Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/407

 

2026            04            08                                                                         2026/ДШМ/407

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тогтох,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч М.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2641 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, хохирогч С.Г- нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2510 00290 0778 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдар илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Т- овгийн Б-ын Б-, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, “Ө-” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт , ...... тоотод оршин суух, /РД: ФӨ-/,

             Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

              Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

               Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 875 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

               Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Автотээврийн үндэсний төвд ажилладаг” гэж бусдыг хуурч, “Таван толгой ХХК, Оюу толгойд ажилд оруулна, урьдчилгаа мөнгө, баталгаа өгөөрэй” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр, өөрийн эзэмшлийн болон бусдын дансаар дамжуулан хохирогч Ш.Д-аас 878.500 төгрөг, хохирогч Ш.Н-оос 1.400.000 төгрөг, хохирогч С.Г-аас 4.500.000 төгрөг, хохирогч Э.Т-өөс 16.404.000 төгрөг, хохирогч Н.Т-ээс 1.448.000 төгрөг, хохирогч С.Г-оос 2.300.000 төгрөг, хохирогч А.Х-аас 1.269.000 төгрөг, хохирогч Ц.Б-гаас 988.500 төгрөг, хохирогч Т.Э-гөөс 898.000 төгрөг, хохирогч Г.Г-гаас 2.480.000 төгрөг, хохирогч Л.Д-аас 2.300.000 төгрөг, хохирогч Б.Б-оос 1.825.000 төгрөг, хохирогч Б.Б-аас 1.500.000 төгрөг, хохирогч Б.Н-аас 1.252.000 төгрөг, хохирогч Л.Н-аас 1.888.500 төгрөг, хохирогч Б.Г-ээс 2.238.500 төгрөг, хохирогч М.С-гээс 1.888.000 төгрөг, Б.Э-өөс 1.000.000 төгрөг, хохирогч Ч.М-оос 7.256.500 төгрөг, нийт 10 хохирогчоос 53.714.500 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

               Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

               Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 65  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гөөс нийт 24.771.500 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Э.Т-т 16.404.000 төгрөг, хохирогч Г.Г-д 2.480.000 төгрөг, хохирогч Л.Д-д 2.300.000 төгрөг, хохирогч Л.Н-ад 1.888.500 төгрөг, хохирогч А.Х-д 1.269.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.О-ад 430.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

             Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулахаа бүрэн илэрхийлж, төлөх боломжит баримт гаргаж өгсөн. “Ө-” ХХК-ийн сар болгоны цалингаас хохирол шилжүүлэх болон тогтмол орлоготой. Ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт амьдран суудаг. Ээж Ө- нь тэтгэвэрт байдаг, 2 хүүхэд маань сургуулийн насны хүүхдүүд бөгөөд би ганц бие эцэг. 2023 оноос хойш мөрийтэй тоглоомд донтож уг гэмт хэргүүдийг үйлдсэн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа. Үр дагавраа огт бодож тунгаагаагүй үүрэг хариуцлага умартаж өөрийн хийсэн үйлдлээс болж гэр бүлээ маш их хохироож байгаадаа харамсаж байна. Ээж минь эрүүл мэндийн байдал хүнд байгаа болон 2 хүүхдийг минь халамжлан асарч байгаа. Цагдан хоригдсоноос хойш эрүүл мэндийн байдал хүнд болж байна. 0461 дүгээр хорих ангийн эмнэлэгт үзүүлэн оношлуулахад нурууны L4, L5, L7 мэдрэлийн судас дарагдсан, мөн уушги битүүрсэн, цөсний чулуутай, нарийн мэргэжлийн эмчээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж тодорхойлсон. Өөрийн буруугаас болж амар хялбар аргаар мөнгө олох болон шунал хүслээ хянаж чадахгүйгээс болж гэр бүл, 2 хүүхэдтэйгээ хамт байх боломжоо алдаж байгаадаа маш их харамсаж байна. Хэрэв би хорих ялаас өөр төрлийн ялаар шийтгүүлбэл хохирлоо бүрэн төлөх боломж бололцоо байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах болон 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд минь нэг удаа итгэл хүлээлгэж, нийгэмдээ сайхан амьдрах боломж олгож өгнө үү. ...” гэв.

