Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/422

 

2026            04             09                                                                      2026/ДШМ/422

 

 

М.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Энхням /томилолтоор/,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Э-д холбогдох 2505004920181 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

И- овогт М-ын Э-, 1998 оны 05 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, М- ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД: РД:УМ-).

Шүүгдэгч М.Э- 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элбэг" их дэлгүүрийн хойд талын зам дээр М- УНИ улсын дугаартай "Nissan Tiida" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хохирогч Д.Э-ыг түүний тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслээ хөдөлгөж явснаас Д.Э- чирэгдэн унаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: И- овогт М-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10000 (арван) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт М.Э- цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Э.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс 2 агуулгаар гомдол гаргасан. Эхний агуулгын хувьд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. М.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив талын шинжийг хангахгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Хоёр дахь агуулгын хувьд, зүйлчлэлтэй холбогдуулан гомдол гаргасан. Эхний агуулгын хүрээнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэнтэй өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байгаа. Учир нь шүүгдэгч М.Э- нь хохирогчийг танихгүй, тэдний хооронд хувийн өс хонзон, маргаан байгаагүй. Хэрэг болсон үед шүүгдэгч таксигаар үйл ажиллагаа явуулж байх үед нэг эмэгтэй тээврийн хэрэгслийн арын хаалгаар орж ирэн сууж, “хөдлөөрэй” гэж хэлсэн. Энэ үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирж, машины цонхыг тогшиж, машинд суухыг оролдсон нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч нь тухайн нөхцөл байдлаас айж, маргаан үүсгэхээс зайлсхийх зорилгоор тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн гэж тайлбарласан.

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгийн үзлэгийн тэмдэглэлд хохирогч нь тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж даган гүйж буй дүрслэл бий. Гэвч хэрэгт авагдсан мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг огцом өөрчилсөн, хурдаа нэмсэн зэрэг үйлдэл хийгээгүй байдаг.

Иймээс шүүгдэгчийн үйлдэл нь маргааныг таслан зогсоох, нөхцөл байдлаас зайлсхийх зорилготой байсан бөгөөд хохирогчид санаатайгаар хүнд хохирол учруулах сэдэл, зорилго байгаагүй гэж үзэж байна. Хохирогч нь тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барих эсэх сонголтыг өөрөө хийсэн, мөн тухайн үйлдлээ зогсоох боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа.

Хоёрдугаарт, хэргийн зүйлчлэлтэй холбоотой гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь хохирогчийг хаалганы бариулаас барьж байгааг мэдэж байсан боловч “гараа тавих байх” гэж найдан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн.

Шүүгдэгч санаатайгаар тээврийн хэрэгсэл хөдөлгөсөн боловч болгоомжгүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн Б.Энхболд өмгөөлөгчийн хэлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-д заасан гэмт хэргийн шинж байгааг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Э-ы өмгөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч М.Э- нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн зүйлчлэлтэй маргасан бөгөөд шүүхийн тогтоолд тусгагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх нь хэрэгт ач холбогдол бүхий, дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн гэж үзсэн. Шүүгдэгч М.Э- нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтвортой мэдүүлэг өгсөн. Хохирогч Д.Э-ын хувьд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд тээврийн хэрэгсэлд суух гэж оролдож, машины цонх цохих үйлдэл хийснээс болж М.Э- тухайн үед машины хойд талд сууж байсан эмэгтэйгийн аюулгүй байдлыг нь хангах үүднээс машинаа хөдөлгөсөн гэдэг. Машин хөдөлж эхлэх үед хохирогч нь тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж гүйсэн бөгөөд энэ үед тэнцвэр алдан унаж, хөлөө хугалсан үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг санаатайгаар хүний биед хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс машиныг хөдөлгөх үед хаалганы бариулаас барьж байсан гэдгийг та мэдэж байсан уу гэж асуудаг. Мэдэж байсан. Хохирогч нь жолооны курсын багш байсан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед хаалганы бариулаас барих, дагаж гүйх нь эрсдэлтэй болохыг мэдэх боломжтой. Шүүгдэгч нь хөдөлгөөн эхлэхэд Б.Э-ыг машины хаалганы бариулыг тавьчих болов уу гэж бодсон гэдэг. Үүнээс шүүгдэгчийн санаатайгаар хүний биед хүнд хохирол учруулах санаа зорилго, сэдэлт байгаагүй гэдэг нь харагдана. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд гэм буруугийн хэлбэр нь холимог шинжтэй бөгөөд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг буруу үнэлж, хууль зүйн дүгнэлт алдаатай хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд М.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч М.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хохирогчийг санаатай гэмтээх санаа зорилго байгаагүй. Гэхдээ хохирогчид хүнд хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Тухайн үед би маш их айсан. Хохирогч нь машины цонх цохиж, “ална” гэх зэрэг ёс бус үг хэлж байсан. Би өмнө нь ийм нөхцөл байдалд орж байгаагүй тул сандарсан” гэв.

