| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2022/00225/И |
| Дугаар | 210/ма2022/01054 |
| Огноо | 2022-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/ма2022/01054
2022 05 30 210/МА2022/01054
А ХХК -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/01071 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК -ийн хариуцагч Ц ХХК -д холбогдох,
Гэм хорын хохирол 22,815,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк ХХК-тай 1933 тоот түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Жаргалант үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарын 212,2 м.кв талбайг түрээслүүлж, Хаан банк Жаргалант тооцооны төв нь үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө тус барилгын 2 дугаар давхарт байрлах Ц ХХК -ийн эмийн сангийн угаалгын өрөөний уян холбоо задарч, их хэмжээний ус алдаж, тухайн байрлал дахь Хаан банкны салбарын нийт коридор, өрөөнүүдийн хана, тааз, гэрэл, хавтангууд, цахилгаан тэжээлийн хүчний кабель тус тус гэмтсэн. Улмаар тухайн салбар нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, бүрэн зогссож, барилгын засварын ажилд нийт 15,429,000 төгрөгийг Хаан банк ХХК нь биднээс нэхэмжилсэн. Мөн Хаан банк ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд дахь түрээсийн төлбөр 7,386,364 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн. Бид дээрх хохирлыг арилгахыг шаардаж, удаа дараа Ц ХХК -д утсаар болон бичгээр шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд одоо хүртэл хохирлыг барагдуулах ажиллагаа хийхгүй байх тул шүүхэд хандсан. Хаан банк ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг барилгын цахилгаан тэжээлийг сэргээхийн тулд ОСНААУГ-ын ерөнхий шитээс кабель сүвлэн татах гэсэн боловч тухайн цахилгаан шит байрлах В1 давхарын 9999 караоке нь Эрчим хүчээр хангагч эрх бүхий ажилтныг нэвтрүүлэхгүй, тус шитнээс кабель сүвлэн татах ажлыг хийлгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотой цахилгаан холболт хийх ажлын зардал дахин нэмж үүсэхээр байгаа. Иймд цахилгаан холболттой холбоотой зардлыг дараа жич нэхэмжилнэ. Одоогийн байдлаар бодит гарсан гэм хорын хохирол болох 15,429,000 төгрөг, түрээсийн төлбөр 7,386,364 төгрөг, нийт 22,815,364 төгрөгийг хариуцагч Ц ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь манай Ц ХХК -ийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан барилгын жинхэнэ буюу хөрөнгийн өмчлөгч ЖҮБ ХХК-ийн захирал Ж.Батбаатарыг хариуцагчаар татах ёстой байсан. Манай компани Хаан банк ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хэсгийн дээр байрладаг. Хаан банкны дохиолол ус алдалтыг зогсоох хүртэл 6 цагийн өмнө дуугарч мэдэгдсэн боловч тус банкны хамгаалалтын алба ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс хохирол нэмэгдсэн. Иймээс Хаан банк ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагчаар оролцож, хариуцлага хүлээх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Батбаатар ус алдсан хэсгийг буюу бие засах өрөөний байршлыг ОСНААУГ болон Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн өөрчилснөөс сантехникийн ерөнхий шугамын усны даралтанд өөрчлөлт орж, ОСНААУГ-аас зохицуулж байдаг усны даралтын тоог буулгах шалтгаан болж, цаашлаад усны хатуулагт нөлөөлсөн, ус дамжуулах хоолойд зэврэлт үүссэн байх магадлалтай. Анх дур мэдэн нойлын өрөө болгож, байрныхаа даацад нөлөөлөх хана туурга, цонх зэргийг зөвшөөрөлгүй буулгаж, өөрчилсөн нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 502.2 дахь хэсгийг зөрчсөн. Манайх тухайн байрнаас 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Манайх Ж.Батбаатартай 20 жилийн хугацаанд хамтран ажилласан, тэрээр түрээсийн төлбөрийг 1,200,000-1,800,000 төгрөг болгон нэмсэн боловч засвар үйлчилгээг хийдэггүй атлаа биднийг өөрсдөө зас гэж дарамталдаг. Иймд ЖҮБ ХХК-ийн бурууг хариуцаж төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц ХХК -д холбогдох гэм хорын хохирол 22,815,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах 212.2 м.кв талбайг түрээслүүлж тус талбайд Хаан банкны Жаргалант тооцооны төв нь үйл ажиллагаа явуулсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө тус барилгын 2 давхарт байрлах Ц ХХК -ийн угаалгын өрөөний уян холбоо задарч, их хэмжээний ус алдсаны улмаас тухайн байрлал дахь Хаан банкны салбарын нийт коридор болон өрөөнүүдийн хана, тааз, гэрэл, хавтангууд, цахилгаан тэжээлийн хүчний кабель тус тус гэмтсэн. Улмаар тухайн салбар нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг зогсоосон ба барилгын засварын ажлын зардал 15,429,000 төгрөг, түрээсийн төлбөр 7,386,364 төгрөг, нийт 22,815,364 төгрөгийг Ц ХХК -аас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Иргэний хууль, Барилгын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.4, 46.1.9-т өмчлөгчийн үүрэг бус харин тухайн барилга байгууламжийг бодитоор ашиглаж буй эзэмшигчийн үүрэг юм. Тодруулбал, 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө тухайн ус алдсан талбайд хариуцагч Ц ХХК нь түрээсийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байсан нь хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог. Иймд хариуцагч нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлж тус талбайн инженерийн шугам сүлжээ, хангамжийн системийг арчлан хамгаалах, байнгын хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ус алдсан гэх Ц ХХК -ийн угаалгын өрөөний уян холбоо нь ашиглалтын хугацаанд элэгдэлд орж ус алдсан" гэдэг нь ОСНААУГ-ын №208 дугаар дүгнэлтээр тогтоогддог. Ийнхүү Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь заасны дагуу ашиглалтын явцад хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагч Ц ХХК -ийг хариуцлагаас чөлөөлсөн нь хууль хэрэглээний алдаа болсон. Мөн хариуцагчийн тайлбараар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөр этгээд болох нь тогтоогдсон гэж мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.7 дахь хэсэгт өмчлөгч гэж заасан байх ба энэ нь түрээсийн гэрээний үндсэн дээр бусдад өөрийн өмчлөлийн талбайг түрээслүүлж буй өмчлөгчид хамаарах боломжгүй. Тодруулбал, хариуцагч Ц ХХК нь тус талбайн өмчлөгч ЖҮБ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тус гэрээний 5.1, 5.3, 5.6, 5.7-д тус тус зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь түрээсийн гэрээний дагуу түрээслэгчид олгогдсон эрх, үүргийг зөрчиж өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах боломжгүй ба хууль болон гэрээнд зааснаар гэм хорын хариуцлага хүлээх үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд Ц ХХК биш гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцжээ. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд гэдэг нь тухайн гэм хор, хохирол хариуцах субьект бөгөөд өөрийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчин улмаар гэм хорын хохирол учруулсан этгээд байдаг. Энэ тохиолдолд хуулиар тухайн гэм хор, хохирол үүссэн обьектын өмчлөгч тухайн гэм хорыг хариуцахаар зохицуулаагүй бөгөөд гагцхүү хууль тогтоомж зөрчсөн хууль бус үйлдэл үр дагаврыг бий болгохыг хүсэж хийсэн санаатай үйлдэл хөнгөмсгөөр хандсанаар бусдын эрхэнд халдсан болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэм хор учруулагч этгээдийг ойлгохоор заасан. Мөн шүүх Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг заалтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримт, үндэслэлээр хэрэглэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ :
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн зэрэгцээ маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ц ХХК -д холбогдуулан гэм хорын хохиролд 27,276,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 22,815,364 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банк ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол Жаргалант үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарын 212.2 м.кв талбайг түрээслүүлж, Хаан банк Жаргалант тооцооны төв нь үйл ажиллагаа явуулж байтал 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө тус барилгын 2 дугаар давхарт байрлах Ц ХХК -ийн угаалгын өрөөний уян холбоо задарч их хэмжээний ус алдаж банкны салбарын коридор, өрөөнүүдийн хана, тааз, гэрэл, хавтангууд, цахилгааны тэжээлийн кабель тус тус гэмтсэн. Улмаар уг салбар нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулаагүй тул энэ хугацааны түрээсийн төлбөр, засварын ажлын зардлыг гаргуулна /хх1-8, 16-21, 36-38, 102, 125/ гэж, хариуцагч Ц ХХК нь тайлбар, татгалзлалын үндэслэлээ ...уг барилгын 2 дугаар давхарт мөн түрээслэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байсан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь иргэн Ж.Батбаатар учир эд хөрөнгийн хохирлыг хариуцуулах нь зүйтэй. /хх66, 67, 125, 126/ гэж тус тус тайлбарлажээ.
5. Хариуцагч тал дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн Ж.Батбаатарыг хариуцагчаар татан оролцуулах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тайлбар гаргуулах хүсэлтийг тус тус гаргаж, уг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЖҮБ ХХК-тай байгуулагдсан түрээсийн гэрээ гэх баримтын хуулбар хувийг шүүхэд ирүүлжээ. /хх-69, 73-75, 121, 125/
6. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй өөр этгээдийн гэм буруугийн талаар дүгнэлт өгч, хариуцагч Ц ХХК -д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Шүүх хэргийн оролцогчдоос ирүүлсэн нотлох баримт, хүсэлтэд үндэслэн тэдний эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцүүлсэний эцэст хэний буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан эсэх үйл баримтыг тогтоох учиртай. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой дээрх нөхцөл байдлыг тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/01071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОГТСАЙХАН