Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

            Улсын яллагч Ц.Майбаяр,

            Шүүгдэгч О.Б

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон И овогт О.Б, С овогт М.Э нарт холбогдох 1811009550661 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, СУИС-ийн 1 дүгээр курсийн оюутан, цагийн ажил хийдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү, нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 4 дүгээр гудамж 26 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай С овогт М.Э (РД:),

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Үндэсний урлагийн их театрт бүжигчин ажилтай, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 41-778 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт О.Б (),

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас Б.Мөнхтүвшингийн толгой, бие рүү нь цохиж, зүүн гарын тохойг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас М.Анандын нүд рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч О.Б, М.Э нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нартай эвлэрсэн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: - Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.  

            Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хүнсний 1 дүгээр дэлгүүрийн хажууд найзуудтайгаа юм яриад зогсож байхад хажуугаар 2 залуу  өнгөрөхдөө нэг нь битгий шаагаад байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэнээ гээд тэр үгийг хэлсэн залуу дээр очсон чинь сүүлд нь нэрийг нь мэдсэн Мөнхтүвшин гэх залуу за зодчихвоо, та нар олуулаа юм байна шүү дээ, яах юм, намайг зодох юмуу гээд маргалдаад байж байхад манай Батсүрэн гэдэг найз намайг салгаад аваад явсан чинь манай найз Эрдэнэсүх бид нарыг муудалцаад, зодолдох гэж байна гэж ойлгоод тэр залуутай хамт явж байсан нөгөө залууг нь жийчихсэн. Тэгээд л зодолдоон эхэлсэн ба би Мөнхтүвшин гэх залуутай зодолдсон. Тэгээд цагдаа дуудсан юм шиг байсан, цагдаа нар хүрээд ирсэн. Намайг согтуу байсан учир эрүүлжүүлэхэд хийсэн. Нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Тохой гар хэсэг рүү нь өшиглөсөн гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэсүх мэдүүлэхдээ: -Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хүнсний 1 дүгээр дэлгүүр дээр Тэнгис кино театр руу чиглээд найзуудынхаа хамт явж байсан ба би найзуудаасаа хойхон талд утсаар яриад явж байсан чинь манай найзууд гудамжинд урд явж байгаад хүмүүстэй муудалцаад байгаа харагдахаар нь би гүйж нэг залууг хөлөөрөө жийгээд өшиглөсөн чинь тэр залуу эргэж хараад миний дух руу цохисон. Тэгээд би тэр залуутай бие биенээ цохилцоод зодолдох гэтэл найз Ганчулуун араас намайг тэвэрч аваад салгасан. Тэгээд бид нар яваад өгсөн удалгүй араас цагдаа нар залгаад, тэгээд цагдаа дээр ирсэн. …Анандын нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тохой гар хэсэг рүү нь өшиглөсөн гэжээ.

Б.Мөнхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: "...2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 22.00 цагийн орчим найз Ананд, Мөнхцэлмүүн, Энэрэл нартай “Эс“ лоунжид үйлчлүүлж байгаад 23:55 цагийн орчим гараад найз Анандын гэрт очиж хэдэн пиво ууя гээд дэлгүүр хаахаас өмнө пиво авахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний нэг дэлгүүрийн урд талын зам дээр хурдан алхаад явж байхад “Хаан банк”-ы хажууд байдаг түцний үл таних ах 10-аад хүүхдүүд тамхи татаад шуугилдаж байсан, нэг залуу нь юу гэнээ 2 лалараа гээд орилохоор нь гайхаад юу юу гэнээ гээд байгаа юм бэ гэтэл өндөр туранхай хар куртиктай залуу нь шууд Анандын нуруу руу нь жийгээд ороод ирсэн, тэгтэл Ананд зугатаад гүйсэн. Энэ үед тэр залуучууд над руу ална хядна гээд дайраад байсан, зарим нь дундуур ороод тэр найзыгаа болиулах гээд салгасан, тэгэхээр нь утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гээд цагдаа дуудахад буржгардуу залуу нүүрээ дараад доошоо суусан, тэгтэл миний нуруу, толгой, зүүн гар руу өшиглөчихөөд зугтаасан. ...анх Баттөгөлдөр гэх залуу юу гэнээ, 2 лалараа гэж хэлснээс маргаан эхэлсэн, тэгээд маргаан даамжраад Баттөгөлдөр гэх залуу миний толгой руу, бие рүү нь цохиж, зүүн гарын тохой руу өшиглөсөн. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ.