Прокурор С.Энхням шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс уг үйлдлийг аргагүй хамгаалалттай холбон мэтгэлцэж оролцсон боловч шүүх уг нөхцөл байдлыг үнэлж дүгнэхдээ дараах үндэслэлийг баримталсан. Тухайлбал, автомашины хоёр хаалганы бариулаас хохирогч хоёр гараараа барьсан байгааг шүүгдэгч М.Э- мэдсээр байж тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, үүний улмаас хохирогч Д.Э- тээврийн хэрэгсэлд зүүгдэн, чирэгдэн унаж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүнд зэргийн хохиролд хамаарах бөгөөд уг хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон. Хохирогч нь автомашины хаалгыг онгойлгох зорилгоор хаалганы бариулаас барьсан байхад шүүгдэгч нь уг үйлдлийн аюултай шинжийг мэдсээр атлаа зориуд тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн нь идэвхтэй, ухамсартай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд М.Э-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч М.Э- 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элбэг" их дэлгүүрийн хойд талын зам дээр М- УНИ улсын дугаартай "Nissan Tiida" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зогсож байхад хохирогч Д.Э- ирж түүний тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас барьж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслээ хөдөлгөж явснаас Д.Э- чирэгдэн унаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Э-ын: “Тухайн өдөр би байгууллагынхаа шинэ жилд Батхүлэг таур гэдэг нэртэй ресторанд орсон. Тэгээд тэр газраасаа гараад бид нар дахиад өөр газар оръё гэж ярьцгаагаад рестораны гадаа байж байсан. Гэтэл манай ажлын Д- явна гээд байхаар нь би явуулахгүй гээд араас нь зам руу гүйсэн гэтэл Д- нэг таксинд суучихсан. Тэгээд би тэр таксины баруун талын урд болон хойд хаалганы гадна 2 бариулаас барихад такси хаалгаа цоожилсон байсан тэгэхээр нь би жолоочид болон Д- нарт хаалгаа онгойлго гэж хэлээд цонхыг нь 2-3 удаа тогшсон. Гэтэл огт хаалгаа онгойлгохгүй цонхоо буулгахгүй байсан. Би цонхыг тогшоод бариулаас нь бариад 5 орчим минут зогссон. Гэтэл такси гэнэт хөдөлгөөн эхлүүлсэн. Би хаалганы гадна бариулаас барьсан хэвээрээ таксины баруун талд гүйгээд явж байсан. Тэр таксиг би зогсох байх гэж бодоод гадна хаалганы бариулаас зүүгдээд гүйгээд яваад байсан. Гэтэл такси зогсохгүй хурдаа нэмээд байсан. Би тэр таксинаас зүүгдээд 100 орчим метр газарт зүүгдэж явсан. Тэгээд би бага зэрэг чирэгдэх маягтай болоод миний хөл таксины баруун хойд талын дугуйн доогуур ороод би газарт унасан. Гэтэл тэр такси зогсоогүй тэр чигтээ яваад өгсөн. Тэгээд би газраас босож чадахгүй машины зогсоол руу мөлхөөд зогсоол дээрх машины урд сууж байгаад буцаад такси авах гээд зам руу мөлхөөд зогсоол дээрх машины ард суугаад байж байтал нэг такси зогссон. Тэгээд би таксины жолоочийн утсаар эхнэр рүүгээ ярихад эхнэр гэртээ харьж байна гэхээр нь гэрийн гаднаас эхнэрээ аваад шууд гэмтлийн эмнэлэг орсон. Миний зүүн хөлийн шилбэ хугарсан, хугараад яс нь арьсаа бага зэрэг цоолоод гараад ирчихсэн байсан. Тэр таксины жолооч намайг гадна бариулаас бариад зогсож байгааг харсан. Миний хөл хугарсанд гомдолтой байна...” гэх (хх 22),

