| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 171/2020/0052/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.7., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 466
Л.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат /онлайн/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар магадлалтай, Л.М-д холбогдох 1925000000049 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жил хорих ял,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Л-ийн М нь
Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 4 дүгээр гудамжны ** тоотод 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 65 настай Б.Д-г зодож, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, хүнийг бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Л.М-ыг “хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Л.М-д 18 /арван найм/ жил хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ы цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Маас 4.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Шинэбаярт олгож” шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх хэргийн галаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон нотлох баримтууд ноцтой зөрүүгүй гэх дүгнэлтийг хийж шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж дүгнэсэн. Нотлох баримт зөрүүтэй байгааг анхан шатны шүүх зөвшөөрч байгаа атлаа уг зөрүүтэй байдлыг ноцтой зөрүүгүй гэж үзсэн. Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгчээс өөр хэн нэгэн хүнийг тухайн хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй, гэрчүүдийн мэдүүлэг төдийлөн зөрүүтэй биш, хохирогчийн нас барсан цагийг хэргийн газрын үзлэг эхэлснээс хойш 8-12 цагийн өмнө нас барсан гэдгийг тогтоосон гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй буюу зөрүүтэй нотлох баримтуудыг ноцтой зөрүүгүй, төдийлөн зөрүүтэй биш гэх зэргээр дүгнэсэн нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж байгаа нотлох баримт өөр хоорондоо зөрүүтэй байгааг хүлээн зөвшөөрч байгаа атлаа тухайн нотлох баримтууд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт аль болох, зөрүүтэй нотлох баримтыг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ заах ёстой. Гэтэл нотлох баримтуудыг ноцтой зөрүүгүй, төдийлөн зөрүүтэй биш гэх байдлаар хууль ёсны хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үзэж шийдвэрт заах нь хууль зүйн үндэслэлгүй.
Давж заалдах шатны шүүх нь амь хохирогчийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Талийгаачийн нас барсан цаг хугацаа гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэнийг тогтоох ач холбогдолтой бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтооход ач холбогдолтой. Учир нь талийгаачийн нас барсан гэх цаг хугацаанд хэн хэн хамт байсан, хамт байсан этгээдүүд буруутай эсэхийг тогтоох, ялангуяа талийгаачтай хамт архи уусан гэх цаг хугацаанд хамт байсан этгээдүүд гэмт хэрэг үйлдсэн эсэх /оройн 20 цагаас шөнийн 03 цаг хүртэлх хугацаанд Б, Г, М нар байсан/, өглөө 11 цагийн үед гэрийнх нь амбаарын хажууд буюу хашаан дотор нь байсан үл мэдэх 2-3 этгээдүүд гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэмт хэрэг гарсныг 12 цагийн үед харсан, үзсэн гэх гэрч Г, Б, шүүгдэгч Л.М нарын үйл баримтуудыг харьцуулан үнэлж, гэмт хэрэг хэзээ гарсныг тогтооход талийгаачийн нас барсан цаг хугацаа ач холбогдолтой.
Хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 тоот дүгнэлтүүд болон шинжээч Г-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримт өөр хоорондоо зөрүүтэй үгүйсгэгдсэн байхад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 тоот дүгнэлтээр нас барсан цаг хугацааг тухайн үед хийгдсэн цогцосны гадна үзлэгийн үед тогтооно гэх дүгнэлтийг нотлох баримт гэж үзсэн ба энэхүү баримт нь талийгаач хэзээ нас барсан талаарх цаг хугацааг тогтоосон гэж үзэх боломжгүй дүгнэлт бөгөөд шинжээч Г-ийн мэдүүлэгт 16 цагт цогцост үзлэг хийсэн гэх мэдүүлэг, хүүрийн толбо нас барснаас хойш 3-4 цагийн дараа бүдэг үүсч эхэлнэ, хүүрийн хөрөлт нас барснаас хойш 1-2 цагийн дараа нүүр, сарвуу хөрсөн байна, 4-5 цагийн дараа хувцастай хэсэг хөрж эхэлнэ гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй. Цогцост анх хэргийн газрын үзлэг хийгдэхэд хүүрийн хөшилт хүзүү, мөчдийн булчинд сул, хүүрийн толбо илрээгүй, цавь хэсэгт бүлээн энгэр битүү норсон байдалтай гэх цогцосны гадна үзлэг тэмдэглэгдсэн байх ба энэхүү шинж нь хэргийн газрын үзлэг 12 цаг 45 минутад хийгдэх үеийн шинж бөгөөд нас барснаас хойш 1-2 цагийн нүүр, сарвуу хөрөх, 3-4 цагийн дараа хүүрийн толбо илэрнэ гэж үзвэл 27-ны орой нас барсан гэж үзэх боломжгүй. Нас барснаас хойш хүүрийн толбо 3-4 цагт бүдэг үүсч эхэлдэг гэж үзвэл 12 цаг 45 минутын үзлэгийн үед хүүрийн толбо үүсээгүй байгааг хэрхэн дүгнэж үзэх ялангуяа уг асуудлаар дахин дүгнэлт гаргах буюу талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоохоор дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах болсон атал уг бүрэлдэхүүн тухайн асуудлаар дүгнэлт гаргаагүй. Нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэгээр тогтооно гэх дүгнэлтийг хийж ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтийг баримталбал 12 цаг 45 минутад үзлэг хийх үед хүүрийн толбо үүсээгүй байгаа нь нас бараад 3-4 цаг болоогүй байх магадлалтай. Иймд талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон гэх байдал зөрүүтэй шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдийг үндэслэл болгон шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 тоот дүгнэлтэд талийгаач эдгээр гэмтлийг аваад шууд үхэлд хүрнэ гэж дүгнэсэн нотлох баримтыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот дүгнэлтээр уг гэмтлүүд үүссэнээс хойш богино хугацаанд нас барна,8-12 цагийн өмнө нас барсан гэх дүгнэлт бүхий нотлох баримтаар үгүйсгэсэн зөрүүтэй баримт хэрэгт авагдсаныг анхаарч шийдвэрлээгүй. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот дүгнэлтээр уг гэмтлүүд үүссэнээс хойш богино хугацаанд нас барна гэх дүгнэлтийг шинжээч Г нь богино хугацаа гэж 24 цаг хүртэлх хугацааг ойлгоно гэж тайлбарласан нь талийгаач 24 цаг хүртэлх хугацааны өмнө нас барсан байх магадлалтай талаар мэдүүлсэн нь аль дүгнэлтийг нотлох баримт гэж үзэх, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтийн алийг үнэн зөв гэж үзэх нь ойлгомжгүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх нь гэрч Ггийн мэдүүлэг “... Б хөнжлөө эвхээд арын хашаагаар давуулж шидээд бид хоёр хойшоо хашаа даваад явсан гэх мэдүүлэг, гэрч Г-гийн дахин мэдүүлсэн мэдүүлэгтэй зөрүүтэй буюу “...тэгээд эхлээд байшингийн арын хашаа давуулж хөнжил гудсаа шидчихээд хашааны урд талын хаалгаар гарч Булгын 23-8 тоот хашаанд байдаг...” гэх мэдүүлгийг өгсөн. Энэхүү мэдүүлгээс Б, Г нар нь талийгаачийн гэрийн урд хаалгаар явсан эсэх, арын хашааг давж явсан эсэх, ялангуяа явсан уу гэдэгт эргэлзээтэй баримт байхад шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж дүгнэлт хийсэн.
Гэрч Г нь Б эргээд очно гээд буцаад явсан гэх ба Б нь Мэндсайхан, талийгаач нар нь гудамжинд хамт явж байсан гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба талийгаачийн хамт Л.М-ьг шөнө “... урд дэлгүүрийн баруун талаар ...худгийн ар овгор шороон дээрээс харж байгаад явсан...” гэх мэдүүлгээс худгийн тэндээс талийгаачийн гэр харагдах эсэх, өвлийн шөнө гэрэлгүй газарт яваа хүмүүс харагдах эсэхийг шалгах, гэрч С.Б-ын “... 11 цагийн орчимд модон амбаарын хажууд 2-3 хүн зогсож байгаа харагдсан би эрэгтэй хүн гэж харсан ямар ч байсан нэг нь дээгүүрээ хар куртиктэй байсан би ойролцоогоор 10-15 орчим метрийн зайнаас харсан гэх гэрчийн мэдүүлэгт мэдүүлж байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж гэрчээр таньж олуулах ажиллагааг хийлгүүлэх зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд бөгөөд эдгээр ажиллагааг хийгээгүй учир прокурорт буцааж нэмэлт ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Л.М “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтийг хоорондоо зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Л.М-ыг Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 4 дүгээр гудамжны ** тоотод 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 65 настай Б.Д-г зодож, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр” алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хоёр шатны шүүх шүүгдэгч Л.М-ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан” гэж хүндрүүлэн ял шийтгэхдээ тухайн шинжийн объектив болон субъектив талын шинж тогтоогдоогүй байхад түүнийг тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж үзлээ.
Учир нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас /шүүхийн шинжилгээний 37 дугаартай дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг/ үзэхэд хэрэг болох цаг хугацаанд шүүгдэгч нь хохирогчтой архидан согтуурсан /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, түүний биенээс авсан цусанд этилийн спирт 2.0 промиль процент илэрсэн байх бөгөөд Л.М нь “хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг мэдэж, түүнийг далимдуулж” гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Л.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Л.М нь 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Б.Д-г зодож, “биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр” алсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон ба нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолжээ.
Түүнчлэн талийгаачийн нас барсан цаг хугацаа, үхлийн шалтгааныг тодорхойлох зорилгоор Орхон аймгийн шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хоёр удаагийн дүгнэлт гарсан бөгөөд эдгээр дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн Л.М-аас өөр хүн амь хохирогчиийг зодсон, гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Л.М-ы амь хохирогч Б.Д-г “онц харгис хэрцгийгээр” зодож алсан гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар магадлалд: “Прокуророос Л.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.М-д 15 /арван тав/ жилийн хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН