: “...Би 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед байрныхаа гадаа тоглож байсан чинь манай хажуу талын А- тоот айлын хүүхэд А- намайг хэл амаар доромжлоод “эргүү мал, ац, ал” гээд байхаар нь би бөгс хэсэг рүү нь амбаардах маягаар нэг удаа өшиглөсөн. Тэгсэн намайг нэмээд доромжлоод байхаар нь би түлхэж унагаагаад нүүр лүү нь зөөлөн нэг удаа алгадсан. Тэгээд А- уйлаад чамайг аавдаа хэлнэ гээд яваад өгсөн. Тэгээд аав нь гэх хүн гарч ирээд намайг миний нүүр лүү нэг удаа алгадаад, хоолой боогоод дээш өргөөд газар шидээд миний бөгс рүү нэг удаа өшиглөөд, миний баруун чих шанаа баруун хацар хэсэг рүү 5, 6 удаа алгадаж зодсон. Тэгээд тэрүүгээр явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн намайг өмөөрөөд салгасан. Тэгээд А-ын эмээ гэх эмэгтэй тухайн үед ирээд юу болсон юм, яасан юм гээд тэр салгасан. ...” /хх-ийн 39-41/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ЕГ0725/9813 дугаар: “...Э.А-ын биед уруулд зулгаралт, хүзүү, зүүн чих, гуянд цус хуралт цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 51-52/, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0825/2658 дугаар: “...Үзүүлэгч насанд хүрээгүй хохирогч Э.А-ын сэтгэцэд 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргээс шалтгаалан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэгт хамаарна...” /хх-ийн 64-66/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

Г.Т-ийн мөрдөн байцаалтын үед ялладагчаар өгсөн: “...2025 оны 7 дугаар сарын 26-ны өдөр А- гэх хүүхэд манай хүүхдийг зодсоны улмаас би тухайн хүүхдийн биед халдаж зодсон...” /хх-ийн 72-73/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Г.Т-ийн насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг “хүүхдүүд зодсон” гэх шалтгаанаар нүүр, чих хэсэг рүү нь алгадах, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь уруулд зулгаралт, хүзүү, зүүн чих, гуянд цус хуралт, хамрын таславчийн мурийлт бүхий хохирол учруулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс Г.Т-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Г.Т-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас Г.Т-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 300 цагийн хугацаагаар оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, хохирол хор уршигт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн ялын зорилгыг хангаж чадсан байна.

Иймд шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 4. Насанд хүрээгүй хохирогч Э.А-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 7,920,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгч Г.Т-өөс гаргуулан хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.А-т  учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Г.Т- нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 7,920,000 төгрөгөөр тогтоосныг багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлоосоо шүүх хуралдаанд татгалзсан болохыг тэмдэглэж байна.  

Шүүгдэгч Г.Т- нь 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Э.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 4,000,000 төгрөгийг төлсөн гэж Голомт банкны дансны хуулга баримт гарган өгсөн.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Т- нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө насанд хүрээгүй хохирогч Э.А-ын хууль ёсны төлөөлөгч Д.Б-д 4,000,000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг дурдсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                    Д.ОЧМАНДАХ