Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0669/З |
Дугаар | 300 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 300
Г.С-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Х.Батсүрэн,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0152 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 309 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Т.Хулан нарыг оролцуулан,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0152 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 43 дугаар зүйлийн 43.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 309 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Г.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчээр буюу улсад 11 жил ажиллахдаа сахилгын ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “...төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс...”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон; гүйцэтгүүлэхийг хориглоно” гэснийг эш татан, ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцэж гарсан хэмээн анхан шатны шүүх дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.
4. Учир нь, Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн ба шүүх болон хариуцагчийн эш татаад байгаа заалт нь хууль үйлчилж эхэлсэн үеэс л эхлэн үйлчилж эхэлсэн тул хууль үйлчилж эхлэхээс өмнө миний бие уг заалтыг зөрчих боломжгүй. Түүнчлэн миний бие нь төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгээгүй тул мөн заалтыг надад хамаатуулан хэрэглэх нь мөн л боломжгүй. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хууль зөрчиж, намайг албан тушаалд томилсон албан тушаалтанд л хууль зөрчсөн үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх ёстой болохоос намайг буруутгах нь Үндсэн хуульд заасан “ял зэмлэлийг бусдад халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчиж байгаа зөрчил болно.
5. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь бүрдсэний үндсэн дээр л төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх”, Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх” зарчимтай нийцэх, хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь хууль зөрчиж байгаа зөрчил бөгөөд Төрийн албаны тухай хуулийн холбогдох буюу дээрх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 43 дугаар зүйлийн 43.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасныг тус тус баримтлан “Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Цээл сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.С-ыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
8. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн талаар хариуцагчаас шүүхэд уг актад баримталсан Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн зүйл, заалтад холбогдуулан тайлбарлаж, “...төрийн албаны мэргэшлийн шалгалтгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй Г.С-ыг ажиллуулах боломжгүй, улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах нь мөн хуулийн 43.6-д заасанд нийцэхгүй” гэж, нэхэмжлэгчээс “...миний ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдаагүй, …шалгалтад орох боломж олдоогүй, ...албан үүргийг түр орлон гүйцэтгээгүй, ...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлгүй” гэж тус тус маргасан байна.
9. Нэхэмжлэгч Г.С 2010 оноос Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газарт иргэний бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоолын дагуу сумдад ажиллаж байсан бүртгэлийн ажилтнуудыг улсын бүртгэлийн байгууллагын орон нутгийн салбар нэгжийн мэдэлд шилжүүлэн авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1000 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэгчийн ажилд томилогдсон, төрийн жинхэнэ албанд анх томилогдохдоо Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, түүнчлэн “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх” журмын дагуу томилогдоогүй, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
10. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлсний дагуу Г.С- чөлөөлөгдөж, мөн өдрийн Б/91 дүгээр тушаалаар Цээл сумын улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллажээ.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Г.С-т “...төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгч, тэнцсэн тухай материал ирүүлэх, ...дурдсан хугацаанд ...ирүүлээгүй тохиолдолд үүрэгт ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөх болох”-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, уг үйл баримтын талаар анхан шатны шүүх “...тогтоосон хугацаанд ...шалгалт өгч, тэнцсэн тухай материалыг ирүүлээгүй” гэсэн, давж заалдах шатны шүүх “...тогтоосон хугацаанд ...шалгалт өгч тэнцээгүй болох нь тогтоогдсон” гэж өөр өөрөөр дүгнэсэн, уг дүгнэлтүүд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болсон байна.
12. Эдгээрээс үзвэл, маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон бодит үндэслэл тодорхойгүй, Г.С-ыг “улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх”-ээр томилсноос хойш төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй шалтгаан юу болох, төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийн тухайд уг шалгалтад орох боломж нөхцөлөөр хариуцагч хангасан эсэх, түүнчлэн, шалгалт өгөөд тэнцээгүй гэх шүүхийн дүгнэлт ямар баримтад тулгуурласан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг үндэслэн чөлөөлөх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдолтой, эдгээрийг тодруулж шалгах нь цар хүрээний хувьд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.
13. Түүнчлэн, нэхэмжлэгч Г.С “өөр ажлын байранд шалгалт өгөх гэхээр ажиллаж байгаа хүнийг оруулахгүй, зөвхөн өөрийн ажиллаж байгаа ажлын байран дээр шалгалт өгөх эрхтэй” гээд Говь-Алтай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2-3 удаа бүртгэж аваагүй гэх тайлбарыг хариуцагчид гаргаж байсан нь хэрэгт авагдсан, үүнийг хариуцагчийн зүгээс шийдвэр гаргахдаа тодруулж, шалгасан эсэх нь тодорхойгүй, “ажлаас чөлөөлөх тухай”-г утсаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчийн зүгээс нөхцөл байдлаа танилцуулах, тайлбар, санал гаргах боломжоор хангагдаагүй зэрэг нөхцөл байдал, хуулийн шаардлагыг харгалзан уг ажиллагааг захиргааны байгууллагаар өөрөөр нь гүйцэтгүүлэх боломжтой гэж үзлээ.
14. Иймд, хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасныг хэрэглэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/155 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, нэхэмжлэгч Г.С-ын хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.