Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

  Дугаар   123/ШШ2017/0003

Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

“Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн МАХН-ын удирдах зөвлөл болон Ардчилсан намын удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу АН, МАХН-ын “Төв нутаг” эвсэлээс миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд Төв аймгийн Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгуульд оролцсон. 4-р тойрог нь сонгуулийн 3 мандаттай бөгөөд нэр дэвшсэн 9 хүнээс саналын тоогоор жагсаалтын 5-д орж, жагсаалтын 1-д Д.Ууганбаяр, 2-д М.Ханд, 3-т Г.Базаррагчаа, 4-т Б.Борхүү нар олонхын санал авсан юм. Миний бие энэхүү сонгуулийн дүнг зөвшөөрч байсан боловч Д.Ууганбаяр нь хуулийн шаардлага хангаагүй, улс төрийн нам эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй, нэр дэвшигчээр бүртгэгдэх эрхгүй болохыг мэдлээ. Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 157 дугаар зүйлийн 157.1, 157.7 дахь заалтууд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1.1-д улс төрийн нам, эвсэл холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байхад цэргийн дүйцүүлэх албанд хууль бусаар бүртгэгдсэн дүйцүүлэх цэргийн албан хаагч Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэж сонгуульд оролцуулсан нь миний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.2-д заасны дагуу хууль бус байдлыг засаж залруулах, зөрчигдсөн эрхийг сэргээж болохоор заажээ. Иргэн миний хувьд сонгуулийн хорооны энэхүү хууль бус баримтыг бүрдүүлэн, нуун дарагдуулж Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэснийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дараа мэдэж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу “хугацаа сэргээлгэх хүсэлт” гаргаж, хүсэлтийг хүлээн авснаар энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Даваадоржийн Ууганбаярыг Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэр дэвшигчээр хууль зөрчиж бүртгэсэн байх тул нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, сонгуулийн дүн гаргасан шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус аймгийн шүүхээр хянан хэлэлцэгдэж буй иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Сум, дүүргийн сонгуулийн хороо нь сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохдоо Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох ёстой. Гэтэл Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороо Төв нутаг эвсэлээс тус сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Ууганбаярыг бүртгэхдээ хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж Сонгуулийн тухай 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэсэн байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “...Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй...” байхаар хуулчилсан байна. Гэтэл Төв аймгийн Цээл сумын Сүүл буга багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгүүлэн, нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Ууганбаяр нь Сонгуулийн тухай 154 дүгээр зүйлийн 154.3.5-д “...цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх...” гэж заасан шаардлагыг хангаагүй болох нь нэр дэвшигчээр бүртгүүлэх үед сумын сонгуулийн хороонд гаргаж өгсөн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04/82 дугаар тодорхойлолтоор тогтоогдсоор байхад сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ардчилсан нам, МАХН-ын “Төв нутаг” эвслээс нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн-үнэмлэх олгосон нь үндэслэлгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “цэргийн албан хаасан байх” гэж Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8-д тус тус заасан үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаасан байхыг...” гэж цэргийн албыг ямар тохиолдолд хаасан гэж үзэх талаар маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. Дээр дурьдсан үндэслэл тогтоогдсон тохиолдолд Цээл сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” бол гэсэн үндэслэлээр Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үүрэгтэй. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйл 158.2, 159 дүгээр зүйл 159.4, 106  дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар “нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолын Д.Ууганбаярыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 4 дүгээр тойрогт явагдсан сонгуулийн Д.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Цээл сумын Сүүл буга багийн иргэн Шинэчүүд овогт Доднойн Энхмаа нь сумын ИТХ-ын ээлжит сонгуулиар Цээл сумын ИТХ-ын 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн Даваадоржийн Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, сонгуулийн дүн гаргасан шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргажээ. Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 157 дугаар зүйлийн 157.1, 157.7 дахь заалтууд Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д улс төрийн нам эвсэл холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байхад цэргийн дүйцүүлэх албанд хууль бусаар бүртгэгдсэн, дүйцүүлэх цэргийн албан хаагч Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэж сонгуульд оролцуулсан гэжээ. Цээл сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Ууганбаяр нь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн жагсаалтад нэр нь орж батлагдсан байна. Сум, багийн Засаг дарга нар болон иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу, хуулийн хүрээнд энэхүү шийдвэр гарсан байна. Иймээс Д.Ууганбаярыг цэргийн дүйцүүлэх албанд хууль бусаар бүртгэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн жинхэнэ алба хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарна”, Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “цэргийн дүйцүүлэх алба” гэж Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаахыг” гэжээ. Д.Ууганбаяр нь хэдийгээр цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа боловч сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үед цэргийн анги, байрлалд ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцоогүй байх тул Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эрхийн хязгаарлалтад хамаарахгүй юм. Д.Ууганбаяр нь 1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, “цэргийн алба хаасан байх” гэж Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5, 12.8-д заасан үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаасан байхыг” гэж заасан байна. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2016 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс хүчингүй болж Цэргийн албаны тухай болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдан хэрэгжиж байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байна гэж заасан бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т “Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.” гэж заасан бөгөөд иргэн Д.Ууганбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 26 нас хүрсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.8-д тус тус заасан байх тул Д.Ууганбаярыг Цээл сумын ИТХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн үйлдэл нь иргэний Монгол улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар олгодсон үндсэн үүргийг хангасан үйлдэл юм. Иргэн Д.Ууганбаярыг Цээл сумын ИТХ-ын 4 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр болон Сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулсан шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Ууганбаярын шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхмаа нь Д.Ууганбаярыг цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа болохоор улс төрийн нам эвсэлд нэр дэвшиж болохгүй гэдгийг сая мэдсэн гэж маргаж байгаа. Тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан байдаг. Цэргийн алба хаагч гэдэг нь мөрдөстэй хүмүүс байдаг. Иймээс улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцож болохгүй гэдэг хязгаарлалт Д.Ууганбаярт үйлчлэхгүй. Цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа этгээдэд хамааралгүй хуулийн заалтыг нэхэмжлэгч талаас үндэслэл болгоод байна. Тухайнбал Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1.1, 8 дугаар зүйлийн холбогдох заалт нь ...цэргийн алба хааж байгаа иргэдэд үйлчлэхгүй юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хууль нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч, цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарна” гэж заасан байна. Энэ зохицуулалтаас харахад, цэргийн дүйцүүлэх алба хаагч байгаа этгээдэд хамаарахгүй юм. Д.Уунбаяр нь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 тоот захирамжаар цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хааж байгаа. Энэ талаар Цээл сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тоотоор хариу өгсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл 154.3.5-д цэргийн хугацаат алба хаах насны иргэн гэж заасан байдаг. Энэ нь 18-25 насны иргэнд хамаарна гэж ойлгож байна. Гуравдагч этгээд Д.Ууганбаяр нь сонгууль болоход 26 нас хүрсэн байсан болохоор энэ хуулийн заалтад хамаарахгүй. Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа гэж албан бичиг ирсэн байхад, тухайн үедээ сонгуулийн хороо татгалзах ямар үндэслэл байсан эсэх харагдахгүй байна. Иймээс Цээл сумын сонгуулийн хороо хууль зөрчөөгүй, бүртгэл хуулийн дагуу явагдсан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл 154.3.1-154.3.5-д заасны дагуу материалаа бүрдүүлж, мөн хуулийн 157 дугаар зүйл нэр дэвшигчийг бүртгэхэд 157.2-т заагдсан нам, эвслээс хуулийн хугацаанд нь 157 дугаар зүйл 157.2.1.-157.2.7-т заагдсан баримт бичгийг сумын сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчээр бүртгэх, татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл 154.3.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Ууганбаярыг цэргийн албаа хаах шаардлагыг биелээгүй. Цэргийн жинхэнэ албыг хаах насыг тодорхой зааж өгсөн байдаг. Д.Уугабаяр нь 1990 оны 3 сард төрсөн. Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан иргэний цэргийн үүрэг, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба хаагч гэнэ” гэж заасан, 9 дүгээр зүйлийн 9.2-т “цэргийн жинхэнэ алба хаах насыг 18-25 насанд хүрсэн эрэгтэйчүүд цэргийн албан хаана” гэж заасан байдаг. Цэргийн жинхэнэ албанд татагдах насны ангилалд хамаарсан иргэдийг орно гэж ойлгож байна. Цэргийн жинхэнэ албанд татагдах нас өнгөрсөн тохиолдолд тухайн үед нь цэргийн албыг ямар нэг хэлбэрээр цэргийн албыг хаахыг зааж өгсөн. Энэ агуулгын хүрээнд сумын сонгуулийн хороо нь Д.Ууганбаярыг цэргийн дүйцүүлэх албан үүргээ гүйцэтгэж, үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж байна гэж үзээд нэр дэвшигчээр бүртгэсэн. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд цэргийн албан хаагчийн эрхийн хязгаарлалтыг зааж өгсөн байдаг. Энэ хязгаарлалтад улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд орохыг хориглосон байдаг. Энэ хуулийн заалт Д.Ууганбаярын хувьд ач холбогдолгүй. Д.Ууганбаяр нь цэргийн албан хаагч мөн улс төрийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохыг хориглосон бол энэ талаар арга хэмжээ авахуулах эсвэл холбогдох хариуцлага хүлээлгэхээр гомдол гаргах эрхтэй этгээд нь одоогийн нэхэмжлэгч биш юм. Энэ тухай асуудлыг цэргийн штаб болон Засаг даргын хүрээнд тусдаа шийдэх асуудал юм. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан мөн сонгуулийн хороо нь тухайн үед нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, эсвэл бүртгэл хууль ёсны байна гэдэг зохицуулалтын хүрээнд маргаан өрнөж байгаа учраас, улс төрийн үйл ажиллагааг хориглосон байсан ч хариуцлагын арга хэмжээ нь тусдаа шийдэгдэх ёстой. Энэ маргааны агуулгад хамаарагдахгүй асуудал гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч иргэн Д.Энхмаагаас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хэргийн үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч иргэн Д.Энхмаа нь тус шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа харицагчаар Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороог тодорхойлсон байсан боловч Төв аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоол[1]-оор сумын сонгуулийн хороог, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 58 дугаар тогтоол[2]-оор Төв аймгийн сонгуулийн хороог тус тус татан буулгасан шийдвэр гарсантай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2[3]-д заасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эрх залгамжлагчаар тогтоох тухай” 123/Ш32017/0005 дугаар захирамжаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хариуцагчийн эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.

Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай” 123/ШЗ2016/0240 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх ба тус шүүхэд уг захирамж гарсаны дараа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байх тул хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаах үндэслэлгүй байна.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байгаа боловч уг хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн ба Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 10-д тус тус зааснаар энэ хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон гэж үзэхээр байна. Иргэн Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дээрх хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дайчилгааны сургалт, цугларалтанд оролцох үүрэг хүлээж байсан тул уг хуулийг энэхүү маргаанд хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам, Монгол Ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслээс нэр дэвшүүлсэнийг Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол[4]-оор “Сүүл буга” багийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигчээр Даваадорж овогтой Ууганбаяр, Додной овогтой Энхмаа нарыг бүртгэж, тус хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” тогтоол[5]-оор иргэн Д.Ууганбаярыг 4 дүгээр тойрогт 85 санал, 43,37 хувь, иргэн Д.Энхмааг 68 санал, 34,69 хувийн санал авсан гэж тус тус баталгаажуулан санал хураалтыг хүчинтэйд тооцон, “Хурлын Төлөөлөгчийн түр үнэмлэх”-ийг Д.Ууганбаярт олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч “Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэж сонгогдсон Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, сонгогдсонд тооцсон санал хураалт нь Сонгуулийн тухай хуульд заасан “...цэргийн алба хаасан байх үүргээ биелүүлсэн” байх хуулийн шаардлагыг хангаагүй, цэргийн дүйцүүлэх алба хаах хугацаа нь дуусаагүй байхад улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэх үндэслэлээр хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн ...” гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас “...хэдийгээр цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа боловч Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үед цэргийн анги, байрлалд ямар нэг үүрэг гүйцэтгээгүй, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцоогүй байсан тул улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийн хязгаарлалт хамаарахгүй, ...26 нас хүрсэн байгаа тул хуульд заасан цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насанд хамаарахгүй тул нэр дэвшигчээр бүртгэсэн болон сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулсан шийдвэр нь хууль зөрчөөгүй...” гэж тус тус маргаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна” гэж заасны дагуу 154.3.1-154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” шаардлагыг хангасан эсэхийг сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө шалгах ёстой хуулийн зохицуулалт байхад энэ үүргээ хариуцагч нь хангалтгүй биелүүлж, сонгуульд нэр дэвших эрхгүй этгээдийг нэр дэвшигчээр бүртгэж, орон нутгийн сонгуульд оролцуулж, санал хураалтын дүнг баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