М.Ананд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 22.00 цагийн орчим найз Мөнхтүвшин, Мөнхцэлмүүн, Энэрэл нартай “Эс” лоунжид үйлчлүүлж байгаад 23.55 цагийн орчим гараад найз Анандын гэрт очиж хэдэн пиво ууя гээд дэлгүүр хаахаас өмнө пиво авахаар Чингэлтэй дүүргийн 4 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талын зам дээр хурдан алхаад явж байхад “Хаан банкны”-ны хажууд байдаг түцний үл таних ах 10-аад хүүхдүүд тамхи татаад шуугилдаж байсны нэг залуу нь юу гэнээ 2 лалараа гээд орилохоор нь гайхаад Мөнхтүвшин юу гэнээ гэтэл гэнэт нэг хар хувцастай, саравчтай малгайтай, малгайгаа буруу харуулаад өмсчихсөн залуу гүйж ирээд нуруу руу юм хэлэлгүй шууд жийчихээд яах гээд байгаа лаларууд бэ, ална шүү та нарыг гээд ороод ирсэн, энэ үед цаана бөөгнөрч байсан залуучууд дөхөж ирээд тэр залууг зарим нь боль гээд салгаж байсан. ...би зугтаагаад баригдаад толгой, нүүрээ хамгаалаад доошоо хараад суухад толгой руу 4-5 удаа өшиглөсөн, газар уначихсан байхад дээрээс 5-6 удаа дэвсэж байгаад  зугатсан, тэгээд Мөнхтүвшин бид 2 цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгөөд шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...Миний биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлийг Эрдэнэсүх гэх залуу нүд рүү цохиж учруулсан. Баруун өвдөгний зулгаралт гэмтлийг би өөрөө зугтаж гүйж  байгаад газар унаад гэмтэл учирсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ

Хохирогч Б.Мөнхтүвшингийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.25-ний өдрийн ¹4086 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Б.Мөнхтүвшингийн биед тархи доргилт, дух, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 3-р хурууны хумсан доорх цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн эгэмний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

            Хохирогч М.Анандын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.25-ны өдрийн ¹4087 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.М.Анандын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчүүдээс мэдүүлэхдээ:

1.О.Барсболдоос: “...Бид нарыг юм яриад явж байхад хөндлөнгөөс 2 залуу та нар дуулдаг муулдаг гэж юу байдаг юм бэ, шаагаад байгаарай гээд маргааныг эхлүүлсэн. Миний мэдэж байгаагаар Баттөгөлдөр саарал пальтотой залууг зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон, өөр юм хумаар цохиж зодоогүй. ...Саарал пальтотой залуутай Баттөгөлдөр, шар пальтотой залуутай Эрдэнэсүх муудалцсан, зодолсон. Өөр хүмүүс зодоон цохионд ороогүй салгасан. ...Мөнхтүвшин гэх залууд тухайн үед адилхан 2 гар утас байсан байна гэж зэрэгцүүлж харуулаад андуураад авсан байна гэдгээ хэлээд өгсөн” гэжээ.

2.М.Болорчимэгээс: “...Бид нар ТҮЦ-ний хажуу талд юм яриад зогсож байхад хажуугаар хоёр залуу зам гарах гээд өнгөрсөн. Тэр үед Баттөгөлдөр байх юу гэнээ гэл үү нэг зүйл хэлсэн чинь нөгөө хоёр бандийн нэг нь юу гэнээ ч гэлүү тэгээд л хэрүүл эхэлсэн. Ингээд нөгөө хоёр залуутай маргалдаж байсан чинь бид нартай хамт явсан залуучуудын нэг нь тэр хоёрын нэгийг араас нь хөлөөрөө жийгээд л зодоон эхэлсэн. ...Баттөгөлдөр, Ээгчий хоёр л гол үүрэг гүйцэтгээд байсан” гэжээ.

3. Ц.Батсүрэнгээс: “...ТҮЦ-нээс тамхи аваад юм яриад зогсож байхад үл таних хоёр залуу хажуугаар өнгөрөхдөө арай намхан залуу болох Ананд гэх залуу шаагаад байгаарай гээд өнгөрөхөд Баттөгөлдөр юу гэнээ гээд тэр хоёр залууд хандаж хэлэхэд Ананд гэх залуу зодчихвоо гэсэн. Гэтэл Баттөгөлдөр түүн рүү дайраад байхаар нь болио гэж хэлээд Барсболд, Ганчулуун бид 3 татаад цаашаа аваад явж байхад Эрдэнэсүх цаанаас ирэхдээ зодоон болж байна гэж ойлгоод Ананд гэх залуугийн нуруу хэсэгт нь хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Баттөгөлдөр Мөнхтүвшин гэх зулуу руу дайраад цохиод эхэлсэн. ...Эрдэнэсүх Ананд гэх залууг эхлээд нуруу руу нь жийсэн, дараа нь бас цохиж байгаа харагдсан” гэжээ.