хохирогч Б.Э-ын дахин өгсөн: “... Миний зүүн хөлийн шилбэний хоёр яс хугарсан. Би тухайн машины бариулаас бариад хөдлөхөөр нь дагаад явсан. Жолооч хурдаа нэмэхээр нь бариулаас нь барьж гүйж байгаад халтираад газар унаад зүүн хөлөө машины дугуйн доогуур оруулаад машины дугуй хөлөн дээгүүр гараад хөл хугарсан... Би гэмтлийн эмнэлэгт хөлний хагалгаанд орсон. Мөн 10 хоног хэвтсэн ор хоногийн мөнгө өдрийн 30.000 төгрөг нийт 300.000 төгрөг өгсөн. Эм тарианы баримт 239.899 төгрөг болсон. Баримтгүй 300.000 төгрөгийн зарлага гарсан. Би өдөр болгон өвчин намдаах эм ууж байгаа, ажилдаа явж чадахгүй, суга таягтай явж байгаа. Одоо физик эмчилгээнд явж байгаа. Хохирол барагдуулаагүй...” гэх (хх 25),

гэрч Ө.Д-гийн өгсөн: “...Тухайн шөнө манай байгууллага шинэ жилээ тэмдэглээд би гэртээ харих гээд рестораны гадаа байж байтал Э- намайг явуулахгүй татаад зуураад байсан. Тэгээд манай дүү охин Э-ыг болиоч гэтэл Э- намайг тавьсан. Тэгэхээр нь би зугтаагаад такси авах гээд төв зам руу гүйсэн. Гэтэл Э- араас намайг хөөгөөд байсан. Тэгээд би зам руу гүйхэд намайг барьж аваад би газарт унасан. Тэгээд намайг барьж аваад буцаад рестораны гадаа очсон. Би сиймхии гарангуут нь буцаад төв зам руу гүйтэл дахиад намайг араас хөөсөн. Би таксинд орж суунгуутаа жолоочийг нь хаалгаа түгжээрэй, битгий онгойлгоорой гэж хэлээд бүх хаалгыг нь түгжүүлсэн. Тэгээд такси яг хөдлөхөөс өмнө Э- ирээд машины баруун талын 2 хаалганы бариулаас хоёр гараараа бариад явуулахгүй, жолоочийн цонхыг цохиод хаалгаа онгойлго гээд орилоод бариулаас нь огт тавихгүй орилоод зогсоод байсан. Тэгээд таксины жолооч машинаа жоохон хөдөлгөөд явчихвал наад хүн чинь өөрөө бариулаас тавьчих байх гээд жолооч хөдөлгөөн эхлүүлээд явсан. Миний дотор муухайраад байсан учир би нүдээ аниад нээтэл хаалганы гадна Э- байхгүй болсон байсан. Тэгээд би жолоочоос түрүүний залуу зүгээр үү гэж асуутал жолооч “зүгээр ээ эгч ээ, тэр залуу бариулаас тавьчихлаа, би дайрсан асуудал үүсгээгүй” гэж хэлсэн... М- рүү залгаад Э-ыг асуутал энд байхгүй, гадна хүртэл алхаж хайгаад олсонгүй, ойр хавьд алга, таны араас такси бариад явсан юм биш үү” гэж хэлж байсан. Тэгээд би цагаан давааны эцэст гэрийнхээ гадаа иртэл М- залгаад хүрээд ир Э-ын хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би хөл дайрагдсан зүйл хараагүй, такси нь дотор суугаад явж байхад хүний хөл дээгүүр гарсан байгааг мэдрээгүй. Таксины жолооч Э-ыг машины гадна бариулаас бариад зогсож байгааг мэдэж байсан. Таксины жолооч Э-ын гарыг бариулаас тавиулах зорилгоор машинаа албаар хөдөлгөөд явсан гэхдээ тийм хол яваагүй санагдаж байна...” гэх мэдүүлэг  (хх 32),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1136 дугаартай: “Б.Э-ын биед зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх 35-36),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 7-9),