Төв аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамж[6]-аар иргэн Д.Ууганбаяр нь 2015 онд Цэргийн дүйцүүлэх албыг биеэр 24 сарын хугацаатайгаар /2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл/ хаахаар болж, жилд 2 удаа 14 хоногийн сургалт, алба хаах хугацаанд нь 5 сараас доошгүй хугацаанд дүйцүүлэх албаны оногдуулсан үүргийг биечлэн гүйцэтгүүлэх, ...Цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаандаа хүндэтгэх бус шалтгаанаар сургалт, цугларалт, дайчилгааг тасалсан, сахилга хариуцлага алдсан, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд уг албанаас халж байхыг холбогдох албан тушаалтануудад хариуцуулан үүрэг болгосон байна.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа, түүнчлэн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож зохицуулахад энэ хуулийн зорилт оршино” гэж заасны дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах, түүнтэй холбоотой үүсэх харилцаа нь энэ хуулиар зохицуулагдах харилцаа ба хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ”, 3.3-д “Энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд ...цэргийн тоо бүртгэлд байж дайчилгаанд сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэхийг цэргийн бэлтгэл алба гэнэ. Цэргийн бэлтгэл алба нь нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэнэ”, 4.2-д “Цэргийн бэлтгэл албанд байгаа иргэнийг цэргийн үүрэгтэн” гэнэ, Бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүдийг... хоёрдугаар зэргийн цэргийн үүрэгтэн гэнэ” гэж зааснаас үзэхэд иргэн Д.Ууганбаяр нь цэргийн алба хаагаагүй, цэргийн тоо бүртгэлд байж дайчилгаанд сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэх үүргийг хуулиар хүлээсэн хоёрдугаар зэргийн цэргийн үүрэгтэнд хамаарч байна.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн” гэж заасны дагуу цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарч, Цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “цэргийн албан хаагч улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл холбооны гишүүн байх” гэсэн хориглох заалт нь иргэн Д.Ууганбаярт цэргийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил үйлчлэхээр байна.

Тодруулбал иргэн Д.Ууганбаяр нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ Төв аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хаах ба энэ хугацаанд уг захирамж болон дээрх хуульд заасны дагуу 5 сараас доошгүй хугацаагаар Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”-ын 10 дугаар зүйлд заасан “...орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг /гал түймэр, усны үер, ган, зуд, цөлжилт, шороон шуурга, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодис алдагдах зэрэг/-ийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэдгээрээс хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, түүнтэй тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох, хүн малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэх...” зэрэг үүргийг биечлэн гүйцэтгэх ёстой ба энэхүү цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа нь дуусгавар болоогүй, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “цэргийн алба хаасан байх” гэж Монгол Улсын иргэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэж цэргийн жинхэнэ алба хаасан, эсхүл Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5, 12.8-д заасан үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаасан байхыг” гэж заасны дагуу цэргийн алба хаасанд тооцогдохооргүй байна.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12.5-д “Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн шашин шүтлэг-ёс зүйн болон энэ хуульд заасан бусад шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврах анги, отряд, салбар Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Гамшгаас хамгаалах ажиллагааны хойшлуулшгүй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхүү хугацааг 3 хүртэл сараар сунгаж болно” гэж заасны дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах насанд буюу 25 настай байхдаа иргэн Д.Ууганбаяр нь цэргийн албыг дүйцүүлэх байдлаар хаахаар болж энэхүү алба нь 24 сар үргэжилэх буюу цэргийн алба хааж байгаа нэг хэлбэр гэж үзэхээр байх тул гуравдагч этгээдээс цэргийн жинхэнэ албанд татах насанд хамаарахгүй болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тус тайлбараар иргэн Д.Ууганбаярыг Үндсэн хуульд заасан цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй харин цэргийн албыг дүйцүүлэн хаах хэлбэрээр хааж байгаа иргэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл цэргийн албыг дүйцүүлэх байдлаар хааж байгаа нь Сонгуулийн хуульд заасан цэргийн алба хаасан байх шаардлагад нийцээгүй ба Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн албаны үүргийг гүйцэтгэж байгаа онцлог, хүлээж байгаа үүргээсээ хамаарч улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийн хязгаарлалтад хамаарахаар зохицуулсан байхад хариуцагч байгууллага нь цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа нь дуусаагүй, хуулиар тусгайлан хүлээх эрх, үүрэг, хязгаарлалт нь дуусгавар болоогүй байдлыг харгалзан үзэлгүйгээр хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу тэгш боломжоор өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэхээр байна.