4.Г.Ганчулуунаас: “...хажуугаар өнгөрөхдөө саарал пальтотой залуу шаах юм аа гэхээр нь Баттөгөлдөр яасан гэнээ гэтэл нөгөө залуу юу, яасан гэнээ, хүний олон хүнээ барьдаггүй шүү ахын дүү нар гээд Баттөгөлдөрийн нүүр рүү тулж ирээд маргалдаж байхад Эрдэнэсүх цаанаас ирэхдээ зодолдож байна гэж ойлгоод шууд гүйж ирээд саарал пальтотой залуугийн баруун талын гуя руу жийгээд хоорондоо Баттөгөлдөр, Эрдэнэсүх 2 тэр 2 залуутай барьцалдаад зодолдоод эхлэхээр нь Барсболд, Мягмардорж, Баярхүү бид 4 салгасан” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч О.Баттөгөлдөр нь 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд Б.Мөнхтүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, зодолдсоны улмаас  Б.Мөнхтүвшингийн биед тархи доргилт, дух, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 3-р хурууны хумсан доорх цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, зүүн эгэмний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

мөн шүүгдэгч М.Э нь тухайн үед өөрийн найз О.Б-г зодуулж байна хэмээн Б.Мөнхтүвшингийн найз М.Анандын нүүр рүү цохьсоноос  түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

шүүх хуралдаан дээр шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Мөнхтүвшингийн "...анх Б гэх залуу юу гэнээ, 2 лалараа гэж хэлснээс маргаан эхэлсэн, тэгээд маргаан даамжраад Баттөгөлдөр гэх залуу миний толгой руу, бие рүү цохиж, зүүн гарын тохой руу өшиглөсөн.” гэх мэдүүлэг, хохирогч М.Анандын “...би зугтаагаад баригдаад толгой, нүүрээ хамгаалаад доошоо хараад суухад толгой руу 4-5 удаа өшиглөсөн, газар уначихсан байхад дээрээс 5-6 удаа дэвсэж байгаад зугатсан, ... Миний биед учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлийг Эрдэнэсүх гэх залуу нүд рүү цохиж учруулсан. Баруун өвдөгний зулгаралт гэмтлийг би өөрөө зугтаж гүйж  байгаад газар унаад учирсан гэмтэл” гэх мэдүүлэг, гэрч О.Барсболдын “...Миний мэдэж байгаагаар Б саарал пальтотой залууг зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон, өөр юм хумаар цохиж зодоогүй....Саарал пальтотой залуутай Баттөгөлдөр, шар пальтотой залуутай Эрдэнэсүх муудалцсан, зодолсон. Өөр хүмүүс зодоон цохионд ороогүй салгасан.” гэх мэдүүлэг, гэрч М.Болорчимэгийн “...Ингээд нөгөө хоёр залуутай маргалдаж байсан чинь бид нартай хамт явсан залуучуудын нэг нь тэр хоёрын нэгийг араас нь хөлөөрөө жийгээд л зодоон эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батсүрэнгийн “...Гэтэл Баттөгөлдөр түүн рүү дайраад байхаар нь болио гэж хэлээд Барсболд, Ганчулуун бид 3 татаад цаашаа аваад явж байхад Эрдэнэсүх цаанаас ирэхдээ зодоон болж байна гэж ойлгоод Ананд гэх залуугийн нуруу хэсэгт нь хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Баттгөлдөр Мөнхтүвшин гэх зулуу руу дайраад цохиод эхэлсэн. ...Эрдэнэсүх Ананд гэх залууг эхлээд нуруу руу нь жийсэн, дараа нь бас цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганчулууны “...Эрдэнэсүх цаанаас ирэхдээ зодолдож байна гэж ойлгоод шууд гүйж ирээд саарал пальтотой залуугийн баруун талын гуя руу жийгээд хоорондоо Б, Э 2 тэр 2 залуутай барьцалдаад зодолдоод эхлэхээр нь Барсболд, Мягмардорж, Баярхүү бид 4 салгасан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Мөнхтүвшингийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.25-ний өдрийн ¹4086 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Анандын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2018.3.25ны өдрийн ¹4087 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч И овогт О.Б, С овогт М.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Б.Мөнхтүвшин, М.Ананд нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгчдэгч М.Э, О.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч И овогт О. Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С овогт М.Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэсүх, О.Баттөгөлдөр тус бүрийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, О.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БУЯННЭМЭХ