| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0590/Э |
| Дугаар | 638 |
| Огноо | 2018-07-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ж овогт Н.С-д холбогдох 1811008920670 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2016 оноос Булган аймгийн Могод суманд мал маллаж байгаа гэх, ам бүл 4, эхнэр, 20-25 насны хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгой 42 дугаар гудамж 152 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Н.С (РД: ),
нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-760 тоотод оршин суух хохирогч Б.Лхагварагчаагийн эзэмшлийн зуслангийн байранд нэвтрэн орж хивс авч 177.600 хохирол учруулсан гэмт хэрэгт
|
|
|
|
холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би тэр өдөр согтуу явж байсан. Хаана яаж орсноо санахгүй байна. 1 хивс барьж явсан, яагаад хивс тэвэрч явснаа санахгүй байна. Уг хивсийг нэг эмэгтэй хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Хохирлыг манай хүү төлсөн гэв.
Н.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэр үедээ нилээн согтсон болоод ч тэр үү дахиж архи уумаар санагдаад нэг хашааны хаалга нь хагас онгорхой байсан айл руу ороод нэг ширхэг хивс авч гарсан. Би тухайн айл руу яг яаж орсон талаараа согтуу байсан болохоор санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь хивсийг нь авчихсан байсан. Тэгээд тэрийгээ Зурагтын эцэст явж байгаад танихгүй хүнд 20.000 төгрөгөөр зараад архи авч уусан.” гэжээ.
Хохирогч Б.Лхагварагчаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ямар ч байсан тухайн хэрэг гарсан өдөр би гэртээ ганцаараа байж байгаад 12 цагийн үед Нарантуул-2 зах орж бага насны хүүхдээ охин дээрээ хөхүүлэх гээд гарсан юм. Тэгээд би 2 цаг орчмын дараа буюу 14 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирсэн чинь байшингийн амбаарын хаалга онгорхой байхаар нь гайхаад орсон чинь байшингийн зүүн талын орон дээр арматур төмөр тавьсан байсан. Би гэрийнхээ зүйлсийг бүртгэж үзсэн чинь өрөөний баруун хойд буланд байсан хувцасны шкаф түшүүлээд тавьсан байсан 2/3 хэмжээтэй Эрдэнэт хивс байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэжээ.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Н.С нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-760 тоотод оршин суух Б.Лхагварагчаагийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж 2х3 метрийн харьцаатай хивс хулгайлан авч 177.600 хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “... нэг хашааны хаалга нь хагас онгорхой байсан айл руу ороод нэг ширхэг хивс авч гарсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Лхагварагчаагийн “…Тэгээд би 2 цаг орчмын дараа буюу 14 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирсэн чинь байшингийн амбаарын хаалга онгорхой ... өрөөний баруун хойд буланд байсан хувцасны шкаф түшүүлээд тавьсан байсан 2/3 хэмжээтэй Эрдэнэт хивс байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Хэргийн газраас хар өнгийн хаалгатай шкафан дээрээс илрүүлж, бэхжүүлж авсан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “2” гэж дугаарласан гарын мөр санд ... дугаараар Нордовын Сэр-Од нэрээро 4 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын эрхий хураагаар үүсгэгдсэн байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 2018.04.10-ны №2361 тоот шинжээчийн дүгнэлт, болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Жалайр овогт Нордовын С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба тэрээр хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “Үйлдсэн ял шийтгэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтээ бичгээр гаргасныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Хохирогчид хохирлын 177.600 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд “...тэр үедээ нилээн согтсон болоод ч тэр үү дахиж архи уумаар санагдаад ... айл руу ороод нэг ширхэг хивс авч гарсан” хэмээн яллагдагчаар мэдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго нотлогдсон гэж шүүх дүгнэж байна.
Хэргийн газрын үзлэгээр 2 ширхэг гарын мөр илэрсний нэг нь шүүгдэгч Н.Сэр-Одынх болох нь тогтоогдсон ба гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь нотлогдоогүй тул нөгөө гарын мөр хэнийх болохыг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Н.С-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх ба яллагдагчийн эрх зөрчигдөөгүй, талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ж овогт Н.С-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.С-г 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.С-н цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