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг тоглуулахад 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнийн 01 цаг 26 минутад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл замын 2 дугаар эгнээгээр явж байгаа харагдах бөгөөд уг тээврийн хэрэгслийн баруун талын урд болон хойд хаалганы гадна бариулаас бараан өнгийн хувцастай хүн бариад зүүгдээд гүйж байгаа харагдав. Бичлэгийн 01 цаг 10 минут 32 секундэд тээврийн хэрэгслээс зүүгдэн гүйж байсан хүн газарт унаж босож чадахгүй зам дээр хэсэг сууж байгаад авто зогсоол руу мөлхөж зогсоолын хашлага нь дээр ирж суугаад босож чадахгүй байгаа харагдан бичлэг дуусав...” гэх тэмдэглэл (хх 14-15),

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Э-ы өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Элбэг их дэлгүүрийн орчимд өөрийн эзэмшлийн М-УНИ улсын дугаартай Nissan Tiida загварын тээврийн хэрэгсэлтэй таксинд хүн авахаар зогсож байсан. Би хуушуур зардаг газраас хуушуур авчаад зогсож байсан чинь нэг эмэгтэй хүн холоос гүйгээд зугтаж миний машинд орж ирж суусан. Тухайн хүн айдастай уйлчихсан орж ирсэн. Тэгээд намайг яваарай. яваарай хаалгаа түгжээрэй гэж хэлсэн. Тэрний дараа нэг залуу хүрч ирээд хойд цонх жоохон онгорхой байхад нь маргалдаад байсан тэр эмэгтэй цонхоо хаасан. Битгий наадхаа тоо яваарай гэсэн. Тэгээд би хөдлөөд явсан. Тухайн эрэгтэй хүн ард бариулаас тавиад үлдсэн би газар унахыг нь хараагүй...” гэх мэдүүлэг (хх 55) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Э- нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд “зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал” бүхий гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр нараас “...шүүгдэгч М.Э- нь хохирогчийг анхнаасаа гэмтээх, хохирол хор уршигт зориуд хүргэх гэсэн санаа зорилгоор хандсан талаарх баримт хавтаст хэрэгт огтоос авагдаагүй байгааг онцлон дурдах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн харилцлага оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Тодруулбал, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Э- нь өөрийн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас хохирогч Д.Э- барьж байсанг мэдэж байсан ба машин хөдлөөд явахад тавихгүй дагаж гүйгээд байхад тээврийн хэрэгслийг зогсоохгүй, улам хурдыг нэмэн явснаар хохирогч Д.Э- унаж биед зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл учруулсан болох нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1136 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн бариулаас хүн барьсан чирэгдээд гүйж байхад тухайн хүн унах, гэмтэх боломжтой гэдгийг бүрэн ухамсарлаагүй гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт тохирсон, байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  М.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, Э.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР