| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Буяннэмэх |
| Хэргийн индекс | 186/2018/0615/Э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ц.Майбаяр
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Ганлхамын Энхжаргалд холбогдох 1811010870712 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр гудамж 20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.Э (РД:),
нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Бүрд” зочид буудлын 305 тоот өрөөнөөс Н.Өлзийбаатарын Ай фойне-6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:-“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны 00 цаг нилээн өнгөрчихсөн бараг 1 цаг болох гэж байсан. Би босч суугаад байж байсан ба бусад нь унтаж байсан. Би харимаар санагдаад, харих гэхээр гэр хол мөнгө байхгүй байсан бөгөөд Өлзийбаатарын гар утас нь хажуу талын шүүгээн дээр байсан. Тэр утсыг нь шууд аваад гараад явсан...” гэжээ.
Хохирогч Н.Өлзийбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- “...Энхжаргал бид хоёр нэг орон дээр цуг унтсан харин нөгөө орон дээр манай найз бид хоёр унтсан, яг унтах гэж байхад Энхжаргал би явлаа гээд босоод орны толгойн тэнд байсан түмбүүчик дээрээс юм аваад гарсан. ...гар утсаа авах гээд түмбүүчик рүү харсан чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд л би Энхжаргалыг миний гар утсыг аваад явсан байна гэж мэдсэн.” гэжээ.
Гэрч Х.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Буудалд Энхжаргал, Өлзийбаатар, Орчлонбат бид 3 сэрсэн, гарах гэсэн чинь Өлзийбаатарын гар утас алга болсон байсан. Өглөө босоход Энхжаргал байхгүй байсан учир Энхжаргал утас аваад явсан байна гэж бодоод утас руу нь залгаж асуусан боловч Энхжаргал би утсыг чинь аваагүй гээд байсан. ...бид нарын байсан буудлын өрөөнд гаднаас өөр хүн ороогүй байсан учир Өлзийбаатарын гар утсыг Энхжаргалаас өөр хүн авах боломж байхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Г.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Их Бүрд” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд Н.Өлзийбаатар нарын 3 хүнтэй байрлаж, уг буудлаас шөнийн 01 цагийн үед гарч явах үедээ шүүгээн дээр байсан Н.Өлзийбаатарын Ай фойне-6 загварын гар утас хулгайлан авснаас түүнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Өлзийбаатарын “...гар утсаа авах гээд түмбүүчик рүү харсан чинь миний гар утас алга болсон байсан. Тэгээд л би Энхжаргалыг миний гар утсыг аваад явсан байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг, гэрч Х.Наранбаатарын “...Буудалд Энхжаргал, Өлзийбаатар, Орчлонбат бид 3 сэрсэн, гарах гэсэн чинь Өлзийбаатарын гар утас алга болсон байсан. ...бид нарын байсан буудлын өрөөнд гаднаас өөр хүн ороогүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Г.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг мөн харгалзсан болно.
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Хохирогч нь миний хохирол барагдсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Г.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БУЯННЭМЭХ