Сонгуулийн тухай хуульд ийнхүү цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг тусгайлсан заасан нь Цэргийн албаны онцлог, гүйцэтгэж байгаа үүрэг, онцгой нөхцөл, эрхийн хязгаарлалттай нь шууд хамааралтай бий болсон шаардлага ба сонгуулийн дүнд бий болсон үр дүнгээс хамаарч тухайн сонгуульд санал өгсөн сонгогч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, сонгогдсон нэр дэвшигчийн хийх ажил, хуулиар хүлээх үүрэг нь баталгаажсан байдаг тул заавал цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн буюу хууль журмаар цэргийн дайчилгаа, сургууль, цугларалт, байгалийн гамшиг осолд биечлэн оролцох үүргээ биелүүлсэн буюу сонгогч иргэдийн итгэлийг алдалгүйгээр ажил алба тасралтгүй үргэлжлүүлэх боломж бий болсон иргэдийг сонгуульд оролцуулах агуулгатай байх тул иргэн Д.Ууганбаярын хувьд энэхүү үүрэг нь дуусгавар болоогүй буюу хуульд зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэхдээ баримт бичгийг нягтлан шалгах, эрх зүйн дүгнэлт хийж, нэр дэшигчээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргалгүйгээр хуулийн шаардлага хангасан гэж нэр дэвшигчээр бүртгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамж, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 04/82 дугаар “Даваадорж овогтой Ууганбаяр нь Цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр 2015 оноос өнөөг хүртэл хааж байгаа” гэх албан бичиг[7],2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 04/101 дүгээр “...2016 онд аймаг, орон нутгаас зохион байгуулсан цэргийн дайчилгааны ажилд хангалтгүй оролцсон байгаа...” гэх албан бичиг[8] зэрэг болон бусад бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл гуравдагч этгээдийн хувьд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д Монгол Улсын иргэн ...“эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргийг ёсчилон биелүүлнэ гэж заасан болон хуулиар хүлээсэн цэргийн алба хаасан байх үүргээ бүрэн биелүүлээгүй, цэргийн албыг дүйцүүлэн хаах хугацаа нь дуусаагүй байхад орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж түүний авсан саналыг баталгаажуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасныг болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болно” гэж заасны дагуу хүчингүй болгож, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-д “сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон”, 163 дугаар зүйлийн 163.3-д “дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана” гэж заасны дагуу Төв аймгийн Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшилж, өнөөдрийн шүүх хуралдааны товыг тогтооход өөрөө зөвшөөрч, тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурсан, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын комиссын даргаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор томилогдсон, үүний улмаас мэргэшлийн шалгалттай гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг нь шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэнийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.1.1, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ХАЖИДМАА

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 15 дахь тал

[2] Хавтаст хэргийн 10 дахь тал

[3] Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.”

[4] Хавтас хэргийн 28-30-р хуудас,

[5] Хавтас хэргийн 31-39-р хуудас,

[6] Хавтаст хэргийн 27-р хуудас

[7] Хавтаст хэргийн 100 дахь тал

[8] Хавтаст хэргийн 118 дахь тал