              Хохирогч С.Г- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:  “... Шийтгэх тогтоолд иргэн С.Г- намайг хохирлыг бүрэн төлж барагдуулж авсан гэж бичсэн, мөн миний нэрийг С.Г- гэж буруу бичсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч С.Г- миний бие 4.500.000 төгрөгийг Б.Б-д залилуулсан ба өгсөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд “авсан мөнгийг нь буцааж өгнө, хохирлыг төлж гомдол саналгүй болгоно” гэж байсан ч зугтаад алга болсон. Зугтаагаад байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахаар эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Энэ ажиллагаанд хохирогчоор тогтоогдон оролцож байсан. Б.Б-д холбогдох анхан шатны шүүх хуралдааны өмнө 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Б.Б-гийн ээж гэх Ө- гэж хүн миний төрөл садангаар дамжуулан “уулзах хэрэгтэй байна, танай хохирлыг төлмөөр байна, бараа даавуу өгье” гэх мэтээр маш олон удаа залгасан. Ийм өргөдөл бичээд өгөөч гээд зургийг нь явуулсан байсан. Мөнгөө шүүх хуралдааны дараа нь өгнө гэж хэлж гуйсан. Эмэгтэй хүн, эх хүн хүүхдээ бодоод гуйж байгаа юм байна. Шүүх хурлын дараа нь мөнгө төгрөгөө өгөх байх гээд маш их итгээд “за тэгвэл би хуралд нь оролцохгүй, мөнгөө өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд би өөрөө хөдөө орон нутагт амьдарч оршин суудаг Улаанбаатар хот руу очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдаанд оролцохгүй хохирлоо авсан гэж мессежийг шүүхийн туслах руу явуулсан. Гэхдээ 4.500.000 төгрөгийг бэлэн өгсөн гэж бичээгүй. Бодит байдалд дээр одоо ч хохирлоо аваагүй давхар хохирч байна. Би өөрөө хуулийн мэдлэггүй, шүүх хурлын дараа л мөнгөө өгдөг хуультай юм байх гэж ойлгосон. Мөн эмэгтэй хүн, эх хүн хүүхдээ бодоод гуйж байхад итгэсэн. Тэгтэл шийтгэх тогтоолд намайг мөнгөө авсан гэж бичсэн зэргээр би дахин хохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг хохирлоо аваагүй, хохирлыг Б.Б-гөөр төлүүлэх талаар тусгаж өгнө үү. ...” гэжээ.       

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч М.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Б- нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа, анхан болон давж заалдах аль ч шатанд гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Шүүгдэгч Б.Б- нь нийт 19 хохирогчид 53,714,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 13 хохирогчид 28.943.000 төгрөгийг барагдуулсан, үлдсэн 6 хохирогчид 24.771.500 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Түүнчлэн, гэмт хэрэгт холбогдохоос өмнө “Ө-” ХХК-д менежерээр ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ сайн гүйцэтгэж, хамт олны дунд нэр хүндтэй байсныг дурдах нь зүйтэй. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш “Ө-” ХХК-иас үлдсэн хохирлыг сар бүр нөхөн төлөх боломжтой талаар тодорхойлолт гаргаж өгсөн. Б.Б- нь цагдан хоригдож байх хугацаанд болон өмнө нь эрүүл мэндийн байдал нь дордож, удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн байгууллагаас яаралтай эмчилгээ, хяналт шаардлагатай гэж үзэн цагдан хорих байгууллагад зөвлөмж хүргүүлсэн бөгөөд гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод байна. Шүүгдэгч Б.Б- нь хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн эх нь архины хамааралтай болж, гэр бүл салсан тул 2019 оноос хойш Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд хоёр хүүхдийн хамт амьдарч байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсоноос хойш хүүхдүүд асран хамгаалагчгүй байдалд орсон. Шүүгдэгчийн эх нь 60 гаруй настай бөгөөд хүүхдүүдийг харж байгаа боловч эрүүл мэндийн байдал нь тааруу тул хүүхдүүдийн нөхцөл байдал хүндрээд байна. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж буй болон цаашид төлөхөө илэрхийлсэн, мөн түүний эрүүл мэнд, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө нь 3 удаа ял шийтгэл эдэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн үндэслэлд хамаарч байна. Мөн 2022-2025 оны хугацаанд нийт 19 хохирогчид 53 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим хохирол төлөгдсөн боловч өнөөдрийн байдлаар хохирлыг шүүгдэгч өөрөө бус, түүний эх төлж барагдуулж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь 1986 онд төрсөн, өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан боловч хууль, хариуцлагын үр дагаврыг ухамсарласан байдал хангалтгүй гэж үзэж байна. Түүнчлэн, “Ө-” ХХК-иас тодорхойлолт ирүүлсэн боловч уг байгууллага нь шүүгдэгчийн хамаарал бүхий этгээдийн компани байх боломжтой тул тогтвортой хөдөлмөр эрхэлсэн гэж үзэхгүй. Шүүгдэгч нь тухайн хугацаанд тогтмол ажил хөдөлмөр эрхлээгүй, харин иргэдийг залилан мэхэлж амьжиргаагаа залгуулж байсан нь харагддаг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Автотээврийн үндэсний төвд ажилладаг” гэж бусдыг хуурч, “Таван толгой ХХК, Оюу толгойд ажилд оруулна, урьдчилгаа мөнгө, баталгаа өгөөрэй” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр, өөрийн эзэмшлийн болон бусдын дансаар дамжуулан нэр бүхий 19 хохирогчоос нийт 53.714.500 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Д- /1 хх 17-18/, Ш.Н- /1 хх 84-85, 86-87/, С.Г- /1 хх 130-132/, З.Т- /1 хх 152-153/, С.Г- /1 хх 214-216/, Н.Т- /1 хх 241-242/, Ц.Б- /2 хх 44-45/, А.Х- /2 хх 50-52/, Т.Э- /2 хх 105/, Г.Г- /2 хх 223-224/, Л.Д- /3 хх 94-95, 97/, Б.Б- /3 хх 224, 226-227/, Б.Б- /4 хх 24-26/, Б.Н-а /4 хх 81/, Л.Н-а /4 хх 120/, Б.Г- /4 хх 201/, М.С- /5 хх 32-33/, Б.Э- /5 хх 217-218/, Ч.М- /5 хх 221-223/,

гэрч Х.Б- /2 хх 207/, Б.Б- /3 хх 230/, Р.А- /4 хх 31/, С.Э- /4 хх 84/, М.У- /4 хх 205/, Б.О- /4 хх 207/, иргэний нэхэмжлэгч Б.О- /4 хх 183/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Ш.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5У-2 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 99/, хохирогч С.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5У-0 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 124-126/, С.О-ы эзэмшлийн Хаан банкны 5О-1 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх 217-220/, хохирогч Н.Т-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4О-7 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 248/, хохирогч Г.Г-гийн эзэмшлийн Хаан банкны 5О-8 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 242-243/, Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29/6601 тоот албан бичиг /2 хх 248/, Ж.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5Н-66 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 194-196/, хохирогч Б.Б-ын эзэмшлийн Хаан банкны 5Н-86 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх 9-12/, хохирогч Б.Н-ын эзэмшлийн Голомт банкны 17Н-6 дугаартай дансны хуулга /4 хх 86-87/, хохирогч Б.Г-ийн мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх 197/, гэрч М.У-гийн эзэмшлийн Хас банкны 5Н-9 дугаартай дансны хуулга /4 хх 224-227/, хохирогч Б.Э-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4Н-0 дугаартай дансны хуулга /5 хх 212/, хохирогч Ч.М-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Н- дугаартай, Хаан банкны 5Н- дугаартай дансны хуулгууд /5 хх 213-214/,

Хаан банкны шилжүүлгийн баримт болон хоорондоо харилцсан чатууд /5 хх 11-16, 34/,

шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 4Н-1, 45Н-4, 4Н-0, Хаан банкны 5Н-59 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, дансны хуулга /1 хх 24-34, 164-178, 2 хх 58-64, 155-190, 246-250, 3 хх 22-25, 99-102, 199-219, 4 хх 13, 16-20, 70-73, 232-238, 5 хх 39-45, 194-210/,

шүүгдэгч Б.Б-н Худалдаа хөгжлийн банкны 4Н-0, 4Н-1 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 5-7, 3 хх 99-102/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 13, 76, 210, 237, 2 хх 100, 3 хх 80, 4 хх 63/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б-гөөс “... гэм буруугаа ойлгож гэмшиж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгааг болон миний ар гэр, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр, шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршиг бүрэн гүйцэд арилаагүй зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Чинзоригоос шүүгдэгч Б.Б- нь 4-14 насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг талаарх Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолтыг гарган өгчээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ... хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б-гийн хүүхдүүд болох хүү Б.Т-, охин Б.Э- нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг тухайн оршин суугаа газрын буюу Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад хохирогч С.Г- нь гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан тул түүний гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 132 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2641 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-гийн хүүхэд Б- овогтой Т- /РД: УОЭ-/, Б- овогтой Э- /РД: УЭ-/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 132 /нэг зуун гучин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрү.үгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                             Н.БААСАНБАТ

 

 

            ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                                             Б.ЗОРИГ

   

 

                        ШҮҮГЧ                                                               М.АЛДАР