Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/ма2022/01087

 

 

 

 

 

 

 

 

 

  2022             06             06                                      210/МА2022/01087

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01816 дугаар шийдвэртэй, Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, 30,820,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж,  Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, цогцолбор хотхоны 9 давхрын   тоотод байрлах 47, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалсан. Тус гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа болгож, 2005 оны Bongo 3 маркийн цагаан өнгөтэй ачааны автомашиныг 13,000,000 төгрөгөөр тооцож Т ХХК-д шилжүүлэн өгч, гэрээний үлдэгдэл төлбөр 33,876,500 төгрөг болсон. Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй. Тус компанид орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзах саналаа удаа дараа илэрхийлсэн боловч удахгүй орно хүлээж бай гэсэн хариу өгсөн. Гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх хүртэл 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сар хүртэл өөр орон сууц хөлсөлсөн. Гэтэл гүйцэтгэгч тал барилгын материалгүй болсон гэх шалтгаанаар ажил зогссон. Иймээс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дахин орон сууц хөлсөлсөн. Захиалсан орон сууц хэзээ ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байна. Иймд гэрээний 7.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэрээнээс татгалзах саналтай байгааг мэдэгдсэн. Иймд 2019 оны 05 дугаар сарын 01 өдрийн №063 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлсөн төлбөр 13,000,000 төгрөг болон алданги 1,020,500 төгрөг, мөн 2018 оны 08 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээний төлбөр 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК  нь Ж.Э-тэй 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг Ж.Э 2019 оны 4 дүгээр улиралд буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөх”-өөр тохиролцсон. Гэвч орон сууц нь компанийн ажиллах хүч болон барилгын материалын импортоос хамаарч төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орох боломжгүй болсон. Энэ талаар захиалагчид мэдэгдэхэд цаашид хүлээх боломжгүй хэмээн гэрээг цуцлах хүсэлтэй 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч, гэрээг цуцалсан ба Ж.Э-тэй тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө баталгаажуулсан. Гэрээний 5.1-т заасны дагуу Ж.Э-тэй тохиролцон урьдчилгаа 13,000,000 төгрөгийн төлбөрөөс нийт төлөх төлбөрийн 10 хувьтай тэнцэх торгуулийг суутган, 10,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн талуудын байгуулсан гэрээний хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, 2019 оны 4 дүгээр улирал буюу 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох байсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ цуцалсан баримт үйлдсэн. Иймд алданги болон хохирлыг төлөх үндэслэлгүй. 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр гэрээнд хамааралгүй. Учир нь барилгыг 2019 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулах байсан. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК -аас 13,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,820,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 222,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Орон сууц хөлслөх гэрээг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71-76 тоот 67.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 6,000,000 төгрөгөөр хөлсөлсөн баримт хэрэгт авагдсан ба бүх гүйлгээний утга нь орон сууцны түрээс гэсэн байгаа нь хөлсөлж байсныг хангалттай нотлогддог. Мөн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж 51-д-1302 тоот 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 3,900,000 төгрөгөөр тус тус хөлсөлсөн. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.1 болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.7 дахь хэсэгт заасны дагуу Т ХХК -аас учирсан хохиролд орон сууцны хөлс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх гэрээний 5.3-д зааснаар гүйцэтгэгч тал нь захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул алдангийг өдрийн 1,300 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу 785 хоногоор тооцож 1,020,500 төгрөг нэхэмжлэх эрхтэй.

Мөн 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл 18 сарын хугацаанд 1 сарын төлбөрийг 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд 1 сарын төлбөрийг 650,000 төгрөгөөр тус тус тооцвол хохиролд 16,800,000 төгрөгийг Т ХХК  арилгах үүрэгтэй. Гэрээнд зааснаар орон сууц хугацаандаа ашиглалтад орсон бол байр түрээслэх шаардлага байгаагүй. Иймээс түрээс төлсөн гэж нэхэмжилсэн нь үүргээ биелүүлээгүй Т ХХК -тай шалтгаантай холбоотой гэж үзэж байна. Орон сууц одоо ашиглалтад ороогүй ба зах зээлийн үнэ ханш өссөн учраас 13,000,000 төгрөгөөр орон сууцны урьдчилгаа төлбөр хийхэд хүндрэлтэй, намайг хохироож байна. Хэрэгт автомашин хүлээлгэж өгсөн нотлох баримтууд авагдсан. Урьдчилгаанд өгсөн мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэж амлалтууд өгч хүлээлгэсэн. Иймд барилга хугацаандаа ашиглалтад ороогүй учраас мөнгөө буцааж авахдаа алданги болон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 13,000,000 төгрөг болон алданги 1,020,500 төгрөг, мөн орон сууц хөлслөх гэрээний төлбөр 16,800,000 төгрөг, нийт 30,820,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэлээс хариуцагч 13,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 17,820,500 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 063 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч буюу хариуцагч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “150 айлын бүрэн цутгамал орон сууц” нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарт,   тоот хаягт байрлах, 47,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 46,876,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт /хх5-7/ тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Э нь гэрээний үүрэгт 78-12 УНЭ улсын дугаартай “Сузуки бонго-3” /SUZUKI Bongo3/ маркийн тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгт тооцож Т ХХК -ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх64, 86/ Зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч Ж.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч компани орон сууцыг барьж ашиглалт, өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй” гэж тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байсан боловч нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цуцалсан үйл баримт тогтоогдож байна. /хх-64/

 

5.а Нэхэмжлэгч Ж.Э нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн автомашины үнэ 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байх ба шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт тус тус нийцжээ.

 

5.б Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан явдалд хариуцагч тал буруугүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрхгүй болно. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, гэрээг цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгчид 16,800,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирол нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5.в Мөн нэхэмжлэгч Ж.Э нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, ажлын хөлс төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана” гэж заасны дагуу алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/01816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 247,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР

 

                                       ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН